Browsing category

Зөвлөгөө

Уулын болон алхалтын гутал – 1

Томдож, багадсанаас хөл холгох, норох, хальтирч гулгах, даарч хөрөх, чийгтэх гээд алхалтын болон авиралтын гутлаа яаж сонгосноос сэтгэл хөдлөм аялалаа цаашид үргэлжүүлэх үү эсвэл буцах уу гэдгийг шийдэх хүнд үе бидэнд хааяа тулгардаг.

Тэгвэл гутлууд ямар ялгаатай, яаж зөвийг сонгох вэ?

Юуны түрүүнд 3 зүйлийг сайн мэдэх хэрэгтэй.

1.Шагай түрийний хамгаалалт

2.Материал

3.Хөлд таарах эсэх

Алхалтын гутал

Шагайн хамгаалалтгүй

Өдөртөө яваад ирэх энгийн алхалтанд өгсүүр уруу, бартаа багатай замд таарах хөнгөн гутал. Гол нь зам ус чийг, шавар шавхайгүй бөгөөд хальтарч унаж шагайгаа мултлах эрсдэлгүй байх хэрэгтэй. Мөн үүрэх ачаа хөнгөн бол сайн (хазгай гишгэхэд нуруунаас шагайнд хүнд ачаалал өгөхөөргүй).

Түрий богино учраас хөл чийгтэж хөлрөх нь бага ч гүехэн ус, өвсний шүүдэрт ч норох амархан.

Бас сэрүүн улиралд шагайгаар даарч магадгүй шүү.

Шагайн хагас хамгаалалттай

Энэхүү гутал нь өдөртөө, эсвэл цөөхөн хоногоор ойр зайд, хөнгөнөөс дунд зэргийн хүнд ачаатай, ус чийг багатай газраар явахад тохиромжтой. Уян бөгөөд хөнгөн, туулах чадвар сайтайгаас гадна ул нь харьцангуй зөөлөн тул хадтай газар явахад хөл доорхи чулууг мэдэрч тэнцвэрээ сайн олох боломжтой байдаг.

Шагайн бүтэн хамгаалалттай

Харьцангуй хүнд ачаатай олон хоногийн урт, шавар устай, хад чулуутай газраар явахад зохимжтой бөгөөд урд хоншоор нь давж гарсан резинэн даруулгатай тул хөлийн хурууг хамгаалаад зогсохгүй шаардлагатай бол энгийн муурын хумс буюу гутлын хадаас хийгээд бага зэргийн мөс цастай газраар ч явж болдог.

Хад чулуунд элэгдэхгүй, удаан хугацаанд явахад хөл өвтгөхгүй үүднээс хатуувтар ултай хийгддэг.

Материал

Цэвэр арьсан

Байгалийн арьс ширэн гутал амьсгалдаг бөгөөд ус, цас, хад чулуунд тэсвэртэй тул ихэнх аяллын гутлын үндсэн түүхий эд болдог бөгөөд гол нь цэвэрлэж хатаахдаа л аргачлалыг зөв мөрдөх хэрэгтэй юм. Үгүй бол хатаж хорчийж, сунаж агших асуудал гардаг.

Синтетик

Полистер, нейлон гутлууд хөнгөн бөгөөд хурдан хатдаг тул орчин үед аялалд түлхүү хэрэглэдэг болсон ч арьс шиг эдэлгээ удаан биш. Хэдий тийм ч үнэ илүү хямд бөгөөд нэмэлт дулаалгатай хийж болдог тул хүйтэн улиралд хөл дааруулдаггүй сайн талтай.

Мөн Gore-Tex болон Out-Dry технологиуд нь агаар солилцоо сайтай хөлөрч чийгшихгүй, ус нэвтрэхгүй уян зөөлөн хөлд эвтэй материалуудаар гутлыг хийх боломж олгодог. Дээрх хоёр материалуудын давуу талыг хольж хийсэн гутлууд ч худалдаалагддаг. Жишээ нь Montbell Tuolumne Boots W’S-ийг дурьдаж болно.

Мэдээж улын хээ сайтай байх тусам газартай сайн барьцалдах хэдий ч Vibram төрлийн ултай гутал уул хаданд зууралт сайтай, хөлдөж гулгах нь бага байдаг.

Мөн Япон улсын Montbell брендийн алхалтын гутлууд Trail Gripper Technology буюу гулгаж хальтрахаас хамгаалсан тусгай резинэн материалаар хийгддэг. Энэ нь газартай зуурах чадвар өндөртэй ул тул найдвартай хамгаалалт болдог.

Уруу газар гулгахаас хамгаалж өсгий талын уланд илүү гаргаж товойлгосон хээтэй гутал илүү сайн.

Хөлд таарах

Алхалтын гутал нь уулын гутлыг бодвол яг таарсан (хөлийн хуруу чөлөөтэй хөдлөхөөр) байх хэрэгтэй.  

Үдээс хойш хүний хөл хөөж томордог тул оройдоо дэлгүүр орвол гутлаа багадуулахаас сэргийлнэ.

Аялалд зориулсан, бөөгнөрч холбирдоггүй зузаан, нимгэн оймсоо авч очоорой. Ажилдаа өмсдөг оймстойгоо тааруулж үзэх хэрэггүй.

Боломж олговол дэлгүүр дотор хэсэг хугацаанд нааш цааш сонирхож буй гуталтайгаа алхаж үзэх хэрэгтэй. Хазгай налуу газар, шат олдвол бүр сайн.

Цахим худалдаагаар гутал авах бол эхлээд ижил загварын гутал хэн нэгэн танилд тань байгаа эсэхийг асууж сураад олдвол өмсөж үзэх хэрэгтэй. Гутал нь тухайн загвараасаа хамааран өмсгөл өөр байх боломжтой тул авсан хойно таарахгүй асуудал үүсч магадгүй.

Гутлаа яаж үдэх нь өмсгөлд бас хамаатай тул чанга зөөлөн үдээд нааш цааш явж үзээрэй. ( илүү мэдээллийг зөвлөгөө булангаас “Уулын алхалтын гутлыг хэрхэн үдэх вэ? ” -ээс авч болно )

Эцэст нь хэлэхэд авсан гутлаа шинээр нь уул рүү бүү чирж очоорой. Наана нь хот газар ажилдаа, ойр зуур өмсөж алхаж зөөллөх хэрэгтэй. Үгүй бол ууланд хөлийг тань холгож сайхан аяллыг баллаж магадгүй.

Үргэлжлэл бий…

Алхалтын таяг

Хазгай гишгэхэд түшиг болох алхалтын таяг нуруу өвдөгийг тань хамгаалаад зогсохгүй бие хамгаалах зэвсэг, гэмтсэн нэгнээ аврах ор хийх саваа хүртэл болох холын аянд өгүүлшгүй нэмэр тустай.

Нуруунд ирэх ачааллыг 30% хүртэл багасгадаг алхалтын таягны уртыг тааруулдаг, тааруулдаггүй, эвхдэг, доргион шингээчтэй, карбон утастай зэргээс авахуулаад фото зураг авах суурьтай хүртэл үйлдвэрлэдэг болжээ.

Уртыг тааруулдаг

Энэ бол хамгийн түгээмэл загвар бөгөөд уруу газар уртасгаж, өгсүүр газар богиносгож уртыг өөртөө тааруулан өөрчилж алхаарай.

Уртыг тааруулдаггүй

Тодорхой биеийн өндөртөө тааруулж авдаг тэгш гадаргууд эсвэл цанаар гулгахад зориулдагдсан хөнгөн таягуудын уртыг тааруулахгүй байхаар хийдэг.

Эвхдэг

Майханы нуруу хураадагтай адил эвхдэг байдлаар нугалдаг таягууд ихэвчлэн гүйлт, ультра треккинг тэмцээнд илүүтэй хэрэглэгддэг ба богино хугацаанд дэлгэж, хураахад зориулагдсан, хөнгөн, нарийн байдаг.

Доргион шингээгчтэй

Ийм таяг уруу газар болон хатуу хад чулуутай газраар аялахад хүчтэй доргилт биед өгөхөөс хамгаалдаг давуу талтай ч харьцангуй жин ихтэй, металл орц ихтэй байдаг. Ялангуяа өвдөг, нурууны гэмтэлтэй, өвддөг бол илүүтэй тохиромжтой.

Материал

Үнийн хувьд боломжын болоод бат бэхийг тооцон ихэнх таягыг хөнгөн цагаанаар хийдэг. Хосоороо ойролцоогоор 500-600 грамм жинтэй байдаг ба нугарахад шууд хугарахгүй, буцаад засаж янзлах боломжтой байдаг.

Хөнгөн болгох үүднээс хийсэн карбон орцтой таягууд хосоороо 300-400 грамм байдаг тул ачаанд хөнгөн, бага ядрах сайн талтай.

Бариул

Үйсэн

Та хэрвээ их хөлөрдөг бол үйсэн бариул алганы хөлсийг шингээдэг тул гар хальтрахаас сэргийлэх давуу талтай. Ялангуяа зуны халуунд илүүтэй тохиромжтой, доргион багасгадаг боловч цул резиныг бодвол эдэлгээ багатай.

Хөөсөнцөр шахмал

Мөн хөлс шингээх давуу талтай ч хэлбэрээ алдах, хэсэг газраараа тасрах зэрэг зарим асуудал гардаг. Гарыг дулаахан байлгаж, цас мөстэйд хальтрахаас сэргийлдэг тул өвөл илүүтэй тохиромжтой.

Резинэн

Бат бөх, халуун хүйтэнд тэсвэртэй, бээлтэй өмсөхөд илүүтэй тохиромжтой. Зун гар хөлөргөж заримдаа алганд цэврүү үүсдэг тул халуун улиралд хэрэглэх эсэхээ бодолцоно биз дээ.

Эргүүлдэг

Эргүүлж чангалдаг хавчаартай таяг үнийн хувьд хямд, энгийн хийцтэй тул хамгийн түгээмэл байдаг ч хангалттай чангалж чадахгүй бол алхалтын явцад өөрөө богинсох, хэт чангарвал буцааж тайлах төвөгтэй байдаг.

Хавчдаг

Энэ загвар хамгийн амар, хүүхэд ч тааруулж хавчих боломжтой давуу талтай ч үнийн хувьд өндөр байдаг. Нэгэнт удаан хугацаанд хэрэглэхээр, таяг ашиглах хангалттай туршлагатай гэж үзвэл ийм төрлийн таягыг сонговол буруудахгүй. Мөн бээлтэй үед таягаа сунгаж, хураахад хамгийн амар байдаг.

Нүхтэй

Ийм таягыг гүйлт, энгийн алхалтад илүүтэй хэрэглэдэг, нэг дараад уртыг татаж тааруулахад пүрштэй тэлэгч нь шууд нүх рүү нь ордог тул тааруулах ажиллагаа бараг байхгүй, цаг зарцуулахгүй, үнэ хямд байдаг.

Дээрх хавчаарын төрлүүдээс хольж хийсэн таягууд байдаг ба ачаалал ирэх хэсэг дээр илүү найдвартайг нь суурилуулдаг.

Ашиглах зөвлөмж

Таягын уртыг өөртөө тааруулахдаа гарыг тохойгоор 90 градус орчим байхаар нугалахаар тааруулж сунгаж хавчина.

Таягны бариулын оосроор гарыг доороос дээш чиглэлд оруулж гарын бугуйнд ачааллыг өгөх байдлаар атгавал:

  • Атгалтад бага хүч зарж, шуу бага цуцна
  • Таягаа алдах, алхах үед хад чулуунд хавчуулах, цас мөс, шаварт зоогдоход гараас сугарч үлддэггүй

Цасны таваг

Зарим аялагчид хад чулуутай замаар цасны том тавагыг нь авахгүй явсанаас дэлбээ нь хугарч тасрах, гээдэх зэрэг асуудал гарч, хэрэгтэй үед байхгүй, цас мөсөнд шигдэж ороод алхалтын ачааллыг нэмэгдүүлэх, ядраах, удаашрах зэрэг хүндрэлүүд гардаг. Холын аялалд нөөц таваг авч явахад илүүдэхгүй шүү.

Үзүүрийн хамгаалалт

Бетонон гадаргууд таягны үзүүр элэгдэж мохохоос сэргийлсэн резинэн таглааг уул хаданд авалгүй явах нь таяг гулгах, хальтрах зэрэг аюултай тул заавал авч заншаарай.

Харин үүрэгчиндээ болон цүнхэндээ бэхлэхдээ таглааг хийвэл хурц үзүүрээр бусдыг гэмтээх, хувцас хэрэглэлээ урж, цоолохоос хамгаалдаг.

Мөн таягыг сунгаж тааруулахдаа эхлээд бүдүүн хэсгийг, дараа нь нарийн хэсгээ уртасгавал таяг гулзайх нь бага, хугарч эвдрэх эрсдэл багасдаг.

Цасны сохрол гэж юу вэ?

Нам доор газар нарны туяаны 80-90% газарт шингэж 10-20% эргэж ойдог.

Харин өндөр ууланд, мөсөн гол дээр эсрэгээрээ 85-90% нь цас, мөсөнд ойж нар бараг доороос тусаж буй мэт төөнөдөгийг уулчид андахгүй.

Хамгаалалтын шилгүй, шилтэй ч тэр нь нарны хэт ягаан туяа шүүдэггүй эсвэл буруу зүүвэл ЦАСНЫ СОХРОЛ хэмээх эмгэг үүсдэг.

Түүнчлэн манан будантай, бүрхэг өдөр ч өндөрлөг газар цасны сохрол үүсч болно. Нүдэнд харагдахгүй ч хэт ягаан туяа үүл манан дундуур саадгүй нэвтэрч цас мөснөөс ойсоор л байх болно.

Илрэх шинж тэмдэг

  • Нүд улайх
  • Хорсож өвдөх
  • Хөөж хавдах
  • Нулимс гоожих
  • Толгой өвдөх
  • Юмс бүртэлзэн хүрээлэх, давхар харагдах
  • Юмсын өнгө өөрчлөгдөх болон огт юм харахгүй байх

гэх мэтийн эмгэг үүсэх ба хамгаалалтын болон эмчилгээний арга хэмжээ яаралтай авахгүй бол бүрмөсөн сохрох аюултай.

Арга хэмжээ

  • Хүйтэн жин яаралтай тавих
  • Нүдээ нухахгүй байх
  • Нүдний шингэн дусаалга дусаах ( өтгөн төрлийн биш)
  • Майханд болон гэр байшин дотор ч нарны шил зүүх
  • Линз зүүдэг бол нэн даруй авч эдгэртлээ зүүхгүй байх
  • Гарч орохдоо нүдний боолт хийх (хүнээр түшүүлэн гарах)

Эдгэх хугацаа

Ихэнх бага хэмжээний эмгэг 24-48 цагийн хооронд аяандаа алга болдог. Мэдээж энэ нь нүд хир их гэмтсэнээс хамаарах ба бүрэн эдгэртлээ 5-7 хоног болж болно.

48 цагаас илүү хугацаанд шинж тэмдэг арилахгүй, зовиур нэмэгдвэл яаралтай эмчид хандах нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэх

Дээр дурьдсанчлан цэлмэг, бүрхэг ямарч үед нарны зориулалтын шил, цасны шил – goggle заавал зүүх. Хямд дуураймал болон энгийн, дугуйн спортын хар шил бүү авч яваарай. Тэд нарын туяаг шүүхгүй.

Мөн зориулалтын уулын нүдний шил хажуу гуяандаа салгадаг хамгаалалттай байдаг. Учир нь нар зөвхөн дээрээс, доороос биш хажуугаас ч ойн гэмтээж болдог тул нүдийг бүхэл нь тойруулан хамгаалах шаардлагатай байдаг.

Арга ядвал хажуугийн хамгаалалттыг duct tape буюу аяллын скочоор ч түрдээ наан хийж болно.

Эцэст нь хэлэхэд ууланд нүд юм харахгүй болох нь үхэлтэй л адил. Ангал, нуранги, хад чулуу гээд ямар аюул дунд байгаагаа мартаж болохгүй.

Мөн цаг хугацаа алдсанаараа аяллыг бүхэлд нь ч цуцлах тохиолдол гарч болох юм.

Хөлөг онгоцыг живүүлэхэд жижиг нүх л хангалттай гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй.

Цангавал цас идэх нь зөв үү?

Цас нэгэнт уснаас бүтдэг болхоор идэхэд цас ус хоёр адилхан биш үү гэж ихэнх уулчид, аялагчид асуух байх.

Тиймээ цас бол ус. Гэхдээ хайлаагүй үед ус гэж бодож болохгүй юм.

Хөлдүү цас мөсийг бие хайлуулахын тулд дулаанаа зарцуулж, эргээд бие хөдөлж, гүйсэн мэт шингэнээ алдаж байдаг. Үр дүнд нь бие илүү их шингэн хэрэглэх болдог.

Тиймээс эргээд илүүтэй цангана гэсэн үг. Мөн хүн биеийн дулаанаа алдах аюул цаана нь бий.

Дээрх асуудлуудаас сэргийлэхийн тулд эхлээд хайлуулах өөр арга хайсан нь дээр.

Мөн цасанд элдэв бактери, нян байвал юу болох нь ойлгомжтой. Ялангуяа ойр хавьд нь бие зассан газар байвал усаар дамждаг гэдэсний болон бусад өвчин тусах магадлалтай.

Алтай Таван Богдын дээд хоног толгойд ийм асуудал үүсэх эрсдэл нэгэнт эхэлсэн тул уулчид болгоомжтой байж, сайтар буцалгаж ариутгах хэрэгтэй.

Энэхүү зөвлөгөөг “Уулын боловсролыг дэмжигч байгууллага” COMPASS OUTDOOR STORE танд хүргэлээ.


Уулын гутлын бүтэц болон арчлах заавар

Алхалтын гутлыг бодвол уулын авиралтын гутал нь түрий өндөр, их бие даргар хатуу, нэмэлт синтетик дулаалгатай байдаг.

Бүтцийг нь тодруулж яривал чухал анхаарууштай хэсгүүд түүнд бий.

Их биеийн арьс

Орчин үед авиралтын гутлын их биеийг үрэлтэд тэсвэртэй синтетик болон илгэн арьсаар хийдэг болсон. Хөлийг хад чулуунаас хамгаалах, цас өшиглөх, мөсөнд тахаа зооход тогтвортой, биетэй байх үүднээс хөлийн урагшаа нугардаг хэсгээс бусад газар хатуу, даргар байдаг.

Амьсгалдаг оруулга нь хөлийг чийгтэхээс хамгаалдаг. Ер нь гутлыг улнаас дээш эргэн тойронг бүхэлд нь резинээр бүрж өгдөг нь хад чулуунд цохиж элэгдэж муудахаас сэргийлнэ.

Улны хавтан

Гутал хөнгөн байх нь хамгийн чухал үзүүлэлтийн нэг тул уланд хийдэг хавтгай төмрийг карбоноор сольвол жин багасдаг.

Өсгий

Уулын өсгийнд доргио зөөллөгч уян үе оруулж өгсөнөөр уруудах үед доороос ирэх цохилтийг шингээдэг.

Мэдээж Vibram төрлийн ул ууланд хамгийн тохиромжтой бөгөөд тэр дундаа Vibram Teton ул нь цас уланд наалдаж бөөгнөрөхөөс сэргийлдэг байна.

Үдээс

Үдээсний тээглүүр нь дамартай бол үдээс хялбар гүйж чангалж татахад амар бөгөөд хүч бага ордог.

Уулын гутлыг үдэх зөвлөгөөг эндээс аваарай.

Уулын гутлыг хатаах

Дан гутлын дотор улавчийг, давхар гутлын бойтогийг улавчийн хамтаар салгаж энгийн хэмд, задгай, хуурай газар хатаана.  

Нарны гэрэлд, ил гал, зуух, халаагуурын хажууд хатаавал гутлын цавуу салж, арьс хатуурч мууддаг.

Хурдан хатаамаар бол сүүдэрт, салхитай газар эсвэл тасалгааны сэнсний (халуунаар үлээдэг үсний биш) салхинд өрөө тасалгаанд тавиарай.

Мөн сонин хуйлан чихэж болно. Харин чийгтсэн дор нь ойр ойрхон хуурайгаар солих хэрэгтэй.

Шороо тоосноос цэвэрлэх

Гуталд наалдан, шигсэн шороо тоос, чулууны үйрмэг алхах бүрд гутлын гадна арьс, их биеийг үрж зүлгүүрдэж байдаг. Мөн шавар шавхай арьсний чийгийг өөртөө шингээж модойлгон хатаадаг тул эдэлгээ нь богинсдог.

Гутлын үдээсийг авч сойзоор нийтэд нь цэвэрлэдэг. Илүү сайн цэвэрлэх бол урсгал усны доор угааж болно.

Угаалгын нунтаг, эдийн савангаар угааж болохгүй. Мөн угаалгын машинд сэгсэрч хэрэггүй. Учир нь GORE-TEX  хамгаалалт, амьсгалдаг мембран нь гэмтдэг.

 

Та хийлдэг, чийгний гудасныхаа алийг дээр нь тавьдаг вэ?

Уулчид аялагчид хүйтэн сэрүүн улиралд, эсвэл өндрийн отог дээр хийлдэг болон чийгний гэсэн хоёр гудас авч явдаг.

Тэгвэл дэвсэж унтахдаа алийг нь дээр нь тавих вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Алийг нь тавих нь дараах нөхцлүүдээс хамаарах тул та яаж тавихаа өөрөө шийднэ биз дээ.

Хамгаалалт

Хэрвээ ойд, гишүү мөчир дээр, хад чулуун дээр унтах бол чийгний гудсаа доороо хийгээрэй. Тэгвэл хийлдэг гудасаа цоолохоос хамгаална.

Гулгах.

Нэг мэдсэн хийлдэг гудаснаасаа гулгаад тал дээр нь унтаж байдаг уу. Хэрвээ чийгний гудас тань товруутай, сайн зуурдаг бол дээр нь тавьж унтаарай.

Мөс цасан дээр.

Шинжлэх ухааны туршилтаар дараах дүгнэлтийг гаргажээ.

Хийлдэг гудас зөөлөн тул хэвтэхэд бие шигдэж ордог.

Хэвтсэн хэсэгт биеийн жингээр гудас нимгэрдэг тул хүйтэн илүү дамжуулдаг байна. Харин чийгний гудас илүү биетэй, нягт хатуу тул хийдэг гудас дээр нь тавиад хэвтэхэд шигдэж орох нь бага. Хуурай цастай бол хийдэг гудасаа доороо хийгээрэй.

Эсрэгээрээ биеийн дулаан, гудасаар дамжин доод цас мөсөө хайлуулан норгож хөлдөөж, эргээд жиндүүлдэг тул чийгний гудасыг доор нь тавих хэрэгтэй байдаг.

Тиймээс нойтон цастай, ус доогуур урсах газар бол чийгний гудасыг нь доор нь тавих нь дээр болж байна.

Ер нь чийгний болон хийлдэг гудасны материал, нягтшил, зузаан ямар байхаас үр дүн ихээхэн ялгаатай байгаа нь туршилтаар нотлогдсон.

Тэгэхээр хэзээ хаана, яаж тавихаа та тунгааж, шийднэ биз дээ.

Энэхүү дугаарыг “Уулын боловсролыг дэмжигч байгууллага”Аяллын анд MONTBELL танд хүргэлээ.

Харанхуйд алхахад юуг анхаарах вэ?

Өдөр гэгээтэйд хүний хараа голчилж, ихэвчлэн нүдээр авсан мэдээлэлээр шийдвэр гаргаж явдаг.

Харин харанхуйд сонсох, үнэрлэх болон бусад мэдрэмжүүд сэргэж байгалийн зөн совин идэвхиждэг сайн талтай.

Энэ нь ууланд онцгой тохиолдолд, ялангуяа төөрч будилах, бусдыгаа эрэн хайх зэрэгт аюулгүй байдал талаасаа тун хэрэгтэй мэдрэмж юм шүү.

Нүдээ дасгах

Хүний нүд харанхуйд 45 минутад бүрэн дасдаг. Ер нь саргүй таг харанхуй л биш бол болж өгвөл эхлээд нүдээ дасахыг хүлээгээд гэрэлээ асаалгүй өөрийн нүдээр харахийг хичээгээрэй.

Тод гэрэл

Шөнө заавал тод гэрэл хэрэглэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг.

Хурц тод цагаан гэрэл харанхуйд хүний нүдийг гэмтээдэгийг та мэдэх үү. Тиймээс бусад руу эгц хурц гэрэл битгий тусгаж байгаарай.

Онцгой тохиолдолоос бусад үед дунд эсвэл бүдэг дээр нь тохируулж явах нь зүйтэй (хурц, дунд, бүдэг гэсэн тохиргоо байвал).

Улаан гэрэл

Духны гэрэлд байдаг улаан гэрэл нь үүнд зориулагдсан юм. Долгионы урт илүүтэй улаан гэрэл нь цагаан гэрлийг бодвол харанхуйд хүний нүдэнд бага нөлөө үзүүлдэг. Нүд рүү хурц цагаан гэрэл нэг л тусахад эргээд харанхуйд дасахад дахин 45 минут хэрэгтэй болно.

Тиймээс газрын зураг харах, өөдөөсөө харж ярилцах бол улаан гэрлээ асаах хэрэгтэй (духны гэрэл сонгох тухай зөвлөгөөг энд-ээс үзээрэй).

Захын хараа

Та хажуугийн буюу захын хараа гэж сонсож байсан уу. Харанхуйд сайн харагдахгүй бүдэг байгаа зүйл рүү шууд эгц биш жаахан хажуугаар нь хараад үзээрэй. Тэгвэл тодроод ирнэ.

Бүдэг, бүрэнхийд харахад чухал үүрэгтэй нүдний торлогууд нь торлог бүрхэвчийн хажуугийн гадна тойрогоор илүү олон байдаг.

Бусад зөвлөмж

  • Үүргэвчиндээ юмсаа цэгцтэй, амар авахуйцаар хийх
  • Алхалтаа удаашруулах
  • Ганцаараа алхахгүй байх
  • Мэддэг замаараа явах
  • Зэрлэг амьтадаас болгоомжлох
  • Утас, гэрэлээ хангалттай цэнэгтэй, нөөц баттерейтэй явах
  • Нөөц дулаан хувцас заавал авах
  • Хаашаа явахаа гэрийхэндээ заавал дуулгах зэргийг санаж анхаарах хэрэгтэй.

Ууланд хөлдөж, осгоход ямар арга хэмжээ авах вэ?

Ер нь осгож хөлдөнө гэдэг түлэгдэхтэй адилхан. Арьс болон эд эс цэврүүтэж, өнгө нь хүртэл хүрэнтэж сааралтдаг тул хүйтэн түлэгдэл хэмээн нэрлэдэг.

Хүний бие энгийн үед 36-37 хэм байдаг ( биеийн аль хэсэгт байгаагаас хамаарч)

Дээрхээс 2 хэмээр л доошлоход (35 хэмээс доош) л хүн осгож үхэх аюултай.

Тэгвэл осгож, хөлдөж эхлэж буйг яаж мэдэх вэ? Арьс нь:

  • Гөлийж, цайрна
  • Түлэгдсэн мэт хорсож өвдөнө
  • Хөөж хавдан, цэврүүтнэ ( зураг дээр 3 дахь)

Ууланд авах арга хэмжээ:

Юуны түрүүнд осгож хайрагдсан хэсгийг гар болон биеийн бусад хэсгээр дулаацуулан нааж, нэмж хөлдөөхгүйн тулд битүүлж хаах хэрэгтэй. Халуун ус цай байвал нэн даруй өгөх нь зүйтэй.

Архи спирт өгч болохгүй (хэсэг хугацаанд халж буй мэт боловч, эргэн хурдан бээрч дулаанаа алддаг)

Отог дээр буцаж ирээд авах арга хэмжээ:

Осгохоос өмнө арьсийг үрж цусны эргэлтийг сайжруулан дулаацуулж болдог боловч нэгэнтээ гэмтсэн арьсийг хамаагүй үрэх, халуун усанд шууд дүрж болохгүй (бүлээн усанд болно). Үүний оронд халуун бүлээн цай ус өгч дотроос нь дулаацуулан битүүлж хучин аажим гэсгээх хэрэгтэй.

Цэврүүтсэн арьс хагарвал халдвар орох аюултай тул эмнэлэг ортол боох нь зүйтэй.

Нэмж хэлэхэд цас, мөсөөр үрэх нь буцааж хөлдөөн, гэмтээх аюултай тул анагаах ухааны үүднээс үүнийг зөвлөдөггүй. Харин бага зэрэг конъяак (цагаан архи биш) өгч өндөр илчлэгээр нь цусны эргэлтийг сайжруулж болно.

Зөвлөмж

Ууланд бие биенээ сайтар ажиглаж анхаарч явах хэрэгтэй (царай зүс цайрсан, хөхөрсөн эсэх, дуу хоолой нь сааралтсан, ээрч муурсан, тэнцвэр алдаж байгаа эсэх зэрэг)

Хөл гар час хийж, өвдөж эхлэвэл тэр чигээр нь гүрийгээд яваад байж болохгүй. Хурдан арга хэмжээ авч яаралтай дулаацуулах хэрэгтэй (биеийн дулаан хэсэг, суга, гэдэстээ хүргэх гэх мэт)

Гар, хөл дулаацуулагч авч явах

Илчлэг калори өндөр хоол хүнс замдаа хэрэглэх (шоколад, самар, овъёос, хатаасан мах гэх мэт)

Тэгээд мэдээж зөв зохистой, зориулалтын хувцас хэрэгсэлтэй яваад түүнийгээ ээлж дараатай зөв өмсөж тайлах зэрэг болно.

Дараагийн дугаараар хөлдөлтийн үе шат, авах арга хэмжээний талаар үргэлжлүүлэн хүргэе.

Уулын алхалтын бэлтгэл дасгал – 4

Энэ дугаараар ууланд алхахад хэрэг болох биеийн бэлтгэлийн сүүлийн 2 дасгалыг танилцуулая.

Планк – энэ нэрийг бэлтгэл хийдэг хүн бүр мэддэг байх.

Биеийн дээд, дунд, доод булчинг жигд ачаалалдаг тэнцвэр, тэсвэр суулгах хамгийн сайн дасгалуудын нэг бол планк юм.

Хөлөө өргөх хажуугийн планк

Гэдэс, өгзөг, хөлийн булчинг зэрэг ажиллуулах энэхүү дасгал нь дунд, доод бүслүүр булчинг хамтад нь хөгжүүлж, хүнд ачаа үүрсэн бие бүхэлдээ аль ч чиглэлд тэнцвэртэй байхад хэрэг болно.

  • Хажуугаараа хэвтээд гараа тохойгоор нь 90 градусаар нугалан тулж цээжээрээ өндийнө.
  • Бүсэлхийгээ өргөн биеэ шулуун түгжиж планк байрлал авна.
  • Одоо дээд талын хөлөө аажимаар чадах дээд цэгт хүртэл өргөнө. Энэ үед бие шулуун байх ёстой. Хөлөө аажим буулгана.
  • Дээд хөлөө 10 удаа өргөж буулгаад нөгөө талаараа хэвтэж мөн 10 удаа үүнийг хийнэ.

4 зүг дасгал

Өгзөг, хөлийн дээд болон өвдөгний ойр булчинг 4 тал руу хөгжүүлсэнээр аль ч чиглэлээс замын бартаа саад биед ачаалал өгсөн тэнцвэрээ хадгалж, өвдөгөөр өвдөхгүй байх боломжтой болдог.

  • Баруун хөл дээрээ өвдөгөө үл ялиг нугалан зогсоно. Зүүн хөлөө бага зэрэг хөндий өргөнө.
  • Өргөсөн хөлөө эгц урагшаа өсгийгөөр нь тавингаа бага зэрэг сууж өгнө. Буцааж хөлөө татаж босно.
  • Одоо хөлөө зүүн тийш, дараа нь хойшоо, эцэст нь баруун тийш тавина.
  • Энэ дасгалыг 5-8 оролтоор хоёр талаараа ээлжилж хийгээрэй.

Ийнхүү та бүхэнд цувралаар нийт 8 дасгалыг танилцууллаа. Нэг удаагийн бэлтгэлээр 3-4 дасгалыг хийхийг хичээгээрэй. Боломжгүй бол 2 дасгал байсан ч болно. 7 хоногт ээлжлэн хоёр өдөр хуваан хийхэд хангалттай. Өмнөх хичээлд дурьдсанаар өөрийн биеийн ачаалал даах чадамж, онцлогтоо тааруулахаа мартаж болохгүй.

Танд амжилт хүсье.

Өвөл хайкинг хийхдээ юуг анхаарах вэ?

Өвөл хамгийн чухал нь дулаанаа хадгалах. Үүний тулд мэдээж хувцас хамгийн гол зүйл.

  • Хүн толгойгоороо биеийн дулааны хагасыг алддаг. Өвөл хамгийн чухал хувцас нь малгай. Тэр дундаа чихтэй малгайтай бол бүр сайн.
  • Зун ч, өвөл ч байнга банда (хоолой ороолт) зүүж хамгаалж байх ёстой биеийн хэсэг бол хүзүү юм. Өвлийн болон зуны банда тусадаа байдаг. Ялгаж зөвийг өвөл хэрэглэж байгаарай. Ялангуяа ороолтны оронд хиймэл ноосон (fleece) банда их тохиромжтой байдаг.
  • Хувцасны тухайд өвөл хэзээ ч бариу хувцас өмсөж болохгүй. Цусны эргэлтийг удаашруулж амархан бээрнэ.
  • Тэр дундаа гар, хөлийн хуруу хамгийн түрүүнд осгож хөлдөх аюултай тул уужуу гутал, бээлий чухал.
  • Хамт яваа хүнийхээ нүүрийг байнга ажиглаж яваарай. Хамар хацар гээд цайраад эхлэвэл яаралтай дулаан гар хуруугаар гэсгээж битүүлэхгүй бол хөлдөөд хөөж хавдан сорви тогтоно. Алхах үедээ хүн өөрийнхөө нүүрийг харж чаддаггүй шүү дээ.
  • Халуун саваа ноосон оймс эсвэл өөр хувцасанд ороож үүргэвчиндээ хийж байгаарай. Таг нь хөлдөөд онгойдоггүй тул усгүй гүрийх хэрэг гарч магад.
  • Усны саваа сайтар таглаад уруу харуулж хийвэл дээд талын уух хэсгээрээ хөлдөхгүй.
  • Цасны шил (goggle) -оо духан дээрээ тавиад алхахад хөлснөөс гарсан чийг дотор талд нь цантаж хөлддөг. Тиймээс яг зүүх үедээ л авахаар үүргэвчиндээ ойр газар хийгээрэй.
  • Өвөл нар эрт буудаг. Духны гэрлийг ямарч тохиолдолд авч яваарай. Хүн өдөртөө гэгээтэйд эргэж ирнэ гэж хэт итгэлтэй гардаг. Замд төөрөх, хальтарч унаж гэмтэх гээд саатал гарч юуны магад.

Эцэст нь зургийн аппаратны болон радио станцын баттерейг дотор дулаан газраа авч явахаа мартав аа. Хөлдвөл цэнэг нь амархан дуусдаг болохыг бүгд мэдэх буйзаа.

Холбоо барих

Утас: 8810-9660

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 409 тоот