Browsing category

Хэрэгсэл

Хэрэгсэл,

Уутан хөнжлийн цагаан хэрэглэл буюу дотор уут

Уутан хөнжлөө удаан хугацаанд цэвэрхэн хэрэглэж, хүйтэн шөнө дулаан унтая гэвэл уутан хөнжлийн дотор уутыг хэрэглэж сурах хэрэгтэй.

Монголд тийм түгээмэл биш ч олон үүргэвчтэй аялагчдын хэдийнээ байнгын хэрэглээ болсон уг уут нь

Мумми хэлбэртэй буюу уутан хөнжилд гулгуулан шургуулж хийдэг

Тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй буюу тэгш өнцөгт уутан хөнжилд зориулсан дэлгэж угладаг гэсэн 2 хэлбэртэй байдаг.

Мумми хэлбэртэй нь нөгөөхөө болвол битүүмж сайтай тул биеийн тослог, хөлс болон тоос шорооноос уутан хөнжилийг илүү хамгаалдаг.

Мэдээж уутан хөнжлөө цэвэрлэхээс, дотор уутыг нь цэвэрлэх амар байлгүй яахав.

Уг уутны нэг гол чухал үүрэг нь материалаасаа хамаараад 5-15 градусаар хөнжлийн дулааныг нэмэгдүүлдэг тул Монгол улс шиг эрс тэс хүйтэн улиралтай улсад илүүтэй тохирох юм.

Харин зуны халуунд дангаар нь уутан хөнжилгүй ч нөмрөөд сэрүүхэн унтаж болно.

Тэгш өнцөгт уутыг бас замын буудлын хөнжил гудаснаас сэжиглэж байгаа болон элдэв хорхой шавжаас нь хол байя гэвэл аваад явж болно.

Уутны материал:

Торго.

Торго нь тун зөөлөн бас овор багатай материал юм. Хүйтэнд боломжийн дулаан тусгаарладаг боловч чийг татдаг асуудалтай. Үнийн хувьд тийм ч хямд биш.

Хөвөн.

Эдэлгээ сайтай ч хүнд, овор ихтэй. Хөлс чийг татдаг. Үнэ хямд.

Флийс/Fleece

Маш дулаахан боловч хүнд. Зөөлөн бөгөөд чийгийг сайн гадагшлуулдаг. Дунд зэргийн үнэтэй.

Синтетик

Нордоггүй, ус шингээхгүй тул чийгтэй орчинд илүүтэй тохиромжтой. Жаахан жиндүүлдэг сул талтай. Үнэ дунд зэрэг.

Дулаалгатай

Энэ нь уутан хөнжлийн дулааныг бараг 25-50 хувь хүртэл нэмэгдүүлдэг бөгөөд тусгай утас бүхий материалаар хийгддэг, өндөр үнэтэй байдаг байна.

Мөн шавьж хорхойн хамгаалалттай уут байдаг бөгөөд ойд унтахад илүүтэй хэрэг болдог.

Зөвлөгөө, Хэрэгсэл,

Духны гэрлийг хэрхэн сонгох вэ?

Духны гэрэл нь хүний нүдтэй адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнийгээ мартсан эсвэл баттерей нь дууссан бол гэгээ ортол бүхнийг мартсан нь дээр. Харанхуйд бүдчиж явбал юунд ч хүргэж магад.

Орчин үед бараг бүх духны гэрлийг LED технологиор хийдэг болсон. Учир нь цэнэг хамгийн бага хэрэглэдэг, удаан асдаг, бат бөх болон хөнгөн болхоор тэр.

Тэгвэл духны гэрэл нь юугаараа хоорондоо ялгаатай вэ?

Тусгал

Өргөн өнцөгийн:

Энэ нь аяллын ерөнхий хэрэглээнд таарах, гэрлийг богино боловч өргөн талбайд тусгаж, ойр зайд ажиллах, ном унших, майхан сав барих, хураах зэрэгт илүүтэй тохиромжтой.

Нарийн өнцөгийн:

Тодорхой чиглэлд гэрлийг хол зайд тусгаж алсыг гэрэлтүүлэх хэрэгтэй бол ийм гэрэл шаардлагатай ба ихэнх тохиолдолд ууланд алхалтын жимийг алсаас гэрэлтүүлж, явах чиглэлээ алдахгүй аялахад хэрэг болно.

Өргөн болон нарийн өнцөгийн:

Одоо үед хоёр өөр тусгал бүхий универсал гэрэл олноор хийгддэг болсон болхоор ийм духны гэрэл сонгох нь зөв.

Гэрлийн хүч

Энэ бол духны гэрлийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд Lumens нэгжээр хэмжигддэг, цацруулж байгаа гэрлийн гэрэлтүүлгийн хэмжээ бөгөөд мэдээж илүү их Lumens-тэй бол тод гэрэлтэх боловч баттерей илүүтэй хэрэглэх болно.

Духны гэрлийн стандарт хэмжээ анх 20-40 Lumens байсан ба одоо 200-300 Lumens гэрэл бараг энгийн болох талдаа ирж байна. Лаа 10 Lumens гэрэл гаргадаг бол гэр доторх гэрлийн шил 300 орчим Lumens-ээр өрөөг гэрэлтүүлдэг.

Гэхдээ тод байх нь илүү хол тусна гэсэн үг бас биш юм.

Гэрлийн холын тусгал нь бас тусадаа техникийн үзүүлэлт болдог ба харах чиглэлд сарнихгүй хир холыг гэрэлтүүлж чадаж байгаа нь тухайн гэрлийг давуутай болгодог.

Орчин үеийн гэрлүүд ойрын, дундын, холын зайд гэрлийг тохируулан өөрчлөх товчтой байдаг.

Бас нэг үзүүлэлт бол бүрэн цэнэглэсэн эсвэл дүүрэн баттерейгаар хэдэн цаг асаж чадах вэ гэдэг бөгөөд 2 метрийн урдахыг харах боломжгүй, эсвэл үндсэн гэрлийн чадлын 10 %-аас доош гэрэлтүүлж байвал гэрэл асахгүй боллоо гэж үздэг байна.

Одоогийн стандартаар 350 Lumens-тэй гэрэл хамгийн багадаа 2 цаг тасралтгүй тод асах ёстой байдаг.

Аяллын гэрэл нь баттерей дуусах явцад дагаад аажим бүдгэрэх ёсгүй байдаг. Өөрөөр хэлбэл хурц тусгалаа хадгалж байгаад цэнэг бүрэн дуусахад л шууд унтардаг байх нь бүдэг гэрэлтэй явсанаас эрсдэлд орох аюулаас сэргийлэх зорилготой юм.

Духны гэрлийн жин.

Ихэнх гэрлийн жин баттерейтайгаа ойролцоогоор 200 грамм байдаг ба агуй мэтийн тусгай аяллын, мэргэжлийн ажил үйлчилгээний гэрлүүд л илүү олон баттерей нэмэлт тоноглол бүхий хүнд байдаг.

Баттерей

Lithium баттерей нь Alkaline баттерейг бодвол хүйтэнд тэсвэртэй байдаг. Цэнэглэдэг баттерейтэй явж байвал нөөцөнд ганц хоёр Alkaline баттерей авахад илүүдэхгүй.

Цаашилбал ус, борооны хамгаалалттай, дурын чиглэлд суурин дээр нь эргүүлдэг гээд илүү үйлдэлтэй духны гэрлүүд ч худалдаанд байгаа.

Улаан гэрэл

Духны гэрэл бүрт улаанаар асах гэрэл бас байдаг. Энэ нь харанхуйд бусдыг нүдийг гялбуулахгүй, зэрлэг амьтадыг үргээхгүй, газрын зураг уншихад хялбар байдаг төдийгүй онцгой тохиолдолд SOS дохио өгч тусламж дуудахад хэрэглэгддэг.

Хэрэгсэл,

Аяллын гудас

Аяллын гудас бидэнд хэрэгтэй 2 үүргийг үндсэндээ гүйцэтгэдэг:

  1. Доороос нухаж хатгахгүй зөөлөн тав тухтай нойрсуулах
  2. Жиндүүлэхгүй дулаан амраах

Даарч хоновол угаасаа хүн унтаж чадахгүй эргэж хөрвөөсөөр үүр цайлгах тул дулаан тусгаарлах чанар нь илүүтэй чухал байдаг.

Үүргэвчтэй аялалд, мөсөн гол, цасан дээр, машинд эсвэл өвөл гээд хэрэглээнээсээ хамаараад тэдгээрийг ашиглах зорилго өөр өөр тул тохирох гудас сонгох шаардлага гарна.

Гудас нь хийцийн хувьд үндсэн 3 төрөлд хуваагддаг.  


  1. Хийлдэг.

Орчин үеийн хийлдэг гудас нь хөнгөн, нимгэн болж үүргэвчинд ч төвөггүй багтах болсон билээ. Дотроо дулаалгын материалтай болон дулаан ойлгох гадаргуу бүхий хийцтэй ч гудсууд ( өвөлд илүүтэй зориулсан ) өргөн хэрэглэгдэж байгаа.

Ийм төрлийн гудсуудыг хийлэхийн тулд амаар үлээх, хийлэгч гар болон хөл насос хэрэглэх хэрэгтэй болно.

Үнийн хувьд хийлдэг гудас нь чийгний гудсыг бодвол харьцангуй үнэтэй бас урагдаж цоорох эрсдэл ихтэй (запас нөхөөс, цавуу авч яваарай).

Тиймээс яг унтах газраа тавих хүртэл хийлэх хэрэггүй. Мөн амаар хийлэх нь дотор талд чийг хуримтлуулах, өвөл тэр нь хөлдөж хийлэхэд амаргүй болдог тохиолдол бий. Гараар хийлдэг жижиг насосыг төвөгшөөхгүй бол аваад явж болно.

Зарим хийдэг гудас дээр эргэж хөрвөөхөд шаржигнаж дуугардаг сул талтай (гадаргуу нь хатуу гялгар хулдаасан материалтай бол). Сонгохдоо энэ талыг нь бодолцоно биз дээ.

2. Өөрөө хийлэгддэг.

Энгийн хийлдэгээс гадна зүгээр амыг нь нээхэд өөрөө тэлж агаараа сордог шинэ технологитой гудсуудыг одоо үед өргөн ашигладаг.

Гол нь хурааж, эвхэхдээ нилээн сайн шахаж хуйлах хэрэгтэй. Эс тэгвэл овор хэмжээ нь багасаж өгөхгүй, зай эзлэх сул талтай.

Сайн тал нь ийм гудас бага зэргийн жижиг цооролтод бүрэн шалчийхгүй, засаж сэлбэхэд хялбар, биетэй хатуувтар тул хүүхэд хэрэглэхэд илүү тохиромжтой.

3. Чийгний гудас

Нягт хатуу хөөсөнцөрийн бүтэцтэй, дугуйрч хуйлах болон Z хэлбэрээр эвхэх боломжтой хийгддэг, хамгийн түгээмэл, аялагч бүрийн дотны анд бол яах аргагүй чийгний гудас.

Цоорч шалчийна гэж айхгүй, дээр суугаад сандал ч болгож болдог, үүргэвчний гадна талдаа бэхэлж тайван аялж болох цорын ганц гудас.

Товгор хээтэй, тууш болон босоо судалтай нь гулгаж, гулсахгүй амар гадаргуутай. Мөн Z хэлбэрээр эвхдэг нь хамгийн бага зай эзэлдэг байна (хуйлдаг гудасны голд зай үлдэх гээд байдаг).

Хэлбэр хэмжээний хувьд дээрх 3 төрлийн гудсууд нь олон янзаар үйлдвэрлэгддэг бөгөөд хүүхдийн болон эмэгтэй хүний гэсэн төрөл хүртэл байдаг. Эмэгтэй хүний биеийн  онцлогт таарсан харьцангуй богино, ташаа хавьдаа илүү өргөн гэх мэт.

Мөн гэр бүлийн, 2 хүнд таарсан өргөн гудас ч бий.

Стандарт урт 180 см орчим, өргөн нь 50 см байдаг ба дээр хэлсэнээр хүүхдийн болон эмэгтэйчүүдийх илүү богино бас өргөн байдаг.

Гудасны гадаргууг бага зэрэг үсэрхэг, зууранги материалаар бүрдэг болсон нь шөнө гудаснаасаа сугарч нүцгэн газар өглөөг угтах зовлонгоос ангижруулах зохион бүтээгчийн мэргэн санаа юм.

Хэрэгсэл,

Аялалын майхан

Байгальд аялагчдын хувьд худалдан авах чухал хэрэгслүүдийн нэг бол толгой хорогдох майхан сонгох юм. Учир нь түүний овор, жин таны үүргэвч болон төсөвт том нөлөө үзүүлдэг. Бас нэг адармаатай зүйл нь аялалын майхан нь энгийнээс авхуулаад ордон шиг хүртэл хэдэн зуун төрөл бий.

Доорхи хүчин зүйлүүдийг зөв тооцоолбол сонголт хийхэд хялбар болно:

  • Багтаамж –    Унтах хүний тоо
  • Улирал –         Майхны хийц нь цаг агаартай нийцэх
  • Жин –               Төлөх мөнгөний хэмжээнээс шууд хамааралтай
  • Амьдрах нөхцөл – Дотоод орон зай том, орж гарахад хялбар, барихад амархан гэх мэт

Аялалын майхны багтаамж

Аялалын майхныг багтаамжаар 1-4 хүний загвартай гэж ангилдаг.

Жинг бага байлгахын тулд майхны доторх нь маш энгийн байдаг. Нэг хүнд ногдох талбайн стандарт байхгүй тул 2 хүний майхны хэмжээ нь бренд болгонд өөр өөр байдаг.

Таны гол сонголт бол 3 эсвэл 4 улирлын майхны аль нь вэ гэдэг юм. Аялал болгонд цаг агаарын нөхцөл өөр учир байнгын аялагчид ихэвчлэн 1-ээс илүү майхантай байдаг.

3 улиралын аялалын майхан

Эдгээр майхан нь хөнгөн жин / хавар, намар, зуны улиралын олон аашинд тэсэх хоёрын тэнцвэрийг хангаж байдаг. Зөв барьсан 3 улиралын майхан нь аадар бороо болон бага цасанд тэсвэртэй гэвч ширүүн шуурга, хүчтэй салхи эсвэл их цасанд зориулагдаагүй.

Онцлог шинж:

  • Торон хаалт нь агаар нэвтрэлт сайн бөгөөд хорхой шавьжнаас хамгаалдаг
  • Өндөр байх тусам доторх зай том
  • Илүү хөнгөн материал болон цөөхөн баганатай тул илүү хөнгөн

3+ улиралын майхан (3-4 улиралын)

Эдгээр майхан нь зуны улиралд тохиромжтой гэхдээ цас орох магадлалтай хаврын эхэн болон намрын сүүл хүртэл тохиромжтой. Мөн  цас ордог өндөрлөг газруудад тохиромжтой.

Онцлог шинжүүд (3 улирлын майхантай харьцуулахад):

  • Торон нээлхийнүүдийг давхар хааж цахилгаанддаг битүү хаалттай. Ингэснээр цас шуурч чихэхээс сэргийдэг ба дулааныг сайн хадгалдаг.
  • Энгийн 3 улирлын майханаас нэгээс хоёр баганаар илүү тул тогтвор сайтай.

4 улирлын уулчдын майхан

Эдгээр өвлийн майхан нь хүчтэй ширүүн салхи, их хэмжээний цасанд тэсвэрлэхээр бүтээгдсэн. Харин дулаахан цаг агаарт агааржуулалт муутай учир бүгчимддэг.

Онцлог шинжүүд: 3 болон 3+ улирлын майхантай харьцуулахад

  • Илүү олон багана болон бат бөх даавуутай
  • Бөмбөгөр хэлбэртэй загвар нь салхинд тэсвэртэй бөгөөд дээр нь цас тогтдоггүй
  • Торон хаалт цөөтэй эсвэл хэрэгтэй үедээ цахилгаандчихдаг давхар битүү хаалттай.
  • Гадна борооны давхрага нь газартай ойрхон.

4 Улирлын майхны бас нэг төрөл нь дан майхан. Энэ нь маш хөнгөн, усны хамгаалалттай, амьсгалдаг ханатай бөгөөд гадна борооны давхрага огт байхгүй. Чийглэг цаг агаарт майхны дотор чийг хуримтлагддаг учир дан майхан нь хүйтэн, хуурай нөхцөлд тохиромжтой.

Майхны жин

Таны нийт ачааны томоохон хэсгийг майхны жин эзэлдэг болохоор майхан үйлдвэрлэгчид жинг багасгах дээр тархиа гашилгадаг. Гэхдээ овор болон жинг багасгах нь хэврэг болгодог сул талтай.

Дан болон давхар майхан

Зах зээл дээр байгаа ихэнх майхан давхар ханатай байдаг. Давхар ханатай майхан нь уснаас хамгаалсан борооны гадна хамгаалалттай ба амьсгалах дотортой байдаг. Энэ зохицол нь амьсгалаас гарж буй уурыг хурдан гадагшаа гаргаж, шөнө дунд үүсэх цанталтаас сэргийлдэг.

Өндөр уулын орчинд уур майхны хананд хөлдөж тогтдог. Агааржуулалт сайтай майхан нь цан тогтохоос өмнө уурыг гадагшлуулж байдаг.

Дан майхны давуу тал

  • Барихад маш амархан. Ялангуяа шуургатай үед эсвэл талбай багатай газар барихад тохиромжтой.
  • Адил багтаамжтай давхар майхнаас илүү хөнгөн.

Дан майхны сул тал

  • Өндөр үнэтэй
  • Агаар солилцоо муу, цантдаг
  • Үүргэвч хэрэгсэлээ хадгалах талбай муутай

Давхар майхны давуу тал

  • Үргэлж хуурай майхан, хуурай үүргэвч, хэрэгсэлтэй
  • 2 хаалгатай. Ганц үүдээр гарах гэж нэгнийхээ дээгүүр давах хэрэггүй
  • Агааржуулалт сайтай

Давхар майхны сул тал

  • Овортой, хүнд жинтэй
  • Олон гадастай
  • Татлагуудыг тохируулахад чадвар, хугацаа шаардана
  • Борооны давхрага нь норохоороо сунадаг тул дахин чангалах хэрэгтэй

Майхны багана

Ихэнх майханд уян утсаар холбогдсон хөнгөн цагаан багана байдаг.Зарим боловсронгуй загваруудын багана болон тээглүүрүүд нь өнгөөр ялгаж өгсөн байдаг. Ингэснээр угсархад хялбар болдог. 

Илүү цогц майхны загвар нь илүү амар баригдхад зориулж багана, гогцоо болон дэгээг өнгө өнгөөр будсан байдаг.

Майхны гадсууд

Майхны гадас нь майхантайгаа хамт ирдэг. Гэхдээ аялалын дэлгүүрт дангаараа зарагддаг. Хөнгөн майханд хөнгөн гадас, хүнд майханд арай бат бөх, хүнд гадас байна. 

Майхны үүд

Майхны дотор зохион байгуулалт

Шөнө дунд харанхуйд гэрлээ олохгүй мунгинах, шилээ хуга дарах хүсээд байх юм биш. Майхны халааснууд болон таазны тавиур нь ойрын хэрэглээний эд зүйлсийг гарт ойр хадаглахад тус болдог. Мөн ихэнх майхан дотроо нойтон хувцас хатаах хэц татах гогцоотой байдаг.

Шинэхэн майхнаа хэрхэн арчлах вэ?

Та хүссэн майхан худалдан авлаа. Таньд баяр хүргэе. Майхнаа удаан хэрэглэх хэдэн зөвлөгөөг өгье.

Майхнаа барьж сургуулилт хийгээрэй. Үйлдвэрийн алдаа байгаа эсэхийг шалга. Цаг агаарын ямарч үед гадсаа хэрхэн зоохыг сурч аваарай.

Угсрахдаа байнга барьж эсвэл юмаар даруулах хэрэгтэй. Сул майхан цаасан шувуутай л адил ниснэ. Майхнаасаа хог хаягдлыг гаргаж байгаарай.

Борооны хамгаалалтыг авч борооны дараа заавал хатааж байгаарай. Майханаа хураахаас өмнө сайн сэгсэрч хатаагаарай.

Улирал дууссаны дараа ахин нэг гарган элдэв гэмтэл, цоорол үүссэн эсэхийг шалган засах хэрэгтэй.

Зөөлөн савангаар савандаж угаана. Гадас болон оосорт ямар нэг гэмтэл байгааг шалга. Хуурай газар хадгал.

Хэрэгсэл,

Авиралтын слинг

Слинг нь хийцийн хувьд хэдэн янз байдаг ч ерөнхийдөө туузыг битүүлж оёж хийсэн байдаг.

Авиралтын явцад хазайлт бүрт олсоо чирэхэд үүсэх үрэлтийг багасган шулуун холбоос хийхийн тулд хос карабиныг уртасгаж өгөхөд слингийг ашигладаг ба мөн анкор бэхэлгээнд түгээмэл хэрэглэдэг.

Слингийн урт

Слинг нь олон янзын урт, өргөн, жинтэй байдаг ба жишээ нь урт слинг нь хос карабинийг уртасгахад ашигтай ч өргөн бөгөөд хүнд байдаг гэх мэт давуу болон сул талуудтай.

Энгийн урттай слинг буюу стандарт 60 см нь хамгийн тохиромжтой хэмжээ бөгөөд ихэнх хос карабинаас 2-3 дахин урт байдаг. Үүнийг мөрөө давуулан үүрэхэд яг хангалттай таардаг.

Дундаж урттай слинг 120 см. Авиралтад олсны зууралтыг багасгахад эсвэл өөрийгөө бэхэлгээний цэгт бэхлэхэд таарах урт. Мөн хос анкор гогцоонд ачаалалыг голд нь тэнцүүлэх дээд бэхэлгээ /top rope anchor/ хийхэд тохиромжтой. Өөрийгөө бэхлэх, мөрөө давуулан үүрэхэд бас таардаг


Урт слинг 180-240 см. Том чулууг ороон гогцоолдоход хүрдэг ба 3 цэгээс бэхэлгээний хамгаалалт хийхэд урт нь хангалттай таардаг.

Богино слинг 30 см болон түүнээс доош. Хэрэглээ багатай, ихэвчлэн хадны хадаасанд л ашигладаг

Хос карабин буюу хурдан холбогчийн слинг нь карабинаа сольж, салгаж, холбоход зориулагдсан үйлдвэрийн оёдол бүхий гогцоотой.

Олон жилийн турш слингийг нейлоноор хийж байгаа. Полистер материал мөн ашиглагддаг ч нейлон шиг тийм их биш. Сүүлийн жилүүдэд Dyneema, Dynex болон Spectra төрлийн полиэтилен түгээмэл хэрэглэгдэж байна. Зарим төрлийн даац сайтай слинг, туузыг нейлон болон бат бөх бусад материалтай нийлүүлж хольж хийдэг болсон.

Слинг хийдэг материал нь түүний жин, насжилт, даац болон үнэд нөлөөлдөг

2.5 см өргөнтэй стандарт слинг 22 kN буюу 2.2 тонн ачаалал даах тэсвэртэй байхаар үйлдвэрлэдэг.

Нейлоны давуу тал

Хэрэглээнд илүү нийцдэг.

Угзралт, ачаалалд зангилаа нь сайн даадаг.

Суналт сайтай, халуунд тэсвэртэй.

Dyneema, Dynex and Spectra материалын давуу талууд

Маш хөнгөн.

Нарны хэт ягаан туяанд тэсвэртэй.

Норсон ч хөлддөггүй.

Зангилаагаа зөв хийгээд уналт авах эрсдэл багатай авиралт хийх тохиолдолд  Spectra, Dyneema болон Dynex ашиглах нь илүү амар.

Авиралтын тууз

Ихэнх авирагчид /трад буюу уламжлалт авиралт хийхэд/ нэмэлт туузыг энгийн урттай слингийг уртасгахад эсвэл анкор бэхэлгээ хийхэд зориулж авч явдаг.

Урт туузыг метрээр нь бас худалдаалдаг ба хүссэн уртаар тааруулж авч болно.

Туузны төрлүүд

Үндсэн 2 төрлийн тууз бий.

Хөндий голт тууз нь авиралтад хамгийн түгээмэл ашиглагддаг стандарт юм. Энэ тууз нь адилхан өргөнтэй хавтгай туузнаас илүү бат бөх илүү даацтай. Мөн илүү уян хатан бөгөөд зангилаа зангидахад хялбар байдаг

Хавтгай тууз нь үүргэвчний оосор солих, юм боох, даруулах болон ачаа өргөж буулгах зэрэгт илүүтэй ашиглагддаг.

Туузыг зөвхөн нейлоноор хийдэг ба битүү гогцоо хийхэд усан зангилаагаар зангидаж холбоно.

Стандарт 2.5 см өргөнтэй тууз нь 1.8 тонн ачаалал даах дээд хязгаартай байдаг.

Хэрэгсэл,

Мешок буюу Уутан хөнжил

Урт аялалын төгсгөлд шөнө нь даарч хөрөхгүй тухтай унтах нь дараагийн өдрийн эрч хүчийг өгч байдаг. Тиймээс ч туршлагатай аялагчид хувцас, хоолоо танаж болно, тухтай унтах хэрэгсэлээ л танахгүй гэдэг. Ая тухтай гүн нойрны найз уутан хөнжилийн талаар мэдээлэл хүргэе.

Туршлагатай аялагч хэзээ ч ганц уутан хөнжилтэй байдаггүй. Түүнд хаашаа, ямар аялалд явах гэж байгаагаас шалтгаалж дор хаяж 3 уутан хөнжил байгаа.

Дулаалга

Уутан хөнжилний дулаалгын хувьд нарийн юм их, гэхдээ ерөнхий хэрэгтэй мэдээлэл өгье. Гаднаа температурын 3 үзүүлэлт заасан байдаг:

Comfort

Унтахад даарахгүй, тохиромжтой хэм

Limit of comfort

Даарахгүй унтах дээд хязгаар. Магадгүй та энэ хэмд дотуур хувцастайгаа унтах хэрэгтэй

Extreme

ёстой нөгөө “хөлдөж үхэхгүйн тулд” хэрэглэнэ гэсэн үг!!! Товчхондоо энэ үзүүлэлтийг турших хэрэггүй.

Уутан хөнжилний хэлбэрүүд

  • Мумми
  • Шулуун загвартай
  • Хагас шулуун
  • Хосын

Мумми

Биед бариу таардаг учир хөнжил бие 2ын дундах агаар хамгийн бага хэмжээнд байж дулаацахад хурдан байдаг. Овор бага, хөнгөн, дулаан тул үүргэвчтэй аялал, ууланд хэрэглэгддэг. Сул тал нь эргэж, хөрвөөх, эвхэрч унтдаг хүнд тухгүй байдаг. 

Шулуун загвартай

Хөнжил дотор зай ихтэй, дулаацах нь удаан ч унтахад тухтай. Дулаан нь чухал биш, тухтай унтах нь чухал бол энэ зөв сонголт.

Хагас шулуун

Шулуун болон мумми хоёрын хослол. Хавар, намрын сэрүүн улиралд тохиромжтой.

Хосын уутан хөнжил

За энд тайлбар хийх илүүц биз, тийм үү дурласан шувуухайнууд аа.

Дулаалга материал 2 янз байдаг.

Синтетик

  • Хүнд, овортой
  • Хямдхан
  • Норсон ч дулаан чанараа алдахгүй
  • Арчилахад хялбар

Сөдөн

  • Хөнгөн, овор бага
  • Үнэтэй
  • Норвол дулаан чанараа алддаг
  • Арчилгаа их шаардана
  • Маш жижиг болж шахагддаг

Бусад нэмэлт боломжууд

  • Ус нэвтэрдгүй гадар
  • 2 талаасаа онгойдог цахилгаан
  • Жижиг зүйлсээ ойр хадгалах дотор халаас

Уутан хөнжил авахдаа дулааны зэрэглэлийг аялах үеийн цаг агаарын хэмээс 10 хэмээр илүү байхаар тооцож сонгосон нь зөв. Жишээ нь урьдчилсан мэдээгээр шөнөдөө 0 хэм байвал -10 comfort сонгох хэрэгтэй.

Хэрэгсэл,

Аяны зуух

Хүйтэн, ядралт, цаг агаарын бэрхшээл, өндөржилт гэх мэтийг даван туулахад хоол бол уулчны амин чухал хэрэгцээ юм. Тэгвэл хоолыг юун дээр, яаж болгох вэ, ямар зуух ашиглах вэ гэдэг мөн том асуулт. Зууханд тавигдах чухал үзүүлэлтүүд нь хоол түргэн болгодог, хөнгөн авсаархан, хүйтэнд болон өндөрт тэсвэртэй, арчилгаа бага шаарддаг зэрэг юм. “Дүлий” зуухан дээрх хоолоо хүлээн үүрэглэх хичнээн зовлонтойг олон аялагч мэдэх байхаа. Тэгэхээр одоо бүгдээрээ зуухны тухай ойлголттой болцгооё. Үндсэн 2 төрөл байгаа. Аль алин нь өөрийн давуу болон сул талтай.

  • Гаазан буюу хийн түлштэй
  • Шингэн түлштэй

Гаазан буюу хийн түлштэй зуух

Изобутан, пропан хийний холимогыг даралтат саванд савласан түлштэй. Тулга нь гаазны савандаа эрэгдэж ордог, ашиглахад маш хялбар. Зориулалтын тогоотой ком зуух, зөвхөн тулга гэж 2 төрөл байдаг.

  • Ком зуух нь өөрийн зориулалтын ус буцалгах савнаас өөр сав тохирохгүй. Гэхдээ үр дүн сайтай, түргэн буцалгадаг.
  • Ерөнхийдөө усыг хурдан буцалгах зориулалттай тул зөөлөн буцалгаж хийх хоолонд тохиромжгүй
  • Салхины хамгаалалттай хийгдсэн байдаг
  • Дан тулга нь ямар ч сав ашиглах боломжтой, авсаархан.

 Давуу тал

  • Үр дүн сайтай, ашиглахад хялбар
  • Гаазны баллоны амсар нь хавхлагтай тул гоожих, асгарах эрсдэлгүй
  • Засвар, арчилгаа бараг шаарддаггүй
  • Овор багатай, хөнгөн

Сул тал:

  • Гааз нь үнэтэй, мөн дотор нь хир их гааз байгааг  мэдэх аргагүй. (Аялалд гарахаас өмнө гэртээ шинэ болон хуучин гаазаа жигнэж харьцуулж үзээд хир үлдсэнийг  мэдэж болно)
  • Хоосон савыг хамаагүй хаяж болохгүй учраас буцааж авч явах шаардлагатай
  • Онгоцонд гааз зөвшөөрөгдөхгүй тул очих газраасаа олж чадах уу гэдэг нь эрсдэл
  • Тулганы тулгуур ихэвчлэн жижиг тул том сав тавих боломжгүй
  • Салхины хамгаалалт муутай. Гэвч салхины хамгаалалт ашиглах нь бас эрсдэлтэй. Гаазны баллоныг тойрон дулаан хуримтлагдаж байгаад дэлбэрэх тохиолдол байдаг
  • Их хүйтэнд баллоны даралт буурч муу асдаг

Шингэн түлштэй зуух

Керосин, бензин, онгоцны түлш зэрэг ямарч төрлийн  шатахуунаар ажилладаг. Түлш хийх  зориулалтын савтай бөгөөд саван дотор даралт үүсгэхийн тулд таган дээр байх гар насосоор хий шахна. Зуух уруу резин хоолойгоор холбогддог. Ямар ч хүйтэн нөхцөлд ажилладаг том давуу талтай.

Давуу тал

  • Зуухны тулга намхан тул тогтвор сайтай
  • Түлшний хэмжээгээ тагийг нь онгойлгоод л мэдэж болно
  • Түлшний сав солих шаардлагагүй. Эвдрэх хүртэлээ ашиглагдана
  • Өндөрт болон хүйтэнд ажиллагаа хэвийн
  • Дэлхийн хаана ч элбэг байдаг түлшээр ажилладаг

Сул тал:

  • Угсралт, түлшний хоолойг халаах, гал өгөх зэрэг ажиллагаа ихтэй. (Энэ нь хэцүү биш ч дадлага хэрэгтэй)
  • Түлш асгарах, гоожих  эрсдэлтэй
  • Гаазан зуухнаас хүнд
  • Үнэтэй
  • Түлшний чанараас болж бөглөрөх, бохирдох тул цэвэрлэгээ шаардана. Энэнь Монголын нөхцөлд элбэг тохиолддог.

Эдгээрээс гадна денатурат спиртээр, хатуу түлшээр ажилладаг зуух байдаг. Энэ нь уулынханд нэг их ашиглагдахгүй ч энгийн аялалд байж болох сонголт юм.

Давуу тал

  • Засвар арчилгаа багатай
  • Спирт нь хямд
  • Маш хөнгөхөн

Сул тал:

  • Бусад зуухнаас хамаагүй илч багатай. Хоол болгоход удна гэсэн үг.
  • Салхинаас хамгаалах шаардлагатай
Хэрэгсэл,

Олсны хамгаалалтын тоногууд

Ууланд, хаданд авиралтын нэгэн чухал хэрэгсэл бол олс ашиглан буух, авирах зэрэгт хэрэглэгддэг хамгаалалт тоног юм. Үндсэн 3 төрөл байдаг.

  • Хоолой хэлбэрийн /tubular/
  • Хагас автомат /assisted braking device/
  • 8 тоо /figure 8/

Хоолой хэлбэрийн тоног /tubular device/ ATC

Олон өртөөт авиралт, спорт авиралт, заалны авиралтад тохиромжтой. Хамгийн өргөн хэрэглэгддэг тоног. Олсыг нугалан АТС нүхээр оруулан карабинаар түгжиж худраганы гогцоонд бэхлэдэг. Сүвлэсэн олс АТС дундуур гүйхдээ зууралт үүсгэж олсыг удаашруулж авирагчыг хамгаалдаг. Зарим загварын АТС зууралт нэмэгдүүлэхийн тулд шүдтэй хийгдсэн байдаг. Мөн хос нүхтэйг авбал 2 олсонд ашиглаж болно.

Давуу тал:

  • Хөнгөн, авсаархан, хэрэглэхэд амархан
  • Хэд хэдэн төрлийн дан ба давхар олстой ашиглаж болно
  • Олс эрчлүүлдэггүй
  • Хос олсоор хамгаалан буулт хийж болно

Сул тал:

  • Зарим хүмүүс, ялангуяа хөнгөн жинтэй хүмүүс буулт хийхэд удаан гэж гомдоллодог

ATC-ийн өөр нэг төрөл байдаг нь ард талдаа нэмэлт гогцоотой хэлбэр юм. Энэ нь  дээд бэхэлгээний цэгт угсараад хамгаалалт хийх зориулалттай юм. Энэ нэмэлт боломжоос бусдаар давуу болон сул талуудын хувьд энгийн ATC-тэй адил юм.

Хагас автомат хамгаалалтын тоног /assisted braking device/

Спорт авиралт, заалны авиралт, авиралт, олон өртөөт авиралтад тохиромжтой.

Энэ тоног нь авирагч унахад автоматаар түгжигддэг. Машины суудлын бүсний зарчимтай төстэй.  Үндсэн 2 төрөл байдаг:

  • Дээд бэхэлгээт авиралтын хамгаалалт, олон өртөөт авиралтын ахлан авирагч, 2-р авирагч аль алиныг хамгаалах боломжтой.
  • Зөвхөн 2-р авирагчыг хамгаалах зориулалттай

Практик дээр хүнд жинтэй, дан олс л ашиглах боломжтой зэргээс энэ тоног ихэвчлэн спорт авиралт, заалны авиралтад элбэг хэрэглэгддэг.

 Давуу тал:

  • Хамгаалагчид уналтыг зогсооход дэм болдог
  • Олс саадгүй гүйдэг
  • Өндрөөс буухад хурдаа хянах, ашиглахад хялбар

Сул тал:

  • Ашиглах олсны диаметр хязгаарлагдмал
  • Хүнд жинтэй
  • Өндрөөс буухад дан олс ашигладаг
  • Нойтон ба мөстсөн олсонд ашиглаж болохгүй

8 тоо /Figure 8/

Аврах ажиллагаа, агуй судлал, өндрөөс буух зэрэгт тохиромжтой.

Хамгаалалтын тоногийн хамгийн энгийн хэлбэр. Олсыг зааврын дагуу 8 тоонд сүвлээд худрагатай карабинаар бэхлэж ашиглана. Бусад тоногтой харьцуулахад зууралт багатай тул өндрөөс буухад хурдан.

Давуу тал:

  • Өндрөөс буухад хурдан
  • Үрэлтээс үүсэх халалт багатай
  • Бүх төрлийн диаметртэй олсонд ашиглана

 

Сул тал:

  • Хамгаалагчаас анхаарал болгоомж илүүтэй шаардана
  • Олсыг эрчлүүлээд байдаг тул олс ашиглалтыг төвөгтэй болгодог

Хэрэгсэл,

Худрага

Хэрвээ та анх удаагаа авирч байгаа бол авиралтын худрага болон түүний бүтэц, эд ангийг сайтар судлаж мэдвэл зохилтой.

  • Бүсэлхийн бүслүүр. Өргөн нарийн янз бүр байдаг ба жишээ нь аврах ажиллагаанд ачаалал удаан үүрэх шаардлагатай даац сайтай байх бол илүү өргөн зузаан, харин техникийн авиралтад хөнгөн нимгэн талдаа, нарийн хэлбэртэй байдаг. Бүслүүрийг чангалж тогтоох нэг эсвэл хоёр түгжээний гогцоо үүн дээр хийж өгсөн байдаг.
  • Түгжээ гогцоо. Энгийн болон автомат түгжээ бүхий нэг эсвэл хоёр ширхэг металл гогцоог бүслүүрийг татаж бэхлэх зориулалттай хийдэг. Тэдгээр түгжээг олстой орооцолдохоос сэргийлэн голын цэгээс холдуулж хажуу тал руу байрлуулдаг байна. Гуяны бүслүүрт гогцоо заавал байх шаардлагатай байдаггүй ч бүсэлхийн бүслүүрт бол харин заавал байх ёстой.
  • Гуяны бүслүүр. Түүнийг өндөр ууланд зузаан өмд хувцастай болон мөсний тахтай үед тайлж болхуйц салдаг, сулладаг гогцоотой байхаас эхлээд битүү гогцоогүй буюу спорт авиралтад техникийн ур чадвар гаргахад  зориулсан гэх мэт өөр өөр хийдэг.
  • Авиралтын хэрэгсэл зүүх оосор. Үүнд энгийн болон хос карбин, гацаа бусад багаж хэрэгсэлээ дүүжлэнэ. Ихэнх худрагад 4 хүртэлх тооны хуванцар болон синтетик материалан оосор гогцоо байдаг ба зарим тусгай зориулалттай нь түүнээс илүү олон гогцоотой. АНХААРУУЛГА: Эдгээр оосор гогцоо нь 5 хүртэл кг даацтай байдаг тул бэхэлгээний олс, карбин холбож ачаалал өгч зүүгдэж, татаж болохгүй. Өөрийг тань өргөж татахад зориулаагүйг анхаараарай.
  • Олс чирэх гогцоо. Худрагны бүсний ард байрлах энэ гогцоонд нөөц, хоёрдахь олсыг чирж дээш авирахад зориулсан тул мөн адил өөрийгөө өргөж татаж биеийн ачаалал даац өгч болохгүй.
  • Хамгаалалтын гогцоо. Энэ гогцоо бол худрагын хамгийн бат бөх хамгаалалтын бэхэлгээний цэг бөгөөд тусгайлан өндөр ачаалал өгч, туршилтаар шалгасан нейлон нэхмэл бүс байдаг. Карабин, олс болон бусад хамгаалалтын хэрэгсэлийг үүнд бэхлэх боловч гинж болон хурц ирмэгтэй хэрэгсэлийг шууд холбохоос зайлсхийнэ.
  • Үндсэн бэхэлгээний цэг буюу олс зангидах гогцоо. Хамгаалалтын бэхэлгээний гогцоонд бэхлэгддэг  эдгээр бүсэлхийн болон гуяны хоёр гогцоонууд тус бүрдээ өндөр даацтай / ойролцоогоор 12-14 кН буюу 1.2-1.4 тоннтой тэнцэхүйц дугтралтын хүч тэсвэрлэнэ /. Олс болон слинг оосорыг энэхүү доод болон дээд гогцоог хамтад нь оруулан уяж зангидах ба унах болон дугтрах үед ачааллыг бүсэлхий нуруунд, гуяны доод биенд жигд тарааж хуваарилдаг тул гэмтэл авах эрсдэлийг ихээхэн бууруулдаг байна. АНХААРУУЛГА: Хамгаалалт болон буулт хийх үед дээд, доод гогцоонд карабин давхар оруулж татах нь карабины даацад нөлөөлж бат бэхийг сулруулж, хугарах аюултай тул түүний оронд хамгаалалт хийдэг гогцоонд бэхэлсэн нь илүү найдвартай.
  • Гуяны бүслүүрийг тааруулах арын сунамхай оосор. Эдгээр хос оосор нь худрагын ард тал гуяны бүслүүрийг бүсэлхийн бүстэй холбодог, уртыг тааруулах боломжтой салдаггүй байхаар хийгдсэн байдаг боловч зарим өндөр уулын болон трад авиралтын худрагад салгаж авж болдогоор хийсэн байдаг.

Худрагын төрлүүд.

Худрагууд нь авиралтын зориулалтаас нь хамаараад дараах төрлүүдэд хуваагдана.

Спорт болон заалны авиралтын: Тайлж өмсөхөд амар, маш хөнгөн хийцтэй дотор гадна авиралтын хананд зориулагдсан байдаг.

  • Ганц болон хоёр талдаа татаж бэхлэх гогцоотой. Энэ нь тайлж өмсөхөд хурдан байх
  • Хэрэгсэл зүүх оосор зөвхөн 2 байх нь худрагыг жинг бага байлгах
  • Хамгаалалтын гогцоо нь нарийн, мөн жин бага байх
  • Гуяны бүслүүрийг тохируулах үйлдэл хамгийн бага байхаар буюу тохируулах түгжээ, гогцоо байхгүй сунамхай уян материал бүхий байх зэрэг.

Спорт авиралтад хувцас хэрэглэл хамгийн нимгэн, хөнгөн байдаг тул биенд шууд наалдах зэрэг дээрх зориулалттыг бодож хийдэг.

 

Уламжилалт /трад/ буюу байгалийн уул хадан хананд авиралтын: Спорт авиралтыг бодвол трад авиралт нь гацаа, дэгээ, хадаас, слинг, оосор, карабин, туслах олс гээд олон хэрэгсэлтэй харьцангуй удаан хугацаагаар авирах хэрэгтэй болдог тул оосор олон, биед тухтай, хөнгөн мөртлөө зай сайтай байхыг шаардана.

  • Хоёр талдаа эсвэл автомат цоожлогчтой гогцоотой
  • Хэрэгсэл зүүх 4 болон түүнээс дээш тооны оосортой
  • Бат бөх зузаан зөөлөвчтэй. Удаан хугацаагаар дүүжлэгдэн тогтох үед бие холгож үрэгдэх, шигдэх сөрөг нөлөөг багасгах ба олон өртөөт /multi-pitch / авиралтад илүүтэй зузаан зөөлөвчтэй байх хэрэгтэй.
  • Гуяны бүслүүр тохируулгатай.
  • Олс нэмэлтээр чирэх арын гогцоотой

 

Мөсөн болон холимог замын авиралтын: Трад авиралтын худрагатай үндсэндээ төстэй бөгөөд нэмэлтээр:

  • Гуяны бүслүүр нь өвлийн зузаан өмдөнд зориулагдан тохируулах зай том
  • Мөсний шруп, мөсний сүх тогтоох хуванцар суурьтай дэгээ карабинер тогтоох гогцоотой

  • Нуруу бүсэлхийг тогтвортой байлгах илүү том зөөлөвчтэй гэх мэт тоноглолтой байдаг байна.

Өндөр уулын авиралтын худрага: Ер нь бүх улиралд хэрэглэх зориулалттай, зузаан хувцастай үед өмсөж тайлахад амар байхаар хийгддэг.

Мөсөн болон холимог замын авиралтын худрага дээр нэмээд дараах онцлогыг агуулсан:

  • Хэрэгсэл зүүх оосорууд нь үүргэвчинд тээглэхгүй байрлалтай, 4 болон түүнээс цөөн
  • Үүргэвчинд хийхэд овор бага, нимгэн хол замд авч явахад амар хийцтэй
  • Хамгаалалтын оосор нарийн, бүр заримд нь оосор хийдэггүй бөгөөд шууд бүсэлхийн болон гуяны бүслүүрийн гогцооноос олсоор оосорлодог байхаар хийгддэг байна.

Тусгай зориулалтын худрага:

  • Хавцалын. Хаданд байнга үрэгдэж гэмтэхээс хамгаалсан үрэлтэд тэсвэртэй бас хүрхэрээний усанд норхоос хамгаалсан усны хамгаалалтай, нэмэлт суудалтай
  • Тэмцээний. Хэрэгсэл зүүх оосоргүй, хамгаалалтын гогцоогүй буюу бараг л худрага зүүгээгүй мэт биед тухтай
  • Урт хадан хана / big wall. Олон цаг өдрөөр авирахал зориулсан өргөн зөөлөвчтэй, аюулгүй байдлын үүднээс хамгаалалтын гогцоо нь 2 давхар, 6-10 хүртэлх хэрэгсэл өлгөх оосортой
  • Аврах ажиллагааны бүтэн биеийн. Цээжний худрага нэмэлтээр хийж өгсөн, хүнд ачаа, аврах сагс, нэмэлт хүн бэхлэхэд зориулсан тусгайлсан даац сайтай, авиралтанд зориулагдаагүй гэх мэт

Эмэгтэйчүүдийн болон хүүхдийн худрага:

Эмэгтэй хүний биеийн онцлог болох нарийн бэлхүүс, гуяанд зориулсан, хэлбэр дизайн өнгөний сонголтой, өвөрмөц хийцтэй буюу бүсэлхийн бүслүүр нь эрэгтэйчүүдийхийг бодвол урд хэсгээрээ нарийн, арын хэсэг нь өндөр, урд гуяны оосор, бүсэлхий хоорондын зай богино байдаг бол 5 хүртэлх насны / 40 кг хүртэлх / хүүхдийнх заавал цээжний хэсэгтэй хамт бүтэн биеийн худрага байх шаардлагатай.

Учир нь бага насны хүүхдийн хүндийн төвийн тэнцвэр тогтворгүйгээс уруугаа харж сугарах эрсдэлтэй ба унасан тохиолдолд бүсэлхийд биш бүтэн биед угзралтын ачааллын тэнцүүлж, зөвхөн босоо байрлалд байлгах үүднээс тусгайлан хийнэ.

Гуяны бүслүүрийг цусны эргэлтийг хаахгүйн үүднээс гарын 1 хуруу орох зайтай чангалах ба оёмол зөөлөн эд тул байнгын арчилгаа үзлэг, цэвэрлэгээ хийж занших хэрэгтэй.

 

Хэрэгсэл,

Холбох хэрэгсэл буюу КАРАБИНEР / Карабин /

Ууланд ямар авиралт гүйцэтгэхээс хамааран карабины төрлүүдээс сонгох хэрэгтэй болдог. Зөв, зориулалтын дагуу карабин буюу энэ холбох хэрэгсэлийг сонгохын тулд түүний ялгаа, онцлогийг заавал таньж мэдэх нь чухал. Үүнд:

 

  • Хэлбэр
  • Нугас, амны төрөл
  • Хэмжээ, жин, даац болон материал гэсэн онцлогуудыг харгалзан үзэх хэрэгтэй.

Эхлээд карабины хэлбэрийн тухай ярилцая.

Хамгийн бат бөх, даац сайтай хэлбэр бол D хэлбэр юм.

Нугасгүй битүү талдаа гол ачаалалаа шулуун авдаг, зууван хэлбэрийн карабиныг бодвол амны ангайлтын зай том, лийрэн хэлбэрийн карабиныг бодвол бас харьцангуй хөнгөн байдаг. Ерөнхий авиралтад хамгийн түгээмэл хэрэглэгддэг юм.

Тэгш хэмгүй D хэлбэрийн карабины доод тал нь жин багасгах үүднээс богиносгож хавчсан байдаг тул тэр хэсэгтээ арай зай муутай боловч дээд онгойх хэсэгтээ амны зай томтой байдаг онцлогтой тул гогцоонд өлгөхөд амар, хурдан байдаг. Хөнгөн учраас спорт авиралтын тамирчид болон уулчид, хурдан холбогчтой түлхүү хэрэглэдэг байна.

Лийрэн хэлбэр

Энэ хэлбэр нь дээд хэсгийг зориудаар том өргөн хийж давхар олс, зангилаа, уулын хэрэгсэлүүдийг хосоор нь өлгөхөд зориулагдсан байдаг байна. Авиралтанд хамгаалалт, буулт хийхэд өөрийн худрагадаа холбож хэрэглэх болон Мьюнтерийн зангилаанд тохиромжтой. Мөн дээд, доод бэхэлгээний цэгт хэрэглэж болно. Үүнийг HMS карабин гэж олон улсад нэрлэдэг ба арай хүнд, үнэтэй байдаг байна.

Зууван хэлбэр нь карабины анхны үндсэн хийц бөгөөд бусад карабиныг бодвол арай даац муутай байдаг. Хэвтээ болон босоо тэнхлэгтээ тэгш хэмтэй тул дамар өлгөхөд илүү тохимжтой ба гол босоо тэнхлэгтээ ачаалал авдаг тул карбин холбирох нь бага байна.

Карабины амыг онгойлгох үйлдэлээр нь 1,2,3 үйлдэлт гэж ангилдаг.

Энгийн 1 үйлдэлт буюу нэг дарж онгойдог карабиныг ерөнхий авиралт, хурдан холбогч, багаж хэрэгсэл худрагандаа бэхлэх зэрэгт илүүтэй хэрэглэдэг.

2 үйлдэлт буюу эрүүлэх дарах үйлдэлээр онгойдог карабиныг илүүтэй бэхэлгээний цэг, хамгаалалт хийхэд, ачаалал авахад эргэх мушгих үйлдэлээс болж онгойхоос сэргийлэх зорилгоор ашигладаг. Гол нь эргүүлж цоожлохоо мартаж болохгүй.

3 үйлдэлт буюу дээш түлхэх, эргүүлэх, дарах үйлдэлээр онгойх карабин нь цоожлохоо мартах хүний алдаа буюу гадны нөлөөгөөр өөрөө онгойх эрсдэлээс сэргийлсэн бүтэцтэй боловч элс шороо ороход зуурч гацах, онцгой тохиолдолд нэг гараараа эргүүлж онгойлгох боломжгүй, хүнд зэрэг сул талтай. Уулын авиралтад дээд доод бэхэлгээ, хамгаалалт хийхэд ашигладаг боловч илүүтэй аж үйлдвэр, барилгад түлхүү хэрэглэдэг байна.

Карабины хэмжээ болон жин.

Мэдээж том карабиныг өлгөх, бэхлэх, олон хэрэгсэл зүүх зэрэгт амар боловч хүнд байдаг. Тэднийг голдуу бэхэлгээ, хамгаалалт хийхэд ашигладаг. Жижиг, хөнгөн нь авч явахад авсаархан, авиралтын дундын замд илүү тохиромжтой. Жинг багасгах үүднээс бүр амыг нь ган утасаар ч хийдэг байна. Мэдээж авирахад жин бага байх нь чухал боловч хэтэрхий жижиг бол олс өлгөх, анкор гогцоонд оруулахад хэцүүднэ гэдгийг мартаж болохгүй.

Карабины даац

Карабиныг төмөр, хөнгөн цагаан болон тэдний хайлшаар хийдэг ба даацад бас хийсэн материал хамаатай байдаг. Төмөр нь бат бөх боловч хүнд тул зөвхөн өндөр ачаалал авах хамгаалалт, бэхэлгээнд хэрэглэдэг бол хөнгөн цагаан карабин нь унагаж гэмтээхэд нүдэнд үзэгдэхгүй сэв цуурал сууж, тасрах аюултай байдаг ба мөн ачаалал байнга авсанаас хэлбэрт нь өөрчилөлт олж нугас ам гацаж зуурах тал гардаг. Тиймээс сүүлийн үед хөнгөн бат бөх хайлшаар хийсэн карабиныг түлхүүтэй хэрэглэх болжээ.

Даацад нөлөөлөх нэг гол зүйл бол босоо тэнхлэгийн дагуу ачаалал авах ба энэ үед хамгийн бат бөх даац сайтай байдаг. Карабин эргээд хэвтээ буюу нугастай тал, цоожлоогүй онгорхой бол даац үлэмж буурч тасрах, хугарах аюул үүсдэг. Тиймээс олс гүйхээс хамгаалах резинэн хязгаарлагч бас давхар хэрэглэхэд илүүдэхгүй.

Холбоо барих

Утас: 9911-5377

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 207 тоот