Духны гэрэл нь хүний нүдтэй адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнийгээ мартсан эсвэл баттерей нь дууссан бол гэгээ ортол бүхнийг мартсан нь дээр. Харанхуйд бүдчиж явбал юунд ч хүргэж магад.
Орчин үед бараг бүх духны гэрлийг LED технологиор хийдэг болсон. Учир нь цэнэг хамгийн бага хэрэглэдэг, удаан асдаг, бат бөх болон хөнгөн болхоор тэр.

Тэгвэл духны гэрэл нь юугаараа хоорондоо ялгаатай вэ?

Тусгал
Өргөн өнцөгийн:
Энэ нь аяллын ерөнхий хэрэглээнд таарах, гэрлийг богино боловч өргөн талбайд тусгаж, ойр зайд ажиллах, ном унших, майхан сав барих, хураах зэрэгт илүүтэй тохиромжтой.
Нарийн өнцөгийн:
Тодорхой чиглэлд гэрлийг хол зайд тусгаж алсыг гэрэлтүүлэх хэрэгтэй бол ийм гэрэл шаардлагатай ба ихэнх тохиолдолд ууланд алхалтын жимийг алсаас гэрэлтүүлж, явах чиглэлээ алдахгүй аялахад хэрэг болно.
Өргөн болон нарийн өнцөгийн:
Одоо үед хоёр өөр тусгал бүхий универсал гэрэл олноор хийгддэг болсон болхоор ийм духны гэрэл сонгох нь зөв.

Гэрлийн хүч
Энэ бол духны гэрлийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд Lumens нэгжээр хэмжигддэг, цацруулж байгаа гэрлийн гэрэлтүүлгийн хэмжээ бөгөөд мэдээж илүү их Lumens-тэй бол тод гэрэлтэх боловч баттерей илүүтэй хэрэглэх болно.
Духны гэрлийн стандарт хэмжээ анх 20-40 Lumens байсан ба одоо 200-300 Lumens гэрэл бараг энгийн болох талдаа ирж байна. Лаа 10 Lumens гэрэл гаргадаг бол гэр доторх гэрлийн шил 300 орчим Lumens-ээр өрөөг гэрэлтүүлдэг.

Гэхдээ тод байх нь илүү хол тусна гэсэн үг бас биш юм.
Гэрлийн холын тусгал нь бас тусадаа техникийн үзүүлэлт болдог ба харах чиглэлд сарнихгүй хир холыг гэрэлтүүлж чадаж байгаа нь тухайн гэрлийг давуутай болгодог.
Орчин үеийн гэрлүүд ойрын, дундын, холын зайд гэрлийг тохируулан өөрчлөх товчтой байдаг.
Бас нэг үзүүлэлт бол бүрэн цэнэглэсэн эсвэл дүүрэн баттерейгаар хэдэн цаг асаж чадах вэ гэдэг бөгөөд 2 метрийн урдахыг харах боломжгүй, эсвэл үндсэн гэрлийн чадлын 10 %-аас доош гэрэлтүүлж байвал гэрэл асахгүй боллоо гэж үздэг байна.
Одоогийн стандартаар 350 Lumens-тэй гэрэл хамгийн багадаа 2 цаг тасралтгүй тод асах ёстой байдаг.
Аяллын гэрэл нь баттерей дуусах явцад дагаад аажим бүдгэрэх ёсгүй байдаг. Өөрөөр хэлбэл хурц тусгалаа хадгалж байгаад цэнэг бүрэн дуусахад л шууд унтардаг байх нь бүдэг гэрэлтэй явсанаас эрсдэлд орох аюулаас сэргийлэх зорилготой юм.
Духны гэрлийн жин.
Ихэнх гэрлийн жин баттерейтайгаа ойролцоогоор 200 грамм байдаг ба агуй мэтийн тусгай аяллын, мэргэжлийн ажил үйлчилгээний гэрлүүд л илүү олон баттерей нэмэлт тоноглол бүхий хүнд байдаг.
Баттерей
Lithium баттерей нь Alkaline баттерейг бодвол хүйтэнд тэсвэртэй байдаг. Цэнэглэдэг баттерейтэй явж байвал нөөцөнд ганц хоёр Alkaline баттерей авахад илүүдэхгүй.
Цаашилбал ус, борооны хамгаалалттай, дурын чиглэлд суурин дээр нь эргүүлдэг гээд илүү үйлдэлтэй духны гэрлүүд ч худалдаанд байгаа.

Улаан гэрэл
Духны гэрэл бүрт улаанаар асах гэрэл бас байдаг. Энэ нь харанхуйд бусдыг нүдийг гялбуулахгүй, зэрлэг амьтадыг үргээхгүй, газрын зураг уншихад хялбар байдаг төдийгүй онцгой тохиолдолд SOS дохио өгч тусламж дуудахад хэрэглэгддэг.
