Мөсний сүх ( ice axe ) нь уулчдын мөс цастай ууланд өгсөх буух үед байнга ашигладаг хамгийн чухал хэрэгслийн нэг юм.
Хаана хэрхэн хэрэглэх зорилгоос хамаарч мөсний сүхийг олон янзаар барьж ашиглаж болно.
Жишээ нь эгц гадаргууд авирахад авирагч нь мөсний сүхний толгойноос барьж төгсгөлийн гадасны үзүүрийг доош эгц хөдөлгөөнөөр мөсөн гадаргууд зоох, түүнчлэн анкор бэхэлгээнд хөндлөн босоогоор давхар бэхлээд хоёр дахь уулчин авирах боломжтой болох гэх зэрэг юмаа.
Сүхний өөлүүрийн малтагч хэсгээр цөм мөстэй гадаргууг ухах, хонхойлгоход ашигладаг.
Хуучин цагт хэрэглэж байсан урт бариул бүхий алхалтын таяг нь өнөөгийн мөсний сүхний эх загвар гэхэд болно. Түүнчлэн дайны үед ашиглаж байсан тулааны сүхтэй ижил бүтэцтэй байдаг нь сонин.
Мөсний сүхийг зөвхөн авиралтад ашиглаад зогсохгүй гэнэтийн уналтад өөрийгөө аврах хэрэгсэл болгон ашигладаг.
Ихэнх сүхийг Олон Улсын Уулчидын Холбоо (UIAA) эсвэл Европын Стандарчлалын Холбооны тогтоосон журмын дагуу үйлдвэрлэдэг.
Төрлийн хувьд түүнийг энгийн болон техникийн мөсний сүх гэсэн үндсэн хоёр төрөлд хуваадаг.
Энгийн мөсний сүхийг цастай нөхцөлд стандарт авиралт хийхэд ашиглана.
Харин техникийн мөсний сүх нь муруй биетэй байх бөгөөд эгц босоо авиралт хийхэд ашиглагддаг.
Эгц гадаргууд хийх авиралтад тусгайлан ашигладаг мөсний сүхийг өөрөөр мөсний багаж буюу ice tool гэнэ. Мөсний хэрэгсэл нь богино муруй биетэй, хүчтэй, хурц илүү муруй зээтүүтэй байхаас гадна бариул болон бусад хэсгийг мохож гэмтсэн тохиолдолд шинээр сольж өөрчлөх боломжтойгоор үйлдвэрлэдэг.
Сүхний бүтэц
Мөсний сүх доорх үндсэн таван хэсэгтэй байна:
Толгой – ихэнхдээ төмрөөр хийдэг ба малтуур (өөлүүр), зээтүү гэсэн 2 үзүүртэй байна. Голд нь байх нүх нь карабин эсвэл бугуйн оосор бэхлэх зориулалттай.
Зээтүү – хөрөөн шүдтэй муруй хэлбэртэй хурц үзүүр бүхий төгсгөл (гадаргууд зоох, уналт зогсоох).
Малтуур (өөлүүр) – нягт цас мөсийг хагалах зориулалттай толгойн хавтгай төгсгөл
Алхан толгой – малтагчийн өөр нэг хэлбэр ба солиод хадаас хадах зэрэгт ашиглана.
Их бие – шулуун эсвэл бага зэрэг муруй өнцөгтэй, голдуу урдаас хойшоо нарийссан хоёр талаар хавтгай боловч төгсгөл хэсэгтээ мөлгөр дугуй бүтэц. Хуучин цагт их биеийг модоор хийдэг байсан орчин үед хөнгөн металлаар хийнэ. (Хөнгөн цагаан, металл хайлш, карбон).
Гадас– Их биеийн доод төгсгөлд байх хурц төмөр үзүүр, авиралтын үед таяг болгож тэнцвэр олоход ашиглана.
Нэмэлт хэрэгсэл
Энгийн мөсний сүхнүүд дараах нэмэлт дагалдах хэрэгслүүдтэй. Үүнд:
Бугуйн оосор – нейлон материалаар хийсэн алхыг гарт бэхлэх зориулалттай уяа .
Бугуйвч хязгаарлагч – бугуйвчийг алхнаас мултарч унахаас сэргийлсэн резин эсвэл металл.
Цасны араг – цанын таягны үзүүрт байдаг арагтай ижил, зээтүүг цасанд шигдэхээс сэргийлж бэхэлнэ.
Зээтүү, малтагч хамгаалагч – ашиглаагүй үед хамгаалах резин таг.
Гадас хамгаалагч– ашиглаагүй үед хамгаалах резин таглаа.
Хэмжээ
Мөсний сүх ерөнхийдөө толгойноос гадас хүртэл 60-90 см урттай байдаг байна. Энгийн алхалт хийхэд мэдээж энэ хэмжээ дэндүү богино боловч зориулалт нь эгц болон налуу гадаргууд авирахад бол өөр. Мэдээж хүний өндрийн хэмжээнээс хамаарах нь тодорхой ч одоо үед техникийн сүхний урт 60 см аас хэтрэхгүй, энгийн сүхний урт 70 см аас хэтрэхгүй байхаар илүү түгээмэл ашигладаг болжээ.
Уулчин өөрт тохирсон урттай сүх сонгохдоо толгойноос нь барихад шагайнаас үл ялиг доор байвал зохимжтой.
Үүнийг уулчин сул зогссон үед шалгавал тохиромжтой байдаг боловч зарим тохиолдолд энэ дүрэм үйлчилдэггүй. Цас мөстэй ууланд авиралт хийх аяллыг голдуу эгц босоо гадаргуутай ууланд хийдэг учир илүү богино алх сонгох нь зүйтэй. Эгц дээш хөдөлгөөн хийх учир урт сүх тэнцвэр алдуулахаас цаашгүй.
Харин ердийн өндөртэй ууланд авирах бол урт сүх ашиглавал тохирно.
Мөсний сүхийг хэрхэн сонгох вэ?
Мөсний сүх гэхээр танд юу бодогдож байна? Зорьсон оргил өөд цасан шуурганд цасанд хучигдсан уулын энгэрт шүд зуун сүхээ далайлган байгаа уулчин төсөөлөгдөж байна уу? Эсвэл юу ч үгүй хөлдсөн хүрхрээнд хоёр сүхээ болгоомжтой гэгч ээлжлэн зоож хальтарчихгүйг хичээж буй нэгэн бууж байна уу?
Аль нь ч байсан таны бодож байгаа зөв. Дээрх аль ч тохиолдолд мөсний сүх зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ мөсний сүх бүр ижилгүй, техникийн авиралт хийхэд ашигладаг нь стандарт авиралт хийдгээс хоорондоо ялгаатай.
Техникийн авиралтын хэрэгсэл болон Стандарт авиралтын сүх
Мэргэжлийн бус хүмүүс стандарт болон техникийн авиралтад ялгаагүй сүх ашигладаг гэцгээх боловч, үнэн хэрэгтээ хоорондоо багагүй ялгаатай ба нэршлийн хувьд ч өөр байна. Техникийн авиралт хийхийг нь “сүх” биш харин “мөсний хэрэгсэл” гэж нэрлэдэг.
Энэ хоёр ердөө хэмжээний хувьд л ялгаатай. Стандарт авиралтын сүх нь илүү урт, аяны таяг эсвэл цасны анкор шиг байна. Шулуун их бие нь уналтаас зогсоох илүү боломжтой болгоно.
Түүнчлэн техникийн хэрэгслийн их биеийг богино болгохын тулд муруй хэлбэртэй болгосон байна. Муруй хэлбэр нь илүү далайцтай болгож мөсөнд гүн зоох бололцоог хангана.
Мөсний сүх, хэрэгслийг юугаар хийдэг вэ?
Эдэлгээ сайтай байх үүднээс мөсний сүх болон мөсний хэрэгслийн толгой, гадсыг голдуу төмрөөр хийнэ. Харин их биеийг олон янзын материалаар хийх боломжтой.
Төмөр бие удаан эдэлгээтэй боловч жингээр хамгийн хүнд. Гэхдээ энэ нь өөр давуу талтай, хүнд биетэй сүх хатуу мөсийг сайн нэвтлэхээс гадна ашиглаж сурч байгаа анхан шатныханд хамгийн тохиромжтой
Хөнгөн цагаан бие арай хөнгөн байх тул цанаар, мөсөн гол дээр, мөсөн гадаргууд авирахад тохиромжтой.
Нарийн үйлдэл бүхий сүхийг карбоноор хийсэн байдаг. Карбон нь хөнгөн хийгээд хатуу гэхдээ дэндүү үнэтэй. Хийх гэж буй аяллын нөхцөлд зайлшгүй хэрэг болох үед л бодож үзэхээс бусдаар хөнгөн цагаан эсвэл төмөр сүх ашигласан нь дээр.
Зээтүүний ШҮД чухал уу эсвэл МУРИЙЛТ чухал уу?
Гурван янзын хэлбэртэй зээтүү байна: сонгодог, эсрэг, энгийн. Гэхдээ уулын практикт сонгодог болон эсрэг чиглэлийн сүхийг ашигладаг учир энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя.
Ихэнх уулын сүх нь сонгодог мурийлттай байна үүнийг өөрөөр эерэг муруй гэнэ. Сонгодог хэлбэр нь хязгаарлагч сайн бөгөөд эгц гадаргуутай нөхцөлд аюулгүй авирах боломжтой болно.
Гэхдээ сонгодог мурийтай шүдэнд шигдсэн цас мөсийг цэвэрлэхэд тун хэцүү байдаг дутагдалтай. Харин эсрэг муруйтай сүхний цасыг цэвэрлэхэд амархан учир мөсөн дээрх техникийн авиралтад байнга ашиглана.
Малтагч эсвэл Алхан толгой
Стандарт авиралтын алханд малтагч байх ба зам тавих, бэхэлгээний нүх ухах, майхны газар тэгшлэх, цасанд агуй ухах зэрэг олон янзаар ашиглах боломжтой. Түүнчлэн хамгийн сайн уналт, гулгалтаас хамгаалагч гэдгээрээ давуу талтай. Холимог замаар бартаа их эсвэл мөсөн гадаргууд техникийн авиралт хийх үед малтагчийн оронд алхан толгой илүү ашиглагдана. Олон уулчид хоёуланг нь авч явдаг хэдий ч анхан шатны уулчдад аль нэг байхад хангалттай. Дээрээс нь мөсний хэрэгслийн малтагчийг сольж болохоос гадна жинг багасгах үүднээс бүр мөсөн авсан ч болно.
Оосор хэрэгтэй юу?
Оосор нь илүү аюулгүй авиралт гүйцэтгэх нөхцөлийг хангана. Бугуйд эсвэл хударгад бэхэлсэн ч унах үед мөсний сүх болон хэрэгслээ гээхээс бүрэн сэргийлнэ. Зарим мөсний сүх, мөсний хэрэгслийг бугуйвчтай үйлдвэрлэсэн байдаг бол зарим хэрэгсэлд тусад нь худалдаж авах хэрэгтэй болно.
Сүүлийн жилүүдэд уулын спортод бугуйвчны хэрэгцээ буурч байгаа. Бугуйвчгүй хэрэгслийг гарт эвтэйхэн болгож тусгай бариултай үйлдвэрлэх болсон. Харин анхан суралцагчид ямагт бугуйвчтай хэрэгсэл сонгох нь чухал асуудал бөгөөд зөвийг нь зөв хэрэглэх нь аминд орох зүйл.
Зээтүү хугарвал яах вэ?
Ховор тохиолдол хэдий ч хугарахгүй гэсэн үг биш. Сүүлийн үед ашиглаж байгаа хэрэгслийн эд ангийг солих боломжтой болсон учир хугарсан зээтүүг шинээр солих боломжтой. Хэрэв ур хугацааны аялалд гарах гэж байгаа бол нөөц зээтүү үүргэвчиндээ хийхэд буруудахгүй шүү.
Мөсний сүхний уут, хамгаалалт
Мөсний сүхний хурц ир, үзүүр бие гэмтээх, хувцас урах аюултай байдаг тул зориулалтын хамгаалалт хийх нь зөв. Ялангуяа үүргэвчиндээ бэхэлсэн үед эн тун чухал.
Хамгаалалт нь зөвхөн ирний үзүүрт хийдэг байхаас гадна бүхэлд нь оруулдаг гэр бас байдаг байна.