Browsing category

Хувцас

Ууланд юу өмсөх вэ – 2. Mid Layer буюу дундын давхарын хувцас

Үргэлжлэл:

Урт ханцуйтай дотуур цамц, урт дотуур өмд

Hүцгэн бие дээрээ шууд өмсөх энэ цамц өмд нь хүйтэнд (эсвэл бээрэг бол) заавал өмсөх хувцас мөн. Уутан хөнжилдөө өмсөөд унтахад дулаан, өглөө босоод хүйтэн майханд тайлж солих шаардлагагүй шууд дээр нь бусад хувцасаа өмcчихнө.

Өмд нь хөдөлгөөн тушиж алхалт, авиралтад бага зэрэг тээртэй санагдаж магад. Зарим хүмүүс чөлөөтэй хувцаслах дуртай, бие барьсан хувцасанд дургүй байдаг. Гэхдээ өндөр ууланд авирах бол дасахаас аргагүй.

Оймс

Уулын зориулалтын оймс тусгай материалаар хийгддэг. Хэзээ ч хөвөн даавуун оймс хэрэглэж болохгүй (зөвхөн синтетик эсвэл ноос). Ийм оймс гутал дотор холбирч бөөгнөрдөггүй, оёдол нь хүртэл хөл нухаж холгохгүй гаднаа байдаг.

Мөн уулын оймсыг давхарлаж өмсөж болдоггүй байна. Хэдэн нөөц оймс авч явах нь таны хэрэг боловч хамгийн багадаа 1-2 илүү байх хэрэгтэй. Нар гарахгүй, өдөр дараалсан нойтон борооноор чийгтсэн оймс хатаж өгөхгүй, ганц илүү оймс багадах тохиолдол бий. Ямартай ч хамгийн сайнаас сонгож, чанартайг авах нь зөв.  

Дунд давхарын буюу Mid Layer хувцас

Эхний биеийн давхарын дотуур хувцас хөлс чийгийг өөртөө шингээж гадагш дамжуулан гаргах үндсэн үүрэгтэй бол дунд давхарын хувцас нь биеийн дулааныг хадгалж, даарч жиндүүлэхгүй байх үндсэн үүрэгтэй.

Ийм төрлийн хувцас маш олон байдаг ба дийлэнх нь Fleece буюу хиймэл ноосон, ус салхи нэвтрүүлэхгүй Softshell-хамгаалалтийн хувцасууд байдаг.

Fleece буюу хиймэл ноосон хүрэм

Хөнгөн ийм хүрэмийг дотуур хувцасны (base layer) гадна шууд өмсөхөд тохиромжтой, тайлж өмсөхөд хурдан амар байдаг. Ер нь уулчин бүрт заавал байх ёстой гэж болно. Жишээ нь Fleece hood jacket Rab -ийг uulchin.mn сайтын худалдаа цэсээс үзнэ үү.

Soft-shell хүрэм болон өмд

Хиймэл ноосон fleece хүрэмийн оронд өмсөж болох бороо, ус, салхинаас хамгаалах энэ хүрэм нь илүү дулаахан бөгөөд амьсгалдаг тул хөлс чийгийг гаргадаг. Харин өмдийг нь энгийн алхалтын өмдний оронд аялал анх эхлэхээс өндөр уулын оройд гарах хүртэл өмсөж болох бөгөөд ер нь өмдийг аяллын явцад байнга солиод байх боломжгүй, төвөгтэй байдаг талтай.

Тиймээс сунамтгай бөгөөд ус, салхины хамгаалалттай ийм өмд нь авиралтын явцад уулын нөхцөл болон цаг агаар өөрчлөгдөхөд хамгийн тохиромжтой бат бэх хувцас юм. Жишээ нь Soft Shell Pant Salewa -ийг uulchin.mn сайтын худалдаа цэсээс үзнэ үү.

Үргэлжлэл бий…

Ууланд юу өмсөх вэ – 1. Base layer буюу биеийн давхарын хувцас

Өндөр уулын оргил хүрэх замд та цаг агаарын янз бүрийн нөхцөлд амар хэцүү төрөл бүрийн замыг туулах хэрэгтэй болдог. Доор халуун бүгчим байснаа өгсөх тусам сэрүүсч цас мөс таныг угтана.

Ая тухтай аялж, авирахын тулд сонгино мэт үе давхрагатай хувцаслаж, хөлөрч норохоосоо өмнө үргэлж өмсөх тайлах дэс дарааллыг давтах хэрэгтэй болно.

Гэхдээ олон төрлийн хэрэгтэй хэрэггүй хувцас байсанаас цөөхөн бөгөөд чанартай, брендийн сайн хувцас өөрт байх нь илүү дээр.

Тэгвэл хувцаслахдаа юуг анхаарвал зохилтой вэ?

Цаг агаар хурдан өөрчлөгдөж болзошгүй. Хэдийгээр мэдээгээр цаг агаар сайхан нартай дулаан хэмээн зарласан байсан ч өндөр ууланд байдал хурдан өөрчлөгддөг тул нөөц хувцас хэрэгсэл заавал аваарай.

  • Жин болон тав тух. Хэдийгээр илүү ачаа чирж өөрийгөө зовоомооргүй байсан ч даарч хөрөөд тав тухгүй бас явмааргүй л байгаа. Дулаалга сайтай, зузаан хүрэм харамсалтай нь хүнд бас овортой. Таньд өөрийн болон бусдын туршлага энд тус болох бөгөөд илүү бодитойгоор бодож шийдэх хэрэгтэй.
  • Хэрэглээнд илүү нийцэх хувцас. Уулын хувцас олон үзүүлэлттэй. Үүнд халаасны байршилаас эхлүүлээд агааржуулах нүх, онгорхой, юүдэн, нар, салхины хамгаалалт, цахилгааны чанар, битүүмж, зузаан нимгэн гэх мэт орно. Яг тухайн хэрэглээнд хэрэг болох зөв үзүүлэлт, тоноглолтой л хувцасаа олж авах хэрэгтэй. Тэрнээс 4000 метрт авирах гээд 8000 метрийн хувцас хайх хэрэггүй. Мэдээж үнэ мөнгөний асуудал ч энд хамаатай.
  • Материал. Хувцасны материал бол хамгийн чухал зүйлийн нэг мөн. Хөвөн даавуун хувцастай хөлөрч нороод явах тусгүй зүйл. Хурдан хатах синтетик, нейлон, полистр хувцас аялалд илүүтэй хэрэгтэйг ойлгож байгаа байх.

Биеийн давхрага буюу дотуур хувцас –  Base Layer

Хүний биеийн арьсанд шууд хүрэлцдэг хувцас нэн чухал үүрэгтэй. Учир нь хөлсийг өөртөө шингээн авч гадагшлуулан, биеийг хуурай, дулаан байлгах гол зүйл. Тиймээс полистр болон мерино ноосон материал яг таардаг.

Дотуур өмд

Ямар загварыг сонгох нь өөрийн хүсэлт боловч агаар сэлгэх боломжтой, амьсгалдаг синтетик болон ноосон материал байх хэрэгтэй.

Хөхний даруулаг – Bra

Зурагт үзүүлсэн шиг түгжээ, дэгээгүй спорт загварын дарууллаг илүүтэй тохиромжтой.

Богино цамц (футболка) – Т-shirt

Хөнгөн синтетик эсвэл ноосон, ханцуйтай болон ханцуйгүй цамцууд алхаж явхад сэрүүхэн хөнгөн байдаг. Мэдээж ханцуйгүй бас хүзүүгүй бол агаар сэлгэлт сайтай, эсрэгээр байвал нарнаас илүү хамгаална гэх мэт.

Үргэлжлэл бий…

Уулын гутал – 2

Уулын аяллын хувцас хэрэгсэлд мөнгө хэмнэж болдоггүй нэг зүйл бол яах аргагүй уулын гутал. Таны хөл, хуруу ямар ч мөнгөнөөс хямд байхгүй.

Өндөр уулын хүйтэн цаг агаар, хазгай хэвгий, хад чулуу, мөс цастай газар хамгийн найдвартай хамгаалалт бол сайн гутал.

Уулын гутлыг зөв сонгох нь нарийн судалгаа, зөвлөгөө шаарддаг. Туршлагатай уулчид, аялагчид таньд хамгийн сайн мэдээллийг өгнө.

МАТЕРИАЛ

Синтетик гутал

Энгийн хялбар замаар авирах бол хөнгөн синтетик гутал хангалттай. Ийм гутал полистер, нейлон утсыг хольж нэхсэн уян материалтай, хөлд тухтай зөөлөн байдаг.

Уулын хормой хавьд ойр зуур алхаж, үндсэн отогоос холдохгүй аялалд илүүтэй тохирно.

Харин эгц огцом өөд, мөс цастай замаар авирахад хөлөнд хангалттай түшиг, тулгуур өгч чаддаггүй. Мөн 2 давхар буюу бойтогтой гутал шиг дулаан биш байдаг.

Арьсан гутал

Жинхэнэ болон хиймэл арьсан гутал нь өмсөхөд мөн тухтай, амархан хөлд хэвшдэг, хад чулуунд тэсвэртэй.

Ийм гутлын түрий ихэвчлэн шагай давсан байдаг тул хөлийг сайн хамгаалдаг.

Давхар зузаалга, дулаалгатай учир синтетик гутлыг бодвол хүнд байдаг ч 2 давхар, бойтогтой гутлыг бодвол арай хөнгөн.

Хавар, намар, зуны улиралд 4000 м хүртэл өндөрт өмсөх боломжтой.

Пластик гутал

Пластик гутал нь 3-аас дээш буюу олон хоногоор шөнө, өдөр үргэлжилсэн авиралтад таарах, уснаас бүрэн хамгаалсан, хөлийг хуурай байлгадаг, гаргаж хатаах, өмсөөд унтаж болох дотроо давхар бойтогтой байдаг. Харьцангуй хүнд жинтэй ч найдвартай гутлын тоонд орно. 4000-6000 метрийн өндөртэй ууланд өмсөх боломжтой ( Aconcagua, Denali, Elbrus гэх мэт )

Цас ихтэй, өндөр ууланд зориулсан өөрөөсөө түрийтэй гутлууд нь мөс цас түрий рүү орж, хөл норохоос сайн хамгаалдаг. Ийм гутлууд хагас урттай 4000 – 7000 метрийн, бүтэн урттай түрий бүхий 8000 метрээс дээш өндөрт өмсөх гэсэн хоёр ангилалд хуваагддаг. Мөн өөрөөсөө түрийгүй ч тухайн өндөрт зориулсан La Sportiva Baruntse, Spantik зэрэг сайн, дулаан гутлууд бий.

Жишээ нь дээрх хагас урттай түрий бүхий гутлыг 7000 метрийн өндөртэй буюу Lenin Peak, Baruntse зэрэг оргилуудад өмсөх боломжтой бол

бүтэн урт түрийтэй 8000 метрээс дээш өндөрт тусгайлан зориулсан давхар бойтогтой гутлуудыг Эверест болон бусад 13 оргилуудад өмсөж болно.

ГУТЛЫН УЛ

Уян материалтай, зөөлөн ултай гутлыг ууланд алхах, налуу багатай газраар авирахад өмсдөг. Авирах газрын хад чулуу, хэвгий хазгайг сайн мэдэрч, наалдаж явах боломжтой. Харин эгц өгсүүр өөд авирахад улаараа нугаран, тогтворгүй тул өмсөх хэрэггүй.

Дунд зэргийн хатуулагтай бага зэрэг нугардаг ултай гутал бас байдаг. Хадны хагархайгаар авирах, бага налуутай мөс цасанд өмсөж болно. Энгийн алхалтын хадаас, автомат биш мөсний тах зүүж болох ч өндөр ууланд харин тохиромжгүй.

Хатуу ултай, нугардаггүй гутлыг мөс цасанд техникийн авиралтад өмсдөг. Учир нь биеийн жинг хөлийн хуруунууд дээр урагш төвлөрүүлж болдог тул хойд хэсэг нь доошоо нугардаггүй. Эгц мөс, хадан нүүр өөд авирахад, бүтэн болон хагас автомат мөсний тахын хамтаар хэрэглэдэг.

Харин бага налуутай, эсвэл тэгш газар удаан өмсөж алхахад хөлийн улаар өвддөг тул тухгүй байдаг.

Уулын гутлыг таарч байгаа эсэхийг шалгахдаа өмсөөд үдээсийг сайн үдээд газар өшиглөж хөлийн хуруу урагшаа гүйж байгаа эсэхийг үзэх хэрэгтэй.

Загвараасаа хамаараад уулын гутлыг 1-2 размер томыг сонгодог ба багадуулвал уулнаас буух үед хөлийн хуруу тулж өвдөх, хүйтэнд даарч хайрагдах эрсдэлтэй.  

Ихэнх уулын гутал Европ хэмжээ бүхий шошготой байдаг ба өмсөж шалгахдаа уулын зориулалтын оймс өмссөн байхаа мартав.

Мөн өөрийн мөсний тах ( crampon ) -д таарах эсэхийг урьдчилан шалгаж урдаа ховилтой эсэх (өндөр уулын гутлууд ардаа заавал ховилтой байдаг), хагас болон бүтэн автомат мөсний таханд таарах эсэхийг нягтлаарай (хэрэгсэл цэснээс мөсний тахны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой).

Улны хувьд Vibram төрлийн, халуун хүйтэнд тэсвэртэй, хальтирч гулгах нь бага бөгөөд хээ, зууралт сайтайг сонгохыг зөвлөе.

Мерино ноос болон аяллын хувцас

Аяллын болон уулын хувцас хэрэгсэлд хэрэглэгддэг Мерино ноосны талаар та хир мэдэх вэ?

Ялангуяа эмэгтэйчүүдэд илүүтэй тохиромжтой, тансаг хэрэглээнд орох энэхүү ноос нь синтетик материалыг бодвол байгалийн цэвэр бүтээгдэхүүн, эрүүл мэндэд тустай, тав тухтай, биед зөөлөн олон давуу талтай учир base layer буюу дотуур хувцасаас авахуулаад оймс, малгай гээд олон бараа бүтээгдүүнийг үүгээр хийдэг.

Энгийн ноосноос ялгагдах гол онцлог нь:

  • Хурдан хатдаг ( полистерийг гүйцэхгүй боловч тун дөхнө )
  • Биеийн хөлс, чийгийг сайн гадагшлуулдаг тул эвгүй үнэр гарахгүй
  • Илүү зөөлөн, нарийн ширхэгтэй, биед эвтэйхэн
  • Бага загатнуулдаг
  • Халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаан
  • Үрчийж, бөөгнөрдөггүй

Жаахан хөлрөхөд л биеэс эвгүй үнэр гардаг бол ийм хувцас яг таарна.

Аялалд явахад хувцас хэрэгсэлийн жин тун чухал байдаг. Баглаад явахад Fleece буюу хиймэл ноос мэт хөнгөн чанар нь хөдөө хээр хол замд аяллын байнгийн хэрэглээ болгож чаджээ.

Мерино удмын хонийг 12 зууны үеэс Испани улсад анх үржүүлж эхэлсэн бөгөөд орчин үед Австрали улсад хамгийн олон тоогоор өсгөж дэлхийд ноосийг нь их хэмжээгээр экспортлодог болсон байна.

Хүний үстэй харьцуулахад хир нарийн болохыг дээрх зургаас харж болно. Түүний хэмжээ 24 микроноос ч бага байдаг байна.

Buff буюу хоолойн алчуур

Buff /bandana/ буюу хоолой хэлбэрийн алчуур аялагч бидний арьс нүүрийг нар салхинаас хамгаалаад зогсохгүй хөлсөө арчих алчуур, хүйтнээс сэргийлэх ороолт малгай гээд олон үүргийг гүйцэтгэдэг шидтэй эд.

Хүн биеийн дулаанаа хүзүү толгойгоороо хамгийн их алддаг. Тиймээс аялалд, ялангуяа өндөр ууланд хүзүүнээсээ түүнийг салгах хэрэггүй юм.

Гэхдээ Buff бүр таныг найдвартай хамгаална гэсэн үг биш. Энэ нь түүнийг хийсэн материал болон технологиос их хамаарна.

Энгийн хөвөн даавуун

Энэ нь тоос шороо хоолой, ам хүзүү чих рүү орохоос сэргийлсэн, бага зэргийн дулаан барих хамгийн энгийн хэрэглээний Buff юм. Амьсгалд хөлөрч чийгтэн, удаан хатдаг тул хэд хэдийг авч явах хэрэгтэй.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг буюу UV protection-той

Ийм Buff -ыг нарлаг халуун цаг агаарт зориулсан нарийн полистер утсаар нэхсэн байдаг. Энгийн даавуун Buff нь нарны хортой туяаг нэвтрүүлдэг. Тиймээс эмзэг арьстай, нарны харшилтай хүмүүс заавал ялгаж зөвийг сонгож авах хэрэгтэй

Нано технологиор хийсэн Buff

Тусгай полистер утсыг нано буюу маш өндөр технологиор нэхэж, түүнд агаар солилцох олон нүхийг хийж өгсөнөөр хөлөрч, цантахгүй агаар сайн нэвтрүүлэн хурдан хатдаг давуу талтай болгосон байна.

Хортон шавж, ялаа шумуулын хамгаалалттай

Хүний эрүүл мэндэд хоргүй ургамалын үнэр, тусгай бодис шингээсэн Buff. Ойролцоогоор 700 угаалтад энэ чанараа алдахгүй байхаар үйлдвэрлэгддэг.

Мерино ноосон

Энэ ноос хүний биеийн температурыг хэвийн хэмжээнд барьдаг, халуунд халууцаж хөлөргөхгүй, хүйтэнд жиндээж дааруулдаггүй онцгой бүтээгдэхүүн. Мөн чийгийг полистер утас шиг сайн гаргадаг тул хөлөрдөггүй, бусад ноосноос өөр.

Buff нь урт болон богино хэмжээтэй үйлдвэрлэгддэг ба дундаж хэмжээ нь 24 см х 51 см.

Түүнийг зүүж хэрэглэх олон арга бий бөгөөд аажим хүн бүр өөрийн гэсэн зүүх дадалтай болчихсон байдаг.

Та харин аль аргаар нь зүүх дуртай вэ?

Fleece буюу хиймэл ноос

Хүний гараар бүтээгдсэн нэгэн гайхамшигт бүтээгдэхүүн бол яах аргагүй хиймэл ноос буюу Fleece юм.

Fleece материалаар уулчид, аялагчдын чихээ дарсан малгайнаас авахуулаад сансрын нисгэгчийн дотуур өмдийг хүртэл хийдэг. Спорт, аяллын хувцас хийхэд хамгийн тохиромжтой материалаар Fleece зүй ёсоор сонгогдсон билээ.

Түүнийг 100% синтетик материалаар хийдэг ч жинхэнэ ноосноос дутахгүй дулаан зөөлөн байдаг.

Хамгийн чухал давуу тал нь амьсгалдаг, хөлөрсөн биеийн чийгийг гадагшлуулдаг, мөн хурдан хатдаг чанар бөгөөд тэр нь аяллын хувцас хэрэгсэл хийхэд орлуулшгүй хувь нэмэр болдог байна.

Үндсэн түүхий эд нь полистер бөгөөд сүүлийн үед ундааны хаягдал хуванцар саваар түүнийг хийх болсон нь байгальд ээлтэй, хог хаягдлыг багасгах маш хэрэгтэй бүтээгдэхүүн болоод байгаа.

Жинхэнэ ноосыг давж гарсан чухал үзүүлэлт нь түүнээс дулаан болоод хөнгөн байх чадвар юм.

Үйлдвэрийн аргаар хиймэл ноосыг нэхэх утасны диаметрийг тун нарийн цувьж гаргаж чаддаг болсон нь ноолуур шиг нарийн, агааран хөндийг өөртөө агуулж чаддагаас дулаан хадгалах үзүүлэлт нь үлэмж дээшилжээ.

Хөвсгөр бөгөөд нягт багатай чанар нь баглаж бооход оворгүй бас хөнгөн болгох давуу талтай. Аялалд үүнээс чухал зүйл юу байхав.

Тэгвэл Fleece болон жинхэнэ ноосыг хооронд нь харьцуулан үзэе:

Fleece

  • Ноосноос зөөлөн
  • Илүү хөнгөн
  • Өнгө оруулах амархан, зураг ч хэвлэж болно
  • Норвол дулаан хадгалдаггүй
  • Цахилгаанждаг тул үс, ноос татдаг

Ноос

  • Байгалийн цэвэр бүтээгдэхүүн
  • Норсон ч дулаанаа барьдаг
  • Бие загатнуулдаг
  • Зарим хүнд харшил өгдөг
  • Хүнд

Байгалийн жинхэнэ нооснуудаас Мерино удмын хонины ноос нь илүү онцлог давуу шинж чанартай байдгаас аяллын хувцаст илүүтэй тохирдог бөгөөд харамсалтай нь өндөр үнэтэй учир тийм ч түгээмэл ашиглагддаггүй байна.

Та одоо алийг нь сонгох вэ?

Уулын болон алхалтын гутал – 1

Томдож, багадсанаас хөл холгох, норох, хальтирч гулгах, даарч хөрөх, чийгтэх гээд алхалтын болон авиралтын гутлаа яаж сонгосноос сэтгэл хөдлөм аялалаа цаашид үргэлжүүлэх үү эсвэл буцах уу гэдгийг шийдэх хүнд үе бидэнд хааяа тулгардаг.

Тэгвэл гутлууд ямар ялгаатай, яаж зөвийг сонгох вэ?

Юуны түрүүнд 3 зүйлийг сайн мэдэх хэрэгтэй.

1.Шагай түрийний хамгаалалт

2.Материал

3.Хөлд таарах эсэх

Алхалтын гутал

Шагайн хамгаалалтгүй

Өдөртөө яваад ирэх энгийн алхалтанд өгсүүр уруу, бартаа багатай замд таарах хөнгөн гутал. Гол нь зам ус чийг, шавар шавхайгүй бөгөөд хальтарч унаж шагайгаа мултлах эрсдэлгүй байх хэрэгтэй. Мөн үүрэх ачаа хөнгөн бол сайн (хазгай гишгэхэд нуруунаас шагайнд хүнд ачаалал өгөхөөргүй).

Түрий богино учраас хөл чийгтэж хөлрөх нь бага ч гүехэн ус, өвсний шүүдэрт ч норох амархан.

Бас сэрүүн улиралд шагайгаар даарч магадгүй шүү.

Шагайн хагас хамгаалалттай

Энэхүү гутал нь өдөртөө, эсвэл цөөхөн хоногоор ойр зайд, хөнгөнөөс дунд зэргийн хүнд ачаатай, ус чийг багатай газраар явахад тохиромжтой. Уян бөгөөд хөнгөн, туулах чадвар сайтайгаас гадна ул нь харьцангуй зөөлөн тул хадтай газар явахад хөл доорхи чулууг мэдэрч тэнцвэрээ сайн олох боломжтой байдаг.

Шагайн бүтэн хамгаалалттай

Харьцангуй хүнд ачаатай олон хоногийн урт, шавар устай, хад чулуутай газраар явахад зохимжтой бөгөөд урд хоншоор нь давж гарсан резинэн даруулгатай тул хөлийн хурууг хамгаалаад зогсохгүй шаардлагатай бол энгийн муурын хумс буюу гутлын хадаас хийгээд бага зэргийн мөс цастай газраар ч явж болдог.

Хад чулуунд элэгдэхгүй, удаан хугацаанд явахад хөл өвтгөхгүй үүднээс хатуувтар ултай хийгддэг.

Материал

Цэвэр арьсан

Байгалийн арьс ширэн гутал амьсгалдаг бөгөөд ус, цас, хад чулуунд тэсвэртэй тул ихэнх аяллын гутлын үндсэн түүхий эд болдог бөгөөд гол нь цэвэрлэж хатаахдаа л аргачлалыг зөв мөрдөх хэрэгтэй юм. Үгүй бол хатаж хорчийж, сунаж агших асуудал гардаг.

Синтетик

Полистер, нейлон гутлууд хөнгөн бөгөөд хурдан хатдаг тул орчин үед аялалд түлхүү хэрэглэдэг болсон ч арьс шиг эдэлгээ удаан биш. Хэдий тийм ч үнэ илүү хямд бөгөөд нэмэлт дулаалгатай хийж болдог тул хүйтэн улиралд хөл дааруулдаггүй сайн талтай.

Мөн Gore-Tex болон Out-Dry технологиуд нь агаар солилцоо сайтай хөлөрч чийгшихгүй, ус нэвтрэхгүй уян зөөлөн хөлд эвтэй материалуудаар гутлыг хийх боломж олгодог. Дээрх хоёр материалуудын давуу талыг хольж хийсэн гутлууд ч худалдаалагддаг.

Мэдээж улын хээ сайтай байх тусам газартай сайн барьцалдах хэдий ч Vibram төрлийн ултай гутал уул хаданд зууралт сайтай, хөлдөж гулгах нь бага байдаг.

Уруу газар гулгахаас хамгаалж өсгий талын уланд илүү гаргаж товойлгосон хээтэй гутал илүү сайн.

Хөлд таарах

Алхалтын гутал нь уулын гутлыг бодвол яг таарсан (хөлийн хуруу чөлөөтэй хөдлөхөөр) байх хэрэгтэй.  

Үдээс хойш хүний хөл хөөж томордог тул оройдоо дэлгүүр орвол гутлаа багадуулахаас сэргийлнэ.

Аялалд зориулсан, бөөгнөрч холбирдоггүй зузаан, нимгэн оймсоо авч очоорой. Ажилдаа өмсдөг оймстойгоо тааруулж үзэх хэрэггүй.

Боломж олговол дэлгүүр дотор хэсэг хугацаанд нааш цааш сонирхож буй гуталтайгаа алхаж үзэх хэрэгтэй. Хазгай налуу газар, шат олдвол бүр сайн.

Цахим худалдаагаар гутал авах бол эхлээд ижил загварын гутал хэн нэгэн танилд тань байгаа эсэхийг асууж сураад олдвол өмсөж үзэх хэрэгтэй. Гутал нь тухайн загвараасаа хамааран өмсгөл өөр байх боломжтой тул авсан хойно таарахгүй асуудал үүсч магадгүй.

Гутлаа яаж үдэх нь өмсгөлд бас хамаатай тул чанга зөөлөн үдээд нааш цааш явж үзээрэй. ( илүү мэдээллийг зөвлөгөө булангаас “Уулын алхалтын гутлыг хэрхэн үдэх вэ? ” -ээс авч болно )

Эцэст нь хэлэхэд авсан гутлаа шинээр нь уул рүү бүү чирж очоорой. Наана нь хот газар ажилдаа, ойр зуур өмсөж алхаж зөөллөх хэрэгтэй. Үгүй бол ууланд хөлийг тань холгож сайхан аяллыг баллаж магадгүй.

Үргэлжлэл бий…

Уулын аяллын түрийг хэрхэн сонгох вэ?

Хэдий ус нэвтэрдэггүй сайн гуталтай байгаад, түрийг нь чангалж үдсэн ч цас, ус, шороо, чулуунаас бүрэн хамгаалж чадахгүй.

Хаашаа явахаас шалтгаалан урт богино, зузаан нимгэн, давхар хамгаалалттай хамгаалалтгүй гээд олон төрлөөс бид сонгох хэрэг гардаг.

Мэдээж аялах замын онцлог цаг агаар үүнд бас хамаатай.


Төрөл.

Алхалт болон үүргэвчтэй аялалд:

Энгийн алхалтын түрий хөнгөн, агаар солилцоо сайтай, бага зэргийн бороо усанд тэсвэртэй , заавал их үнэтэй бөгөөд үрэлтэд зориулсан тусгай хамгаалалттай байх шаардлагагүй байдаг.

Өндөр уулын:

Уулын өндрийн аяллын түрий харин маш бат бөх, зузаан цасанд зориулсан өндөр (урт) байх ба бүр зарим нь нэмэлт шилбэний дулаалгатай ч хийгддэг. Gore-Tex технологи бүхий амьсгалдаг түрий нь олон хоногийн удаан авиралтад гутлын чийгийг гаргаж байдаг ба хөлнөөсөө жиндэхээс сэргийлдэг, дулаан хадгалах сайн талтай.

Спортын (цана, снөүборд, мөсөн авиралт)

Идэвхтэй хөдөлгөөнд зориулсан уян, сунамхай (тефлон материалтай ч бий), ус чийгний өндөр хамгаалалттай бас хөнгөн, бат бөх байхаар хийгддэг.   

 Гүйлтийн:

Ултра трейл, уулын гүйлтийн түрийний гол үүрэг нь хад чулуу гуталд орохоос хамгаалах хөнгөн, нимгэн, богино байдаг.


Хэмжээ.

Ер нь түрийний өндөр, хамгаалалт хир их хэрэгтэй байхаас хамаарна.

Тод жимээр алхах, гүйхэд өндөр байх шаардлагагүй. Шагайнаас дээш, шилбэний дунд хүртэл байхад хангалттай.

Бороо, цасных бол харин өвдөг хүртэл байх нь зөв.

Ялангуяа бороо устай үед түрийг hardshell буюу ус нэвтэрдэггүй өмдний дотор зүүх нь илүү хэрэгтэй. Өмдний гадуур зүүсэн түрийний завсраар дотогшоо ус дагаж урсан гутлын түрийгээр ордог.

Түрий нь таны гуталд таарч байх хэрэгтэй. Ялангуяа жижигдэх нь асуудал илүүтэй дагуулдаг. Улны доод бэхэлгээ нь татаж хүрэхгүй, багадсан түрий ууланд авч очсон тохиолдол гардаг.

Тиймээс уулын гутлаа авч очин өмсөж үзэж байж худалдан авч байгаарай.

Бусад санамж.

Улны доод бэхэлгээний түгжээний хоног шилбэний гадна талд байх ёстой. Дотроо байвал хөлд тээглэж бүдрэх аюул бий.

Анхлан авирч байгаа хүмүүс хөлөө зөв тавьж гишгэж сураагүй, урт замд ядарсанаас гуйвж шилбэний дотор талын доод хэсэгээр мөсний тахны шүдийг зоох, тээглэх, урах асуудал гардаг тул нэмэлт зузаалган хамгаалалттай түрийг сонгохыг зөвлөе. Ууланд нэгэнт хүү татсан, уранхай түрий юунаас ч хамгаалж чадахгүй.

Мөн дээд бэхэлгээ бүслүүр нь татаж чангалдаг, хавчдаг бол төдий чинээ сайн. Үдээсэн уяаг хамаагүй их чангалах боломжгүй байдаг сул талтай  (цусны эргэлт боох, шигдэх, хөдөлгөөнд саад болох)

Хад чулуутай газраар зун явахад ч түрий хэрэг болдог. Сул хайргатай газар гутал дотор яаж ийгээд чулуу орчдог зовлон бий.

Нэмж хэлэхэд түрийний доод улны уяа хаданд үрэгдэж тасрах тохиолдол түгээмэл тул нарийн троссон уяа сонговол хурц хад чулуунд тасардаггүй давуу талтай.


Орчин үед шавж, хорхой хөлөөр дамжиж дээш биед орохоос сэргийлсэн хамгаалалттай тусгай түрий хүртэл үйлдвэрлэдэг болсон байна.

Image result for hiking socks

Оймс

Хүн 1,6км явган явахад ойролцоогоор 2000 алхдаг. Замын саад, хад, мод, өгсөх, уруудах зэргээс шалтгаалж энэ тоо өснө. Олон цагийн бартаат алхалтанд холголтгүй хөлний цор ганц найз бол сайн оймс юм аа. Анзаараад байхад шинэ хүмүүс оймсыг тоохгүй тааралдсаныгаа өмсч хөлөө нэг сайн холгосоны дараа л ойлгодог. Тэгэхээр туршлагатай аялагчид шинэковууддаа сайн зөвлөж байгаарай .

Алхалтын оймсыг сонгоход 4 үзүүлэлт байдаг:

  • Оймсны түрийний өндөр: зөв өндөртэй оймс хөл, шагай, шилбэ зэргийг гуталд үрэгдэж холгохоос сэргийлнэ.
  • Зузаалга: Зузаалга нь өмсөхөд тухтай байдал, дулааны үзүүлэлт
  • Материал: Ихэнх аялалын оймсны үндсэн материал нь мерино ноос байдаг ч, зарим нь полистр, нейлон материалтай ч байдаг.
  • Хөлөндөө тааруулах: Хөлөнд яг таарсан оймс холгох магадлалыг үлэмж бууруулдаг.

Оймсны түрийний урт

Мэдээж түрийн урт шагайнаас өвдөг хүртэл олон янз байдаг. Өмсөх гутлын түрийни өндөртэй тааруулж сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд оймсны түрий гутлын түрийнээс илүү гарч, гутал арьстай шууд үрэлцэхээргүй байх ёстой.

examples of hiking socks of various heights

Алхалтын үндсэн 4 төрлийн оймс

  • Түрийгүй /No-show/: Түрийгүй, спорт гутлууд, гүйлтийн гуталд тохиромжтой. Түрийтэй гуталтай өмсч болохгүй.
  • Богино түрийтэй /Ankle/: Шагайны дээхнүүр түрийтэй учраас дундаж алхалтын гуталтай хослож болно.
  • Урт түрийтэй (Crew): Энэ нь алхалт, аялалын хамгийн тохиромжтой оймс юм. Шагайнаас дээш 10аад см өндөр түрийн нь сайн хамгаалалт болдог. Бусад гутланд өмсч болох ч дулаан цаг агаарт тохиромжгүй.
  • Өвдөг хүрсэн урт (Knee high): Энэ оймс нь ихэвчлэн ууланд авирагч, цана, сноубордчидод зориулагдсан байдаг. Дээрх спортуудад өмсөгддөг хүнд, овор ихтэй, түрийгээрээ чанга барьдаг гутлыг өмсөхөд хөлөнд маш сайн хамгаалалт болж өгдөг юм. Мөн хүйтэн нөхцөлд урт түрий нь хөл шилбэ хүртлээ дулаан байхад дэмтэй.

Оймсны зузаалга

detail of the cushioning on a pair of hiking socks


Энэ нь оймс өмсөхөд хир зөөлөн ба дулаан болохыг илтгэнэ. Мэдээж ямар төрлийн аялалд, хаашаа явж байгаа, цаг агаарын урьдчилсан мэдээ зэргээс шалтгаалж хир зузаан оймс авч явахаа шийднэ. Зузаалга сайтай оймс ямар ч идэвхитэй хөдөлгөөний үед хамгаалалт сайтай хэдий ч бас дулаан учраас хөлийг хөлрүүлдэг. Иймд тухайн спортдоо тохирсон ойис сонгох нь ухаалаг юм.

Үндсэн 4 төрлийн зузаалга байдаг:

  • Зузаалгагүй /No cushioning/: Маш хөнгөн, нимгэн энэ оймс дулаан цаг агаарт тохиромжтой. Энэ оймсны зарим төрөл нь хайкингд зузаан оймсны дотуур өмсөгддөг. Ингэснээр холголт багасч, хөл хөлрөлтийг багасгадаг. Гэхдээ өнөө үед заавал нимгэн оймс өмсөх шаардлагагүй дэвшилтэт технологитой зузаан оймснууд гарч ирсээр байгаа. Гэм нь үнэтэй л байх.
  • Бага зузаалгатай /Light cushioning/: Дулаан цаг агаарт тохиромжтой. Ерөнхийдөө нимгэн боловч өсгий, өлмий хэсэгтээ багахан зузаалгатай.
  • Дунд зэргийн зузаалгатай /Medium cushioning/: Өсгий, өлмий хэсэгтээ зузаалга сайтай учир хэвийн болон сэрүүн уур амьсгалд алхалт, аялалд тохиромжтой.
  • Зузаалга сайтай /Heavy cushioning/: Хамгийн зузаан, хамгийн дулаан оймс. Хүйтэн уур амьсгалд, урт хугацааны аялалд, өндөр ууланд авиралтад зориулагдсан.

Оймсны материалын төрлүүд:

detail of the texture and material of hiking socks

  • Ноос – Одоог хүртэл хамгийн тохиромжтой оймсны материал хэвээр байгаа. Биеийн дулааны тэнцвэрийг сайн зохицуулдаг тул хөлийг хөлрөхөөс хамгаалахаас гадна зөөлөвч сайтай. Мөн байгалиасаа нян үржихээс хамгаалдаг бүтэцтэй тул нейлон материалтай харьцуулахад шивэртэх нь бага. Одоогоор арьс загатнуулах нь бага учраас энгийн ноосноос илүү мерино ноос өргөн хэрэглэгдэж байгаа. Мөн нийлэг холилдсон холимог ноос бас түгээмэл. Энэ нь эдэлгээ урт, хурдан хатдаг давуу талтай.
  • Полистр – Энэ нь хөлсийг сайн шингээж хурдан хатдаг. Ноостой хольсоноор дулаахан, эдэлгээ урттай, хурдан хатдаг оймс гарч ирдэг.
  • Нейлон – Мөн адил хөлсийг сайн шингээж хурдан хатдаг нийлэг материал.
  • Силк – Нимгэн, хөнгөн материал тул ихэвчлэн дотор оймс болгож өмсдөг.
  • Спандекс – Алхалтын ихэнх оймснууд бага хэмжээний спандекс оруулдаг. Энэ резин материал нь оймсны хэвийг барих, гутал дотор гүйж, нугаларахгүй байлгах үүрэгтэй.


Оймсыг хөлд тааруулах нь алхалт, авиралтад ихээхэн нөлөөтэй. Томдвол гутал дотор үрчийж хөл холгоно, багадвал хуруу авчиж эсвэл хөлд гүйнэ. Ерөнхийдөө гутлын биш хөлний бодит хэмжээ буюу MONDO SIZE-аа харж оймсоо сонгоно шүү.

 

Гадуур хүрэм. Hardshell vs Softshell

Алхалт, авиралтад авирагчид байгаль цаг уурын нөлөөлөлөөс өөрийгөө хамгаалж, салхинд даарахгүй, бороо цасанд норохгүй, хөлрөхгүй хуурай байх нь маш чухал. Энэ нь гадуур хувцасаа хир зөв сонгохоос ихээхэн шалтгаална.

Энэ удаад гадуур куртка хэрхэн сонгох тухай зөвлөе.

Hard shell буюу ус болон салхи нэвтрүүлдэггүй аялалын куртка, Soft shell буюу ус салхинаас бүрэн хамгаалахгүй ч,  дулаан, уян, хөдөлгөөн хорихгүй сунамтгай куртка гэж 2 янз байдаг.

Энэ 2 куртка нь өөр өөрийн зориулалт, үүрэгтэй. Тэгэхээр ямар үед алийг нь сонгох вэ?…

Hard shell /үгчилж орчуулбал Хатуу Хальст/ гэж юу вэ?

Hard shell гэдэг нь ус нэвтрүүлдэггүй, химийн аргаар хүчитгэсэн куртканы нейлон гадна давхрага юм. Салхи, халуун, бороо, цас зэрэг байгалийн үзэгдэлүүдээс хамгаалах үүрэгтэй.

Hard shell куртканы бүх оёдол нь ус нэвтрэхгүй туузаар давхар хамгаалагдсан байдаг. Доторлогооны материал нь мөн адил гадна давхрага гэмтэхэд ус нэвтрэхгүй мембрантай. Товчхондоо байгалийн хатуу ширүүн нөхцөлд таныг хамгаалахаар бүтээгдсэн.

Бороо, цаснаас хамгаалах тул юүдэнтэй байдаг. Үнэ болон чанар нь хэдэн давхрагатай вэ гэдгээсэээ шалтгаалана. 2, 2.5, 3 давхрагатай гэж байдаг.

2 давхрагатай

Ихэнх борооны цув энэ технологиор хийгддэг. Усны хамгаалалтын DWR давхрагаар бүрэгдсэн гадна материал, мөн түүнтэй наасан нейлон, полистр материал хоёроос бүтдэг. 2 давхаргатай куртка нь 2.5 давхаргатай куртканаас жингийн хувьд хөнгөн боловч хамгаалалт муу байдаг. Зөвхөн гадна давхарга нь гадны хүчин зүйлүүдээс хамгаалдаг ба дотор давхарга нь усны л хамгаалалттай байдаг.

Давуу тал: уян чанартай, хямдхан, биед эвтэйхэн

Сул тал: агаар солилцоо муутай, 2.5 болон 3 давхрагатай харьцуулахад хэврэг, хамгаалалтын зэрэг багатай.

2.5 давхрагатай

2 давхрагатай материалтай гадна давхрага нь адил боловч дотор талдаа нимгэн полиуретан материалаар бүрэгдсэн байдаг. Энэ нь гадна давхрагын агаар солилцох нүхнүүдийг бөглөж магадгүй хөлс, тос, шороо зэргээс хамгаалах зориулалттай. Энэ давхрагууд нь энгийн нүдээр ялгаж харахад хэцүү, нэг л цул материал шиг харагдана. Энэ технологи нь агаар солилцоо хангалттай биш учраас хэрэглэгчид чийг татдаг гэж гомдоллодог.

Давуу тал: уян чанартай, хөнгөн, овор багатай, 3 давхрагатайгаас хямд үнэтэй, боломжийн үнээр авч болох боломжийн чанар.

Сул тал: агаар солилцоо муутай, 3 давхрагатай харьцуулахад хэврэг, хамгаалалтын зэрэг арай багатай.

3 давхрагатай

Энэ технологи нь одоогоор байгаа хамгийн шилдэг нь юм. PTFE (polytetrafluoroethylene) материалтай гадна давхрага, ус нэвтрүүлэхгүй, агаар солилцдог мембрантай полиуретанаар бүрсэн 2 дахь давхрага, мөн 2 дахь үеийг арьстай шууд хүрэлцэх, хөлс, тосноос хамгаалах 3 дахь давхрагаас бүрдэнэ. Бүх оёдол нь усны хамгаалалттай утсаар оёгдсон байдаг.

Усны хамгаалалттай, амьсгалдаг давхарга гэж юу вэ?

Усны хамгаалалттай, агаар нэвтэрдэг давхарга нь хөлс чийгийг гадагшлуулах, цас болон борооноос хамгаалдаг даавуун доторлогоо юм. Өнөөдөр зах зээл дээр өндөр чанартай брэндүүд Gore-tex технологийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа.

PTFE материал нь нэг милиметрт 10,000 болон түүнээс дээш hydrostatic (усан контакт)-г эсэргүүцэх чадвартай ус бороо нэвтрүүлдэггүй технологи юм. Ус нэвтрүүлэхгүй чадварыг доорхи хүснэгтээс харж болно.

Усанд тэсвэрлэх зэрэг (мм) Ус нэвтрүүлэхгүй чадвар  Цаг агаарын нөхцөл
0-5,000 мм Тодорхой хэмжээний чийгний хамгаалалттай Зөөлөн бороо, хуурай цас, усны даралтгүй
6,000-10,000 мм Бороонд норохгүй, бага даралттай усанд тэсвэртэй. Зөөлөн бороо, дунд хэмжээний цас, бага даралттай ус
11,000-15,000мм Өндөр даралттайгаас бусад бороо, усанд тэсвэртэй. Дунд зэргийн бороо, дунд хэмжээний цас, бага даралттай ус
16,000-20,000 mm Өндөр даралттай бороо, усанд тэсвэртэй. Хүчтэй бороо, нойтон цас, даралттай ус
20,000 mm+ Маш өндөр даралттай бороо, усанд тэсвэртэй. Хүчтэй бороо, нойтон цас, өндөр даралттай ус

10,000мм гэдэг нь товчхондоо уг материал дээр 2,5х2,5см хэмжээтэй урт хоолой тавиад усаар дүүргэхэд 10м урт хоолойг дүүргэх хэмжээг хэлнэ. Ийм хэмжээний усны даралтанд уг материал тэсвэрлэх нь байна.

Soft shell /үгчилж орчуулбал Зөөлөн Хальст/ гэж юу вэ?

Хоёр давхар нэхмэл полистр материалыг хооронд нь наасан бүтэцтэй, доторлогоо нь ихэвчлэн fleece буюу хиймэл ноосор хийсэн, ихэвчлэн юүдэнгүй байдаг. Хөдөлгөөнтэй спортод зориулагдсан хөнгөн, хөдөлгөөн хорихгүй, суналттай, хамгаалалт сайтай технологи юм.

Хайкинг, дугуй, сноуборд, цанаар гулгах зэрэг байгальд хийдэг олон төрлийн спортод өмсдөг учраас Soft shell куртканд хамгийн чухал үзүүлэлт бол агаар солилцуулах чадвар. Агаар солилцоо сайн байснаар хүн эрчимтэй хөдлөх үед биеийг хэт халахаас сэргийлж хөлсийг гадагшлуулж байдаг.

Их хүйтэн болон ширүүн бороонд хамгаалалт муутай тул ерөнхийдөө хуурай, сэрүүн нөхцөлд тохиромжтой.

Тэгэхээр хэзээ алийг нь өмсөх вэ гэж үү?…

Хэрэв өдрийн аялал хийхээр цаг агаарын мэдээ харахад бороотой гэвэл Hard shell авах хэрэгтэй, үгүй бол Softshell л хангалттай. Харин олон өдрийн аялалд явах бол бороотой бороогүй заавал ч үгүй Hard shell-ээ аваарай. Хөнгөн, үүргэвчинд зай бага эзлэнэ, мөн олон нөхцөл байдалд хамгаалалт болдог тул хэрэглээ ихтэй юм.

Сэрүүн, хуурай нөхцөлд дугуй унах, хаданд авирах, хайкинг хийх, гүйх зэрэгт Softshell маш тохиромжтой. Мөн зарим бороо, салхитай үед Hard shell-н дотор Softshell давхар өмсөж дулаалвал бүр илүү таатай байх болно.

Холбоо барих

Утас: 9911-5377

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 409 тоот