Аяллын өмд нь хөдөлгөөн хорихгүй, алхах, авирах, сууж босоход амар хөнгөн байхаар хийгддэг.
Сайн өмд энгийн талд алхахаас эхлээд өндөр ууланд авирах бүхий л цаг үед биеийн нэгэн хэсэг байж, халуун хүйтэн, шороо тоос, шавар ус, хорхой шавжнаас найдвартай хамгаална.
Материал
Ихэнх аяллын өмдийг бат бэхийг бодож нейлон утсаар голчилж хийдэг ба сунамхай, уян чанарыг нь нэмэгдүүлэхийн тулд полистер болон бусад синтетик материалтай холидог.

Илүүтэй элэгдэх хэсгийг нэмж хүчитгэн өвдөг болон бөгсний оруулга өмдөнд оёж өгсөнөөр эдэлгээг уртасгадаг байна.

Ripstop нэхээс
Энэхүү технологи нь хувцасыг урагдаж сэмрэхээс сэргийлдэг, шоо хэлбэрээр нэхсэн маш бат бөх материалыг бий болгодог бөгөөд аяллын хувцаснуудаас голчилж өмдөнд илүүтэй ашигладаг байна.

Дотортой өмд
Энгийн дан өмд зун дулааны улиралд тохиромжтой бол давхар дотортой өмдийг намар хаврын сэрүүнд, өндөр уулын авиралтад мөс цастай газар өмсдөг. Ялангуяа өмдийг байнга тайлж өмсөх боломжгүй байдагаас заримдаа машинаасаа буугаад шууд уул руу зүглэх бол анхнаасаа дулаан өмдтэй явахад буруудахгүй.

Салдаг өмд
Богино өмд буюу шорт болгож өвдөгийн хэсгээр нь салгадаг өмд бас түгээмэл байдаг. Сайн тал нь халуун өдөр сэрүүхэн, уужуу, хөнгөн зай эзлэхгүй амар байдаг бөгөөд гуталаа тайлалгүй салгаад үүргэвчиндээ шуумагыг нь хийчих боломжтой.

Өнгө
Зуны өмдүүд наранд гандах, халууныг тооцож цайвар шаргал, саарал, цагаан цэнхэр, улбар шар голдуу байдаг. Харин өвөл, сэрүүн улиралых нь нарны илчийг шингээх бараан өнгөтэй илүүтэй хийгддэг.

Халаас
Ер нь аяллын өмдний халаасыг цахилгаантай хийдэг нь босож суух хөдөлгөөнд эд юмс унаж гээдэхээс хамгаалдаг. Ус чийг, салхи орохоос хамгаалсан тусгай цахилгаан ч байдаг ба hardshell буюу гадна давхарын хамгаалах өмдөнд голдуу хийдэг байна.

Бүс
Ихэнх аяллын өмд салгаж авдаггүй өөрөөсөө бүстэй байх нь элбэг. Энэ нь аяллын явцад санамсаргүй гээдэж алга болсоноос өмд шувтарч, хөлд тээглэх, хөдөлгөөн туших эрсдэлээс сэргийлэх үүднээс ийнхүү хийдэг юм.

Мөн дардаг кноптой, резинэн бүс бас байдаг. Энэ нь хэрэглэхэд бүр амар бөгөөд хөдөлгөөний аясаар сунаж агшиж байдаг.

Усны хамгаалалт, амьсгалдаг технологи
Waterproof буюу усны хамгаалалттай эсвэл амьсгалдаг технологи буюу Gore-Tex технологийн тефлон утас бүхий өмдүүд энгийн өмдүүдээс арай үнэтэй байдаг ч илүү тав тухтай байх нь гарцаагүй.
Ерөнхийдөө ихэнх өмдүүд синтетик материалаар хийгддэг болхоор хурдан хатна.
Зарим өмд нарны UV хэт ягаан туяаны болон шавжны хамгаалалттай ч байдаг.