Аяллын явцад луужин, газрын зураггүй үед зүг чигээ байгалийн тогтоц, нар, одоор олох энгийн арга нь хүүхэд байхаасаа л эхлэн сурч мэдүүштэй чухал мэдлэг байдаг.
Эрт үеэс нүүдэлчин бидний амьдрал ахуйдаа түгээмэл ашиглаж ирсэн орон зайн болон байршил тогтоох (orientation and navigation skills) ур чадвар одоо ч хэрэг болсоор л байгаа билээ.
Одоор зүг чигээ олох
Хойд зүг. Алтангадас одны тухай сонсоогүй хүн цөөхөн. Үргэлж хойд зүгийг зааж байдаг бага долоон бурхан одны үзүүрийн энэхүү хурц гэрэл одоо ч төөрч будилсан олон аялагчидын авралын од болон гялалзсаар байгаа.

Туршлагагүй хүнд одот тэнгэрээс шууд Алтангадас одыг олох амаргүй тул зурагт үзүүлсэний дагуу их долоон бурханы үзүүрийн 2 одноос параллель шугамаар бага долоон бурхан руу чиглүүлэн харахад шанаганы бариулын үзүүрт хурц өнгөөр гялалзах тод од буюу Алтангадас харагдана.

Урд зүг. Урд хэрээс (загалмай) од буюу Southern Cross Stars гэж сонсож байсан уу? Холбож татахад хэрээс тэмдэг үүсдэг урд зүгийн ойрхон орших 4 тод одоор баримжаалж урд зүгийг олж болно.

Харин зайны хувьд зурагт үзүүлсэнээр хэрээсний урт талын хэмжээг үзүүрээс нь 4-4.5 дахин сунгаж баримжаалахад урд зүг өмнө тань зурайна.

Нараар зүг чигээ олох
Нар зүүнээс мандаж баруунд шингэдэг. Харин нарны эсрэг талд үүсэх юмсын сүүдэр энэ хооронд баруунаас зүүн тийшээ буюу нөгөө зүгт шилжиж байдагыг бүгд мэднэ.
Өдрийн хэдийд ч сүүдрийн энэхүү хөдөлгөөнөөр баруун, зүүн зүгийг олж болно.
Нэг гишүү мод авч газар зоогоод үүссэн сүүдрийн үзүүр дээр нэг чулуу тавь.

Хэсэг хүлээгээд ( ойролцоогоор 15 мин) шилжсэн сүүдрийн үзүүр дээр дахиад нэг чулуу тавиарай.

Одоо хоёр чулуугаа хооронд холбож шугам тат.

Сүүдэр баруунаас хөдөлж эхэлсэн тул эхний чулуу баруун зүгийг, зүүн зүг рүү шилжсэн болхоор сүүлийн чулуу зүүн зүгийг заах болно.
Харин тэг дунд нь 90 хэмээр хойшоо шугам татахад хойд зүгийг та олно.

Энэхүү нийтлэлийг уулын боловсролыг дэмжигч байгууллага Montbell бренд танд хүргэлээ.

Та ая тухтай дулаан аялаарай. Montbell in Mongolia