Browsing category

Хэрэгсэл

Аяллын гудас

Аяллын гудас бидэнд хэрэгтэй 2 үүргийг үндсэндээ гүйцэтгэдэг:

  1. Доороос нухаж хатгахгүй зөөлөн тав тухтай нойрсуулах
  2. Жиндүүлэхгүй дулаан амраах

Даарч хоновол угаасаа хүн унтаж чадахгүй эргэж хөрвөөсөөр үүр цайлгах тул дулаан тусгаарлах чанар нь илүүтэй чухал байдаг.

Үүргэвчтэй аялалд, мөсөн гол, цасан дээр, машинд эсвэл өвөл гээд хэрэглээнээсээ хамаараад тэдгээрийг ашиглах зорилго өөр өөр тул тохирох гудас сонгох шаардлага гарна.

Гудас нь хийцийн хувьд үндсэн 3 төрөлд хуваагддаг.  

Хийлдэг

Орчин үеийн хийлдэг гудас нь хөнгөн, нимгэн болж үүргэвчинд ч төвөггүй багтах болсон билээ. Дотроо дулаалгын материалтай болон дулаан ойлгох гадаргуу бүхий хийцтэй ч гудсууд ( өндөр ууланд болон өвөлд илүүтэй зориулсан ) өргөн хэрэглэгдэж байгаа.

Ийм төрлийн гудсуудыг хийлэхийн тулд амаар үлээх, хийлэгч гар болон хөл насос хэрэглэх хэрэгтэй болно.

Үнийн хувьд хийлдэг гудас нь чийгний гудсыг бодвол харьцангуй үнэтэй бас урагдаж цоорох эрсдэл ихтэй (запас нөхөөс, цавуу авч яваарай).

Тиймээс яг унтах газраа тавих хүртэл хийлэх хэрэггүй. Мөн амаар хийлэх нь дотор талд чийг хуримтлуулах, өвөл тэр нь хөлдөж хийлэхэд амаргүй болдог тохиолдол бий. Гараар хийлдэг жижиг насосыг төвөгшөөхгүй бол аваад явж болно.

Зарим хийдэг гудас дээр эргэж хөрвөөхөд шаржигнаж дуугардаг сул талтай (гадаргуу нь хатуу гялгар хулдаасан материалтай бол). Сонгохдоо энэ талыг нь бодолцоно биз дээ.

Өөрөө хийлэгддэг.

Энгийн хийлдэгээс гадна зүгээр амыг нь нээхэд өөрөө тэлж агаараа сордог шинэ технологитой гудсуудыг одоо үед өргөн ашигладаг.

Гол нь хурааж, эвхэхдээ нилээн сайн шахаж хуйлах хэрэгтэй. Эс тэгвэл овор хэмжээ нь багасаж өгөхгүй, зай эзлэх сул талтай.

Сайн тал нь ийм гудас бага зэргийн жижиг цооролтод бүрэн шалчийхгүй, засаж сэлбэхэд хялбар, биетэй хатуувтар тул хүүхэд хэрэглэхэд илүү тохиромжтой.

Чийгний гудас

Нягт хатуу хөөсөнцөрийн бүтэцтэй, дугуйрч хуйлах болон Z хэлбэрээр эвхэх боломжтой хийгддэг, хамгийн түгээмэл, аялагч бүрийн дотны анд бол яах аргагүй чийгний гудас.

Цоорч шалчийна гэж айхгүй, дээр суугаад сандал ч болгож болдог, үүргэвчний гадна талдаа бэхэлж тайван аялж болох цорын ганц гудас.

Товгор хээтэй, тууш болон босоо судалтай нь гулгаж, гулсахгүй амар гадаргуутай. Мөн Z хэлбэрээр эвхдэг нь хамгийн бага зай эзэлдэг байна (хуйлдаг гудасны голд зай үлдэх гээд байдаг).

Хэлбэр хэмжээний хувьд дээрх 3 төрлийн гудсууд нь олон янзаар үйлдвэрлэгддэг бөгөөд хүүхдийн болон эмэгтэй хүний гэсэн төрөл хүртэл байдаг. Эмэгтэй хүний биеийн  онцлогт таарсан харьцангуй богино, ташаа хавьдаа илүү өргөн гэх мэт.

Мөн гэр бүлийн, 2 хүнд таарсан өргөн гудас ч бий.

Стандарт урт 180 см орчим, өргөн нь 50 см байдаг ба дээр хэлсэнээр хүүхдийн болон эмэгтэйчүүдийх илүү богино бас өргөн байдаг.

Гудасны гадаргууг бага зэрэг үсэрхэг, зууранги материалаар бүрдэг болсон нь шөнө гудаснаасаа сугарч нүцгэн газар өглөөг угтах зовлонгоос ангижруулах зохион бүтээгчийн мэргэн санаа юм.

Хээрийн гал тогооны хэрэгсэл

Аяллын гал тогооны хэрэгсэл хөнгөн бөгөөд бат бөх байх хэрэгтэй нь зүйн хэрэг. Үүнд түүнийг хийсэн материал хамгийн чухал зүйл.

Хөнгөн цагаан

Бүх металл дотроос хөнгөн цагаан нь үеийн үед хамгийн түгээмэл өргөн хэрэглэгддэг гал тогооны хэрэгсэлийн үндсэн түүхий эд болж чадсан. Сайн тал нь зөөлөн гал дээр буцалгахад хоолыг түлдэггүй. Сул тал нь сэв зураас амархан сууж, хонхойж гэмтдэг.

Бэхжүүлсэн, бүрмэл хөнгөн цагаан

Хөнгөн цагааны дээр дурьдсан сул талыг арилгах үүднээс тусгай бүрээсээр бэхжүүлдэг бөгөөд хоолны үлдэгдэл, наалдсан зүйлсийг арилгаж цэвэрлэхэд нэн амар байдаг. Ийм бэхжүүлсэн хөнгөн цагаанд сул тал гэж байхгүй бөгөөд аялалд хамгийн тохиромжтой материал болохыг дэлхийн аяллын мэргэжилтэнүүд бүгд хүлээн зөвшөөрсөн байна.

Зэвэрдэггүй ган төмөр

Ийм материал мэдээж бат бөх боловч хүнд бөгөөд хоолыг түлдэг муу талтай. Учир нь ган төмөр нь галын илчийг хамгийн хурдан шууд дамжуулдаг онцлогтой.

Ширэм

Бат бөх боловч бас л хүнд. Үүргэвчиндээ үүрээд явах хүн ховор л олдох байх. Жигнэх, утахад хамгийн тохиромжтой материал.

Хуванцар

Хөнгөн бөгөөд харьцангуй бат бэх, үрэгдэж зурагдаад байдагүй. Аялалд нэн тохиромжтой. Мэдээж халуун гал дээр хоол чанаж болохгүй ч сүүлийн үед халуунд тэсвэртэй тусгай хуванцар материал эрдэмтэд гарган чадсан байна.

BRA – Bisphenol (BRA) гэсэн энэ синтетик орц нь зарим гал тогооны хувцанцар эдлэлд байдаг бөгөөд хүний эрүүл мэндэд хортой юм. Япон улсын Montbell бренд нь өөрсдийн бүх гал тогооны хэрэгсэлээ BRA Free буюу Bisphenol-гүй үйлдвэрлэдэг байна.

Хэмжээ

Аялалд ганцаараа явахыг зөвлөдөггүй тул хамгийн овор бага хэмжээ нь 2 хүнд тааруулж ихэнх аяллын хэрэгсэлийг үйлдвэрлэдэг.

Аяллын багийн гишүүд олон бол жижиг саванд тус тусадаа бага хоол хийх нь цаг болон түлш зарцуулалт нэмэгдэнэ. Тиймээс арай олон хүнд зориулсаныг нь сонгож авч явах нь зүйтэй.

Аяллын данх

Буцалсан халуун ус аялалд байнга л хэрэг болдог. Аяллын данх үүнд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. Нарийн амтай аяга, уут саванд ус хийх ажлыг данх хялбархан шийднэ.

Хайруулын таваг

Өглөөдөө мэдээж өндөг шарахаас авахуулаад хуурч, шарах хоол мундахгүй. Харин хайруулын таваг ч болчдог таглаа таныг илүү сав чирж явуулахгүй.

Мөсний сүх ( ice axe )

Мөсний сүх ( ice axe ) нь уулчдын мөс цастай ууланд өгсөх буух үед байнга ашигладаг хамгийн чухал хэрэгслийн нэг юм.

Хаана хэрхэн хэрэглэх зорилгоос хамаарч мөсний сүхийг олон янзаар барьж ашиглаж болно.

Жишээ нь эгц гадаргууд авирахад авирагч нь мөсний сүхний толгойноос барьж төгсгөлийн гадасны үзүүрийг доош эгц хөдөлгөөнөөр мөсөн гадаргууд зоох, түүнчлэн анкор бэхэлгээнд хөндлөн босоогоор давхар бэхлээд хоёр дахь уулчин авирах боломжтой болох гэх зэрэг юмаа.

Сүхний өөлүүрийн малтагч хэсгээр цөм мөстэй гадаргууг ухах, хонхойлгоход ашигладаг.

Хуучин цагт хэрэглэж байсан урт бариул бүхий алхалтын таяг нь өнөөгийн мөсний сүхний эх загвар гэхэд болно. Түүнчлэн дайны үед ашиглаж байсан тулааны сүхтэй ижил бүтэцтэй байдаг нь сонин.

Мөсний сүхийг зөвхөн авиралтад ашиглаад зогсохгүй гэнэтийн уналтад өөрийгөө аврах хэрэгсэл болгон ашигладаг.

Ихэнх сүхийг Олон Улсын Уулчидын Холбоо (UIAA) эсвэл Европын Стандарчлалын Холбооны тогтоосон журмын дагуу үйлдвэрлэдэг.

Төрлийн хувьд түүнийг энгийн болон техникийн мөсний сүх гэсэн үндсэн хоёр төрөлд хуваадаг.

Энгийн мөсний сүхийг цастай нөхцөлд стандарт авиралт хийхэд ашиглана.

Харин техникийн мөсний сүх нь муруй биетэй байх бөгөөд эгц босоо авиралт хийхэд ашиглагддаг.

Эгц гадаргууд хийх авиралтад тусгайлан ашигладаг мөсний сүхийг өөрөөр мөсний багаж  буюу ice tool  гэнэ. Мөсний хэрэгсэл нь богино муруй биетэй, хүчтэй, хурц илүү муруй зээтүүтэй байхаас гадна бариул болон бусад хэсгийг мохож гэмтсэн тохиолдолд шинээр сольж өөрчлөх боломжтойгоор үйлдвэрлэдэг.

Сүхний бүтэц

Мөсний сүх  доорх үндсэн таван хэсэгтэй байна:

Толгой  – ихэнхдээ төмрөөр хийдэг ба малтуур (өөлүүр), зээтүү гэсэн 2 үзүүртэй байна. Голд нь байх нүх нь карабин эсвэл бугуйн оосор бэхлэх зориулалттай.

Зээтүү  – хөрөөн шүдтэй муруй хэлбэртэй хурц үзүүр бүхий төгсгөл (гадаргууд зоох, уналт зогсоох).

Малтуур (өөлүүр) – нягт цас мөсийг хагалах зориулалттай толгойн хавтгай төгсгөл

Алхан толгой – малтагчийн өөр нэг хэлбэр ба солиод хадаас хадах зэрэгт ашиглана. 

Их бие  – шулуун эсвэл бага зэрэг муруй өнцөгтэй, голдуу урдаас хойшоо нарийссан хоёр талаар хавтгай боловч төгсгөл хэсэгтээ мөлгөр дугуй бүтэц. Хуучин цагт их биеийг модоор хийдэг байсан орчин үед хөнгөн металлаар хийнэ. (Хөнгөн цагаан, металл хайлш, карбон).

Гадас– Их биеийн доод төгсгөлд байх хурц төмөр үзүүр, авиралтын үед таяг болгож тэнцвэр олоход ашиглана.

Нэмэлт хэрэгсэл

Энгийн мөсний сүхнүүд дараах нэмэлт дагалдах хэрэгслүүдтэй. Үүнд:

Бугуйн оосор – нейлон материалаар хийсэн алхыг гарт бэхлэх зориулалттай уяа .

Бугуйвч хязгаарлагч – бугуйвчийг алхнаас мултарч унахаас сэргийлсэн резин эсвэл металл.

Цасны араг – цанын таягны үзүүрт байдаг арагтай ижил, зээтүүг цасанд шигдэхээс сэргийлж бэхэлнэ.

Зээтүү, малтагч хамгаалагч – ашиглаагүй үед хамгаалах резин таг.

Гадас хамгаалагч– ашиглаагүй үед хамгаалах резин таглаа.

Хэмжээ

Мөсний сүх ерөнхийдөө толгойноос гадас хүртэл 60-90 см урттай байдаг байна. Энгийн алхалт хийхэд мэдээж энэ хэмжээ дэндүү богино  боловч зориулалт нь эгц болон налуу гадаргууд авирахад бол өөр. Мэдээж хүний өндрийн хэмжээнээс хамаарах нь тодорхой ч одоо үед техникийн сүхний урт 60 см аас хэтрэхгүй, энгийн сүхний урт 70 см аас хэтрэхгүй байхаар илүү түгээмэл ашигладаг болжээ.

Уулчин өөрт тохирсон урттай сүх сонгохдоо толгойноос нь барихад шагайнаас үл ялиг доор байвал зохимжтой.

Үүнийг уулчин сул зогссон үед шалгавал тохиромжтой байдаг боловч зарим тохиолдолд энэ дүрэм үйлчилдэггүй. Цас мөстэй ууланд авиралт хийх аяллыг голдуу эгц босоо гадаргуутай ууланд хийдэг учир илүү богино алх сонгох нь зүйтэй. Эгц дээш хөдөлгөөн хийх учир урт сүх тэнцвэр алдуулахаас цаашгүй.

Харин ердийн өндөртэй ууланд авирах бол урт сүх ашиглавал тохирно.

Мөсний сүхийг хэрхэн сонгох вэ?

Мөсний сүх гэхээр танд юу бодогдож байна? Зорьсон оргил өөд цасан шуурганд цасанд хучигдсан уулын энгэрт шүд зуун сүхээ далайлган байгаа уулчин төсөөлөгдөж байна уу? Эсвэл юу ч үгүй хөлдсөн хүрхрээнд хоёр сүхээ болгоомжтой гэгч ээлжлэн зоож хальтарчихгүйг хичээж буй нэгэн бууж байна уу?

Аль нь ч байсан таны бодож байгаа зөв. Дээрх аль ч тохиолдолд мөсний сүх зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ мөсний сүх бүр ижилгүй, техникийн авиралт хийхэд ашигладаг нь стандарт авиралт хийдгээс хоорондоо ялгаатай.

Техникийн авиралтын хэрэгсэл болон Стандарт авиралтын сүх

Мэргэжлийн бус хүмүүс стандарт болон техникийн авиралтад ялгаагүй сүх ашигладаг гэцгээх боловч, үнэн хэрэгтээ хоорондоо багагүй ялгаатай ба нэршлийн хувьд ч өөр байна. Техникийн авиралт хийхийг нь  “сүх” биш харин “мөсний хэрэгсэл” гэж нэрлэдэг.

Энэ хоёр ердөө хэмжээний хувьд л ялгаатай. Стандарт авиралтын сүх нь илүү урт, аяны таяг эсвэл цасны анкор шиг байна. Шулуун их бие нь уналтаас зогсоох илүү боломжтой болгоно. 

Түүнчлэн техникийн хэрэгслийн их биеийг богино болгохын тулд муруй хэлбэртэй болгосон байна. Муруй хэлбэр нь илүү далайцтай болгож мөсөнд гүн зоох бололцоог хангана. 

Мөсний сүх, хэрэгслийг юугаар хийдэг вэ?

Эдэлгээ сайтай байх үүднээс мөсний сүх болон мөсний хэрэгслийн толгой, гадсыг голдуу төмрөөр хийнэ. Харин их биеийг олон янзын материалаар хийх боломжтой.

Төмөр бие удаан эдэлгээтэй боловч жингээр хамгийн хүнд. Гэхдээ энэ нь өөр давуу талтай, хүнд биетэй сүх хатуу мөсийг сайн нэвтлэхээс гадна ашиглаж сурч байгаа анхан шатныханд хамгийн тохиромжтой

Хөнгөн цагаан бие арай хөнгөн байх тул цанаар, мөсөн гол дээр, мөсөн гадаргууд авирахад тохиромжтой.

Нарийн үйлдэл бүхий сүхийг карбоноор хийсэн байдаг. Карбон нь хөнгөн хийгээд хатуу гэхдээ дэндүү үнэтэй. Хийх гэж буй аяллын нөхцөлд зайлшгүй хэрэг болох үед л бодож үзэхээс бусдаар хөнгөн цагаан эсвэл төмөр сүх ашигласан нь дээр.

Зээтүүний ШҮД чухал уу эсвэл МУРИЙЛТ чухал уу?

Гурван янзын хэлбэртэй зээтүү байна: сонгодог, эсрэг, энгийн. Гэхдээ уулын практикт сонгодог болон эсрэг чиглэлийн сүхийг ашигладаг учир энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя.

Ихэнх уулын сүх нь сонгодог мурийлттай байна үүнийг өөрөөр эерэг муруй  гэнэ. Сонгодог хэлбэр нь хязгаарлагч сайн бөгөөд эгц гадаргуутай нөхцөлд аюулгүй авирах боломжтой болно. 

Гэхдээ сонгодог мурийтай шүдэнд шигдсэн цас мөсийг цэвэрлэхэд тун хэцүү байдаг дутагдалтай. Харин эсрэг муруйтай сүхний цасыг цэвэрлэхэд амархан учир мөсөн дээрх техникийн авиралтад байнга ашиглана.

Малтагч эсвэл Алхан толгой

Стандарт авиралтын алханд малтагч байх ба зам тавих, бэхэлгээний нүх ухах, майхны газар тэгшлэх, цасанд агуй ухах зэрэг олон янзаар ашиглах боломжтой. Түүнчлэн хамгийн сайн уналт, гулгалтаас хамгаалагч гэдгээрээ давуу талтай. Холимог замаар бартаа их эсвэл мөсөн гадаргууд техникийн авиралт хийх үед малтагчийн оронд алхан толгой илүү ашиглагдана. Олон уулчид хоёуланг нь авч явдаг хэдий ч анхан шатны уулчдад аль нэг байхад хангалттай. Дээрээс нь мөсний хэрэгслийн малтагчийг сольж болохоос гадна жинг багасгах үүднээс бүр мөсөн авсан ч болно.

Оосор хэрэгтэй юу?

Оосор нь илүү аюулгүй авиралт гүйцэтгэх нөхцөлийг хангана. Бугуйд эсвэл хударгад бэхэлсэн ч унах үед мөсний сүх болон хэрэгслээ гээхээс бүрэн сэргийлнэ. Зарим мөсний сүх, мөсний хэрэгслийг бугуйвчтай үйлдвэрлэсэн байдаг бол зарим хэрэгсэлд тусад нь худалдаж авах хэрэгтэй болно.

 

Сүүлийн жилүүдэд уулын спортод бугуйвчны хэрэгцээ буурч байгаа. Бугуйвчгүй хэрэгслийг гарт эвтэйхэн болгож тусгай бариултай үйлдвэрлэх болсон. Харин анхан суралцагчид ямагт бугуйвчтай хэрэгсэл сонгох нь чухал асуудал бөгөөд зөвийг нь зөв хэрэглэх нь аминд орох зүйл.

Зээтүү хугарвал яах вэ?

Ховор тохиолдол хэдий ч хугарахгүй гэсэн үг биш. Сүүлийн үед ашиглаж байгаа хэрэгслийн эд ангийг солих боломжтой болсон учир хугарсан зээтүүг шинээр солих боломжтой. Хэрэв ур хугацааны аялалд гарах гэж байгаа бол нөөц зээтүү үүргэвчиндээ хийхэд буруудахгүй шүү. 

Мөсний сүхний уут, хамгаалалт

Мөсний сүхний хурц ир, үзүүр бие гэмтээх, хувцас урах аюултай байдаг тул зориулалтын хамгаалалт хийх нь зөв. Ялангуяа үүргэвчиндээ бэхэлсэн үед эн тун чухал.

Хамгаалалт нь зөвхөн ирний үзүүрт хийдэг байхаас гадна бүхэлд нь оруулдаг гэр бас байдаг байна.

Духны гэрлийг хэрхэн сонгох вэ?

Духны гэрэл нь хүний нүдтэй адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнийгээ мартсан эсвэл баттерей нь дууссан бол гэгээ ортол бүхнийг мартсан нь дээр. Харанхуйд бүдчиж явбал юунд ч хүргэж магад.

Орчин үед бараг бүх духны гэрлийг LED технологиор хийдэг болсон. Учир нь цэнэг хамгийн бага хэрэглэдэг, удаан асдаг, бат бөх болон хөнгөн болхоор тэр.

Тэгвэл духны гэрэл нь юугаараа хоорондоо ялгаатай вэ?

Тусгал

Өргөн өнцөгийн:

Энэ нь аяллын ерөнхий хэрэглээнд таарах, гэрлийг богино боловч өргөн талбайд тусгаж, ойр зайд ажиллах, ном унших, майхан сав барих, хураах зэрэгт илүүтэй тохиромжтой.

Нарийн өнцөгийн:

Тодорхой чиглэлд гэрлийг хол зайд тусгаж алсыг гэрэлтүүлэх хэрэгтэй бол ийм гэрэл шаардлагатай ба ихэнх тохиолдолд ууланд алхалтын жимийг алсаас гэрэлтүүлж, явах чиглэлээ алдахгүй аялахад хэрэг болно.

Өргөн болон нарийн өнцөгийн:

Одоо үед хоёр өөр тусгал бүхий универсал гэрэл олноор хийгддэг болсон болхоор ийм духны гэрэл сонгох нь зөв.

Гэрлийн хүч

Энэ бол духны гэрлийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд Lumens нэгжээр хэмжигддэг, цацруулж байгаа гэрлийн гэрэлтүүлгийн хэмжээ бөгөөд мэдээж илүү их Lumens-тэй бол тод гэрэлтэх боловч баттерей илүүтэй хэрэглэх болно.

Духны гэрлийн стандарт хэмжээ анх 20-40 Lumens байсан ба одоо 200-300 Lumens гэрэл бараг энгийн болох талдаа ирж байна. Лаа 10 Lumens гэрэл гаргадаг бол гэр доторх гэрлийн шил 300 орчим Lumens-ээр өрөөг гэрэлтүүлдэг.

Гэхдээ тод байх нь илүү хол тусна гэсэн үг бас биш юм.

Гэрлийн холын тусгал нь бас тусадаа техникийн үзүүлэлт болдог ба харах чиглэлд сарнихгүй хир холыг гэрэлтүүлж чадаж байгаа нь тухайн гэрлийг давуутай болгодог.

Орчин үеийн гэрлүүд ойрын, дундын, холын зайд гэрлийг тохируулан өөрчлөх товчтой байдаг.

Бас нэг үзүүлэлт бол бүрэн цэнэглэсэн эсвэл дүүрэн баттерейгаар хэдэн цаг асаж чадах вэ гэдэг бөгөөд 2 метрийн урдахыг харах боломжгүй, эсвэл үндсэн гэрлийн чадлын 10 %-аас доош гэрэлтүүлж байвал гэрэл асахгүй боллоо гэж үздэг байна.

Одоогийн стандартаар 350 Lumens-тэй гэрэл хамгийн багадаа 2 цаг тасралтгүй тод асах ёстой байдаг.

Аяллын гэрэл нь баттерей дуусах явцад дагаад аажим бүдгэрэх ёсгүй байдаг. Өөрөөр хэлбэл хурц тусгалаа хадгалж байгаад цэнэг бүрэн дуусахад л шууд унтардаг байх нь бүдэг гэрэлтэй явсанаас эрсдэлд орох аюулаас сэргийлэх зорилготой юм.

Духны гэрлийн жин.

Ихэнх гэрлийн жин баттерейтайгаа ойролцоогоор 200 грамм байдаг ба агуй мэтийн тусгай аяллын, мэргэжлийн ажил үйлчилгээний гэрлүүд л илүү олон баттерей нэмэлт тоноглол бүхий хүнд байдаг.

Баттерей

Lithium баттерей нь Alkaline баттерейг бодвол хүйтэнд тэсвэртэй байдаг. Цэнэглэдэг баттерейтэй явж байвал нөөцөнд ганц хоёр Alkaline баттерей авахад илүүдэхгүй.

Цаашилбал ус, борооны хамгаалалттай, дурын чиглэлд суурин дээр нь эргүүлдэг гээд илүү үйлдэлтэй духны гэрлүүд ч худалдаанд байгаа.

Улаан гэрэл

Духны гэрэл бүрт улаанаар асах гэрэл бас байдаг. Энэ нь харанхуйд бусдыг нүдийг гялбуулахгүй, зэрлэг амьтадыг үргээхгүй, газрын зураг уншихад хялбар байдаг төдийгүй онцгой тохиолдолд SOS дохио өгч тусламж дуудахад хэрэглэгддэг.

Үүргэвч хэрхэн сонгох вэ?-2

Бүслүүр

Бүсэлхийн бүслүүрийг зөв тааруулж бүслэхэд мөрөнд ирэх ачаалал 70 хувиар хөнгөрдөг. Өөрөөр хэлбэл үүргэвчний жин биеийн таазанд төвлөрвөл хүнд ачаатай ч хол замыг ядралгүй туулж чаддаг байна.

Цээжний бүслүүр нь мөрийг тэлж татаж буй ачааллыг бууруулж мөрөвч шигдэж орохоос хамгаалдаг.

Эмэгтэй хүн цээжээрээ ихэвчлэн амьсгалдаг тул цээжний бүслүүрийг арай сул, эрэгтэй хүн гэдсээрээ амьсгалдаг тул бүсэлхийн бүслүүрийг бага зэрэг сул тааруулж явахад тохиромжтой байдаг.

Үүргэвчний борооны хамгаалалт

Аялалд явж байтал гэнэт бороо орвол яах вэ.

Төрөл бүрийн хэмжээтэй зориулалтын үүргэвчний борооны хамгаалалт байдаг ба зарим үүргэвч өөрөөсөө салдаггүй хамгаалалттай байдаг.

Салдаггүй хамгаалалтын сайн тал нь хаа ч үүргэвчээ гэнэтийн бороо цаснаас хамгаалж, доторх эд зүйлсээ хуурай байлгах боломжтой.

Салдаг дээд хаалт

Зарим үүргэвчний дээд хаалтыг салгаж бүсэлхийн цүнх болгон авч явж болдог. Ачаа бага үед том үүргэвчээ орхин, жижиг сажиг зүйлээ хийгээд алхахад тохиромжтой.

Гогцоо

Уулын үүргэвчүүд алхалтын таяг болон мөсний сүхээ бэхлэх хоёр буюу түүнээс дээш тооны гогцоотой байдаг.

Ингээд инфографик хэлбэрээр үүргэвч сонгох зөвлөгөөг хураангуйлан танд хүргэе.

Аяллын үүргэвчийг хэрхэн сонгох вэ?-1

Үүргэвч сонгохдоо багтаамж, зориулалт болон хэмжээ буюу урт өргөнөөрөө биед хэр эвтэйхэн таарч байгааг анхаарах хэрэгтэй.

Авч явах зүйлсээ үүргэвчиндээ багтахаар тааруулан сонгох нь чухал байдаг бөгөөд үүргэвчний багтаамжийг эзэлхүүний хэмжээсээр буюу литрээр голчлон хэмждэг.

1-3 өдрийн аялалд зориулсан 30-50 литрийн үүргэвч

Цөөн хоногоор эсвэл өдөртөө эргэж ирэх аялалд мэдээж шаардлагагүй олон зүйлс чирж явалгүй аль болох хөнгөн, овор багатай, зайлшгүй гэсэнээ сайтар төлөвлөж нарийн сонгож авах нь зүйтэй.

Жишээ нь хээрийн хоол хүнсээ жижигхэн уут саванд бага хэмжээгээр дахин савлаж, алчуур, оо, саван, гоо, сайханы хэрэгсэлээ хамгийн жижиг савалгаатайг аваад яваарай.

3-5 өдрийн аялалд зориулсан 50-80 литрийн үүргэвч  

Уутан хөнжил, нөөц дулаан хувцасаа багтаагаад явахад тохиромжтой дунд оврын энэхүү үүргэвч нь хамгийн универсал буюу цөөн болон олон хоногийн аялалд аль алинд нь нэн тохиромжтой байдаг.

5 болон түүнээс дээш хоногийн аялалд зориулсан 70 литрээс дээш хэмжээтэй үүргэвч

Мэдээж олон хонох бол хэрэгтэй зүйлс нэмэгдэнэ. Тэр тусмаа хүүхэдтэйгээ аялах, өвлийн алхалт, авиралтын үед дулаан хувцас, нөөц хоол хүнс зайлшгүй амин чухал тул илүү хэмжээ шаардлагатай. 4 улиралын майхан, өвлийн уутан хөнжил зэрэг нь яах аргагүй овор хэмжээ ихтэй зүйлс.

Мөн экспедицийн аялалд 100 литрээс багагүй үүргэвч авахгүй бол нэг хүний иж бүрэн хэрэгсэл ч багтахгүй байж мэднэ.

Үүргэвчний хүрээ

Далд хүрээ

Ихэнх үүргэвчийг хөнгөн цагаан металл далд хүрээтэй хийдэг нь ачааллыг бүсэлхий таазанд төвлөрүүлэх зориулалттай, хазгай муруй, өгсүүр урууд тэнцвэр алдах, холбирохоос сэргийлсэн нуруу биенд наалдаж өгөхүйц хийцтэйгээр үйлдвэрлэдэг.

Ил хүрээ

Хүнд, овор ихтэй ачаанд зориулан тусгайлан хүрээг нь ил гаргаж хийсэн үүргэвчүүд байдаг ба ууланд ачаа зөөх, хийлдэг завь авч явах болон аврах ажиллагаанд голдуу ашигладаг.

Хүрээгүй

Уулын хад мөсний авиралт, гүйлт болон эрчимт алхалтанд зориулсан хүрээгүй үүргэвчүүд бас байдаг. Энэ нь жин болон овор хэмжээг багасгаж хөнгөн бөгөөд биед эвтэйхэн байлгах үүднээс зориуд ийнхүү үйлдвэрлэдэг байна.

Агааржуулалт

Зарим үүргэвчний ар нурууны хэсэгт торон оруулга бүхий нуруунаас хөндийрүүлэгч нум хийж өгсөнөөр нуруунаас хөлөрч чийгтэхээс сэргийлж хөлсийг агаараар хатаах боломжтой болдог.

Мөн ижил зорилгоор хоорондоо зайтай босоо хөндийрүүлэгч 2 зөөлөвчийг нурууны хэсэгт агаарыг хоорондуур нь дээш доош чөлөөтэй гүйлгэхээр хийдэг байна.   

Үргэлжлэл бий…

Цасны ул

Цастай ууланд хөл шигдэж алхахад хүнд байдаг уу? Ядарч цуцалгүй аялж эрч хүчээ гамнахад тань хэрэгтэй зүйл бол ЦАСНЫ УЛ юм.

Цасны байдал хатуу зөөлөн, нойтон хуурай болон газрын өгсүүр уруу ямар байхаас хамааруулан цасны улны өөр өөр төрлөөс сонгож хэрэглэдэг.

Өргөн, улалгаа их

Хуурай сул цасанд хөл шигдэх нь амархан тул илүү өргөн бөгөөд улны улалгаа, тулаас материал ихтэй нь хэрэгтэй.

Мөн та хүнд жинтэй эсвэл их ачаатай бол илүүтэй шигдэнэ гэдгийг тооцож өргөн бөгөөд улалгаа сайтайг сонгоорой.

Нарийн, улалгаа бага

Харин уулын жимээр явах, харьцангуй датгаршсан эсвэл нойтондуу цасанд арай хөнгөн (тулаас материал бага) бас хоёр талаараа нарийн цасны улыг ашиглаж болно.

Богино, овор бага

Өсгүүр, уруу газар илүү хөнгөн, богино бөгөөд зууралт сайтайг нь авч явах нь зөв. Мөсний тах буюу крампонтойгоо шууд өмсдөг, мөстэй замд тохирох, уул өөд огцом өгсүүрээр авирахад тээглэхгүй цасны ул байдаг.

Ийм цасны ул нь үлэмж хөнгөн бас зай эзлэхгүй тул цана, снөүбордоор уулнаас буухад зориулан цастай урт замыг туулахын тулд бусад хэрэгсэлтэйгээ хамтад нь аваад явахад жин бага төвөггүй байдаг.

Шүд

Цасны ул нь урдаа болон дундаа шүдтэй байдаг.

Урдаа шүд нь өгсүүр газар өшиглөх маягаар зоож явах зориулттай. Өөдөө өгсөх үед хөлийн өсгий газраас хөндийрч өлмий дээр биеийн жин төвлөрч ирдэг тул ур талд зууралт илүүтэй хэрэгтэй болдог.

Харин дундах шүд нь биеийн жингээр босоо чиглэлд доош зоогдохоор хийгдсэн байдаг бөгөөд арагшаа гулгаж хальтрахаас хамгаалдаг.

Материал

Цасны ул нь бат бэхийг тооцож ихэвчлэн хөнгөн цагаан хүрээтэй хийгддэг. Мөн энгийн алхалтад зориулсан хуванцар, хөөсөн шахмал цасны ул ч байдаг байна.

Эмэгтэй хүн, хүүхдэд зориулсан жижиг гуталд таарах овор багатай, хөнгөн цасны ул үйлдвэрлэгддэг тул зөвхөн өөртөө тааруулж захиж авчруулж болох юм.

Алхалтын таяг

Хазгай гишгэхэд түшиг болох алхалтын таяг нуруу өвдөгийг тань хамгаалаад зогсохгүй бие хамгаалах зэвсэг, гэмтсэн нэгнээ аврах ор хийх саваа хүртэл болох холын аянд өгүүлшгүй нэмэр тустай.

Нуруунд ирэх ачааллыг 30% хүртэл багасгадаг алхалтын таягны уртыг тааруулдаг, тааруулдаггүй, эвхдэг, доргион шингээчтэй, карбон утастай зэргээс авахуулаад фото зураг авах суурьтай хүртэл үйлдвэрлэдэг болжээ.

Уртыг тааруулдаг

Энэ бол хамгийн түгээмэл загвар бөгөөд уруу газар уртасгаж, өгсүүр газар богиносгож уртыг өөртөө тааруулан өөрчилж алхаарай.

Уртыг тааруулдаггүй

Тодорхой биеийн өндөртөө тааруулж авдаг тэгш гадаргууд эсвэл цанаар гулгахад зориулдагдсан хөнгөн таягуудын уртыг тааруулахгүй байхаар хийдэг.

Эвхдэг

Майханы нуруу хураадагтай адил эвхдэг байдлаар нугалдаг таягууд ихэвчлэн гүйлт, ультра треккинг тэмцээнд илүүтэй хэрэглэгддэг ба богино хугацаанд дэлгэж, хураахад зориулагдсан, хөнгөн, нарийн байдаг.

Доргион шингээгчтэй

Ийм таяг уруу газар болон хатуу хад чулуутай газраар аялахад хүчтэй доргилт биед өгөхөөс хамгаалдаг давуу талтай ч харьцангуй жин ихтэй, металл орц ихтэй байдаг. Ялангуяа өвдөг, нурууны гэмтэлтэй, өвддөг бол илүүтэй тохиромжтой.

Материал

Үнийн хувьд боломжын болоод бат бэхийг тооцон ихэнх таягыг хөнгөн цагаанаар хийдэг. Хосоороо ойролцоогоор 500-600 грамм жинтэй байдаг ба нугарахад шууд хугарахгүй, буцаад засаж янзлах боломжтой байдаг.

Хөнгөн болгох үүднээс хийсэн карбон орцтой таягууд хосоороо 300-400 грамм байдаг тул ачаанд хөнгөн, бага ядрах сайн талтай.

Бариул

Үйсэн

Та хэрвээ их хөлөрдөг бол үйсэн бариул алганы хөлсийг шингээдэг тул гар хальтрахаас сэргийлэх давуу талтай. Ялангуяа зуны халуунд илүүтэй тохиромжтой, доргион багасгадаг боловч цул резиныг бодвол эдэлгээ багатай.

Хөөсөнцөр шахмал

Мөн хөлс шингээх давуу талтай ч хэлбэрээ алдах, хэсэг газраараа тасрах зэрэг зарим асуудал гардаг. Гарыг дулаахан байлгаж, цас мөстэйд хальтрахаас сэргийлдэг тул өвөл илүүтэй тохиромжтой.

Резинэн

Бат бөх, халуун хүйтэнд тэсвэртэй, бээлтэй өмсөхөд илүүтэй тохиромжтой. Зун гар хөлөргөж заримдаа алганд цэврүү үүсдэг тул халуун улиралд хэрэглэх эсэхээ бодолцоно биз дээ.

Эргүүлдэг

Эргүүлж чангалдаг хавчаартай таяг үнийн хувьд хямд, энгийн хийцтэй тул хамгийн түгээмэл байдаг ч хангалттай чангалж чадахгүй бол алхалтын явцад өөрөө богинсох, хэт чангарвал буцааж тайлах төвөгтэй байдаг.

Хавчдаг

Энэ загвар хамгийн амар, хүүхэд ч тааруулж хавчих боломжтой давуу талтай ч үнийн хувьд өндөр байдаг. Нэгэнт удаан хугацаанд хэрэглэхээр, таяг ашиглах хангалттай туршлагатай гэж үзвэл ийм төрлийн таягыг сонговол буруудахгүй. Мөн бээлтэй үед таягаа сунгаж, хураахад хамгийн амар байдаг.

Нүхтэй

Ийм таягыг гүйлт, энгийн алхалтад илүүтэй хэрэглэдэг, нэг дараад уртыг татаж тааруулахад пүрштэй тэлэгч нь шууд нүх рүү нь ордог тул тааруулах ажиллагаа бараг байхгүй, цаг зарцуулахгүй, үнэ хямд байдаг.

Дээрх хавчаарын төрлүүдээс хольж хийсэн таягууд байдаг ба ачаалал ирэх хэсэг дээр илүү найдвартайг нь суурилуулдаг.

Ашиглах зөвлөмж

Таягын уртыг өөртөө тааруулахдаа гарыг тохойгоор 90 градус орчим байхаар нугалахаар тааруулж сунгаж хавчина.

Таягны бариулын оосроор гарыг доороос дээш чиглэлд оруулж гарын бугуйнд ачааллыг өгөх байдлаар атгавал:

  • Атгалтад бага хүч зарж, шуу бага цуцна
  • Таягаа алдах, алхах үед хад чулуунд хавчуулах, цас мөс, шаварт зоогдоход гараас сугарч үлддэггүй

Цасны таваг

Зарим аялагчид хад чулуутай замаар цасны том тавагыг нь авахгүй явсанаас дэлбээ нь хугарч тасрах, гээдэх зэрэг асуудал гарч, хэрэгтэй үед байхгүй, цас мөсөнд шигдэж ороод алхалтын ачааллыг нэмэгдүүлэх, ядраах, удаашрах зэрэг хүндрэлүүд гардаг. Холын аялалд нөөц таваг авч явахад илүүдэхгүй шүү.

Үзүүрийн хамгаалалт

Бетонон гадаргууд таягны үзүүр элэгдэж мохохоос сэргийлсэн резинэн таглааг уул хаданд авалгүй явах нь таяг гулгах, хальтрах зэрэг аюултай тул заавал авч заншаарай.

Харин үүрэгчиндээ болон цүнхэндээ бэхлэхдээ таглааг хийвэл хурц үзүүрээр бусдыг гэмтээх, хувцас хэрэглэлээ урж, цоолохоос хамгаалдаг.

Мөн таягыг сунгаж тааруулахдаа эхлээд бүдүүн хэсгийг, дараа нь нарийн хэсгээ уртасгавал таяг гулзайх нь бага, хугарч эвдрэх эрсдэл багасдаг.

Мешок буюу Уутан хөнжил

Урт аялалын төгсгөлд шөнө нь даарч хөрөхгүй тухтай унтах нь дараагийн өдрийн эрч хүчийг өгч байдаг. Тиймээс ч туршлагатай аялагчид хувцас, хоолоо танаж болно, тухтай унтах хэрэгсэлээ л танахгүй гэдэг. Ая тухтай гүн нойрны найз уутан хөнжилийн талаар мэдээлэл хүргэе.

Туршлагатай аялагч хэзээ ч ганц уутан хөнжилтэй байдаггүй. Түүнд хаашаа, ямар аялалд явах гэж байгаагаас шалтгаалж дор хаяж 3 уутан хөнжил байгаа.

Дулаалга

Уутан хөнжилийн дулаалгын хувьд нарийн юм их, гэхдээ ерөнхий хэрэгтэй мэдээлэл өгье. Гаднаа температурын 3 үзүүлэлт заасан байдаг:

Comfort

Унтахад даарахгүй, тохиромжтой хэм

Limit of comfort

Даарахгүй унтах дээд хязгаар. Магадгүй та энэ хэмд дотуур хувцастайгаа унтах хэрэгтэй

Extreme

ёстой нөгөө “хөлдөж үхэхгүйн тулд” хэрэглэнэ гэсэн үг!!! Товчхондоо энэ үзүүлэлтийг турших хэрэггүй.

АНХААРАХ ЗҮЙЛ!!!

Дулаан өндөр барих чадвартай хэмээн уутан хөнжлөө рекламддаг хүмүүс extreme хэмийг дурдаж сайн мэт хуурах тал байдаг. Уутан хөнжлийг сонгохдоо comfort эсвэл limit comfort-ийг харж авах хэрэгтэй. Үгүй бол хөлдөж осгох аюул тулгарч болох юм.

Уутан хөнжилний хэлбэрүүд

  • Мумми
  • Шулуун загвартай
  • Хагас шулуун
  • Хосын

МУММИ

Биед бариу таардаг учир хөнжил бие хоёрын дундах агаар хамгийн бага хэмжээнд байж дулаацахад хурдан байдаг. Овор бага, хөнгөн, дулаан тул үүргэвчтэй аялал, ууланд хэрэглэгддэг.

Ялангуяа өндөр ууланд хүйтэн сэрүүнд хэрэглэх бүх уутан хөнжлийг Мумми хэлбэрээр хийдэг нь дулаанаа алдахаас сэргийлнэ.

Сул тал нь эргэж, хөрвөөх, эвхэрч унтдаг хүнд тухгүй байдаг. 

ШУЛУУН ЗАГВАРТАЙ

Хөнжил дотор зай ихтэй, дулаацах нь удаан ч унтахад тухтай. Дулаан нь чухал биш, тухтай унтах нь чухал бол энэ зөв сонголт.

ХАГАС ШУЛУУН

Шулуун болон мумми хоёрын хослол. Хавар, намрын сэрүүн улиралд тохиромжтой.

Хосын уутан хөнжил

За энд тайлбар хийх илүүц биз, тийм үү дурласан шувуухайнууд аа.

Япон улсын Моntbell бренд нэгэн шинэ технологи буюу мумми хэлбэрийн уутан хөнжлийг биеийн хөдөлгөөнөөр сунаж агшдагаар бүтээсэн нь ая тухтай унтах боломжийг олгодогоороо давуу тал олгож байгаа юм.

Дулаалга материал 2 янз байдаг.

Синтетик

  • Хүнд, овортой
  • Хямдхан
  • Норсон ч дулаан чанараа алдахгүй
  • Арчилахад хялбар

Сөдөн

  • Хөнгөн, овор бага
  • Үнэтэй
  • Норвол дулаан чанараа алддаг
  • Арчилгаа их шаардана
  • Маш жижиг болж шахагддаг

Бусад нэмэлт боломжууд

  • Ус нэвтэрдгүй гадар
  • 2 талаасаа онгойдог цахилгаан
  • Жижиг зүйлсээ ойр хадгалах дотор халаас

Уутан хөнжил авахдаа дулааны зэрэглэлийг аялах үеийн цаг агаарын хэмээс 10 хэмээр илүү байхаар тооцож сонгосон нь зөв. Жишээ нь урьдчилсан мэдээгээр шөнөдөө 0 хэм байвал -10 comfort сонгох хэрэгтэй.

Өндрийн газ – Изобутан

Аялалд хий, шингэн, хатуу хэлбэрийн түлшүүдийг аль тохиромжтойг сонгон хэрэглэдэгээс энэ удаа хийн түлшний талаар мэдээлэл хүргэе.

Уулын аялалд хэрэглэх зуух, түүнд хэрэглэх түлшний жин, асах чадвар, хэрэглэхэд хялбар байдал тун чухал зүйл байдаг.

Тэгвэл хийн шингэрүүлсэн түлш юугаараа давуу талтай вэ?

  • Асаахад хурдан
  • Жин бага
  • Дөлийг тохируулахад хялбар
  • Гоожих, асгарах эрсдэл бага
  • Хийн зуухны овор хэмжээ, жин, үнэ бага

Хэдий тийм ч түүнд байдаг сул тал нь хүйтэнд шингэн төлөвөө алдаж асахаа больдог байдал юм.

Аялалд ихэвчлэн баллонд шахаж шингэн төлөвд оруулсан дараах төрлийн хийг ашигладаг.

Пропан

Уг нь тэсгим хүйтэн, уулын өндөрт яг таарах хий энэ боловч түүний хүнд жин, шахаж багасгах хэцүү байдаг нь уулын аялалд тохиромжгүй болгодог. Ихэвчлэн олон хүнтэй аяллын багийн гал тогоонд түүнийг өргөнөөр хэрэглэдэгийг та бүхэн сайн мэднэ.

Бутан

Солонгос ахуйн газ бол Бутан. Хөнгөн бөгөөд жижиг саванд амархан шахаж хаа ч авч явахад хялбар байдаг тал нь түүнийг хамгийн түгээмэл аяллын түлш болгож чадсан.

Харамсалтай нь агаарын хэм 0°C -аас доош хүйтрэхэд л шингэн төлөвөө алдаж, өвөл болон 4000 метрээс дээш өндөрт ашиглах боломжгүй болгодог.

Изобутан

Дээрх хүндрэлүүдийг шийдэхийн тулд пропан болон бутаныг хольж ИЗОБУТАН буюу бидний хэлж заншснаар өндрийн газ бий болдог.

Ийм түлш нь хөнгөн бөгөөд харьцангүй хүйтэнд асалт сайтай тул Монголд 4000 метрээс дээш өндөрт ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд -10-15°C хэм хүртэлх хүйтэнд найдвартай асдаг. Түүнийг уулын аяллын дэлгүүрээс хялбархан олж болно.

White gas буюу цагаан хийн түлш

Нефтийн бүтээгдэхүүнээс бензин шиг нэрж гаргаж авсан өнгөгүй хийг ингэж нэрлэдэг бөгөөд изобутаныг бодвол дөлний температур, халуун маш өндөр бөгөөд асалт сайтай тул өндөр ууланд, өвөл хэрэглэхэд тун тохиромжтой байдаг. -15°C дээш хүйтэнд хамгийн сайн асалттай. Сул тал нь цагаан хийг насосоор шахаж гараар даралт үүсгэж асаагуураар зууханд асаадаг. Монгол улсад харьцангуй ховор, олдоц багатай байдаг тул хэрэглээнд өргөн нэвтрээгүй юм.

Холбоо барих

Утас: 8810-9660

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 409 тоот