Мэдээж энэ нь гутал болон хүрэм сонгох дайны нарийн асуудал биш ч биеийн хамгийн чухал хэсгийг хамгаалж байдагаараа анхаарууштай зүйлс бий.
Хамгаалалт бол малгайн гол үүрэг.
Аялалд гарсан анхны өдрөөс нар, салхи, хорхой шавж гээд түмэн бэрхшээл өөдөөс угтана. Тэр дундаа нар бол хамгийн гол асуудал нь байдаг.
Хүрээтэй малгай

Ийм хүрээтэй малгай нь нүүр хүзүүг нарнаас хамгийн сайн хамгаалдаг. Зарим нь UV Protection буюу нарны хэт ягаан туянаас хамгаалах материалаар ч хийгддэг байна.
Өнгөний тухайд бараан өнгө илүүтэй нарны илч шингээх тул зуны халуунд цайвар шаргал, намар хавар бараандуу өнгийг сонгох нь зүйтэй.

Мөн өглөө эрт эсвэл хүйтэн сэрүүний улиралд чих хайрагдахаас хамгаалсан чихэвч бүхий хүрээтэй малгай ч байдаг.
Энгийн саравчтай малгай

Хүн бүрт зохидог, классик, бүгд дуртай малгай бол яах аргаггүй бейсболын гэгддэг саравчтай малгай юм. Түүний урд талын урт саравч нь нарны гэрэл нүдийг гялбуулахаас хамгаалдаг ч хүзүү хацартаа нарны тос заавал түрхэж байх нь чухал. Эсвэл банда давхар зүүх хэрэгтэй.
Ноосон малгай

Хөвөн даавуун материал хөлс чийгийг өөртөө шингээж хатдаггүй тул хөлдөж хайрагдах нь эрсдэлтэй. Тиймээс ноосон буюу хиймэл ноосон (fleece) малгай аялалд илүүтэй зохино.
Жинхэнэ ноосон малгай дулаан хадгалах өндөр чадвартай, цаанаасаа илчтэй байдаг. Харин дулаан гээд ноолууран малгай авч явах хэрэггүй. Мөн л хөлс чийгийг өөртөө барьдаг муу талтай.
Хиймэл ноосон малгай
Хиймэл ноос бол хөнгөн бөгөөд хамгийн хурдан хатдаг, хөлс чийгийг сайн ууршуулан гадагшлуулдаг шидтэй эд.

Ялангуяа нэг талдаа уяагаар битүүлж болдог, задлаад хоолой хэлбэрийн алчуур буюу банда болгох боломжтой хиймэл ноосон малгай аялалд тун тохиромжтой байдаг.
Чихтэй ноосон малгай
Өндөр ууланд аялах бол үүн шиг хэрэгтэй эд үгүй. Цасан шуурга, хүчтэй салхины найдвартай хамгаалалт бол эрүүн доогуураа бүчлэн уяах боломжтой, чихийг бүхэлд нь дардаг малгай юм.

Мөн түүнчлэн чих дарсан хиймэл ноосон хөнгөн fleece малгай нь гүйх, эрчимтэй алхах болон авирах зэрэг хөдөлгөөнд дух руу орж ирэхгүй, холбирохгүй сайн талтай байдаг.
