Browsing category

Хувцас

Алхалтын үед өмсөх борооны курткыг хэрхэн сонгох вэ

Ер нь ямар ч борооны цув, куртка тодорхой хэмжээгээр борооноос хамгаална. Гэхдээ тэрхүү хамгаалалт хир зэрэг байхаас аяллаа тав тухтай дуусгах уу, нороод даарч жиндэх үү гэдэг хамаарна.

Үүний тулд түүний үйлдвэрийн заалт, үзүүлэлтийн ялгааг мэдэх хэрэгтэй.

Waterproof болон Water resistance хоёрын ялгаа.

Water resistance буюу усны хамгаалалттай гэдэг нь дээрээс орох бага зэргийн зөөлөн бороо, чийгнээс хамгаалдаг боловч үргэлжилсэн зүсэрсэн шиврээ бороо эсвэл ширүүн салхитай бороо хажуугаас шавшиж эхлэхэд л дотогшоо норж эхэлдэг.

Waterproof буюу ус нэвтрүүлдэггүй материал нь ус чийгнээс бүрэн хамгаалдаг ба амьсгалдаг болон амьсгалдаггүй хоёр төрлийн технологиор хийгддэг.

Амьсгалдаггүй нь пончо буюу гэнэтийн бороонд нөмрөх цувны төрлийн голдуу аваарын зориулттай байдаг бол амьсгалдаг куртка нь аялалд өмсөөд алхахад хөлсийг гадагшлуулдаг, чийг даадаггүй сайн талтай.

Сайн чанарын курткууд 2-3 давхар үе бүхий амьсгалдаг Gore-Tex, Dry-Tex гэх мэт шилдэг технологиор хийгддэг бөгөөд давхар салхины хамгаалалттай байдаг.

Давхар наалттай болон бүрэлттэй материалын ялгаа.

Борооны курткууд laminate буюу давхарлан наасан мембран үетэй эсвэл coating буюу өнгийн будган бүрээстэй гадаргуутай байдаг.

Мэдээж давхар наалттай мембран бүхий гадаргуу нь эдэлгээ сайтай, бат бөх байдаг ба өнгө алддаггүй.

Мөн цаашилбал ус нэврэхгүй курткуудын залгаас оёдол нь давхар наалттай байдагаас гадна цахилгаан нь тусгай хамгаалттай бүрээстэй, завсаргүй нийлдэг байхаар хийгддэг. Энэ битүүмжийг сайжруулж ус чийг гаднаас нэврэх бүх боломжийг хаадаг байна.

Ууланд юу өмсөх вэ – 1. Base layer буюу биеийн давхарын хувцас

Өндөр уулын оргил хүрэх замд та цаг агаарын янз бүрийн нөхцөлд амар хэцүү төрөл бүрийн замыг туулах хэрэгтэй болдог. Доор халуун бүгчим байснаа өгсөх тусам сэрүүсч цас мөс таныг угтана.

Ая тухтай аялж, авирахын тулд сонгино мэт үе давхрагатай хувцаслаж, хөлөрч норохоосоо өмнө үргэлж өмсөх тайлах дэс дарааллыг давтах хэрэгтэй болно.

Гэхдээ олон төрлийн хэрэгтэй хэрэггүй хувцас байсанаас цөөхөн бөгөөд чанартай, брендийн сайн хувцас өөрт байх нь илүү дээр.

Тэгвэл хувцаслахдаа юуг анхаарвал зохилтой вэ?

Цаг агаар хурдан өөрчлөгдөж болзошгүй. Хэдийгээр мэдээгээр цаг агаар сайхан нартай дулаан хэмээн зарласан байсан ч өндөр ууланд байдал хурдан өөрчлөгддөг тул нөөц хувцас хэрэгсэл заавал аваарай.

  • Жин болон тав тух. Хэдийгээр илүү ачаа чирж өөрийгөө зовоомооргүй байсан ч даарч хөрөөд тав тухгүй бас явмааргүй л байгаа. Дулаалга сайтай, зузаан хүрэм харамсалтай нь хүнд бас овортой. Таньд өөрийн болон бусдын туршлага энд тус болох бөгөөд илүү бодитойгоор бодож шийдэх хэрэгтэй.
  • Хэрэглээнд илүү нийцэх хувцас. Уулын хувцас олон үзүүлэлттэй. Үүнд халаасны байршилаас эхлүүлээд агааржуулах нүх, онгорхой, юүдэн, нар, салхины хамгаалалт, цахилгааны чанар, битүүмж, зузаан нимгэн гэх мэт орно. Яг тухайн хэрэглээнд хэрэг болох зөв үзүүлэлт, тоноглолтой л хувцасаа олж авах хэрэгтэй. Тэрнээс 4000 метрт авирах гээд 8000 метрийн хувцас хайх хэрэггүй. Мэдээж үнэ мөнгөний асуудал ч энд хамаатай.
  • Материал. Хувцасны материал бол хамгийн чухал зүйлийн нэг мөн. Хөвөн даавуун хувцастай хөлөрч нороод явах тусгүй зүйл. Хурдан хатах синтетик, нейлон, полистр хувцас аялалд илүүтэй хэрэгтэйг ойлгож байгаа байх.

Биеийн давхрага буюу дотуур хувцас –  Base Layer

Хүний биеийн арьсанд шууд хүрэлцдэг хувцас нэн чухал үүрэгтэй. Учир нь хөлсийг өөртөө шингээн авч гадагшлуулан, биеийг хуурай, дулаан байлгах гол зүйл. Тиймээс полистр болон мерино ноосон материал яг таардаг.

Урт ханцуйтай дотуур цамц, урт дотуур өмд

Ямар загварыг сонгох нь өөрийн хүсэлт боловч агаар сэлгэх боломжтой, амьсгалдаг синтетик болон ноосон материал байх хэрэгтэй.

Hүцгэн бие дээрээ шууд өмсөх энэ цамц өмд нь хүйтэнд (эсвэл бээрэг бол) заавал өмсөх хувцас мөн. Уутан хөнжилдөө өмсөөд унтахад дулаан, өглөө босоод хүйтэн майханд тайлж солих шаардлагагүй шууд дээр нь бусад хувцасаа өмcчихнө.

Өмд нь хөдөлгөөн тушиж алхалт, авиралтад бага зэрэг тээртэй санагдаж магад. Зарим хүмүүс чөлөөтэй хувцаслах дуртай, бие барьсан хувцасанд дургүй байдаг. Гэхдээ өндөр ууланд авирах бол дасахаас аргагүй.

Хөхний даруулаг – Bra

Зурагт үзүүлсэн шиг түгжээ, дэгээгүй спорт загварын дарууллаг илүүтэй тохиромжтой.

Богино цамц (футболка) – Т-shirt

Хөнгөн синтетик эсвэл ноосон, ханцуйтай болон ханцуйгүй цамцууд алхаж явхад сэрүүхэн хөнгөн байдаг. Мэдээж ханцуйгүй бас хүзүүгүй бол агаар сэлгэлт сайтай, эсрэгээр байвал нарнаас илүү хамгаална гэх мэт.

Оймс

Уулын зориулалтын оймс тусгай материалаар хийгддэг. Хэзээ ч хөвөн даавуун оймс хэрэглэж болохгүй (зөвхөн синтетик эсвэл ноос). Ийм оймс гутал дотор холбирч бөөгнөрдөггүй, оёдол нь хүртэл хөл нухаж холгохгүй гаднаа байдаг.

Мөн уулын оймсыг давхарлаж өмсөж болдоггүй байна. Хэдэн нөөц оймс авч явах нь таны хэрэг боловч хамгийн багадаа 1-2 илүү байх хэрэгтэй. Нар гарахгүй, өдөр дараалсан нойтон борооноор чийгтсэн оймс хатаж өгөхгүй, ганц илүү оймс багадах тохиолдол бий. Ямартай ч хамгийн сайнаас сонгож, чанартайг авах нь зөв.  

Үргэлжлэл бий…

Ууланд юу өмсөх вэ – 2. Mid Layer буюу дундын давхарын хувцас

Дунд давхарын буюу Mid Layer хувцас

Эхний биеийн давхарын дотуур хувцас хөлс чийгийг өөртөө шингээж гадагш дамжуулан гаргах үндсэн үүрэгтэй бол дунд давхарын хувцас нь биеийн дулааныг хадгалж, даарч жиндүүлэхгүй байх үндсэн үүрэгтэй.

Ийм төрлийн хувцас маш олон байдаг ба дийлэнх нь Fleece буюу хиймэл ноосон, ус салхи нэвтрүүлэхгүй Softshell-хамгаалалтийн хувцасууд байдаг.

Fleece буюу хиймэл ноосон хүрэм

Хөнгөн ийм хиймэл ноосон хүрэмийг дотуур хувцасны (base layer) гадна шууд өмсөхөд тохиромжтой, тайлж өмсөхөд хурдан амар байдаг. Ер нь уулчин бүрт заавал байх ёстой гэж болно.

Soft-shell хүрэм болон өмд

Хиймэл ноосон fleece хүрэмийн оронд өмсөж болох бороо, ус, салхинаас хамгаалах энэ хүрэм нь илүү дулаахан бөгөөд амьсгалдаг тул хөлс чийгийг гаргадаг.

Харин өмдийг нь энгийн алхалтын өмдний оронд аялал анх эхлэхээс өндөр уулын оройд гарах хүртэл өмсөж болох бөгөөд ер нь өмдийг аяллын явцад байнга солиод байх боломжгүй, төвөгтэй байдаг талтай.

Тиймээс сунамтгай бөгөөд ус, салхины хамгаалалттай ийм хувцас нь авиралтын явцад уулын нөхцөл болон цаг агаар өөрчлөгдөхөд хамгийн тохиромжтой бат бэх хувцас юм.

Mалгай

Ийм хүрээтэй малгай нь нүүр хүзүүг нарнаас хамгийн сайн хамгаалдаг. Зарим нь UV Protection буюу нарны хэт ягаан туянаас хамгаалах материалаар ч хийгддэг байна.

Өнгөний тухайд бараан өнгө илүүтэй нарны илч шингээх тул зуны халуунд цайвар шаргал, намар хавар бараандуу өнгийг сонгох нь зүйтэй.

Нимгэн бээлий

Их хүйтэн биш сэрүүхэн үед гараа хамгаалах үүднээс нар салхи хаах нимгэн бээлийн хамгийн тохиромжтой. Халаасанд явахад зай эзлэхгүй бөгөөд гар жаахан бээрэхэд гаргаад өмсөхөд амар эд.

Үргэлжлэл бий…

Уулын аяллын түрийг хэрхэн сонгох вэ?

Хэдий ус нэвтэрдэггүй сайн гуталтай байгаад, түүний түрийг чангалж үдсэн ч цас, ус, шороо, чулуунаас бүрэн хамгаалж чадахгүй.

Хаашаа явахаас шалтгаалан урт богино, зузаан нимгэн, давхар хамгаалалттай хамгаалалтгүй гээд олон төрлөөс бид сонгох хэрэг гардаг.

Мэдээж аялах замын онцлог цаг агаар үүнд бас хамаатай.

Төрөл

Алхалт болон үүргэвчтэй аялалд:

Энгийн алхалтын түрий хөнгөн, агаар солилцоо сайтай, бага зэргийн бороо усанд тэсвэртэй , заавал их үнэтэй бөгөөд үрэлтэд зориулсан тусгай хамгаалалттай байх шаардлагагүй байдаг.

Өндөр уулын

Уулын өндрийн аяллын түрий харин маш бат бөх, зузаан цасанд зориулсан өндөр (урт) байх ба бүр зарим нь нэмэлт шилбэний дулаалгатай ч хийгддэг.

Gore-Tex технологи бүхий амьсгалдаг түрий нь олон хоногийн удаан авиралтад гутлын чийгийг гаргаж байдаг ба хөлнөөсөө жиндэхээс сэргийлдэг, дулаан хадгалах сайн талтай.

Спортын (цана, снөүборд, мөсөн авиралт)

Идэвхтэй хөдөлгөөнд зориулсан уян, сунамхай (тефлон материалтай ч бий), ус чийгний өндөр хамгаалалттай бас хөнгөн, бат бөх байхаар хийгддэг.   

 Гүйлтийн

Ултра трейл, уулын гүйлтийн түрийний гол үүрэг нь хад чулуу гуталд орохоос хамгаалах хөнгөн, нимгэн, богино байдаг.

Хэмжээ

Ер нь түрийний өндөр, хамгаалалт хир их хэрэгтэй байхаас хамаарна.

Тод жимээр алхах, гүйхэд өндөр байх шаардлагагүй. Шагайнаас дээш, шилбэний дунд хүртэл байхад хангалттай.

Бороо, цасных бол харин өвдөг хүртэл байх нь зөв.

Ялангуяа бороо устай үед түрийг hardshell буюу ус нэвтэрдэггүй өмдний дотор зүүх нь илүү хэрэгтэй. Өмдний гадуур зүүсэн түрийний завсраар дотогшоо ус дагаж урсан гутлын түрийгээр ордог.

Түрий нь таны гуталд таарч байх хэрэгтэй. Ялангуяа жижигдэх нь асуудал илүүтэй дагуулдаг. Улны доод бэхэлгээ нь татаж хүрэхгүй, багадсан түрий ууланд авч очсон тохиолдол гардаг.

Тиймээс уулын гутлаа авч очин өмсөж үзэж байж худалдан авч байгаарай.

Бусад санамж

Улны доод бэхэлгээний түгжээний хоног шилбэний гадна талд байх ёстой. Дотроо байвал хөлд тээглэж бүдрэх аюул бий.

Анхлан авирч байгаа хүмүүс хөлөө зөв тавьж гишгэж сураагүй, урт замд ядарсанаас гуйвж шилбэний дотор талын доод хэсэгээр мөсний тахны шүдийг зоох, тээглэх, урах асуудал гардаг тул нэмэлт зузаалган хамгаалалттай түрийг сонгохыг зөвлөе. Ууланд нэгэнт хүү татсан, уранхай түрий юунаас ч хамгаалж чадахгүй.

Мөн дээд бэхэлгээ бүслүүр нь татаж чангалдаг, хавчдаг бол төдий чинээ сайн. Үдээсэн уяаг хамаагүй их чангалах боломжгүй байдаг сул талтай  (цусны эргэлт боох, шигдэх, хөдөлгөөнд саад болох)

Хад чулуутай газраар зун явахад ч түрий хэрэг болдог. Сул хайргатай газар гутал дотор яаж ийгээд чулуу орчдог зовлон бий.

Нэмж хэлэхэд түрийний доод улны уяа хаданд үрэгдэж тасрах тохиолдол түгээмэл тул нарийн троссон уяа сонговол хурц хад чулуунд тасардаггүй давуу талтай.

Орчин үед шавж, хорхой хөлөөр дамжиж дээш биед орохоос сэргийлсэн хамгаалалттай тусгай түрий хүртэл үйлдвэрлэдэг болсон байна.

Аяллын оймсыг хэрхэн сонгох вэ?

Бүхий л аяллын туршид хамгийн чухал үүргийг газартай харьцдаг оймс, гутал гүйцэтгэдэг. Даваа гүвээ хазгай муруй гээд газрын онцлог хөлийг холхигнуулдаг тул өмссөн оймс сайн муу ямар байхаас холгож цэврүүтэх эсэх нь шийдэгдэнэ.

Материал

Аяллын оймс сонгох хамгийн чухал дүрэм бол ХӨВӨН ДААВУУН материалаас татгалзах. Учир нь хөвөн даавуу хөлийг чийгшүүлэн арьсийг зөөллөн цэврүүтүүлдэг.

Харин ноос бол хамгийн тохиромжтой материал. Учир нь ноос голдоо хөндий гуурстай байдаг тул дулаан сайн тусгаарлаж агаар солилцуулан хөлийг дулаан, хуурай байлгах хөлөргөдөггүй.

Синтетик буюу нейлон, полистр оймс нь суналт агшилт сайтай тул хөлд бөөгнөрч холбирдоггүй, хурдан хатдаг, угааж цэвэрлэхэд нэн амар. Ноостой хольж аль аль давуу талыг шингээсэн чанар сайтай аяллын оймс үйлдвэрлэдэг.

Зузаалга

Ажиглавал оймсууд өсгий, өлмий талдаа янз бүрийн зузаантай зузаалгатай байдаг. Зузаан байвал явдал зөөлөрч, сэрүүн улиралд доороосоо илүү дулаахан байдаг. Ялангуяа өндөр уулын оймсууд зузаалга ихтэй тусгай дулаан ойлгогчтой утасаар нэхэгддэг. Харин зузаалгайгүй дулаан улиралын нимгэн оймсыг хөл холгох, хөлөрч чийгтэхээс сэргийлж өөр зузаан оймстой сэрүүн үед хүйтэнд өмсдөг тал ч бий.

Өмсгөл

Оймс авахдаа хөлдөө хэрхэн тааруулж сонгох вэ. Үнэндээ энэ хөлийн хэлбэр болоод гуталаасаа хамаардаг тал бий ч хөлдөө яг таарсан хэмжээ нь хамгийн найдвартай. Оймс уртадвал урд талдаа бөөгнөрч, богинодвол шилбэнээс доош татагдаж өсгийд хунирч хөлийг цэврүүтүүлнэ.

Ер нь ихэнх аяллын оймсны нэхээс, оёдол, залгаа нь гаднаа байдаг нь хөл нухахаас сэргийлдэг ба гутал дотор холбирч эргэхээс сэргийлж заримд нь резинэн утас гүйлгэж нэхдэг байна.

Аяллын өмд

Аяллын өмд нь хөдөлгөөн хорихгүй, алхах, авирах, сууж босоход амар хөнгөн байхаар хийгддэг.

Сайн өмд энгийн талд алхахаас эхлээд өндөр ууланд авирах бүхий л цаг үед биеийн нэгэн хэсэг байж, халуун хүйтэн, шороо тоос, шавар ус, хорхой шавжнаас найдвартай хамгаална.

Материал

Ихэнх аяллын өмдийг бат бэхийг бодож нейлон утсаар голчилж хийдэг ба сунамхай, уян чанарыг нь нэмэгдүүлэхийн тулд полистер болон бусад синтетик материалтай холидог.

Илүүтэй элэгдэх хэсгийг нэмж хүчитгэн өвдөг болон бөгсний оруулга өмдөнд оёж өгсөнөөр эдэлгээг уртасгадаг байна.

Ripstop нэхээс

Энэхүү технологи нь хувцасыг урагдаж сэмрэхээс сэргийлдэг, шоо хэлбэрээр нэхсэн маш бат бөх материалыг бий болгодог бөгөөд аяллын хувцаснуудаас голчилж өмдөнд илүүтэй ашигладаг байна.

Дотортой өмд

Энгийн дан өмд зун дулааны улиралд тохиромжтой бол давхар дотортой өмдийг намар хаврын сэрүүнд, өндөр уулын авиралтад мөс цастай газар өмсдөг. Ялангуяа өмдийг байнга тайлж өмсөх боломжгүй байдагаас заримдаа машинаасаа буугаад шууд уул руу зүглэх бол анхнаасаа дулаан өмдтэй явахад буруудахгүй.

Салдаг өмд

Богино өмд буюу шорт болгож өвдөгийн хэсгээр нь салгадаг өмд бас түгээмэл байдаг. Сайн тал нь халуун өдөр сэрүүхэн, уужуу, хөнгөн зай эзлэхгүй амар байдаг бөгөөд гуталаа тайлалгүй салгаад үүргэвчиндээ шуумагыг нь хийчих боломжтой.

Өнгө

Зуны өмдүүд наранд гандах, халууныг тооцож цайвар шаргал, саарал, цагаан цэнхэр, улбар шар голдуу байдаг. Харин өвөл, сэрүүн улиралых нь нарны илчийг шингээх бараан өнгөтэй илүүтэй хийгддэг.

Халаас

Ер нь аяллын өмдний халаасыг цахилгаантай хийдэг нь босож суух хөдөлгөөнд эд юмс унаж гээдэхээс хамгаалдаг. Ус чийг, салхи орохоос хамгаалсан тусгай цахилгаан ч байдаг ба hardshell буюу гадна давхарын хамгаалах өмдөнд голдуу хийдэг байна.

Бүс

Ихэнх аяллын өмд салгаж авдаггүй өөрөөсөө бүстэй байх нь элбэг. Энэ нь аяллын явцад санамсаргүй гээдэж алга болсоноос өмд шувтарч, хөлд тээглэх, хөдөлгөөн туших эрсдэлээс сэргийлэх үүднээс ийнхүү хийдэг юм.

Мөн дардаг кноптой, резинэн бүс бас байдаг. Энэ нь хэрэглэхэд бүр амар бөгөөд хөдөлгөөний аясаар сунаж агшиж байдаг.

Усны хамгаалалт, амьсгалдаг технологи

Waterproof буюу усны хамгаалалттай эсвэл амьсгалдаг технологи буюу Gore-Tex технологийн тефлон утас бүхий өмдүүд энгийн өмдүүдээс арай үнэтэй байдаг ч илүү тав тухтай байх нь гарцаагүй.

Ерөнхийдөө ихэнх өмдүүд синтетик материалаар хийгддэг болхоор хурдан хатна.

Зарим өмд нарны UV хэт ягаан туяаны болон шавжны хамгаалалттай ч байдаг.

Аяллын малгайг хэрхэн сонгох вэ?

Мэдээж энэ нь гутал болон хүрэм сонгох дайны нарийн асуудал биш ч биеийн хамгийн чухал хэсгийг хамгаалж байдагаараа анхаарууштай зүйлс бий.

Хамгаалалт бол малгайн гол үүрэг.

Аялалд гарсан анхны өдрөөс нар, салхи, хорхой шавж гээд түмэн бэрхшээл өөдөөс угтана. Тэр дундаа нар бол хамгийн гол асуудал нь байдаг.

Хүрээтэй малгай

Ийм хүрээтэй малгай нь нүүр хүзүүг нарнаас хамгийн сайн хамгаалдаг. Зарим нь UV Protection буюу нарны хэт ягаан туянаас хамгаалах материалаар ч хийгддэг байна.

Өнгөний тухайд бараан өнгө илүүтэй нарны илч шингээх тул зуны халуунд цайвар шаргал, намар хавар бараандуу өнгийг сонгох нь зүйтэй.

Мөн өглөө эрт эсвэл хүйтэн сэрүүний улиралд чих хайрагдахаас хамгаалсан чихэвч бүхий хүрээтэй малгай ч байдаг.

Энгийн саравчтай малгай

Хүн бүрт зохидог, классик, бүгд дуртай малгай бол яах аргаггүй бейсболын гэгддэг саравчтай малгай юм. Түүний урд талын урт саравч нь нарны гэрэл нүдийг гялбуулахаас хамгаалдаг ч хүзүү хацартаа нарны тос заавал түрхэж байх нь чухал. Эсвэл банда давхар зүүх хэрэгтэй.

Ноосон малгай

Хөвөн даавуун материал хөлс чийгийг өөртөө шингээж хатдаггүй тул хөлдөж хайрагдах нь эрсдэлтэй. Тиймээс ноосон буюу хиймэл ноосон (fleece) малгай аялалд илүүтэй зохино.

Жинхэнэ ноосон малгай дулаан хадгалах өндөр чадвартай, цаанаасаа илчтэй байдаг. Харин дулаан гээд ноолууран малгай авч явах хэрэггүй. Мөн л хөлс чийгийг өөртөө барьдаг муу талтай.

Хиймэл ноосон малгай

Хиймэл ноос бол хөнгөн бөгөөд хамгийн хурдан хатдаг, хөлс чийгийг сайн ууршуулан гадагшлуулдаг шидтэй эд.

Ялангуяа нэг талдаа уяагаар битүүлж болдог, задлаад хоолой хэлбэрийн алчуур буюу банда болгох боломжтой хиймэл ноосон малгай аялалд тун тохиромжтой байдаг.

Чихтэй ноосон малгай

Өндөр ууланд аялах бол үүн шиг хэрэгтэй эд үгүй. Цасан шуурга, хүчтэй салхины найдвартай хамгаалалт бол эрүүн доогуураа бүчлэн уяах боломжтой, чихийг бүхэлд нь дардаг малгай юм.

Мөн түүнчлэн чих дарсан хиймэл ноосон хөнгөн fleece малгай нь гүйх, эрчимтэй алхах болон авирах зэрэг хөдөлгөөнд дух руу орж ирэхгүй, холбирохгүй сайн талтай байдаг.

Уулын болон алхалтын гутал – 1

Томдож, багадсанаас хөл холгох, норох, хальтирч гулгах, даарч хөрөх, чийгтэх гээд алхалтын болон авиралтын гутлаа яаж сонгосноос сэтгэл хөдлөм аялалаа цаашид үргэлжүүлэх үү эсвэл буцах уу гэдгийг шийдэх хүнд үе бидэнд хааяа тулгардаг.

Тэгвэл гутлууд ямар ялгаатай, яаж зөвийг сонгох вэ?

Юуны түрүүнд 3 зүйлийг сайн мэдэх хэрэгтэй.

1.Шагай түрийний хамгаалалт

2.Материал

3.Хөлд таарах эсэх

Алхалтын гутал

Шагайн хамгаалалтгүй

Өдөртөө яваад ирэх энгийн алхалтанд өгсүүр уруу, бартаа багатай замд таарах хөнгөн гутал. Гол нь зам ус чийг, шавар шавхайгүй бөгөөд хальтарч унаж шагайгаа мултлах эрсдэлгүй байх хэрэгтэй. Мөн үүрэх ачаа хөнгөн бол сайн (хазгай гишгэхэд нуруунаас шагайнд хүнд ачаалал өгөхөөргүй).

Түрий богино учраас хөл чийгтэж хөлрөх нь бага ч гүехэн ус, өвсний шүүдэрт ч норох амархан.

Бас сэрүүн улиралд шагайгаар даарч магадгүй шүү.

Шагайн хагас хамгаалалттай

Энэхүү гутал нь өдөртөө, эсвэл цөөхөн хоногоор ойр зайд, хөнгөнөөс дунд зэргийн хүнд ачаатай, ус чийг багатай газраар явахад тохиромжтой. Уян бөгөөд хөнгөн, туулах чадвар сайтайгаас гадна ул нь харьцангуй зөөлөн тул хадтай газар явахад хөл доорхи чулууг мэдэрч тэнцвэрээ сайн олох боломжтой байдаг.

Шагайн бүтэн хамгаалалттай

Харьцангуй хүнд ачаатай олон хоногийн урт, шавар устай, хад чулуутай газраар явахад зохимжтой бөгөөд урд хоншоор нь давж гарсан резинэн даруулгатай тул хөлийн хурууг хамгаалаад зогсохгүй шаардлагатай бол энгийн муурын хумс буюу гутлын хадаас хийгээд бага зэргийн мөс цастай газраар ч явж болдог.

Хад чулуунд элэгдэхгүй, удаан хугацаанд явахад хөл өвтгөхгүй үүднээс хатуувтар ултай хийгддэг.

Материал

Цэвэр арьсан

Байгалийн арьс ширэн гутал амьсгалдаг бөгөөд ус, цас, хад чулуунд тэсвэртэй тул ихэнх аяллын гутлын үндсэн түүхий эд болдог бөгөөд гол нь цэвэрлэж хатаахдаа л аргачлалыг зөв мөрдөх хэрэгтэй юм. Үгүй бол хатаж хорчийж, сунаж агших асуудал гардаг.

Синтетик

Полистер, нейлон гутлууд хөнгөн бөгөөд хурдан хатдаг тул орчин үед аялалд түлхүү хэрэглэдэг болсон ч арьс шиг эдэлгээ удаан биш. Хэдий тийм ч үнэ илүү хямд бөгөөд нэмэлт дулаалгатай хийж болдог тул хүйтэн улиралд хөл дааруулдаггүй сайн талтай.

Мөн Gore-Tex болон Out-Dry технологиуд нь агаар солилцоо сайтай хөлөрч чийгшихгүй, ус нэвтрэхгүй уян зөөлөн хөлд эвтэй материалуудаар гутлыг хийх боломж олгодог. Дээрх хоёр материалуудын давуу талыг хольж хийсэн гутлууд ч худалдаалагддаг. Жишээ нь Montbell Tuolumne Boots W’S-ийг дурьдаж болно.

Мэдээж улын хээ сайтай байх тусам газартай сайн барьцалдах хэдий ч Vibram төрлийн ултай гутал уул хаданд зууралт сайтай, хөлдөж гулгах нь бага байдаг.

Мөн Япон улсын Montbell брендийн алхалтын гутлууд Trail Gripper Technology буюу гулгаж хальтрахаас хамгаалсан тусгай резинэн материалаар хийгддэг. Энэ нь газартай зуурах чадвар өндөртэй ул тул найдвартай хамгаалалт болдог.

Уруу газар гулгахаас хамгаалж өсгий талын уланд илүү гаргаж товойлгосон хээтэй гутал илүү сайн.

Хөлд таарах

Алхалтын гутал нь уулын гутлыг бодвол яг таарсан (хөлийн хуруу чөлөөтэй хөдлөхөөр) байх хэрэгтэй.  

Үдээс хойш хүний хөл хөөж томордог тул оройдоо дэлгүүр орвол гутлаа багадуулахаас сэргийлнэ.

Аялалд зориулсан, бөөгнөрч холбирдоггүй зузаан, нимгэн оймсоо авч очоорой. Ажилдаа өмсдөг оймстойгоо тааруулж үзэх хэрэггүй.

Боломж олговол дэлгүүр дотор хэсэг хугацаанд нааш цааш сонирхож буй гуталтайгаа алхаж үзэх хэрэгтэй. Хазгай налуу газар, шат олдвол бүр сайн.

Цахим худалдаагаар гутал авах бол эхлээд ижил загварын гутал хэн нэгэн танилд тань байгаа эсэхийг асууж сураад олдвол өмсөж үзэх хэрэгтэй. Гутал нь тухайн загвараасаа хамааран өмсгөл өөр байх боломжтой тул авсан хойно таарахгүй асуудал үүсч магадгүй.

Гутлаа яаж үдэх нь өмсгөлд бас хамаатай тул чанга зөөлөн үдээд нааш цааш явж үзээрэй. ( илүү мэдээллийг зөвлөгөө булангаас “Уулын алхалтын гутлыг хэрхэн үдэх вэ? ” -ээс авч болно )

Эцэст нь хэлэхэд авсан гутлаа шинээр нь уул рүү бүү чирж очоорой. Наана нь хот газар ажилдаа, ойр зуур өмсөж алхаж зөөллөх хэрэгтэй. Үгүй бол ууланд хөлийг тань холгож сайхан аяллыг баллаж магадгүй.

Үргэлжлэл бий…

Үдээсний дэвшилтэт технологи – Дамарт үдээс

Та үдээсээ зөв сайн үддэг үү?

Суларсан үдээсэндээ орооцолдох тээглэх, улмаар унаж хөл шагайгаа гэмтээх тохиолдол аялалын явцад гардаг.

Мөн ууланд цуваагаар алхаж байгаа бол зогсож үдээсээ үдэе гэж хэлэх хэцүү, тэр тусмаа хүйтэнд бээлтэй гараар үдээсээ хурдан үдэж чангалах амаргүй байдаг.

Ер нь хүчилтөрөгч сийрэг өндөр ууланд хүний тархи сэтгэхүй удааширч, тонгойж үдээсээ үдэх энгийн үйлдлийг ч зөв, амар хийх хүндрэлтэй болдог тул зохион бүтээгчид дамартай үдээсний систем буюу REEL ADJUST SYSTEM-ийг зохион бүтээж энэ хүндрэлийг хялбарчилжээ.

Энэ нь энгийн үдээсний оронд зэвэрдэггүй ган утасыг дамарт ороож гутлыг чангалж үддэг технологи бөгөөд дараах давуу талуудтай байдаг.

Хүч

Гутлаа найдвартай үдэхийн тулд сайтар татаж чангалж, суларуулж алдчихгүйхэн шиг үдэж амжих хэрэгтэй болдог. Харин дамарт үдээсний дамарыг хэд эргүүлэхэд л энэ шийдэгдэнэ. Эргээд суларч дахин үдэх шаардлага гарахгүй.

Хурд

Даарч бээрсэн, ядарч сульдсан үед, тэр тусмаа уулын хазгай налуу хэцүү газар суларсан үдээсээ хурдан үдээд босох хүнд сорилт. Тэгвэл дамарт үдээсийг 2-3 секунд л үдэж чангалж болдог. Харанхуйд ч үүнийг хийхэд төвөггүй ажээ.

Бат бэх чанар

Эдэлгээний явцад үрэлт, зулгаралтад ямарч сайн нейлон, полистер үдээс тасрахгүй гэсэн баталгаа байдаггүй. REEL ADJUST SYSTEM нь бат бөх зэвэрдэггүй ган утсыг ашигладагаараа найдвартай систем болж чадсан байна.

Энэхүү системийн давуу талууд спортын бусад төрлийн болон хүндрэлтэй нөхцөлд ажиллах хамгаалалтын гутлуудад ч өргөнөөр ашиглагдах болсон юм. Ялангуяа анхаарал шаардсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал аюултай нөхцөлд нэн тохиромжтой байдаг.

Дэлхийд одоогоор BOA брендийн патентлагдсан REEL ADJUST SYSTEM чанар үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа бөгөөд ихэнх уулын аяллын гутлууд түүнийг ашигладаг юм.

Уулын гутлын бүтэц болон арчлах заавар

Алхалтын гутлыг бодвол уулын авиралтын гутал нь түрий өндөр, их бие даргар хатуу, нэмэлт синтетик дулаалгатай байдаг.

Бүтцийг нь тодруулж яривал чухал анхаарууштай хэсгүүд түүнд бий.

Их биеийн арьс

Орчин үед авиралтын гутлын их биеийг үрэлтэд тэсвэртэй синтетик болон илгэн арьсаар хийдэг болсон. Хөлийг хад чулуунаас хамгаалах, цас өшиглөх, мөсөнд тахаа зооход тогтвортой, биетэй байх үүднээс хөлийн урагшаа нугардаг хэсгээс бусад газар хатуу, даргар байдаг.

Амьсгалдаг оруулга нь хөлийг чийгтэхээс хамгаалдаг. Ер нь гутлыг улнаас дээш эргэн тойронг бүхэлд нь резинээр бүрж өгдөг нь хад чулуунд цохиж элэгдэж муудахаас сэргийлнэ.

Улны хавтан

Гутал хөнгөн байх нь хамгийн чухал үзүүлэлтийн нэг тул уланд хийдэг хавтгай төмрийг карбоноор сольвол жин багасдаг.

Өсгий

Уулын өсгийнд доргио зөөллөгч уян үе оруулж өгсөнөөр уруудах үед доороос ирэх цохилтийг шингээдэг.

Мэдээж Vibram төрлийн ул ууланд хамгийн тохиромжтой бөгөөд тэр дундаа Vibram Teton ул нь цас уланд наалдаж бөөгнөрөхөөс сэргийлдэг байна.

Үдээс

Үдээсний тээглүүр нь дамартай бол үдээс хялбар гүйж чангалж татахад амар бөгөөд хүч бага ордог.

Уулын гутлыг үдэх зөвлөгөөг эндээс аваарай.

Уулын гутлыг хатаах

Дан гутлын дотор улавчийг, давхар гутлын бойтогийг улавчийн хамтаар салгаж энгийн хэмд, задгай, хуурай газар хатаана.  

Нарны гэрэлд, ил гал, зуух, халаагуурын хажууд хатаавал гутлын цавуу салж, арьс хатуурч мууддаг.

Хурдан хатаамаар бол сүүдэрт, салхитай газар эсвэл тасалгааны сэнсний (халуунаар үлээдэг үсний биш) салхинд өрөө тасалгаанд тавиарай.

Мөн сонин хуйлан чихэж болно. Харин чийгтсэн дор нь ойр ойрхон хуурайгаар солих хэрэгтэй.

Шороо тоосноос цэвэрлэх

Гуталд наалдан, шигсэн шороо тоос, чулууны үйрмэг алхах бүрд гутлын гадна арьс, их биеийг үрж зүлгүүрдэж байдаг. Мөн шавар шавхай арьсний чийгийг өөртөө шингээж модойлгон хатаадаг тул эдэлгээ нь богинсдог.

Гутлын үдээсийг авч сойзоор нийтэд нь цэвэрлэдэг. Илүү сайн цэвэрлэх бол урсгал усны доор угааж болно.

Угаалгын нунтаг, эдийн савангаар угааж болохгүй. Мөн угаалгын машинд сэгсэрч хэрэггүй. Учир нь GORE-TEX  хамгаалалт, амьсгалдаг мембран нь гэмтдэг.

 

Холбоо барих

Утас: 8810-9660

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 409 тоот