Нам доор газар нарны туяаны 80-90% газарт шингэж 10-20% эргэж ойдог.
Харин өндөр ууланд, мөсөн гол дээр эсрэгээрээ 85-90% нь цас, мөсөнд ойж нар бараг доороос тусаж буй мэт төөнөдөгийг уулчид андахгүй.

Хамгаалалтын шилгүй, шилтэй ч тэр нь нарны хэт ягаан туяа шүүдэггүй эсвэл буруу зүүвэл ЦАСНЫ СОХРОЛ хэмээх эмгэг үүсдэг.

Түүнчлэн манан будантай, бүрхэг өдөр ч өндөрлөг газар цасны сохрол үүсч болно. Нүдэнд харагдахгүй ч хэт ягаан туяа үүл манан дундуур саадгүй нэвтэрч цас мөснөөс ойсоор л байх болно.
Илрэх шинж тэмдэг
- Нүд улайх
- Хорсож өвдөх
- Хөөж хавдах
- Нулимс гоожих
- Толгой өвдөх
- Юмс бүртэлзэн хүрээлэх, давхар харагдах
- Юмсын өнгө өөрчлөгдөх болон огт юм харахгүй байх
гэх мэтийн эмгэг үүсэх ба хамгаалалтын болон эмчилгээний арга хэмжээ яаралтай авахгүй бол бүрмөсөн сохрох аюултай.

Арга хэмжээ
- Хүйтэн жин яаралтай тавих
- Нүдээ нухахгүй байх
- Нүдний шингэн дусаалга дусаах ( өтгөн төрлийн биш)
- Майханд болон гэр байшин дотор ч нарны шил зүүх
- Линз зүүдэг бол нэн даруй авч эдгэртлээ зүүхгүй байх
- Гарч орохдоо нүдний боолт хийх (хүнээр түшүүлэн гарах)
Эдгэх хугацаа
Ихэнх бага хэмжээний эмгэг 24-48 цагийн хооронд аяандаа алга болдог. Мэдээж энэ нь нүд хир их гэмтсэнээс хамаарах ба бүрэн эдгэртлээ 5-7 хоног болж болно.
48 цагаас илүү хугацаанд шинж тэмдэг арилахгүй, зовиур нэмэгдвэл яаралтай эмчид хандах нь зүйтэй.
Урьдчилан сэргийлэх
Дээр дурьдсанчлан цэлмэг, бүрхэг ямарч үед нарны зориулалтын шил, цасны шил – goggle заавал зүүх. Хямд дуураймал болон энгийн, дугуйн спортын хар шил бүү авч яваарай. Тэд нарын туяаг шүүхгүй.

Мөн зориулалтын уулын нүдний шил хажуу гуяандаа салгадаг хамгаалалттай байдаг. Учир нь нар зөвхөн дээрээс, доороос биш хажуугаас ч ойн гэмтээж болдог тул нүдийг бүхэл нь тойруулан хамгаалах шаардлагатай байдаг.

Арга ядвал хажуугийн хамгаалалттыг duct tape буюу аяллын скочоор ч түрдээ наан хийж болно.
Эцэст нь хэлэхэд ууланд нүд юм харахгүй болох нь үхэлтэй л адил. Ангал, нуранги, хад чулуу гээд ямар аюул дунд байгаагаа мартаж болохгүй.
Мөн цаг хугацаа алдсанаараа аяллыг бүхэлд нь ч цуцлах тохиолдол гарч болох юм.
Хөлөг онгоцыг живүүлэхэд жижиг нүх л хангалттай гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй.