Browsing category

Нийтлэл

Нийтлэл,

Г. Н. Потанин. “Монголын баруун-хойд нутаг”

Тус бүтээл нь Оросын Газарзүйн нийгэмлэгийн гишүүн, алдарт аялагч Григорий Николаевич Потанины 1876-1877 онд Алтайд хийсэн аялал, судалгааны ажлын материалд тулгуурлан бичсэн 4 боть бүтээлийн 2-р цуврал нь болноо. Энэхүү бүтээлд Түрэг болон Монгол угсаатны гарал үүсэл, хэл, аялгын ялгаа, тус 2 угсаатны адил болон ондоо талууд, амьдралыг өдөр тутмын зан үйлүүд, үлгэр домог, аман түүх, шашин шүтлэг, ургамал, амьтан зэргийг багтаасан баялаг мэдээлэл бүхий ном юм.

Мөн аялагч, зохиогч Потанин энэхүү бүтээлийнхээ ард талд Монголд болон Төв Азид аялжу буй нутаг нэгт судлаач нартаа зориулан захиа маягаар мэдээлэл өгч байсан баримтуудыг хавсаргажээ.

Григорий Николаевич Потанин

Сибирь болон Төв Азийг нарийвчлан судалсан Оросын судлаач, 1863-1899 оны хооронд Зайсан нуур, Тарвагатайн нуруу, Монгол, Тува, Умард Хятад, Их Хянганы нуруу, Түвд рүү хэд хэдэн удаагийн экспедици зохион байгуулсан. М. В. Певцовын хамтаар Монгол орноор аялж байхдаа өдгөө бидний нэрлэдэг Их Нууруудын хотгорыг нээсэн. Хүн ам, угсаатны талаар мартериалуудыг цуглуусан.

Григорий Потанины аав нь Сибирийн казак отрядын дайчин байжээ. Тэрээр алба хааж байхдаа зөрчил гаргасан учраас сахилгын арга хэмжээ авахуулж шоронд хүртэл сууж байв. Григорий Потанины ээж нь түүнийг бага байхад нь нас баржээ. Хүнд хэцүү амьдралыг туулсан Потанин хүүд ганцхан хүсэл мөрөөдөл байсан нь аялах байжээ. 8 настайдаа алдарт “Робинзон Крузо” романыг ушнсанаар аялалд сэтгэл зүрхээ өгчээ. Омскийн цэргийн сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн Потанин ойр орчмын газар нутгийг судлах ажилд оролцдог байжээ. энэ нь түүний үед жинхэнэ туршлага, бэлтгэл болдог байв. Чөлөөт цагаа амьтан ургамал судлал сонирхож өнгөрөөдөг байв.

1853 онд Потанин Илийн сав газарт хүрч цаашлаад Тэнгэр ууланд очсон байна. 1853 оны Алма-Ата хот хүрч, бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулсан байна. улмаар Потанин Хятадын баруун хэсгээр аялж яваад алдарт судлаач аялагч И. И. Захаровтой танилцжээ. Захаров түүнд Хятадын болон Төв Азийн түүхийг судлах талаар зөвлөжээ. Тэнгэр уулын аялалыг дуусгасны дараа Потанин Алтайн нурууг судлахаар шийдсэн байна.

Тэрнээс өмнө Омскт Потанин алдарт аялагч, судлаас “Тэнгэр уулын” хэмээн алдаршсан Семеновтой уулзаж өөрийн биологийн мэдлэгээрээ анхаарлыг нь татжээ. Потанин хэдийгээр Петербургийн Их сургуульд суралцсан боловч 2 жил болоод сургуулиасаа гарсан байна. энэ үед Потанин 24 настай байжээ. Семеновын зөвлөсний дагуу Потанин Сибирийн өмнөд хэсгийг зорьж, Оросын хилийн дагуу газарзүйн болон одон орны судалгаа хийсэн байна. Потанин Эрчис мөрөн, Зайсан нуур, Тарвагатайн нуруу хүрч тухайн нутгийн хүн ам, үндэстэн ястны онцлог, ардын домог зэрэг ховор материалууд цуглуулсан байна.

Судалгааны ажлын дараа Потанин Сибирьт эргэн ирсэн бөгөөд “Сибирийн эх орончид” хэмээх нууц бүлэгт элссэн байсан нь илэрч засгийн газраас түүнийг баривчилсан байна. Потанин Омскийн шоронд 3 жил хоригдож, 5 жилийн турш хүнд хүчир ажил хийжээ. “Энэ бол миний амьдралын хамгийн утгагүй, хий дэмий өнгөрөөсөн 8 жил” хэмээн хожим дурссан гэдэг. 
8 жилийн хүнд ял эдэлсэн ч гэсэн хүсэл мөрөөдлөө тэрээр орхисонгүй. 1876 оны зун Зайсан нуурын орчим бэлтгэлээ базааж аваад Монгол Алтайн нурууг чиглэн хөдөлжээ. Ховд хот орох экспедицийг Потанин толгойлохоор болжээ. Энэхүү хүндтэй үүргийг Оросын газарзүйн нийгэмлэг түүнд даалгажээ. Ховд хотод очсон Оросын экспедици Алтайн нурууг даган зүүн-урагш явсаар Баатар хайрханы нуруу, Сутай хайрхан уул хүрсэн байна. 13 хоногийн турш аялсан багийнхан Алтайн нурууны өмнөд хэсэгт байрлах Шар Сүм хэмээх сүмд очжээ.

Шар Сүмд орох гэсэн боловч нутгийн лам нар эсэргүүцэж Оросуудыг тэндээс явахыг шаарджээ. Хэлэлцээр хийх гэсэн боловч амжилт олсонгүй. Потаниныг лам нар барьж аваад түр хугацаагаар хорьсон байна. Ингээд Оросын аялагчид Шар Сүмийн лам нарын зааж өгсөн газраар л явахаас өөр аргагүй болсон ба тэднийг алдалгүй харж байхыг нутгийн иргэдэд үүрэг болгосон байна.

Хэдийгээр энэ аялалын үед хүнд байдалд орсон ч гэсэн экспедицийнхэн Зүүнгарын говьд хүрч чаджээ. Мөн Харлаг тал, Мичин уул зэргийг нээж газрын зурагт оруулан зуржээ. Потанин цааш хөдөлж Хамигийн баян бүрдүүдэд хүрсэн. Тэндээсээ зүүн, зүүн-хойд зүгийг барин хөдөлж, Тэнгэр уулын зүүн хэсэг, Зүүнгарын говь, Монгол Алтайн нуруугаар аялжээ. Өөрөөр хэлбэл Тэнгэр уул болон Алтайн нурууны заагийг тодорхойлж, газрын зурагт буулгажээ. Алтайн нурууны салбар болох Аж Богд ууланд хүрч, цаашлаад Завхан гол, Хангайн нурууны баруун хэсэг, Улиастай хот оржээ.

Монгол Алтайн нурууг хөндлөн гулд 3 удаа аялсаны үр дүнд олон тооны өндөрлөг болон уулын хоорондын хоолойнуудыг газрын зурагт буулгасан байна. Ерөнхийдөө Потанин Монгол Алтайн нурууг судлалыг шинжлэх ухаанд нэвтрүүлсэн юм. 
Улиастай хотоос аялагчид зүүн-хойд зүгийг барин хөдөлж, Хангайн нуруу хүрсэн бөгөөд цаашлаад Сэлэнгэ мөрний сав газар хүрчээ. Өөрөөр хэлбэл Завхан аймгаас урсдаг Идэр мөрөн, Хөвсгөл аймгаар урсдаг Дэлгэрмөрөн голуудын цутгал буюу Сэлэнгэ мөрний эхэд хүрсэн байна. Потанины бас нэг гавьяа гэвэл тэрээр Хөвсгөл аймагт байх Сангийн Далай нуурыг анх удаагаа газрын зурагт оруулсан хүн юм. 
1876 оны намар Потанин тэргүүтэй судлаачид Хөвсгөл нуурын өмнө захад хүрсэн байна. Аялагчид 50-р өргөрөгийг баримжаалан баруун зүг явсаар 11-р сард Монгол орны хамгийн том талбайтай нуур буюу Увс нууранд хүрч очсон байна. Энэ аялалынхаа явцад экспедици зам зууртаа Хан Хөхийн нуруу, Бөөрөг дэлийн элс, Тагнын нурууг газрын зурагт буулган оруулжээ.

Увс нууранд хүрсэний дараа аялалын багийнхан 2 хуваагджээ: Потанин өөрөө өмнө зүгийг барин нууруудыг баримжаалан явсаар Ховд хот хүрсэн бол Рафайлов өргөрөгийн 50-р хэмээр баруун зүгийг барьсаар Алтайн нурууны баруун хязгаарт тулж иржээ.

Тухайн үед Ховд хот Монголчуудын хувьд худалдааны том зангилаа хот байжээ. тэнд Потанин өвлийг өнгөрүүдээд өөрийн цуглуулсан мэдээллүүдийг цэгцэлсний дараа Ховд хотын хүн ам, аж ахуйтай танлцжээ. Бээжингээс ирэх олон тооны тэмээн жингийн цуваа Хятадын нэр нүүр болсон торгыг их хэмжээгээр авчирч байсан бөгөөд тамхи, шаазан эдлэл, цайг их хэмжээгээр зарж байсныг тэмдэглэлдээ оруулсан байдаг. Ховдод ганцхан Бээжингээс бараа очдог байсангүй. Оросоос элсэн чихэр, төмөр эдлэл ирдэг байсан бөгөөд эдгээр нь Хятадуудын хувьд өндөр эрэлттэй бараа байжээ. Ховд хотод байх уугуул хүн амаас илүү худалдаачид байх бөгөөд авчирсан бараагаа зарж дуусмагч буцах ажээ. Хятадаас томилогдсон амбан захирагч нар бас хурдан солигдож байсан талаар Потанин бичиж үлдээсэн байдаг. Ховд хотын аж байдлын талаар Потанин сайн ажиглалт хийж дэлгэрэнгүй тэмдэглэл үлдээсэн байдаг.

1877 оны хавар Потанин өмнө зүгийг барин хөлөдж Хамид дахин ирсэн байна. Хамид хэсэг хугацааг өнгөрөөсний дараа хойд зүг хөдөлж Ховдоор дайран Улаангом хот хүрчээ. Улаангомоос Тангнын нурууг чиглэн хөдөлж Кош-Агачаар дайран Оросын нутагт орсон байна.

1878 оны эхээр 2 салсан байсан аялалын багийнхан Бийскийн дэргэд нийлж, Рафайлов Потанин нар Баруун Монголын газрын зургийг тодорхой зуржээ. Үүний дараа Потанин Баруун Монголд 2 ч экспедици зохион байгуулсан юм. 1879 оны 6-р сард Кош-агачаас хөдөлсөн аялалын багийнхан зүүн зүгийг барин явсаар Увс нууранд хүрчээ. Потанин зам зуур тааралдах уулуудыг дэлгэрэнгүйгээр судалжээ. Мөн Их нууруудын хотгорыг олж, Хар нуур, Хяргас нуур, Хар-Ус нуурууд нь хоорондоо голоор холбогдсон байж магад гэсэн таамгийг дэвшүүлжээ. Эдгээр нуурууд нь хоорондоо уул нуруудаар зааглагдах боловч хэрвээ уулууд байхгүй байсан бол нэгэн аварга том нуур байх байжээ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ингэж Потанин Баруун Монголд байх Их нууруудын хотгорыг нээжээ. 9-р сард Ховд хотод хүрч, эргээд Увс нуурын орчим ирсэн Потанин тус нуурын талбайг хэмжиж /3350 ам дөр км/ Монгол орны хамгийн том нуур хэмээн тодорхойлжээ.

Увс нуураас хойш хөдөлсөн аялалын багийнхан ой мод бүхий нуруунд тулсан нь Тагнын нуруу байжээ. цааш хөдлөн Углуг Хэм голд хүрч, Енисей мөрний дээд хөндийд тулж ирсэн байна. дараа нь зүүн зүгийг барин хөдөлж Ка-Хэм гол буюу Бага Енисейд хүрчээ. Энэ аялалын үр дүнд Енисей мөрний савыг судалж, Тагнын нурууны тодорхой газрын зургийг зуржээ. Тэндээсээ өмнө зүгийг барин хөдөлсөн Потанины баг Дэлгэрмөрний эхэд тулж ирсэн байна. Энэхүү экспедици нь Эрхүү хотод очсоноор дууссан юм. энэхүү аялалын тэмдэглэлээ сүүлд хэвлүүлсэн гэдэг. 4 боть болсон энэхүү аварга бүтээлийн 2 боть нь Баруун Монголын угсаат ны талаарх тэмдэглэл байжээ.

1881 онд Оросын газарзүйн нийгэмлэг Потанины хөдөлмөрийн өндрөөр үнэлж, “Баруун-хойд Монголд зорчсон тэмдэглэл” бүтээлийг хэвлүүлэхэд туслалцаа үзүүлжээ. 
1884 онд Оросын газарзүйн нийгэмлэг Потанинд Дундад Азид болон Баруун Хятадад судалгаа хийх үүрэг даалгаварыг өгчээ. Энэ нь нэг ёсондоо Пржевальскийгийн аялалыг давтах байсан юм. Энэхүү экспедицийн багт Потанины эхнэр А. В. Потанина багтжээ. 1884 оны 4-р сард аялалын багийнхан Хятадын нутагт нэвтрэв. 2 сарын дотор хүнс нөөцөө, илжиг болон ачааны морь базааж авсан багийнхан Бээжингээс хөдөлж, 7 хоногийн дараа Хятадын Их цагаан хэрмийн баруун захад хүрсэн байна. тэндээсээ Шар мөрний эрэг дагуу явж Хөх хот хүрсэн байна. Хөх Хотод экспедици бага зэрэг саатсанхаа дараа Ордост иржээ. 1885 оны хавар аялалын багийнхан Сининд хүрч, өмнө зүгийг барьсаар Кунлуньд тулж иржээ. мөн Хөх мөрний хойноос ирэх хамгийн том цутгал болох Минзян мөрний эрэгт хүрсэн байна. тэндээсээ зүүн зүгийг барин хөдөлж 200 орчим км явжээ. 1885 оны өвлийг аялалын багийнхан Ланьжоу хотод өнгөрөөжээ.

Түвд-Тангадын хязгаарыг судалсан энэхүү аянаар Потанин энэ хэсэг газрыг ангилжээ. Умард хэсэг нь дунджаар 3000м өндөр уулстай, гол мөрөн цөөхөн байсан бол өмнөд хэсэг нь шовх орой бүхий уулуудтай, тэдгээр уулуудаас олон тооны том, жижиг голууд эх авдаг болохыг тогтоожээ.

1886 оны 4-р сард багийнхан Хөх нуур орчим хүрсэн бөгөөд хойд зүгийг барин явсаар Жошуй голын эхийг олж нээжээ. Энэ үед Потанин Наньшань уулын системийн талаар судалгаа хийжээ. Удалгүй багийнхан Гашуун нуур хүрсэн байна. Потанин Гашуун нуурыг газрын зурагт оруулан зуржээ. Гашуун нуураас хойд зүгийг барин явсаан Говь нутагт орж ирсэн Потанины багийнхан Говь-Алтайн нуруунд хүрч Тост Уулын орчим иржээ. Тост Ууланд ирсэн Потанин уг уулыг судалж, Певцовын зурсан газрын зурагт засвар оруулжээ. Говь-Алтайн нурууг давж, Потанин Орог нууранд хүрсэн бөгөөд хойд зүгийг барин явсаан Түйн голд хүрчээ. Тэндээсээ Орхон голыг даган явсаар Сэлэнгэ мөрөн, улмаар Хиагт хот хүрсэн байна. энэхүү аялал нь 1886 оны 11-р сард дууссан юм. энэ аялалын үр дүнд Потанин Сэлэнгэ болон Орхон мөрний сав газрын заагийг тогтоожээ.

Потанины энэхүү экспедици 101-р меридианаар Төв Азийг хөндлөн гулд туулж, уул нуруудын хоорондын заагуудыг тогтоон, уул нуруудын өндрийг тодорхой хэмжиж газрын зурагт буулгажээ. Энэхүү аялалын тэмдэглэлээ 1893 онд хэвлүүлсэн бөгөөд “Түвд-Тангад-Хятад болон Төв Монголын хязгаар” хэмээн нэрлэжээ.

Потаниныг алдартай болгосон аялал нь Монгол дахь аялалууд нь юм. Потанины аялалын тэмдэглэлүүд нь Петербург дахь Оросын газарзүйн нийгэмлэгээс санхүүжиж хэвлэгдсэн. Потанин Монгол орны талаар судалгаа хийхдээ зөвхөн газарзүй судалсангүй: ургамал, амьтны аймаг, хүн ардын аж байдал, геологийн судалгааг бас давхар хийснээрээ шинжлэх ухааны хувьд өндөр ач холбогдолтой болж байгаа юм.

Түүний цуглуулсан мэдээлэл Орос дахь Монгол судлалд асар их хувь нэмэр болсон бөгөөд одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Монгол орны газарзүйн талаар судалж буй оюутан сурагчид дотор Потаниныг мэдэхгүй хүн ховор бизээ. Потанин хүн ардын аж байдлыг судлахдаа ардын домог, туульс зэргийг бүтээлдээ багтаажээ.

1892 онд Потанин ээлжит даалгавараа Оросын газарзүйн нийгэмлэгээс хүлээн авчээ. Энэ нь Түвдийн өндөрлөгийн дорнод хэсгийг судлах, Сычуань мужид судлагаа хийх байв. Энэхүү экспедици 1892 оны намар Хиагт хотоос гараагаа эхэлсэн бөгөөд бүрэлдэхүүнд нь Потанины эхнэр Александра Викторовна Потанина багтжээ. Бээжин хотод очсон Потанины багийнхан Орос эмч нарын үзлэгт хамрагдсаны дараа Александра Викторовна Потанинаг аялалаа зогсоож нутаг буцахыг зөвлөсөн боловч тэрээр өөрөө татгалзсан байна.

Экспедици Түвдэд очих тэр үед Александра Потанинагийн өвчин хүндэрчээ. Зарим үед ухаан алдаж унаад сэхээ орохгүй уддаг байв. Сэргэсэн үедээ ярьж чадахгүй болдог байв. Григорий Потанин эхнэрийнхээ өвчинд шаналж байгааг хараад аялалаа зогсоохоор шийджээ. Аялалын багийнхан Түвдээс буцаад Бээжин ороод, тэндээсээ Өргөө, Хиагтыг чиглэн хөдөлжээ. Александра Потанина Бээжин орох замдаа нас баржээ.

Потанин дахин экспедици удирдах талаар хэдэн жилийн турш бодоогүй бөгөөд эхнэрийнх нь үхэл түүнд хүндээр тусжээ. 1899 онд Потанин өөрийн хамгийн сүүлчийн экспедицээ удирдсан бөгөөд Манжуур болон Монголын хооронд орших Их Хянганы нуруунд судалгаа хийжээ. Тэр үед Их Хянганы нуруу нь Оросуудын хувьд “цагаан толбо” байсан юм. Домогт аялагч, газарзүйч, судлаач Григорий Потанин 85 насандаа Оросын Томск хотод нас баржээ.

Болормаагийн Батмөнх.

/Хөтөч, газарзүйч, түүх судлаач/

Нийтлэл,

Оргилын дүрэм.

Эверест, Жомолунгма, Сагарматха.

Одоогоос 60 гаруй жилийн өмнө хүн хөлөө тавьсан энэ оргил одоо ч олон уулчдын мөрөөдөл хэвээр. Тэд уул руу олуулаа, цөөхүүлээ авирна, жин, гар, заримдаа амьдралаа алдана. Өдгөөг хүртэл нийт 3000 хүн уг оргилд мөрөө үлдээж, 200 хүн тэнд үүрд үлджээ. 1979 онд АНУ-ын иргэн Рей Генет, Германы уулчин Ханнелора Шмац нар оргилоос бууж явахдаа хүчилтөрөгчийн дутагдал, хүйтнээс болж 8350 метрийн өндөрт амиа алдаж, цогцос нь суугаагаараа хөшчихсөн байсан нь Эверестийн анхны гунигт “дурсгал” болжээ. Хожим 1984 онд тэдний цогцсыг өндрөөс буулгахаар явсан хоёр уулчин мөн л нас барж.

Харин 1990-ээд онд Эверестэд авирах хүний тоог хязгаарладаг байснаа болих үед оргилд үүрд нойрсогчдын тоо эрс өссөн аж. “Үхлийн бүс” хэмээгддэг 7500 метрийн өндөрт агаарын дутагдал, хүйтэн, нарны хурц гэрлээс болж хүний хөдөлгөөн удаашран, зүрхний үйл ажиллагаа сулардаг тул оргил өөд тэмүүлсэн олон хүний сүүлчийн зогсоол тэр болдог.

Гэнэтийн үхлээс зугтах арга нь хурдан уруудах боловч хамт яваа хүндээ туслах гэж цаг алддагаас амьдралаа тэнд дуусгагч олон. 1996 онд цаг агаарын таагүй байдлаас Эверестэд 15 хүн нэг дор нас барсан юм. Амь тавьж буй хүмүүсийн хажуугаар туслалгүй өнгөрөөд явчихсан гэж япон уулчдыг буруутгахад тэд “8000 метрээс дээш өндөрт мораль ярих тэнхэл байдаггүй юм” гэж хариулсан гэдэг. Гагц их хүйтэн, хүчтэй салхи ч үхлийн шалтгаан бус. Цэлмэг, нартай үед оргил өөд тэмүүлэгчдийн зарим нь агаарын дутагдал, туйлдаж ядарснаасаа болж нас нөгчих тохиол олон.
Авирахын тулд 25000-70000 ам.доллар төлж зөвшөөрөл авдаг

Өндөр өөд тэмүүлэгчдийн дунд азтай, гайхалтай гэмээр түүх бас цөөн бус. Хөлгүй, багтраа өвчтэй, нуруундаа олон төмөр хадаастай мотоциклчин гээд өндөрт мөрөө үлдээхийг хүсэгчид бүгд л эрсдэл хүлээж, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин дээш тэмүүлж 8000 метрийн оргилд гарч чадсан юм. “Хүний төлөө өөрийгөө бүү золь”. Энэ бол өндрийн мораль.

ОРГИЛЫН ДҮРЭМ.

Үл таних нэгэнд туслахын төлөө амиа золиослох уу, замчилж яваа хүн аюулгүй байдлын тань төлөө юу хийж чадах вэ, эцэст нь, хэрэв та хэн нэгнээс хоёр дахин илүү (тухайлбал, 60 мянган ам.доллар) төллөө гэхэд илүү баталгаатай, найдвартай “аялж” чадах уу зэрэг хоёр талт олон асуултад хэн хариулт өгөх вэ?

Эверестийн оргилд гарсан домогт хүмүүсийн зарим нь өндрийн моралийг үгүйсгэсэн. Ноён Эдмунд Хиллари “Уулын оргилоос хүний амь чухал” хэмээсэн бол дэлхийн хамгийн өндөр оргилд долоонтоо гарсан Эд Вистурс “Хэрэв чамд тийш зүглэх зориг байгаа бол хүнд туслах зориг бас байгаа гэсэн үг” гэж хэлжээ. Гэлээ ч хэн ч хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн хууль өндөрт л үйлчилдэг гэдэгтэй олон уулчин санал нэгдэнэ. Оргилд авирдаг багийн эмч Терри О’Коннор “Ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд хэн ч, бүр найз минь ч надад туслахгүй гэдэгтэй эвлэрдэг газар бол оргил” хэмээжээ.

ОРГИЛ ӨӨД

Британичууд Энэтхэгийн геодезийн зураг авч байхдаа Жомолунгмаг анх нээсэн гэдэг. Ост-Индийн газар хэмжилтийн албаны дарга Эндрю Вогийн өрөөнд дайрч орсон математикч Радханат Сикдар “Сэр, бид дэлхийн хамгийн өндөр оргилыг олчих шиг боллоо” гэж дуу алдсан аж. Төвдүүдийн Жомолунгма, балбуудын Сагарматха хэмээн нэрийдэх оргилыг тэр үеэс л британичууд газрын зураг зохиох ажилд амьдралынхаа 30 жилийг зориулсан Жорж Эверестийн нэрээр нэрлэсэн.
Дэлхийн хамгийн өндөр оргилд хөл тавихаар зориглогчид мөн л британичууд байлаа. 1921 онд Британийн анхны экспедици судалгааны зорилгоор Эверестэд авирсан бөгөөд багийг туршлагатай аялагч, байгаль судлаач, хурандаа Ховард-Бери ахлав. Харин нутгийн иргэдээр замчлуулах санааг багийн гишүүн Чарльз Брюс гаргажээ. Багийн бүрэлдэхүүнд уулчин Ли Мэллори, Гаи Буллок нар багтсан бөгөөд хамгийн энгийн буюу зүүн хойд талаас нь авирахаар тогтсон байна. Их хүйтэн, хүчтэй салхи, олон сар турш сульдааны улмаас багийнхан оргил өөд авирч чадаагүй аж.
1922 оны тавдугаар сард англичууд оргил өөд дахин зориглож, энэ удаад 7600 метрийн өндөрт лагерь байрлуулж дөнгөсөн ч замчлагч нар цааш явахаас татгалзлаа.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтсан Мэллори, Нортон, Сомервелл, Моршед нар цааш хөдөлж, 8000 метрийн өндөрт хөл тавьсан юм. Тэдний араас явсан дараагийн багийнхан Финч, Брюс нар замчилж явсан найман хүнээ алдсаны дараа арга буюу буцжээ.

1924 он бол уулчдын хувьд “оргил цаг” байлаа. Багийн хуучин бүрэлдэхүүн дээр Эндрю Ирвин нэмэгдэж, 8120 метрийн өндөрт лагериа зоосон агаад зургадугаар сарын 4-нд Нортон, Сомервелл нар дэлхийн хамгийн өндөр оргил өөд ойртож очсон байна. Төдөлгүй Сомервеллийн бие муудаж, Нортон ганцаар 8570 метрийн өндөрт хүчилтөрөгчийн баллонгүйгээр гарч дээд амжилт тогтоолоо. Харин Мэллори, Ирвин хоёр цасанд төөрч сураг алдарсан бөгөөд хожим 1999 онд Жорж Мэллорийн цогцсыг олсон билээ.

1933, 1935, 1936, 1938 онд британичууд хэд хэдэн удаа оргил өөд авирсан ч төдийлэн амжилт олоогүй. 1950 онд Британийн уулчин Билл Тилман, АНУ-ын уулчин Чарлз Хьюстон нар Эверестийн өмнөд талаас авирсан анхны тамирчид болцгоосон аж. 1953 оны дөрөвдүгээр сарын эхээр британичууд хурандаа Хантаар ахлуулсан баг бүрдүүлж, оргил өөд дахин авирсан бөгөөд тавдугаар сарын 29-нд Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нар дэлхийн хамгийн оргилд гарчээ.

ҮНЭ

Эверестэд авирна гэдэг хамгийн аюултай, эрсдэлтэй, бас хямд бус аялал. Балбын нийслэл Катмандуд нисэж хүрэх, тэнд байрлах зочид буудлын үнээс хамаараад эхний зарлага 2000–6000 ам.доллар орчим болдог. Түүнээс гадна ганцаар авирахын тулд 25000, долоон хүнтэй багаар авирахын тулд 70000 ам.доллар төлж зөвшөөрөл авдаг. Үүнд замчлагч хөлслөх, эсвэл Балба, Хятадын холбооны мэргэжилтнүүдээс тусламж авах зэрэг нэмэлт үйлчилгээ 15000 орчим ам.долларын өртөгтэй. Оргил өөд авирах зургаан долоон хоногийн турш хэрэглэх хүнс, түлш, хүчилтөрөгч бүхий баллон нийтдээ 4500 орчим ам.доллар болдог.

Ууланд дурлагcдын групп.

Нийтлэл,

Миний мэдэхгүй оргил ХҮЙТЭН /4374м/ – Алтайн нурууны ноён оргил

Миний бие жирийн нэгэн л биологийн шинжлэх ухааны зах зухаас суралцагч, энгийн нэгэн амьтан судлаач тууштай ажиллах хүчин билээ. Харин сонирхолт уулын аялалдаа бол партизан юм шиг байгаан. Олон сонирхолоо даган түүнд дурлан амьдарч байгаадаа үнэхээр талархууштай. Би магадүй сонирхолоороо өөрийгөө таньж мэдэж болох хэдийч энэ туйлийн үнэнд үл ойртоно төөрөлдсөн төсөөлөл дунд хүргэх бизээ .

Хүмүүний амьдралыг таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдсөөр нийгмийн янз бүрийн хүрээлийн хүмүүсийн амьдралын хэв маягийг хальсанаа буулгах дуртай, өөртөөгөө адил нэгнийг хайсан нь тэр амьдрал надад нэг зүйлийг сургасан нь дэмий гуниглах нь маргаашийн зовлонгоо багасгахгүй , Амьдрал намайг хүн болгон амьдаруулахдаа нурууны минь ачааг нугалах аз жаргал хайрлаасай.

Би ууланд авирах хичнээн дуртай гээч. Үгээр өгүүлшгүй энэ сайхан мэдрэмжийг ууланд авирч үзсэн бүхэн л мэдэрдэг байх. Нэг удаа ууланд авирна, хоёр дохоо ууланд авирна, гурав дах дөрөв дөхөө авирлаа. Авирах тусам улам туршлагажиж, авирах бүртээ дээшээ бүр дээшээ өндрийн өндрийг би зорином. харахад үл хүрэм өндөрлөгт гарсан хэдий ч алсын алс руу тэмүүлэх миний тэмүүлэл хэзээ ч зогсомгүй.

Хязгаарт орчлонд дөнглөгдсөн хэдий ч хэмжээлшгүй жаргаланд умбагч нэгэн байхад, олдсон жаахан жаргалдаа ташууран өөрийгөө хүлсэн нэгэн ч байж мэднэ. 

Хүйтэн 4374метрт

 

Тэнгэрлэг ЭХ ОРОН минь тандаа мөргөмүү

Тэнд, энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмүү

Амь яваа минь таны таалал гэмүү

Агуаа их тандаа би өдөр бүр мөргөмүү :

О. Дашбалбар ЭХ ОРОН шүлгийн дуртай хэсгээс

Ингээд гол тэмдэглэл болох Оргилд гарах торгон агшин мэдэрсэн тухайгаа та бүхэнтэйгээ хуваалцая..,
2017-07,08 нд 15:00минутад аялал маань Улаанбаатар хот Драгон хот хоорондын зорчих газраас эхлэлээ. Аялалын багт маань аялалд нэгдэгсэд клубын гишүүд байв. Бид Улаанбаатар-Баян-Өлгий хот руу автобусаар 46н цаг явж амжилттай явж 11ны өглөө 05:00минутад ирэв..
Өлгий хотод буусны дараа бид нэг хэсэг нь хил хамгаалах албанаас хилийн зөвшөөрөл авч нэг хэсэг нь хоол хүнсний бэлтгэлээ хийж Алтай Таван Богдын BASE CAMP руу 15н цагт хөдөлж шөнө 01:00 минутад хүрч ирэв..
аялалын баг замдаа
Аялалын багтайгаа хамт цөөнгүй хайрханд гарсан болохоор тэр үү бид хоорондоо их сайхан уур амьсгалыг алхам тутамдаа төрүүлдэг билээ..
07,12 ны наадмын өглөө Сүндэрлэсэн өндөр цавчим уулс, ногоон дэлхий, сүүн цагаан гол, өвлийг мэдрүүлсэн хүйтэн тийм салхи угтаж авлаа..Бид Ачаагаа сайтар бэлтгэж тэмээнд ачааллаж цааш Алтай Таван Богд уулын бэл рүү дөхөж отоглох газарлуу алхалтаа ийнхүү эхлүүлсэн билээ. Малчин хайрханы бэл хүртэл 3н цаг 30минутын алхалт хийж хүрэв.. Хайрхандаа ойртох тусам сэтгэл минь түгшиж, үе үехэн омогшиж байв..
бидний ачаа тэмээн жингээр
Чадна гэддэгтээ итгэсэн багийн гишүүд миний хажууд хамт алхана. Ямар нэг зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэсэн үед түүнийг хэрэгжүүлэх шийдлүүд заавал олддог гэж би өөрийгөө зоригжуулж байлаа..
Бидний авиралт 2017 оны 07 сарын 13 ны өглөө үүрээр 03 цагт эхлэв. Цаг агаарын байдал хүйтэн бороо шивэрсэн харанхуй байв. бид олсондоо орж Потаны мөсөн голоор өгсөх тэр үед анхны ядралтаа мэдэрч амралтыг хүн бүхэн хүсэмжилж байлаа.. замд олон ангал хонгилууд таарч тэдгээрийг урд урдах хүмүүс сануулж бид амжилттай цааш алхаж байлаа..
СОНИРХОГЧИД АВИРАХЫГ ХОРИГЛОХОД илүүдэхгүй гэдгийг БИ УХААРСАН !!!
ангал олон тохиолдох нь олон билээ

 

         Сэнгүм ах 1-р хадны ойролцоо
Хүйтэн оргил өөд
Энэ хүнийг Н. Сүрэнжав гэдэг.
Сэнгүм бас Сэнгүр гэхэд нь олон хүн таних болов уу. бидний авиралтын зорилгод хүргэхэд маш их тусалсан хүн билээ..
Боломжийг ашиглаад ахдаа их талархаж буйгаа илэрхийлж эрүүл энхийг хүсэж ерөөё!!
Энэ хүнийг О.Сайханжаргал гэдэг.
О. Сайханжаргал Хүйтэн оргил өөд

Уулын спортын залуухан мастер. бидэнтэй хамтдаа цөөнгүй оргилд хамтдаа замнаж оргилд амжилттай авирахад тус хүргэсэн хүн билээ..

Найздаа цаашдын спортын амжилтанд эрхэм дээдийг хүсэж олон оргилд хамтдаа авирахыг хүсэн ерөөё.
Ширүүн цасан болон бороон шуурганд замаа үл харан бид урагшаа тэмүүлнэ.. яг л үзэж байсан Эверист гэдэг киноны бодит төрх буух мэт,,, Цасан бороонд тэгээд өндөр ууланд Аянга бууна гэж төсөөлсөнгүйээ.. тэр дуу чимээ бидний зориг зүрхийг шалгаж буй хэмээн дотроо би бодож байлаа.. 09:00цагт бид Хоног толгойд ирлээ.. Цаг агаар үнэхээр хүнд байлаа..

Монголын анхны “ Seven summiteer “ МУГТ,ОУХМ Бадамгаравын Гангаамаа эгч хоног толгойд отоглож байлаа.. бидэнд хандаж хэлэхдээ цаг агаарын таагүй нөхцөл байгаа тул өнөөдөр авиралт хийх боломжгүйг анхааруулсан.

Бид авиралтаа зогсоож буцаж отогруу буцах замдаа оров.. Маргааш авиралт хийх нь тодорхой болсон тул бид цуваагаар болгоомжтой уруудав.. буцах замдаа бид маргаашийн замаа гаргаж явлаа..
хүн бүр цас овоолж буй нь
Алхалтандаа нилээдгүй ядарсан бид отогтоо ирэн хоол ундаа эртлэн хийж унтаж амарав. 2дахь удаагийн оролдлогоо бид 07 сарын 14ны өглөө 4цагт босон хийж эхлэв.. мөн өмнөх өдөр шиг бүрхэг шиврээ бороотой өглөө байлаа.. гаргасан зам дагуу бид их хурдан хоног толгойд ирж Сэнгүр ах Сайханжаргалын шийдвэрээр оргил өөд авирахаар шийдэж дээш алхав.. Урдах замыг Сайханжаргал гаргаж алхам алхамаар шалгаж бидний замын аюулгүй байдлыг хангаж байлаа..
оргил өөд
Сэнгүм ах бидэнд гэнэт ослын үед авах арга хэмжээ болон олсонд хэрхэн явах тухай болон сэтгэл санааны олон зөвлөгөөг өгч байлаа.. Бидний ганц хоёр хүн замдаа зүрх шантарч буцах шийдвэр гаргаж байсанч түүнийг Сэнгүм ах зоригжуулж цааш авч явсан нь бидний багийн төлөө гэсэн сэтгэлийг улам хурцалж байлаа.. Олсонд орно гэдэг бол нэг хүн болно л гэсэн үг “Унавал бүгд унаж Үхвэл бүгд үхнэ”
Оргил өөд авирах тусам уулын налуу улам хурцлагдаж буй аюул нэмэгдэж байгааг илтгэж байлаа. түүний сацуу анхаарал улам нэмэгдэж ядралт ихсэж байв,
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ХАЙРХАН БОЛОХ ХҮЙТЭН-4374метрт БИД БАГААРАА 2017 ОНЫ 07 САРЫН 14 НЫ 12ЦАГ 12МИНУТАД
АМЖИЛТТАЙ ГАРАВ..
Оройд цаг агаар хүчтэй цасан шуургатай байсан тул хүн бүр нэг нэг зураг буулгуулж аваад буцах шаардлагатай байлаа.. амжилттай авирсан хүн бүрийн нүүрэнд баярын мишээл тодрох нь хамгийн сайхан нь байлаа.. гэвч уул руу авирахаас буух нь илүү гэсэн бодол буцах замд бодогдож байв.
амжилттай авирсан багийн хамт олон
Авиралт минь амжилттай 19н цагт отог дээрээ буцан ирж амжиллтай дуусгалаа..
                                                              Алтайн Таван Богд- Цагаан гол
Эцэст би хэлэхэд хэзээ ч:
БАГАЖГҮЙ, ТУРШЛАГАГҮЙ, ХҮСЭЛ ЗОРИЛГОГҮЙ,
МӨНГӨГҮЙ, ХУВИЙН БЭЛТГЭЛГҮЙ бол ХҮЙТЭН руу битгий ЗҮГЛЭ..
хэрэв тийм биш бол та зүгээр л бэлд нь ирээд залбираад буцаж болно..
Хүндэтгэсэн: О. СОРОНЗОНБОЛД /магнет/
ТАЛАРХАЛ: Аялалд нэгдэгсэд клуб, хамт авирсан багийн бүрэлдэхүүн, багаж тоног төхөөрөмжөөр тусалсан бүх хүмүүс, ар гэр, найз нөхөд бүгдэд үнэхээр их баярлаж байна..
огноо 2017.07.20
Нийтлэл,

Талын хөх чононд нохойн амьдрал хэрэггүй!

“Одоогоос жилийн өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 21-нд Отгонтэнгэр хайрханд авирч явсан 27 уулчны 17 нь осолдож, монголчууд тэнгэр өөд тэмүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хөвгүүд охидоо үүрд алдсан гүн эмгэнэлт өдөр тохиосон билээ. “Хайрхан аялагч клуб”-ын тэргүүн, уулын Спортын мастер Бэх-Очирын Гантулга буюу Жерритэй ярилцаж суухдаа тэр ослын тухай эрхгүй дурсацгааж, ярьж тохироогүй атал бид нэгэн зэрэг дуугаа хураан хэдэн хором суусан нь үнэт зүйл нэгтэй анд нөхдийнхөө араас харууссаар буйн илрэл байсан юм”    

Жагдалын Баярхүү. Отгонтэнгэр хайрханд том осол болсноос хойш нэг жил өнгөрлөө. Энэ ослоос хойш их олон хүн цаашид өндөр ууланд явах эсэхээ шийдсэн байх. Цөөнгүй хүн авиралтын багаж хэрэгслээ зарна гэж зар тавьсан байхыг харсан. Үүний сацуу бас цөөнгүй хүн илүү болгоомжтойгоор, тэгээд эрчимтэйгээр ууландаа алхсаар байна. Тэдний нэг нь та. Би юу гэж асуух гээд байна вэ гэхээр, тийм том осол болчихоод байхад шантраагүй тань юутай холбоотой вэ?  

Бэх-Очирын Гантулга. Өнгөрсөн жилийн осол маш олон хүнд маш хүнд цохилт болсон. Тэр аяллыг ахалж явсан хүмүүс бидэнтэй үнэт зүйл нэгтэй ах нар минь байлаа. Уулын Спортын мастер Н.Сүрэнжав буюу Сэнгүү ах, “Хайрхан аялагч клуб”-ын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Барсболд ах хоёрыг танихгүй хүн энэ салбарт үгүй. Тэд маань хэзээ ч мартагдахгүй, үргэлж хүндлэгдэх эрхэмүүд байж дээ. Хүн гэдэг амьтан амьд байхад нь нэгийгээ хэчнээн мундаг, сайн сайхан, түшигтэй байсныг мэддэггүй, унаад өгснийх нь дараа л мэдэрдэг гэдэг үнэн юм. Би аялал зохиодог, тэд бас аялал зохиодог болохоор бидэнд хамтарсан авиралт хийх боломж ерөөсөө гарч байгаагүй. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд би Отгонтэнгэр хайрхан явахаар төлөвлөж, багаа бүрдүүлчихсэн байсан юм. Тэгтэл ес хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 21-нд тэр осол болсон. “Отгонтэнгэрт авирч явсан хүмүүс алга болчихлоо” гэдэг мэдээг ням гарагийн орой хүлээж авсан. Хэдийгээр надад эрэл хайгуулын багт орж ажиллах боломж гараагүй ч яаралтай арга хэмжээ авч, клубээсээ хоёр жип машин гаргаад есөн хүний бүрэлдэхүүнтэй багийг хайгуулын багийн араас явуулсан. Учир нь, тэр аялалд манай клубээс нэг хүн явсан нь Гарамын Барсболд агсан байлаа. Мундаг авирагч, мундаг аялал зохион байгуулагч, клубтээ болоод уулынхан дундаа их хүндлэгддэг хүн байсан даа. Хүний сэтгэл л юм даа, энд сураг чимээ чагнаад, яасан бол ийсэн бол гэж суухын оронд тийшээ давхиж байх нь хамаагүй дээр. Ядаж л “Би клубынхээ хэдэн залуучуудыг явуулчихсан шүү. Авирч явсан хэд минь эсэн мэнд олдоосой” гэж бодоод хүлээгээд суух өөр. Тэгтэл даваа гарагийн орой манай хэдээс мэдээ ирсэн. “Жерри, ер нь найдваргүй юм байна аа, бараг бүгдийг нь оллоо” гэсэн. Намайг утсаар ярьж байхад манай клубын 50, 60 гишүүн өөдөөс минь хараад, мэдээ хүлээгээд сууж байсан юм. Тэгэхэд үнэхээр хэцүү байсан. “Яана даа” л гэж бодсон. Тухайн үед би сэтгэлээ барихыг маш их хичээсэн. Клубынхнээ ч гэсэн хаттай байгаасай гэж хүсч байсан. Гэхдээ л, бидэнтэй адил үнэт зүйлтэй, хамтдаа зүтгэж явсан нэг нөхөр маань, олон нөхөд маань унаад өгөхөөр бас шантармаар санагддаг л юм билээ. Тэглээ ч би шантраагүй ээ. “Талын хөх чононд нохойн амьдрал хэрэггүй гэдэг. Тиймээс талын хөх чоно шиг тэр мундаг хүмүүсийн үйл хэргийг би үргэлжлүүлэх ёстой. Би хэзээ ч нохой шиг сүүлээ хавчаад зугтахгүй!” гэж өөртөө хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 1-нд хийхээр төлөвлөсөн Отгонтэнгэрийн авиралтаа шууд цуцалсан. Клубын хэмжээнд тэр жилийн бүх авиралтыг, мөн тэмцээн уралдаан, шинэ жил гээд бүх арга хэмжээг цуцалсан. Ослын дараа монголчууд маш олуулаа зул өргөж, хүндэтгэлийн алхалт хийж, дор бүртээ л эрвийх дэрвийхээрээ хүндэтгэл үзүүлсэн дээ. Одоо ч тэднийгээ хүндэтгэн дурссаар байна. “Хайрхан аялагч клуб”-ээс жил бүрийн есдүгээр сард уулын клубүүдийн дунд зохиодог уулын гүйлтийн тэмцээнээ энэ жилээс Г.Барсболд агсаны нэрэмжит болгосон.

Дусал тайтгарал гуйсан нэхэн авиралт…

“Уулын спортод нэг бичигдээгүй хууль бий. Хэрвээ оргилоо эзэлж чадаагүй бол, эсвэл авирч яваад багийн нөхрөө алдсан бол уулчид нөхрийнхөө дурсгалд зориулан даагаа нэхэх авиралтыг заавал хийдэг. Тэгвэл, дээрх осол болсноос дөрвөн сарын дараа буюу 2018 оны хоёрдугаар сарын 27-нд хүндэт ах нар болон хүсэл зорилго нэгт уулчин нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн, Б.Гантулга ахлагчтай дөрвөн уулчин Отгонтэнгэр хайрханд авираад ирсэн билээ. Мэдээж тэд 100 гаруйхан хоногийн өмнө 17 нөхрөө үүрд алдсан тэр хайрханыг зорихдоо нийтийн эсэргүүцэл, сүсэг бишрэл, айдас түгшүүр гээд гадаад, дотоод хүчин зүйлсийг даван туулж, бие махбодын гэхээсээ илүү оюун санааны тэмцэлд ялалт байгуулж оргилд хөл тавьсан гэвэл онууштай”     

Ж.Б. Отгонтэнгэр хайрханд осол болсноос хойших нэг жилийн хугацаанд өндөр уулын авиралт харьцангуй цөөн зохион байгуулагдах шиг боллоо. Гэтэл та осол болсноос хойш төд удалгүй яг тэр хайрханд авираад ирсэн. Олон нийтийн эсэргүүцэл, айдас түгшүүр арилаагүй байхад энэ алхмыг хийхэд мэдээж амаргүй байсан байх. Гэхдээ та сууж байж чадахгүйдээ л тийш явсан байх даа…?   

Б.Г. Тийш явна гэхэд хүн болгон намайг эсэргүүцэж, хүн болгон намайг тэнэг мангараар нь дуудаж, тэр уулыг тайван орхи гэж загнаж байсан. Гэхдээ надад өөрийн гэсэн бодол, зорилго байсан юм. 2017 оны зургадугаар сард Мөнх хайрханд болсон уулчдын альпинадын өмнөхөн Барсаа ах “Жерри, хоёулаа энэ альпинадад хамт явъя” гэж санал тавьсан. Даанч би нэг авиралтаас ирээд долоо ч хоноогүй байсан болохоор ажил, амьдрал гээд явж чадаагүй юм. Сэнгүү ахын хувьд, хамгийн сүүлд гудамжинд таарахад “Ах нь маргааш өглөө Отгонтэнгэр явах гэж байгаа” гээд инээчихсэн явж байсан. “Өө тийм үү. Би таны араас удахгүй тийш явах юм байна” гэж яриад л бид салсан даа. Тэгтэл осол болж, ослоос хойш хоёр ах маань байнга зүүдлэгдээд, ер тайвширч чадахгүй байсан юм. Отгонтэнгэр хайрхан руу явах гэж байгаагаа клубынхэндээ ярихад Чанцалдулам, Цэрэндамба, Марсболд гурав “Бид хамт явж болох уу?” гэж зөвшөөрөл хүссэн. Тэд маань 2017 оны 11 дүгээр сарын 1-нд явах байсан аяллын багийн хүмүүс. Би тэднийг хүчлээгүй ээ. “Хэрэв явах бол бэлтгэл сайн хий. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайн бэлд” гэж хэлээд л авч явсан. Хайрханы бэлээс өглөө 5.00 цагт авирч эхлэхэд цас маш их шуурч байлаа. Би олсныхоо тэргүүнд, салтаагаар татсан цасан дундуур зам гаргаад явсан юм. Ер нь би ууланд авирч явахдаа жаахан ядраад ирмэгц “За, том хүүгийнхээ төлөө 10 алхая”, “Дараагийнхаа хүүгийн төлөө 10 алхая” гэх мэтээр өөртөө хүч өгч урагшилдаг. Тэгээд “Тэнгэр хангай минь оргилд бараалхуулж хайрлаарай”, “Хангайн нурууны ноён оргил минь зулай дээрээ залбируулаарай”, “Хоёр ах минь дүүдээ хүч хайрлаарай” гэж залбирч гуйсаар оргил дээр гарсан. Хүний сүсэг бишрэл л юм даа, тийш явахдаа би хоёр ширхэг Сэнгүр шар айраг үүргэвчиндээ хийчихээд, оргил дээр очиж тэрийгээ хоёр ахад өгөх гэж явсан юм, ер нь бол миний зорилго тэр. Тэгээд “За хоёр ах минь, ямар ч гэсэн та нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ, битгий санаа зовоорой, хоргодох юм байхгүй, энд үлдсэн хүмүүсээ үргэлж ивээж яваарай” гэж залбираад, хоёр Сэнгүрээ задлаж цаасан аяганд хийж тавиад л буцсан даа. “Та нарын үйл хэргийг үргэлжлүүлэх хүн байгаа шүү” гэдгийг өөрсдөд нь “очиж” хэлэхгүй бол болохгүй санагдаад байсан юм. Би мундаг уулчин биш, байгаль шинжлэгч, цаг уурч, эсвэл ослын шинжээч ч биш. Гэхдээ л, тэр газарт өөрийн биеэр очиж, өөрийн нүдээр харж, яг юунаас болоод тийм зүйл болсныг дотроо нэг тунгаах хэрэгтэй байсан юм. Оргил дээрээс харахад, осол болсон тэр газарт хоёр хүн ч байсан, 20 хүн ч байсан, дэлхийн ямар ч мундаг уулчин байсан ялгаагүй тэсэхээргүй байж л гэж бодогдсон. Нүдэн баримжаагаар, оргилоос 20-иод метрийн зайд 2 метр орчим өндөртэй эрэг үүссэн байна билээ. Өргөөшөө 1 км гаруй, уртаашаа 2 км гаруй цас гулгаад явчихсан, ирмэг нь дээд талдаа тийм эрэг үүсгэсэн. Манайхан хавтангийн гулгалт гэж тайлбарлаад байгаа, тэр нь ч зөв л дөө. Олон жилийн турш цас орж, хайлж, суларсаар байгаад л, юманд нэг эз таарна гэж байдаг, тэр нь л болсон шиг санагддаг. Түүнээс биш, тэр хүмүүс буруу замаар буусан юм байхгүй.

Отгонтэнгэр хайрханы оргил дээр тэгж гарахдаа би тэр хайрханыг өөртөө дархалсан гэх юм уу даа, ахиж тэр хайрхан руу авирахгүй гэж тангараг тавьчихаад ирсэн, барааг нь хараад л залбираад явна.

Ж.Б. Тэгэхээр та тэднийг үүрд одсон гэдэгтэй эвлэрч чадахгүй, нэг л итгэж өгөхгүй явсаар, эцэст нь Отгонтэнгэр хайрханы оргил дээр гарч байж л сэтгэлдээ салах ёс хийж, тайтгарлыг олж авсан бололтой…?

Б.Г. Тийм байх. Их сонин. Тэр авиралтаас хойш хоёр ах маань зүүдэнд орж ирэхээ больчихсон. Зарим хүн үүнийг сонсоод “онигоо шиг юм яриад” гэж шоолох л байх. Мөнх хайрхан руу ч гэсэн би яг Барсаа ахын явсан замаар авирмаар санагдаад болж өгдөггүй. Тэгээд бодож явсаар саяхан, 2018 оны долдугаар сард авирчихаад ирсэн. Өнгөрсөн жил альпинадад явсан хүмүүс энгийн болон техникийн авиралтын гэсэн хоёр өөр замаар явсан юм билээ. Барсаа ах техникийн авиралтын замаар нь явсан байсан. Тэр замыг нь судлаад, тэр замаар нь явчихаад ирсэн. “За ах минь, ингээд тантайгаа хамт энэ хайрханы оргилд гарлаа шүү” гэж сэтгэлдээ шивнэсэн. Хэдийгээр урьд нь энэ хоёр эрхэм хүнтэй хамт авирч байгаагүй ч эдгээр авиралтаар сэтгэлдээ хамт авирчихаад ирлээ гэж тайвширсан.

Нээрэн, Отгонтэнгэр хайрхан руу жолоочтойгоо тавуул явсан юм. Манай клубын нэг ах байнга л жолоо бариад бидэнтэй хамт аялдаг юм. Тэр ах маань бэлд үлдсэн. Биднийг оргилд гарчихаад буугаад ирсэн чинь “Та нарыг явсны дараа, үүр цайж байхад хоёр ах ирээд явсан. Би тэгэхдээ зүүдэлсэн юм уу, үнэхээр ирсэн юм уу, сайн мэдэхгүй байна. “Хөөе, юм авчирсан уу?” гэхэд нь “Жерри дээшээ аваад явчихсаан” гэж хэлсэн чинь “Аан за за” гээд яваад өгсөн” гэж хэлсэн. Тэр ах зүүдэлсэн ч байж магадгүй, эсвэл тэгэх вий дээ гэж бодож байгаад унтчихсан ч байж магад. Их сонин, сонирхолтой ч гэмээр юм уу.

 

Чи бол Чингис!

“Хүний амьдралд мартагдашгүй гэгээн дурсамж олон. Тийм дурсамж хэдий чинээ олон байна, амьдралаа төдий чинээ баялаг өнгөрүүлж буйнх биз ээ. Жерри Европ тивийн ноён оргил Эльбрус /ДТД 5642 м/-ын баруун, зүүн хоёр оргилд өдөртөө багтаж гарсан монголын анхны багийн гишүүн юм. 2014 оны есдүгээр сард тэрбээр гурван нөхрийн хамт Эльбрус рүү өгсөж явах үед уулын Спортын мастер Ч.Ариунзул “Ирэх оны нэгдүгээр сард бид Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /ДТД 6962 м/ руу явах гэж байгаа, чи явах уу?” гэж асуужээ. Нэлээд зүдэрч явсан тэрбээр “Үгүй үгүй, Зулаа эгч. Энэ хайрхандаа яаж гаръя даа гэж бодож байна” гэж хариулж. Харин зорилгодоо хүрчихээд бууж явахад нь гэнэт нөгөө Аконкагуа санаанд нь орж “Зулаа эгч ээ, та өмнөд Америкийн нэг уулын тухай яриад байсан уу, үгүй юу. Тийшээ явах таны багт надад зай байна уу?” гэсэн гэдэг. Ингээд Аконкагуа руу мөн л өгсөөд явж байхдаа Ч.Ариунзул 2013 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /ДТД 5895 м/-д гарсан тухайгаа ярихад Жерри “Эндээс буцаж оччихоод боломж гарах л юм бол Килиманжаро руу заавал явна даа” хэмээн шийджээ. Эльбрус рүү өгсөж явахдаа дараагийн уулыг бодохтой мантай байсан тэрбээр Аконкагуа руу өгсөхдөө аль хэдийнэ Килиманжарог нүдэндээ хараад явж байлаа. Уулсын оргил ингэж дараагийн оргил өөд нисэх жигүүр ургуулж өгдөг билээ”

Ж.Б. Та Килиманжаро руу ганцаараа явсан бил үү. Тэр аяллын тань тухай яриулахсан гэж боддог байлаа…?

Б.Г. Тэгсэн. Кили рүү ганцаараа явсан. 2015 оны нэгдүгээр сард Аконкагуа яваад хоёрдугаар сарын эхээр ирсэн юм. Тэгээд Килиманжаро явах баг хайсан ч олдоогүй. 2015 онд би өндөр уул руу үнэхээр солиотой юм шиг явсан, бүр хорхойсчихсон байсан юм. Гуравдугаар сараас эхлээд сар бүр 4000 м-тэй 2-3 ууланд явчихаад байсан. Тэгтэл 10 дугаар сард Кили рүү ер нь л нэг явчихмаар санагдаад болдоггүй. Ингээд 2013 онд тийш явсан клубынхээ хэдээс асуугаад, Бенжамин гэдэг африк залуутай холбогдтол “Ганцаараа ч хамаагүй хүрээд ир. Би чамайг ганцааранг чинь ч хамаагүй гаргаад өгнө” гэсэн. Килиманжарод гарах үндсэн авиралт хамгийн хурдандаа 6-7 хоног үргэлжилдэг юм билээ. Зарим авиралт нь бүр 12 хоног үргэлжилдэг. Хэл усандаа сайн бишийг ч хэлэх үү, африкчууд дунд ганцаараа явах болохоор бас айдастай. Тэгээд “Би хамгийн хурднаар явмаар байна, дөрвөн өдөрт багтаамаар байна” гэхэд “Үгүй ээ, би зургаан өдөр явна” гэсэн. “За тэгвэл таван өдөр явъя” гэхэд Бенжамин зөвшөөрсөн. Харин авиралт эхлээд явж байхдаа би нэг өдөр амрах байсныг нь алгасаад, нийтдээ дөрвөн өдөрт багтаачихсан юм. Биеийн бэлтгэл ч сайн байсан, хамгийн гол нь оргил дээр гарах зорилго тэмүүлэл маань намайг тийш хөтөлсөн. Тэгээд 11 дүгээр сарын 25-нд оргил дээр гарсан юм. Нэг сонирхолтой үйл явдал гэвэл, авиралтын өмнөх өдөр 4100 метр дээрх сүүлийн отогт байрлаж байтал нэг польш залуу ирээд “Чи хятад уу?” гэж асуусан. Би юу ч дуугаралгүй муухай харсан чинь тэр залуу яваад өгсөн. Ингээд шөнийн 2.00 цагаас авиралт эхлээд, явсаар 5100 метр дээр гараад ирсэн чинь нөгөө залуу ямар ч тэнхэлгүй болчихоод хэвтэж байсан. Би халуун савтай уснаасаа хийж өгөөд, ам руу нь нэг эм шидэж өгчихөөд “Би бол монгол!” гэчихээд яваад өгсөн юм. Тэр залуу оргил дээр гарч чадаагүй л дээ. Намайг оргил дээр гарчихаад, буцаад нөгөө отог дээрээ ирээд байж байтал польш залуу том том алхаад ирж яваа харагдлаа. “Энэ яах гэж байгаа юм бол” гэж бодогдоод, бараг л өөдөөс нь өрөлт авах гээд зогсож байтал нөгөө залуу ирснээ “Чи бол Чингис!” гэж хэлчихээд яваад өгсөн.

…Кили рүү ганцаараа явна гэдэг жаахан тэнэг алхам болох нь болсоон /инээв/. Тэгэхэд би “сохорчихсон” байсан байх. Хажуугаар баахан хүмүүс муухай хараад л явж байдаг, “Энэ нэг ази хүн, хятад ч юм уу, юугаа хийж яваа юм бол” гэж ярьж л байсан. Айдас бол байнга дагаастай, хэдэн доллар салтаандаа хавчуулчихаад хэн ч яах ч юм билээ гэж бодоостой. Бенжаминдаа итгэж байгаа ч гэсэн бид хоёр тусдаа майханд унтана, тэнд маш олон хүн явж байгаа. Бенжамин 2013 онд манай клубын 12 хүний бүрэлдэхүүнтэй багийг аваад явсан хүн болохоор түүнд бол итгэлтэй байсан.

Ж.Б. Тэгж ганцаараа явахад айдсаас гадна хамгийн их мэдрэгдэж байсан зүйл юу вэ?

Б.Г. Эх орон. Монголоо маш их санадаг юм билээ. Яг үнэндээ “Би энд ганцаараа юу хийж яваа юм бэ” гэж бодогдож, бушуухан харихсан гэж яарч байсан. Би чинь янз бүрийн юм идэж чаддаггүй, бүр сонгино ч идэж чаддаггүй хүн шүү дээ. Тийм болохоор тэнд ерөөсөө хоолшихгүй, Монголоос жаахан шуузтай явсан, тэрүүгээрээ л болгосон. Африкт өгч байгаа юм нь тахиа л байгаа юм. Хоолшихгүй, идээшихгүй, ядраад ирэхийн цагт нутаг л санагддаг юм билээ. Ганцаараа явж байгаа хүн чинь ямар уйлалтай биш, инээлтэй биш, зөвхөн оргилыг бодоод л, өөрөө өөртэйгөө ярьж, өөрөө өөртөө нутгийнхаа дууг дуулж өгсөөр тэр өдрүүдийг өнгөрөөсөн дөө.

Ж.Б. Таны Seven Summit-ийн зорилго хэвээр үү?

Б.Г. Хэвээрээ. Эльбрусээс бууж ирсний дараа Зулаа эгч надад “Seven Summit гэж байдаг юм, долоон тивийн долоон оргил дээр гарах нь уулчдын мөрөөдөл” гэж хэлж байсан. Би залуу хүн. Тиймээс, үүнийг хийхийн төлөө явна.

Ж.Б. Гэхдээ одоо үед жинхэнэ альпинист хүний мөрөөдөл бол Seven Summit биш гэж ярьдаг болсон шүү дээ…?

Б.Г. Яг тийм. Биш гэж яригдах болсон. Гэхдээ, хаа газар, ямар ч юман дээр зөрчилдөөн байдаг шүү дээ. Би “Альпинистууд Seven Summit хийдэггүй юм аа” гэж ярьж байгаа хүмүүсийг ч, Seven Summit хийх гээд явж байгаа хүмүүсийг ч буруутгахгүй. Миний амьдралаар Баярхүү гэдэг хүн, Баярхүүгийн амьдралаар би амьдраагүй. Би хэнд ч таалагдах албагүй, альпинист байна уу, биш байна уу, тэр ерөөсөө чухал биш. Би Seven Summit хийнэ гэж зорьж байгаа, үүний цаана ахиад 8000-тай 14 оргил хүлээж байгаа. Магадгүй би тэр төслийг эхлүүлээд явахыг ч бас үгүйсгэхгүй. Энэ бол уулчин болгоны мөрөөдөл.

Хөвгүүдийнхээ бахархал нь байхын төлөө…

“Гаднаас нь харахад нийтэч хүмүүс яг үнэндээ бол нуугдмал байдаг. Хүн болгонтой мэндтэй устай явдаг тийм хүмүүс олон дунд орохоороо олны төлөө бодсоор өөрийгөө мартчихаад байдаг шиг. Харин өндөр ууланд хүн зөвхөн өөрийнхөө төлөө явдаг учраас өөрийгөө, эрх чөлөөг илүүтэй мэдэрдэг юм шиг ээ”

 Ж.Б. Та яах гэж ууланд явдаг вэ?

Б.Г. Ууланд явж эхлэхээс өмнө би арай өөр төрлийн хүн байсан л даа. Зураг авах сонирхолтой, олон дундаа байдаг, их нийтэч хүн байсан. Надад ганцаараа байх цаг бараг гардаггүй байлаа. Тэгээд нэг удаа сонирхоод ууланд алхаж үзэхэд өөрөө өөртэйгөө ярих боломж маш их гарсан. Бясалгах гэдэг ч юм уу. Тиймээс өөртөө жаахан ч гэсэн цаг гаргаад, бусдаас өөрийгөө жаахан тусгаарлаж дотоод би-гээ сонсох гэж, өөрийгөө олж таних гэж ууланд явдаг болсон. Цаашлаад, өндөр ууланд яваад, өндрийнхөө амжилтыг ахиулаад байх тусам өөртөө зорилго тавиад, өөрийгөө ялан дийлэх сонирхолтой болж эхэлсэн.

Ж.Б. Ууланд дурлах болсон шалтгаан, эхлэл цэг хаанаас үүдэлтэй вэ. Хэзээнээс ууланд явж эхэлсэн юм бэ?

Б.Г. Би цахилгаан холбооны инженер хүн. Уулын орой дээр антеннууд байдаг даа, хаана өндөр цэг байна, тэнд манай ажилчид сүлжээгээ тавьж антеннаа босгох сонирхолтой байдаг. Би 2000 оноос хойш ажлын шаардлагаар уулаар их явдаг байсан. Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви хоёр сумын заагт Тонхил хайрхан гэж бий, тэнд антенн тавьж байлаа. Булган аймгийн Тэшиг сумын ард Тэшиг хайрхан гэж бий, түүн дээрх антенн бол Монголд хамгийн өндөрт тавьсан гар утасны антенн юм. Бараг 3000 метрт дөхөх байх аа. Гэхдээ тэр нь уулынх нь өндөр биш, бидний антенн тавьж байгаа цэгийн өндөр л дөө. Тийм уул руу бид зүгээр нэг алхаад гарах биш, багаж төхөөрөмж гээд хамаг юмаа үүрээд зөөдөг байсан. Харин 2012 оноос уулын спортод дурлаж, 2013 он гэхэд өндөр уул руу яваад эхэлчихсэн байсан. 2013 онд Хайрхан аялагч клубын гишүүн болж, 2017 оноос клубынхээ тэргүүнээр ажиллаж байна.

Ж.Б. Ажлын шаардлагаар уул руу авирахад аз жаргалыг мэдэрдэг байсан уу?

Б.Г. Амьдралынхаа төлөө, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө явж байсан болохоор мэдээж аз жаргалтай л байсан байх /инээв/.

Ж.Б. Тэгвэл дараа нь дур сонирхлоороо ууланд явж эхлэхэд ямар ялгаа мэдрэгдэж байсан бэ?

Б.Г. Яг үнэнийг хэлэхэд, ажлын шугамаар уул руу явж байгаа нь эцсийн дүндээ амьдралаа босгохын төлөө, мөнгө олохын төлөө байсан. Харин дараа нь хоёр хүүтэй болоод, гурав дахь хүү маань мэндлэхэд эр хүн гэдэг утгаараа хөвгүүдийнхээ бахархал нь байхын төлөө өндөр ууланд явж эхэлсэн. Намайг зургаан настайд аав минь, 12-тойд ээж минь өөд болсон. Аавыгаа дурсах гэхээр надад хоёрхон л дурсамж байдаг, хэтэрхий бага байсан болохоор өөр дурсамж үлдээгүй. Тэгээд би хамгийн анх Мөнхсарьдаг хайрхан руу явахдаа эхнэртээ “Бид олон хөвгүүдтэй болж байна, би хөвгүүдийнхээ бахархал нь баймаар байна, ядаж аав минь ийм хүн байсан гэх дурсамжтай байлгамаар байна” гэж хэлж байсан юм. Тэгэхээр, нэг нь мөнгөний төлөө, нөгөө нь бахархлын төлөө ууланд явахад асар их зөрүү бий. Өөрөөр хэлбэл, уул миний үнэт зүйл болсон.

Ж.Б. Уулчны ар гэрийн хүний сэтгэл зүйн талаар ярилцмаар байна. Мэдээж нөхөртөө хайртай, итгэж байгаа ч гэсэн ууланд явах болоход тань харцанд нь айдас ажиглагддаг уу?

Б.Г. Миний эхнэр намайг үргэлж дэмждэг, хүсэл мөрөөдлийг минь хорьдоггүй болохоор л би өдий хэмжээнд амжилт үзүүлээд байна. 2012 онд би их удаан хугацаагаар хөдөөгүүр явсан юм, дөрөвдүгээр сард яваад 11 сарын сүүлээр орж ирсэн байх, тэгэхэд эхнэр маань UB хайкинг клубт алхдаг болчихсон байсан. Тэр үед би нэг их хориглоогүй ч “Өөрийгөө тэгж зовоож яадаг байна аа” гэж бодож л байсан. Харин дараа нь би өөрөө 2013 оноос алхаж эхэлсэн. Одоо эхнэр маань Хайрхан клубын гишүүн гэж явдаг. Анх 2004 онд миний эхнэр болоход нь л би ажлын шаардлагаар байнга хөдөө гадаа явдаг байсан болохоор сурчихсан гэх үү дээ.

Ж.Б. Та ууланд явахгүй байж чадах уу?

Б.Г. Наадах чинь их хэцүү асуулт шүү. Гурван хүүтэй болсныхоо дараа би эхнэртээ “Миний хань надад охин төрүүлээд өгвөл би охиноо хараад гэртээ л байх болов уу. Уул, авиралт гэж ёстой явахгүй байх” гэж хэлж байсан юм. Тэгтэл охин маань төрсөн. Тэгсэн ч гэсэн ууландаа явж л байна л даа /инээв/. Гэхдээ, яг үнэндээ би Эверест рүү явах гэж хоёр жил төлөвлөөд чадаагүй байна. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр, тэр бяцхан охинтой шууд холбоотой болчихож байгаа юм. Эхнэр маань “Охиноо ядаж гурван нас хүртэл тийш явахгүйхэн шиг байгаач” гэсэн. Эхнэр намайг ууланд явахыг дэмждэг ч энэ жил Эверест явах гэхэд маш их хорьсон. Ер нь, ардаа татлаа түтлээтэйгээр ууланд авирна гэдэг их хэцүү л дээ. Хүүхэд өвдсөн үед, эсвэл ар гэрийнхэн дургүй, ажил бүтэмжгүй байхад авиралт хийхэд сэтгэл санаанд маш их нөлөөлдөг.

Ж.Б. Эхнэр тань өндөр ууланд дурлаад “Явна аа” гээд эхэлбэл та яах вэ. Хэн хүүхдүүдээ харах вэ?

Б.Г. Явуулах л байх даа. Хүүхдүүд бие биеэ л харна шүү дээ. Бид хоёрт нэг зорилго бий. Хэдэн жилийн дараа, хүүхдүүдээ арай том болохоор хүссэн газар орон руугаа хамтдаа аялна. Тэр болтол би ажлаа хийгээд, эхнэр маань ар гэрийг минь ямар ч асуудалгүй авч яваад, үр хүүхдээ өвчин зовлонгүй өсгөх ажил үүргийн хуваарьтай.

 

Цол ба эрэмбэ

“Яг ижилхэн Спортын мастер цолтой ч ур чадвар, техник, өөртөө итгэх итгэл, спортод болон бусдад хандах хандлагаараа тэнгэр газар шиг зөрүүтэй “мастерууд” бий. Гэвч, олон нийт тэдний ялгааг мэдэхгүй учраас мастер л бол мастер. Тэгээд ч, өөрийн хүсэл сонирхлоор ууланд авирч яваа хүмүүст ийм цол хэргэм хэрэгтэй эсэх нь сонин…” 

 Ж.Б. Та саяхан Спортын мастер цол авсан. Уулын Спортын мастер болох, мэргэжлийнхээ дагуу магистр хамгаалах хоёрт ялгаа байх юм уу?

Б.Г. Би холбооны магистр хамгаалж амжаагүй яваа. Гэхдээ энэ салбарт бүр доод шатнаас нь эхлээд 18 дахь жилдээ ажиллаж байна. 2008 онд МТМК /Мэдээллийн технологийн менежмент/ нэртэй хувийн компаниа байгуулаад, бизнесээ хөл дээр нь босгохын тулд 2012 он хүртэл жолооч, захирал, нярав гээд бүхий л ажлаа өөрөө хийдэг байсан. Одоо миний удирдлаган дор 20 гаруй залуус ажиллаж байна. Тэд надтай надгүй ажлаа хийгээд, ажил маань урсгалаараа явагддаг болсон учраас би өөртөө зав чөлөө гаргаж чаддаг болсон. Тэгэхээр, хүссэн хүсээгүй ажлаа хийгээд явж байхад мастерын хэмжээнд хүрчихэж байгаа юм. Ер нь хүн нэг л юмыг төгс эзэмшчихсэн байхад түүнийг нь хэн ч, хэзээ ч булааж авдаггүй. Тиймээс миний хувьд хообийгоороо олж авсан уулын Спортын мастер цол маань ажлаас олж авсан магистр цолоос хамаагүй илүү үнэ цэнтэй. Илүү их сэтгэл гаргасан, тэгээд илүү их сэтгэл ханамжтай гэсэн үг.

Ж.Б. Орчин үед аливаа зүйлийн урд “жинхэнэ” гэдэг тодотгол хэрэглэж байж тэр зүйлийн мөн чанарыг илэрхийлдэг болжээ. Магадгүй, дуураймал, хуурамч зүйл ихэссэнийх биз. Таны бодлоор жинхэнэ мастер гэж ямар хүнийг хэлэх вэ?

Б.Г. Ямар нэг спортоор хичээллэж байгаа хүн түүнийхээ оргилд хүрэхийн төлөө л явдаг. Тийм болохоор өөрийгөө бусдад тодорхой хэмжээгээр мэдрүүлж байх хэрэгтэй. Төр засаг нь ч байдаг юм уу, холбоод нь ч юм уу тэрийг нь бас үнэлж байх хэрэгтэй. Мэдээж би уулын Спортын мастер гэдэг энэ цолыг хямдхан биш байгаасай гэж боддог. Одоогоор би Эльбрус, Аконкагуа, Килиманжаро гээд Seven Summit-ийн гурван оргилд гараад байна. Алтай таван Богдод 50 орчим удаа гарсан. “Хайрхан аялагч клуб”-ээс жил бүр зохион байгуулдаг “Алтай таван Богд экспресс” гээд брэнд аялалтай. Жилд 12 сар байдаг бол сар бүрийн 10-14 хоногийг аялал, авиралтад зориулдаг. Миний хувьд Монголд гараагүй 4000 метртэй дөрөв, таван уул л үлдчихээд байгаа. Увс, Баян-Өлгийн зааг дахь Сийлхэмийн нуруунд нэг уул, тэгээд Цагаан суварга, Бүргэд, Наран үлдсэн. Ингээд харьцуулаад үзэхэд, өндөр ууланд бараг гарч үзээгүй хүн ч уулын Спортын мастер гээд явж л байгаа. Гэхдээ, МУСТА цол ямар үнэгүй болчихсон билээ, түүн шиг уулын Спортын мастер цол үнэгүйдэх тал руугаа орж байсныг босгыг нь жаахан өндөрсгөөд, ингэснээр нэр хүнд нь эргээд өсч байгаа болов уу. Ер нь бол багийн ч юмуу, холбооны, клубын манлайлагч байж, ядаж аялал авиралтыг нь удирддаг байж энэ цолыг дааж явах байх.

Ж.Б. Хообийгоороо авирч явдаг уулчин хүнд алдар гавьяа, цол зэрэг тийм их ач холбогдолтой гэж үү?

Б.Г. Аливаа юманд эрэмбэ гэж байдаг. Эрэмбэ тогтоохын тулд цол, зэргийг байлгах нь зөв. Хамгийн гол нь цол, зэргийг яг өгөх ёстой тэр зарчмаар нь л өгөөд явчих хэрэгтэй. Тэгэхээр, хэдийгээр хообийгоороо явж байгаа ч гэсэн энэ цол хэргэм уулчдын бие биеэ хүндлэх хүндлэл, үнэлэх үнэлэмжийг тогтоож өгөөд, зааглаад байж байх ёстой юм болов уу. Мэдээж, хүн ямар ч цол авсан бай, тэр том хүндлэлийг дааж явах ёстой, цол хэргэмдээ эрдэж бардаж болохгүй л гэж боддог. Яг Спортын мастер болсны дараа “Энэ цол надад арай л хүнд юм байна даа” гэж бодогдсон. Өмнө нь би 7000 м-тэй нэг уулан дээр гарч ирчихээд сагсалзаад л, “Надад I зэрэг ч өгөөгүй шүү дээ” гэж бодож л байсан. Одоо бол тэмцээн уралдаан, янз бүрийн арга хэмжээн дээр “Уулын Спортын мастер” гээд танилцуулахаар жаахан ичээд байгаа шүү.

Ж.Б. Уул хүнийг даруулгатай болгодог гэж би боддог. Гэтэл таныг цол тань илүү дарж өгөөд байх шиг…?

Б.Г. Аль аль нь л байх. Гэхдээ намайг цол илүү дараад байгаа байх. Уул намайг маш их баясгалантай болгодог. Өндөр ууланд явахгүйгээр хоёр сар болчихвол цаанаасаа л бухимдаад, үүнийг дагаад ажил төрөл ч бүтэхгүй байх шиг санагддаг. Тэгээд нэг өндөр уул руу яваад ирэхдээ маш аз жаргалтай, баяр баясгалантай, бөөн эрч хүчтэй болчихдог. Ууланд явснаар хүн хамаагүй уужим болчихдог юм билээ. Уг нь би чинь их адгуу хүн шүү дээ. Тэгэхэд намайг засч залруулж байгаа юм бол уул. Харин хэлэмгий доломгой занг минь дарж өгч байгаа зүйл бол уулын Спортын мастер гэдэг энэ цол. Одоо би баргийн юман дээр дуугарахаас санаа зовдог болсон, “За за больё доо” гээд /инээв/. “Энэ Жерри саяхан л юугаа ч мэдэхгүй юм явж байсан, одоо Спортын мастер цол авчихаад хамраа сөхчихөж” гэж хүн хэлэх вий гэж болгоомжилдог доо.

Халуун зүрхэнд орших Хүйтэн уул

Жил жилийн зургаан сард тандаа би тэмүүлж
Жинхэнэ аз жаргалыг танаасаа би мэдэрч
Он цагийн урсгалд олон хүн араасаа дагуулсаар
Оргил зулайд тань залбиран орчлон ертөнцийг биширдэг ээ.
Очих болгонд минь хэзээд цэлмэж угтдаг
Орчлонд ганцхан Монголын дээвэр Хүйтэн хайрхан мину… Б.Г.

 Ж.Б. Ямар уул танд хамгийн их зүүдлэгддэг вэ? 

Б.Г. Би Алтай таван Богдын Хүйтэн оргилыг байнга зүүдэлдэг. Монголын дээвэр шүү дээ. Жил бүр тэр ууланд авирдаг. 2017 онд зургадугаар сард “Алтай таван Богд экспресс” уламжлалт аялалаа хийж ирчихээд “За би ирэх жил Хүйтэн ууланд авирахгүй ээ” гэж ярьж байсан. Тэгтэл он гараад л, олон жил уягдсан морь өөрийгөө сойдог гэдэг шиг гэгэлзээд ирж байгаа юм. Алтай таван Богд руугаа нэг оччихоод ирмээр санагдаад бүр болж өгөхгүй, зүүдлэгдээд, их хэцүү. Тэгээд 2018 оны зургадугаар сард дөрвөн өдөр, гурван шөнийн экспресс аялалаа хийчихээд ирсэн. Ер нь бол ийм хурдан, экспресс авиралт өмнө нь Алтай таван Богдын Хүйтэн оргилд хийгдэж байгаагүй байх аа. Тэгээд одоохондоо зүүдлэгдэх нь гайгүй л байна. Магадгүй он гараад дахиад л зүүдлээд эхлэх биз.

Ж.Б. Ихэвчлэн авирч яваагаар зүүдэлдэг үү?

Б.Г. Хоног толгойгоос дээшээ, яг нэгдүгээр хадны доод талд нэг ангал байдаг юм. Тэр ангал дээр оччихсон, “гарах уу байх уу, гарах уу байх уу” гээд байж байна гэж маш олон удаа зүүдэлсэн. Тэгээд л сэрчихдэг. Алтай таван Богдод авираад явж байхад өмнө нь болж байсан явдал давтагдаж байх шиг санагдах тохиолдол олон. Тэгээд би үүнийг зүүдэлж байсан юм байна даа л гэж боддог.

Ж.Б. Бодит амьдрал дээр тэр ангалын дэргэд очоод тэгж эргэлзэж байсан уу?

Б.Г. Үгүй үгүй. Угаасаа би гарах л ёстой, явах л ёстой гээд, нэг бол тойроод, эсвэл дээгүүр нь гараад л явчихдаг. Ер нь миний хамгийн их бодож, залбирч явдаг уул бол Хүйтэн. Бас Сүхбаатар аймагт байдаг Алтан-Овоо. Би Өвөрхангайн хүн ч гэсэн Алтан-Овоог шүтдэг. Цагаан сарын шинийн 8-нд боломж гарвал л тийшээ давхичихдаг. Энэ хоёр уул руугаа явчихаад ирэхээр хийх ёстой байсан ажлаа хийсэн юм шиг л санаа амардаг даа.

Ж.Б. Зүүдлэгдэх нь багасдаг уу?

Б.Г. Мэдээж зүүдлэгдэнэ. Гэхдээ их биш. Ер нь бол жилээ даадаг гэх юм уу даа.

 

 

Нийтлэлийг бэлтгэсэн: Жагдалын Баярхүү. Сэтгүүлч, уулчин. Уулчин.мн.2018

Нийтлэл,

Тэнгэрт тэмүүлсэн мөрөөдөл

Адъяагийн Болд– Хүний их эмч
Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө боловсруулах төслийн мэргэжилтэн

U: Ууланд дурласан, уул руу тэмүүлсэн хүн бүрийн түүх адилгүй байдаг. Таны түүх хэзээнээс, хэрхэн эхэлсэн бэ?

Б: Анх 2010 оноос ууланд  алхаж эхэлсэн. Тэр үед миний жин нэлээн ихэссэн бараг 100-аад кг хүрсэн байсан тул анх жингээ хасаж, эрүүлжих зорилгоор Богд уулруу ганцаараа хайкинг хийж эхэлсэн юм.

Харин 2013 онд Уулын спортын мастер Сүрэнжав асантай танилцсанаар уулчдын босго гэгддэг Хэнтий нурууны Ноён оргил Асралт хайрханд гарч байлаа. Дараа жил нь буюу 2014 оны 3 сард Отгонтэнгэр хайрханд явж байхдаа МУГТ Өсөхбаяртай танилцсанаас хойш өдийг хүртэл нөхөрлөж, олон сайхан оргилуудад хамтдаа баг болж гарсан байна. Одоогоор ямар нэг уулын клубд харъяалагддаггүй, цэвэр сонирхлоороо явж байна даа.

Ууланд алхах, өндөр ууланд авирах 2 маш их ялгаатай. Ууланд алхдаг хүн бүр өндөр уулсыг зорьдоггүй шүү дээ. Гэтэл та 7010м өндөр, хүнд техник шаардсан авиралтын замтай Хан тэнгэр оргилд гарлаа. Энэ хүртэл явахад тань хэн нөлөөлөв?

Б:  2014 оны 7 сард Алтай таван богдын Хүйтэн оргилд гарсан юм. Тэр үед цаг агаар сайхан байсан болохоор оргил дээр саадгүй гарсан. Бууж ирсний маргааш Өсөхбаяр гавьяат “Эрдэнэбат та 2 маргааш энүүхэнд өөр нэг оргилд гарах уу” гэж байна.  Тухайн үед уулыг зөвхөн өндрөөр нь л хэмжиж мэддэг байсан бид хоёр “Хүйтэн дээр гарчихсан, чадах байлгүй гэж бодоод” зөвшөөрлөө. Тэр оройдоо шаардлагатай хэрэгслүүдээ бэлдээд маргааш нь Бүргэд оргил уруу явсан.

Гэтэл ихэнхдээ мөстсөн, техник шаардсан авиралттай нэлээд хүнд зам угтдаг юм байна. Ямар ч мэдээлэлгүй явсан хүмүүс эхний 50 орчим метр яваад гацлаа. Тэгсэн Өсөхбаяр  “За та хоёр наанаа сууж бай. Би цааш явж зам үзээд ирье. Ер нь бараг буцсан нь дээр байх” гэв.  Бид хоёр зөвшөөрөөд, хадны дэргэд сууж байсан удалгүй Өсөхбаяр  “Зам дажгүй байна. Та хоёр олсоо бэхлээд гараад ир” гэж байна. Үнэндээ тэр зам нь бараг эгц босоо, мөсөн хана байсан л даа. Ингээд бид 2 мөсний сүх, гуталд бэхэлсэн мөсний тахынхаа ачаар 500 гаад метр газар арай гэж л авирч гарсан юм. Бууж ирснийхээ дараа “Өндөр уул бол бидний хийдэг зүйл биш байна. Ер нь ингээд больё доо.” гэтэл Өсөхбаяр “Өөрсдөө л мэдэхгүй юу. Харин дараа нь битгий гуйгаарай” гэж хэлээд инээж байж билээ.

Сонирхолтой нь яг тэр жил би Хан Тэнгэр уулын зургийг интернетээс анх хараад, хэзээ нэг өдөр энэ ууланд гарах юмсан гэж бодож эхэлсэн. Тэгээд л тэр мөрөөдлөө өнгөрсөн 7,8 сард биелүүлээд ирлээ. Ямар ч байсан тэр үед бууж өгөлгүй өдийг хүртэл ууланд татагдсаар, туршлага хуримтлуулсаар явна.

Таны хэлсэнчлэн авирах гэж буй уулынхаа талаар судлаагүй, туршлагагүй, бэлтгэл дутуу хангасны улмаас үүсэх эрсдэл их өндөр, амь насны үнэтэй байдаг. Харин та мөрөөдлөө биелүүлэхийн тулд 4 жил өөрийгөө бэлджээ. Энэ мөрөөдлөө бодит болгоход танд юу нөлөөлөв?

Б: Ууланд татагдсанаас хойш ер нь өндрийн өөрчлөлт буюу altitude миний биед яаж нөлөөлөх бол гэдэг нь их сонин байсан л даа. Би өөрөө эмч хүн учраас энэ тал дээр өөрийгөө соримоор санагддаг байлаа. Тэгээд 2017 онд Эльбрусд дтд 5200м орчимд гарахад хамт явж байсан хүмүүс болон надад яг өндрийн өөрчлөлт илт мэдрэгдэж эхэлсэн. Энэ өөрчлөлт хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч янз бүр л дээ. Зарим хүний гэдэс эвгүйрхнэ, толгой өвдөнө, бөөлжинө.

Харин миний хувьд гэнэт огиулах байдлаар илэрч, мэдрэгдэж байсан. Энэ явалтаас анх өндрийн өөрчлөлт биед хэрхэн нөлөөлөх, түүнд хэрхэн бэлдэж, биеэ дасгах тал дээр туршлага нэлээд судалсан даа. Хан тэнгэрийн хувьд 2014 оноос хойш л очихыг мөрөөдөж байлаа.

Харин энэ жил К2 явж 2 дахь оролдлогоо хийх гэж байсан Өсөхбаярын маань төлөвлөгөөнд өөрчлөлт орсны дараа “Би энэ жил К2 яваагүй юм чинь найзынхаа мөрөөдлийг биелүүлж Хан тэнгэрлүү явъя даа” гэж хэлсэн нь миний хувьд үнэхээр азтай явдал болсон. Ингээд Хан тэнгэр явах баг бүрдүүлж нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй баг яваад ирлээ.

Хан тэнгэрт гарахын тулд биеийн болоод сэтгэлзүйн ямар сорилтуудыг давсан бэ? Өөрийн тань хувьд анх удаа энэхүү ууланд авиралт хийгдсэн гэдэг утгаараа уулчид, аялагчидад энэ аялалынхаа талаар мэдээлэл өгөөч? 

Б: Хан тэнгэр оргил руу Киргиз эсвэл Казахстаны талаас авиралт хийдэг. Киргиз талаасаа уулын бэл дагаж мөсөн голоор явдаг харьцангуй техник авиралт багатай, уулын хөндий, хяр дагаж алхсаар 3 дугаар кэмп дээрээ очдог юм билээ. Харин Казахстан талаасаа 3 дугаар кемп хүртэл нилээд хүнд техник авиралттай, аль ч талаас авиралт хийсэн бүгд 3 дугаар кемп дээр нийлээд цаашаа оргил хүртлээ нэг замтай.

Бидний хувьд Киргиз талаас авиралтаа эхлүүлэхээр Аксай тревэл гэж Киргизийн компанитай холбогдон, төлөвлөгөө гаргаж байсан ч өнгөрсөн 5 сард тус улсад болсон нисдэг тэрэгний ослоос үүдэн Засгийн газраас нь Хан тэнгэрийн авиралтыг хаах тухай яригдаж эхэлсэн. Иймээс бид Казахстан талаас авиралт хийх боломжуудыг судалж МУҮХ-ны дэд ерөнхийлөгч Золжаргалтай холбогдон энэ тухайгаа хэлтэл биднийг Казахын уулын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Казбек Валиев гэж хүнтэй холбож өгсөн юм.

Тэгтэл аз болж Казах талаас авиралт зохион байгуулдаг ганцхан оператор компани Kan Tengri North face Expedition нь Казбек Валиевийн хувийн компани байж таарсан л даа. Энэ хүн биднийг маш уриалгахан хүлээн авч, үйлчилгээндээ хүртэл хямдрал өгсөн. Компаний бэлдсэн авиралтын хөтөлбөр нь стандарт буюу өндөр авалтын бүх журмыг нарийн гаргасан хөтөлбөр байсан. Тэр хөтөлбөрийн дагуу явахад нийт авиралтын хугацаа нь 19-21 хоногт багтдаг юм байна лээ.

Өндөрийн хувьд ч, авиралтын талаасаа ч Хан тэнгэр танд цоо шинэ туршлага болсон байх. Яг авиралтын нөхцөл хэр байсан бэ?

Б: Манай Монголын өндөр уулс ихэвчлэн цасаар уулаа хярлаж алхдаг онцлогтой. Харин Хан тэнгэр уулын хойд зам нь 1-р кемп хүртлээ стандарт зам буюу цас дагаж явдаг. 2-3 дугаар кемп хүртэлх зам нь тэр чигтээ хад, мөс бүхий холимог замтай. Нийт авиралтын бараг 70 хувьд авирах, буухдаа жумар, 8-ын тоо зэрэг багаж ашиглаж явсан. Замын хувьд их огцом, хурдан өндөр авдаг ч яг авиралт нь маш хүнд юм билээ. Мөн анх удаа тавьсан олс буюу fixed rope ашиглан авирч үзлээ.

Хэдийгээр бидний авиралт нь экспедишн төрлийнх байсан ч аюулгүй ажиллагааны тал дээр маш их зүйлийг сурсан. Цэвэр өөрөөсөө хамааралтай, өндөр хариуцлагатай авиралт хийгддэг юм байна лээ.

UULCHIN.MN энэ удаад мэргэжлийн уулчдын талаар гэхээс илүү ууланд дурласан, энэ спортод татагдан өөрийгөө сорьж яваа энгийн нэгэнтэй ярилцахыг хүссэн юм. Тийм ч учраас танд санал тавьсан.

Та хэдийгээр өөр мэргэжилтэй ч ууланд авирах хоббигоо, энэ туршлагаа улам баяжуулсаар байна. 4 жилийн өмнө жин хасах гэж ууланд алхаж эхэлсэн Болдоос биш өнөөдрийн 7000 метрт гарсан Болдоос Уулчин хүн гэж хэн бэ? гэж асуух нь оновчтой байх.

Б: Бидний өвөг дээдэс, хүн төрөлхтөн анхнаасаа л ууланд авирах дуртай байжээ. Яахав өндөр ууланд авиралт хийдэг дэлхийн мэргэжлийн уулчдын тухайд тэд бүх амьдралаа энэ спортод зориулж,  томоохон брендүүдтэй гэрээ  хийн санхүүгийн хувьд амьдрал нь баталгаатай болж байгаа юм. Мөн мэргэжлийн байхын тулд шат дараалсан сургалт авч, бэлтгэгдэж байдаг.

Бидний хувьд үндсэн ажлаа хийхээс гадна хобби маягаар ууланд авиралтын спортоор хичээллэдэг. Ялангуяа өндөр ууланд явах сонирхолтой. Яагаад гэвэл өндөр уулын авиралт нь хувь хүнээс чи хэн бэ гэдгийг шалгадаг, тэндээс хүн өөрийнхөө жинхэнэ “БИ”-г олж авдаг гэх юмуу. Өөрийгөө таньж мэдэхээс гадна уулчин хүний өөр нэг чухал чанар бол багийн тухай ойлголт юм.

Тэнд маш их тэсвэр тэвчээрийн сорилт дунд яваа хүнд хуурамч баг зүүх ямар ч боломж байхгүй. Яг тухайн хүний үндсэн характер илэрч байдаг юм. Тиймээс ч өндөр ууланд яваа багийн гишүүд нэг нэгнээ маш сайн ойлголцож явахгүй бол алхам тутамд эрсдэл хүлээж байдаг. Үүнээс гадна эмх цэгцтэй, бүх зүйлд бэлэн байхыг суралцсан.

Ер нь л уул руу явах бүртээ маш их зүйлийг сурч, мэдсээр байна даа. Тэгэхээр миний хувьд уулчин гэдэг нь багаар ажиллах чадвартай, бусдад гай болохгүйгээр өөрийгөө аюулгүй байлгах, шаардлагатай багаж хэрэгслүүдийг бүрэн ашиглах чадвар эзэмшсэн, хамтын болон бие даасан шийдвэр гаргах чадвартай хүнийг хэлэх болов уу.

Хар ухаанаар бол уулчдыг хамгийн өндөр уулруу л авирдаг гэж хүмүүс боддог. Гэтэл уулчин бүрт өөрийн гэсэн зорилго, өөртөө төлөвлөсөн сорилт байдаг шүү дээ. Таны хувьд?

Б: Уул бүр газарзүйн, цаг агаарын, агаарын даралтын хувьд онцлогтой. Надад бол хад, мөс холилдсон олон төрлийн техник авиралт шаардсан, яг саяны Хан тэнгэр шиг сорилттой уулс илүү таалагддаг. Жишээлэхэд: 2015 оны 3 сард Дэлгэрхаан оргилд өвлийн авиралт хийж байсан. Өвөл байсан болохоор ихэвчлэн мөстэй, хүнд төрөлд орох авиралт хийсэн л дээ.

Гэх мэтчилэн өөрийгөө сорьсон авиралт хийж болох уулсыг түлхүү сонирхдог. Өндөрийн тухайд саяны Хан тэнгэрийн явалтаар 7000 метр бол надад хангалттайг мэдэж авсан болохоор одоо 8000-тай өндөр уулс гэхээсээ илүү сонирхолтой, сорилттой авиралт шаардсан уул руу явья гэсэн бодол төрж байгаа.

Тантай ижил сонирхолтой, мэргэжлийн бус хоббигоороо уулын аялал хийж буй хүмүүст ялангуяа залууст зөвлөгөө өгөөч?

Б: Хамгийн чухал нь хувийн бэлтгэл. Авирах гэж байгаа уулаа маш сайн судалж, хүчний болон тэсвэрийн бэлтгэлийг хамтад нь хийж байх хэрэгтэйг сая Хан тэнгэр явахдаа мэдэрсэн. Кемп хооронд олон удаа эргэж буцдаг болохоор хангалттай тэсвэр хийчихэж байгаа юм.

Гэтэл би энд баахан тэсвэр хийчихсэн тул ядралт нэлээн мэдэрсэн. Уг нь тэсвэрийн бэлтгэлтэй хамт хүчний бэлтгэл хийх байж дээ гэж тухайн үед бодогдож байлаа. Мөн ханан хаданд авиралтаар давхар хичээллэх зайлшгүй шаардлагатай. Альпин, экспедишн авиралтын ялгаа тус бүрийн онцлог, хариуцлагын асуудал гэх мэт онолын талын мэдлэг тун чухал.

Тиймээс энэ тал дээр бас л суралцах хэрэгтэй. Эдгээрээс гадна өндөр уулын аялалд гарахад хамт явж байгаа хүмүүсийн ойлголцол, ямар ч тохиолдолд харцаараа нэгнээ мэдэрдэг, нэг цул болох нь тун чухал байдаг.

Монголчууд эртнээс уул усаа хамгаалж, хүндлэн, шүтэж ирсэн. Гэвч сүүлийн үед хүндлэл бишрэлийн агуулга нь хэтэрхий туйлширч, мухар сүсгийн шинжтэй болоод байх шиг. Хүн гишгүүлэхгүй гэдэг нь угтаа бол тухайн эко системийг хамгаалах, онгон дагшин байдлаар нь хадгалан үлдэх гэсэн санаа юм болов уу гэж боддог. Гэтэл одоо энэ агуулгыг ямар нэг далдын хүчтэй холбох болж. Энэ тал дээр та бодлоо хуваалцаач?

Б: Би шашингүй үзэлтэн болохоор иймэрхүү мухар сүсэгт ач холбогдол өгдөггүй. Харин ууланд хайртай, уулчин хүн бүр нэг л зүйлийг маш сайн ойлгосон байдаг. Тэд байгаль дэлхийг хайрлах, ширхэг чихрийн цаас ч хаялгүй цэвэрхэн аялах ёстой гэдгээ бүрэн ухаарсан хүмүүс байдаг гэж боддог. Ялангуяа хүүхэд залууст хэлэхэд ууланд авирах нь эмх цэгцтэй байж сурах, байгалийг хайрлах, биеэ даах чадвар эзэмших зэрэг хүмүүжлийн өндөр ач холбогдолтой гэж ойлгодог.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын уулуудад явган аялал, алхалтын нилээд олон зам бий болсон. Хүмүүс ч олноороо ууланд алхах болжээ. Яг ийм сонирхолдоо хөтлөгдөн ууланд алхаж эхэлж буй хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

Б:  Бид нар ер нь их азтай хүмүүс шүү дээ. Хотдоо ойрхон уулстай, тэгээд бүр дтд 2000 метрээс дээш өндөртэй шүү. Энэ бол өндөр үзүүлэлт л дээ. Тэгэхээр аль болох энэ боломжийг ашиглаж, тогтмол ууланд алхаж байх хэрэгтэй. Өндөр ууланд авирах ч бай, энгийн hiking алхалт хийх байсан ч хамгийн чухал зүйл бол гутал юм. Уулын гутал нь төрөл, зориулалтаасаа хамаараад янз бүр байдаг. Гол нь өөрийнхөө хичээллэх төрлийг олсон бол түүндээ зориулж чанартай, сайн гутал сонгохоос л эхлэнэ.

Танд их баярлалаа.

Түүний авирсан оргилууд

2013.11 сар        Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан
2014.3 сар          Хангайн нурууны ноён оргил Отгэнтэнгэр хайрхан
2014.7 сар          Алтай таван богдын ноён оргил Хүйтэн, Бүргэд хайрхан
2015.3 сар          Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан хайрхан
2016.7 сар          Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаан хайрхан
2017.3 сар          Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг хайрхан
2017.5 сар          Европ тивийн ноён оргил Эльбрус хайрхан дтд 5643 м
2017.7 сар          Мөнххайрхан уулын ноён оргил Сүхбаатар хайрхан \Олс ахалсан\
2017.10 сар        Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг Их Богд хайрхан \Баг ахалсан\
2018.7,8 сар      Киргизстан,  Казахстан улсуудын хилд орших Тян Шаны нурууны 2дах өндөр оргил Хан тэнгэр хайрхан дтд 7010 м

уулчин.мн. 2018 он.

Нийтлэл,

Олон улсын альпинизмын өдөр (Альпинистын өдөр)

8 сарын 8-г олон улсын альпинизмын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Швейцарийн эмч Michel-Gabriel Paccard (1757–1827), уулын хөтөч Jacques Balmat (1762–1834) нар 1786 оны 8 сарын 8-нд Альпын нурууны тэргүүн оргил Монблан-д (4810м) анхлан хөл тавьсан байна.
18-р зууны дунд үеээс тус оргилд гархаар жил бүр уулчин аялагчид Chamonix тосгонд олон зуугаараа ирдэг байсан боловч бүгд амжилтанд хүрээгүй гэгддэг. Тосгоны оршин суугчид уулчидын авиралтыг сонирхох дуртай байсан ба тосгоны суучидаас уулын хөтөчүүд төрөн гараад байж.1760-аад оноос уг оргилд гарах хүсэл олныг хамрах болсон байна. Учир нь Швейцарийн геологч, уулчин Horace-Bénédict de Saussure (1740–1799) оргилд авиралт хийж, гарч чадаагүй бөгөөд түрүүлж оргилд гарсан уулчинд өндөр шагнал амалсан байна. Үүнээс хойш оргилд гарах оролдлогууд олон жил амжилтгүй болж байсан ба харамсалтай тохиолдол ч багагүй байсан гэдэг.
1786 оны зун эмч Michel-Gabriel Paccard нутгийн анчин, уулын хөтөч Jacques Balmat-д Монблан оргилд авирч гарах санал тавьж, авирах хөнгөн зам мэдэж байгаагаа хэлсэнээр тэдний түүхэн авиралтын суурь тавигдсан байдаг. Авиралтаа 8 сарын 7 төлөвлөж, 8 срын 8-ны 18 цаг 23 минутад Paccard, Balmat нар оргилд гарсан байна.
Авиралтын зам огт хөнгөн байгаагүй бөгөөд Paccard хамтрагчдаа хэд хэдэн удаа буцах санал тавьж байсан боловч шагнал толгойноос нь гараагүй Balmat хамтрагчаа зоригжуулж бүтэн хоног илүү үргэлжилсэн авиралтаа оргилд хүргэж чадсан байдаг. Сонирхолтой нь Balmat эрч хүчээр дүүрэн хамтрагчаа зоригжуулж явсан хэдий ч оргилд түрүүлж гарч туг зоосон нь Paccard байсан ба тэмдэглэлийнхээ дэвтэртээ агаарын хэм, агаарын даралт, оргилоос харагдах бусад оргилуудын зургийг зурж үлдээсэн байдаг.
Оргилоос бууж ирсэний дараа Paccard оргилд гарсан тухай ном бичиж эхэлсэн. Харин Balmat Монблан оргилд анх хөл тавьсан хүний хувиар шагналаа авхаар Saussure-г зорин одсон байна. Saussure-н мөнгө өөрийнхөө хийх зүйлийг хийсэн гэж үзэн Jacques Balmat-г тус оргилд гарсан анхны хүнд тооцдог байна.
Үүнээс хойш жил бүрийн 8 сарын 8-нг уулчид өөрийн баярын өдөр болгон тэмдэглэж иржээ. Үүнд зөвхөн уулчдаар зогсохгүй ахуйн авиралтын ажил эрхлэгчид мөн баяраа болгон тэмдэглэдэг байна. Шилэн ханан цэвэрлэгээ, гадна хананы засвар,будаг, цас буулгах гэх мэт. Энэ өдөр дэлхийн зарим улсын хотуудад уулын холбогдолтой тэмцээн,тоглолт, баярын арга хэмжээ зохион байгуулагддаг байна. Та бүхэнд Олон улсын альпинизмын өдрийн баярын мэнд хүргэе!

Нийтлэл бэлтгэсэн: Ж.Бямбасүрэн ( Bambi ), Хайрхан аялагч клуб.

Эх сурвалж Calend.ru

Нийтлэл,

Уулын Урук

  • Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө танилцуулаач. Уулын болон явган аялалын тухай сонирхолтой ярилцлагыг өрнүүлнэ гэж найдаж байна. Та ууланд дуртай болж аялаж, алхаад хэр удаж байна.

Сайн байна уу? Таньд ч бас өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулая. Намайг Ариунзоригт гэдэг. Би ууланд алхаад, ууланд дуртай болж сонирхоод дөнгөж 6 жил болж байна. Улаанбаатар Аялагч клубийг үүсгэн байгуулалцаж удирдаад 5 жил болсон байна.

  • Анх яагаад ууланд алхах болсон бэ?

Нэг их шалтгаан байхгүй ээ. Амралтын нэг өдөр найзтайгаа телевиз үзээд мах тавьчихаад өөрийгөө аягүй амарч байна гээд л сууж байтал зурагтаар хоёр аялагч хүн яриа өгч байнаа “Амралтын өдрийг идэвхтэй амар, түмпэнтэй мах тавьчихаад зурагтын удирдлага эргүүлээд байх бол амралт биш маягийн юм ярьж байсан”. Тэгтэл бид хоёрыг яг хэлж байгаам шиг санагдаж билээ.  Тэгээд ийм алхадаг хүмүүс байдгийг мэдээд найзтайгаа хоюулаа Монгол Хайкинг клубд анх алхаж эхлэсэн дээ.

  • Ууланд алхахын сайхан тал нь юу вэ?

Ямар ч алхадаггүй сонирхолгүй хүнийг ойд алхуулахад “хөөх ямар гоё юм бэ” гэж хэлэхгүй хүн бараг байхгүй дээ. Тэгэхээр алхдаг хүмүүсээс бусад нь байгалд алхах ямар гоё гэдгийг мэдрээгүй хүн эсвэл гоё сайхныг нь мартсан хүмүүс л байгаа гэж боддог. Гоё сайхныг хүн бүр өөр өөрийн өнцгөөс хардаг байх. Миний хувьд өвөл ууланд алхах хамгийн сайхан байдаг. Манайх жилийн 52 бүтэн сайныг алгасахгүй баяр наадам, цас бороо хамаарахгүй товлосон алхалтаа заавал хийдэг. Нэг ёсондоо бүрэн эргэлтэнд орсон гэсэн үг л дээ. Алхах сонирхолтой л бол бидэнтэй чөлөөтэй нэгдэж болно.

Өөрийн үүсгэн байгуулсан клубынхээ тухай танилцуулаач

“Улаанбаатар залуусын оролцоо” гээд төрийн бус байгууллагын дэргэдэх “Улаанбаатар аялагч” ( UB Hiking Club ) гээд клуб байдаг. Манай клубын зорилго их хотын иргэдийг эрүүл амьдрал, идэвхтэй амралтад уриалан нийслэлээрээ овоглон анх үүсгэн байгуулагдаж байсан. Улаанбаатар гэсэн нэрийг зүүсэн ашгийн бус жинхэнэ хотын иргэдийн төлөө ганц байгууллага байх. Хэдий манайх сонирхогчийн клуб ч гэсэн боломжынхоо хирээр уулын авиралт, спорт авиралт энэ  дотроо мөсөн авиралт, ханан авиралт, байгалийн хаданд авиралт зэрэг бүх төрлийг манай гишүүд сонирхон хичээллэж амжилт гаргаж байна. Мөн уулын гүйлтийн /Sky Running/ төрлүүдийг мөн сонирхон хичээллэх залуус их байна даа.  Ёстой нөгөө бооцоотой бол чярта ч тоглоно гэдэг шиг ууланд хамаарах л бол ямар ч төрлөөр хичээллэж тэмцээн уралдаанд нь орж байна даа.

Анх клуб хэрхэн үүсч байсан түүхтэй вэ?

Хамгийн анх алхах сонирхолтой 15 найз нийлж ТББ-гаа байгуулаад дэргэд нь клубээ байгуулж байсан. Цоо шинэ фэйсбүүк хуудас нээгээд 15-уулаа лайк дараад, алхалтаа хамтдаа эхлээд клуб маань анх нээгдэж байсан. Бид эв нэгдлийг эрхэмлэж байсан учир олон олон алхагч найз нар маань биднийг хүлээн зөвшөөрч бидэнтэй нийлсэн. Тэр итгэлийг алдахгүй, клубээ тарааж бутраахгүй гэсэн чин сэтгэлээр ажиллаж ирсэн дээ. Одоо тэднийг манайхан өвөг дээдэс гэж хүндэлдэг хэхэхэ.  Түүнээс хойш өргөжин тэлээд өдий зэрэгт хүрсэн байна.

  • Эв нэгдэл гэж ярьлаа яагаад энийг онцлох болов? Амжилттай яваагийн нэг үндэс гэж үзэж байна уу?

Мэдээж тэгэлгүй яахав, энэ хэдэн жилийн хугацаанд олон ч клуб байгуулагдаж хуваагдаж байсан гэхдээ тэдний зорилго хоорондоо нэг их зөрөхгүй байх зөвхөн удирдаж яваа хүмүүсийн үзэл бодлын зөрчил гэж ойлгодог. Манай клуб ч ийм нөхцөл байдал дундаас үүссэн гэж болно. Тийм учраас эв нэгдэлтэй байх хэрэгтэй юм байна тэгвэл хүчирхэг байж чадна гэсэн бодлого барьж ирсэн. Золоор сайхан хамт олон бүрэлдсэн.

  • Бусад клубүүдээс юугаараа ялгаатай вэ?

Адил төстэй үйл ажиллагаа явуулдаг клубүүд олон байгаа. Манай клубын онцлог гэвэл тогтмол үйл ажиллагаатай, гишүүд олонтой, ням гараг бүр Богд уул болон Улаанбаатар хотын эргэн тойрон дахь бусад уулсаар тогтмол аялал зохион байгуулдаг. Уг алхалтанд бага насны хүүхдээс эхлээд насны хязгаар байхгүй, хүссэн хүн бүхэн ирж үнэ төлбөргүй алхдаг. Цаашлаад манай гишүүн болсоноороо уулын спортын төрлүүдээр хичээллэх мөн аялал авиралт хийх бүрэн боломжтой гээд манайхан ер нь тал талын их идэвхтэй хүмүүс дээ.

  • Клубын гишүүд хамгийн доод тал нь хэдэн настай хүүхэд байна

Тогтмол алхдаг бага насны хүүхэд 6 наснаас хамгийн дээд тал нь 70 настай хүн хүртэл алхаж байсан байхаа. Насны хэмжээг нь яг мэдэхгүй байна. Клубын гишүүд 500 орчим болсон байдаг.

  • Таны хамгийн холын алхалт, авиралт мөн манай клубын оролцдог спорт тэмцээний тухай

Хамгийн ойрын жишээ гэвэл манай ням гарагийн алхалтын нэг төрөл уртын алхалт 33 км. Авирч байсан уул гэвэл Монгол орны ихэнх уулуудад баг хамт олноо авч гарч байсан.  Монголын Үндэсний Уулчдын Холбооноос жилд болох тэмцээний төлөвлөгөө гардаг. Түүний дагуу уулын болон спорт авиралтын төрлүүдийн бүх уралдаан тэмцээнд тамирчдаа сойдог. Ер нь тэгээд уулын холбогдолтой гүйж харайх, авирах тэмцээнүүдэд бүгдэд нь манай клуб оролцдог.

  • Танай клуб тогтмол алхалт зохион байгуулдаг гэсэн. Тэр алхалтын тухай яриач

Тогтмол алхалтаа бид энгийн алхалт гэж ярьдаг. Энэ нь клуб оршин байх үндэс болох бөгөөд энэ шатыг давалгүй хэн ч орж ирдэггүй. Нэг ёсондоо арын хаалга гэж байхгүй, тодорхой шалтгааны үед л тогтсон журмаар гишүүн болох боломжтой. Тэгэхээр их чухал байгаа биз. Та хичнээн сайн алхдаг бай тэр чинь энгийн алхалтанд түй ч хамаагүй. Та анхлан алхагчын хэмнэлээр л алхана. Харин тэдэнд туслах зөвлөх нь хуучин гишүүдийн үүрэг байдаг. Хурдан алхах гэсэн тэр эрч хүчээ тэмцээн уралдаан, бэлтгэлд нөөх хэрэгтэй гэдгийг бүгд ойлгодог болсон.

  • Дотоод зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөөч

Клубын зохион байгуулалтанд ороод тогтмол алхдаг идэвхтэй хүмүүсээ 3 баг болгон хуваадаг. 3 баг ээлжлээд ням гарагийнхаа алхалтыг зохион байгуулдаг. Алхалтын зар лхагва гарагт гардаг. Нэг багт 20 орчим хүн байдаг. Дөрвөн хайрханаа тойрох аялал, Санзай, Бэлх, Сэлх, Хустайн нуруу гээд өдөртөө яваад ирж амжихаар олон уул байгаа. Нэг уул нэг маршрут биш, нэг ууланд нижгээд чиглэл байна. Уул бүхэнд алхах маршрут байдаг. Гэхдээ уул болгоныг талхалаад байж болохгүй тэр ууланд ан амьтан, өвс ургамал гэж байна. Судалгааны үндсэн дээр ууландаа зам гарган алхдаг. Бас их хүн алхаад байдаг замаар алхдаггүй.

  • Клуб удирдаж явахад бэрхшээлтэй тал юу байдаг вэ?

Мэдээж бэрхшээл их байна. Сайн дурын байгууллага учир хэн ч хэзээ ч хаяад явсан хариуцлага байхгүй шүү дээ. Тэдэнд тэгж байх алба ч байхгүй дээр нь цалин мөнгө, санхүүжилт байхгүй гэхдээ олон ажил зохиох үйл ажиллагаа явуулах гээд энэ бүхнийг зангидаж явах үүрэгтэй байдаг. Ер нь шатар тоглохтой адил гэх юм уу даа, би тэгж төсөөлөөд байгаа юм.  Зүгээр гишүүн, алхагч бол нэг их олон юм бодоод яваад байхгүй л байх. Баг ахлаж удирдаж яваа хүн бол дараа дараагийн бүх нүүдэл, гарах алдаа, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам гээд бүгдийг тооцоолж явна. Толгой маш завгүй байдаг. Янз бүрийн насны, өөр өөр хүмүүжилтэй, ааш араншинтай эрэгтэй, эмэгтэй гээд олон хүн байгаа. Тэр бүхнийг нэгтгэж, нэг зохион байгуулалтанд оруулж авна гэдэг хүндрэлтэй байдаг. Одоо ажлаа өгсөн болохоор хөнгөхөн сайхан байна.

  • Та яагаад ажлаа өгсөн бэ хэцүү хүндрэлтэй болоод няцсан хэрэг үү

Тийм юм байхгүй ээ, одоо хэцүү хүндрэлтэй үе нь нэгэнт өнгөрсөн. Манайх чинь суурь сайтай барилга л гэсэн үг. Өгөх болсон шалтгаан  гэвэл нэгдүгээрт би чинь тавын таван жил удирдлаа шүү дээ, одоо өөр арга барилтай шинэ салхи оруулах, хоёрдугаарт хувийн ажил зав чөлөө муутай болох төлөвтэй. Бас миний ард надаас илүү чадвартай хүн байгааг хаагаад байх магадлалтай. Ер нь клубийн удирлага 3 жил хөдөлгөөнгүй байх хэрэгтэй гэж бодогдсон. Хэт их удаж болохгүй.

  • Эсрэгээрээ сайхан тал нь

Сайхан байгальдаа сонирхол нэгтэй анд нөхөдтэйгөө хамт аялаад явж байна гэдэг сайхан. Манай хамт олны дотно уур амьсгал, нөхөрлөл сайхан байдаг. Тэднээрээ маш их  бахархдаг, тэдэнтэйгээ хамт байхад хийх хүсэл, чадах зориг ундарч байдаг ямар ч баггүй байж болох ганц газар гэх юмуу даа. Өлсөж цангасан ч хамтдаа, олсонд орсон ч амь нэг байдаг учраас илүү ойр дотно байдаг. 

  • Танай клубын нэрэмжит тэмцээн зохиогддог гэсэн. Ямар тэмцээн бэ?

2014 оноос уулын болон явган аялалын гээд адил төстэй үйл ажиллагаа явуулдаг клубуудын дунд сагсан бөмбөгийн шилжин явах цомтой тэмцээн зохиож ирсэн. Энэ жил 5 дахь жилдээ болсон. Эхний жилүүдэд цом авсан баг дараагийн тэмцээнийг зохиодог байхаар уламжилсан ч тэмцээний утга санаа алдагдаад жил бүр манай клубын нэрэмжит тэмцээн болгон зохиодог болсон. Энэ жилээс 3000м-с дээш ууланд гарсан, Хагийн хар нуур уруу явганаар хүрсэн, уулын спортын зэрэгтэй байвал ямар нэгэн шалтгаангүй орно, сагсан бөмбөгийн зэрэгтэй байвал орохгүй, орж байгаа хүмүүс тухайн клубын гишүүн байх зэрэг болзол тавьсан чинь яг манай уулын хүрээнийхэн ороод сайхан байлаа. Ирэх жилээс бүр гоё болох байх гэж бодож байна.  Түүнчлэн спорт авиралтын төрөл болох хиймэл хананд авирах спорт маань 2020 оны Токиогийн олимпийн төрөлд орсон. Тиймээс “Монголын уулчдын үндэсний холбоо”-оос уг спортыг хөгжүүлэх тал дээр ажиллаж байна. Манайх мөн дэмжлэг болох үүднээс хүүхдүүдийг бага насанд нь нээе гэсэн зорилгоор 4-6, 7-9 настай  хүүхдүүдийн дунд спорт авиралтын тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Энэ нь “UB hiking club”-ын нэрэмжит тэмцээн болж “Монголын Уулчдын Үндэсний Холбоо”-ны календарчилсан тэмцээний жагсаалтад орсон байгаа. Одоо 3 дахь жилдээ 2018 оны намар зохион байгуулагдана. Уг спортыг хөгжүүлэхэд төрөөс маш их дэмжлэг хэрэгтэй байгаа. 1990-д онд их спорт ямар байсан яг тэр үе дээрээ байгаа. Төр засагаас харж үздэг бол манай тамирчид амжилт гаргах өндөр боломжтой.

  • Монголын уулын спорт таны бодлоор ямар түвшинд явж байгаа вэ?

Яг ямар түвшинд явааг би хэмжиж хэлж мэдэхгүй юм. Дэлхийтэй харьцуулбал миний бодлоор байж болох доод түвшинд л явж байна. Гэхдээ хөгжүүлэх гэж залуучууд хичээж л байгаа. Төр засаг нь аюул осол болсон хойно нь гайтай юмаа гэсэн байдалтай уулзах биш тэднийг хөгжих тал дээр дэмждэг байх хэрэгтэй. Стандартын хана болон бэлтгэл хийх газар орчин, сургагч багш  байвал залуучууд амжилт гаргахад ойрхон байгаа.

  • Танай клуб өөр ямар нэгэн хамтарсан аян зохиодог уу? Дан ганц ууланд авирахаас гадна

Бид сайн үйлсийн аян зохион байгуулж уул хайрхан, байгальд хаясан хог цэвэрлэх зэрэг ажил өрнүүлдэг. Сайн үйлсийн аянд оролцож байгаа хүмүүс хог түүж байна балиар заваан гэж боддоггүй, сайн үйлсийн төлөө, байгаль уул усныхаа төлөө гэсэн сэтгэлээр ханддаг. Мөн Богд ууланд хэд хэдэн түймэр унтраалцаж гарсан түймрийг мэдээлэж байлаа. Тиймээс л хүмүүс хамрагдах дуртай байдаг. Залуучуудыг их уриалмаар санагддаг. Зөв зан үйлээр хүмүүс нэгнээсээ суралцаж, биенээ хүмүүжүүлж байдаг гэж боддог. Бидэнтэй хамт алхаж аяласан хүмүүс ямар ч байсан байгальд хог хаях ёсгүй юм байна гэдгийг сайн ойлгож авдаг. Тэдгээр хүмүүс цаашлаад хамт байх хүмүүстээ нөлөөлөх байх гэж найддаг. Манайхан хаа ч явсан хогоо хаяхгүй, боломжтой үедээ бусдын хаясан хогийг түүгээд буйраа цэвэрлээд л явдаг. 

  • Байгаль эхээ бохирдуулж байгаа хүмүүс маш олон байна. Та юу гэж уриалмаар байна.

Ухамсар асар дорой байна шүү дээ. Боловсролтой хүн ч хог хаяж л байдаг. Жишээ нь Богд ууланд тогтмол алхагчид бол хог хаядаггүй харин найз нөхдөөрөө зугаалж яваа дэлгүүрийн тортой хүнс барьсан нөхдүүд л идэж уучихаад сайн л бол бөөгнүүлж торондоо чихээд орхидог. Хэнийг ч цэвэрлэнэ гэж найдаж орхидог юм бүү мэд. Байгалийн хишиг хайгчид буюу самарчид, эвэрчид тэд хэзээ ч хогоо буулгахгүй. Хэд хэдэн сарын хүнсээ уул руу авч гараад л идэж уучихаад л самраа, эврээ үүрээд л буугаад ирдэг. Хог ууландаа л үлддэг тэд л миний харж байгаагаар хамгийн их байгаль бохирдуулагчид байна. Байгалаа хайрлаж, зөв тахин шүтэж байгальд удаан шингэдэг зүйл орхихгүй байх, дүүрэнээр нь чирээд гарч чадсан байж хоосолчихсон хойноо аваад буучих ухамсартай байхыг хүсэх байна даа.

  • Анх удаа ууланд алхах гэж байгаа сонирхогчдод та зөвлөгөө өгөөч

Алхах газраа, хугацаагаа тооцоолж хувийн хэрэгцээний зүйлээ бэлдэх. Зориулалтын гутал, хувцастай байх, мэдэхгүй зам жимээр дураар явахгүй байх, цаг агаараа заавал харах, гарч болох эрсдлийг тооцож бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ямар ч анхан шатны мэдэгдэхүүн байхгүй бол олон клубуудын аль нэгтэй нь нэгдээд алхвал сэтгэл амар байх болно. Хүмүүс ууланд алхах гэж найзыгаа хүлээгээд л, нэг нэгнийхээ завыг хараад л маш их хугацаа алдаж байдаг. Манайхан бол сонирхлоороо нэгдсэн болохоор ням гариг бүрийг алгасдаггүй, Тиймээс клубт орвол дараа очиход хамт алхах хүн байхгүй гэсэн асуудал байхгүй, бүгдтэй нь найз нөхөд болоод, эрүүл амьдарч, хамт алхах боломжтой.

  • Ууланд авирах, алхахад гарч болзошгүй хүндрэл, асуудлаас хэрхэн хүмүүсээ хамгаалж авч явдаг вэ?

Анхлан алхаж байгаа хүмүүст зориулсан зөв хувцаслах талаар гэх мэт алхалтын зөвлөмж байдаг. Ууланд алхахад олон эрсдэлтэй нүүр тулж болно, гол нь урдчилан сэргийлж явах нь чухал. Үүний тулд зохион байгуулалт нэгдсэн удирдлага чухал байж таарна. Жишээ нь 60-70 хүн явлаа гэхэд нэгтгэж удирдаж явахгүй л бол 60-70 тусдаа толгой шүү дээ. Хэн нэг нь болчимгүй алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Адаглаад буруу замаар орж төөрнө.

Авиралтын хувьд арай өөр ууланд авирах хүмүүсээ долоо хоногт 2-3 удаа өөрөө биечлэн уриалж бэлтгэл хийлгэдэг. Мөн авиралтын техник заана, мэдэхгүй чадахгүй зүйлээ чаддаг нэгнээрээ заалгана. Бид чинь сургуулийг нь төгсөөд эсвэл хэн нэг сайн уулчинд шавь ороод бэлтгэгдсэн хүмүүс биш шүү дээ. Бүгд л суралцагч нэг нэгнээсээ сурсан зүйл их, хамтдаа хөгжиж л байна. Аюул осол гаргачих вий гэж өөрсдийн хэмжээнд тооцоолж төлөвлөж явдаг. Маш их хариуцлага шүү дээ. Олон хүн амь нас гэх хамгийн үнэт зүйлээ итгэж  даатгаад явж байгаа гэж бодохоор бүр их үүрэг хариуцлага мэдэрдэг. Гэлээ гээд ганц хүн яах билээ хувь хүн бүрийн хариуцлага сахилга бат маш чухал. Авиралтын дараа сэтгэл амраад хамгийн сайхан мөч дөө. Ёстой л нурж унамаар л болдог.

  • Таны авирах дуртай уул? Яг ямар мөчид кайф авдаг вэ?

Бодоод байсан авирах дуртай уул минь гэж бодож байгаагүй юм байнаа. Сайн хэлж мэдэхгүй байна. Баг хамт олноороо амжилттай гарсан, бууж ирсэн мөч л хамгийн кайфтай юм байна. Баг дотор сайн алхдаг, тааруу алхдаг гээд янз бүрийн хүмүүс байдаг даа тэр хүмүүсийг л цугт нь зорилгыг нь биелүүлчих юмсан гэж яваад өөртөө тэр асуултыг тавьж үзээгүй юм байна.

  • Өгсөхөөс буух нь илүү хэцүү гэж ярьдаг

Буух хамгийн хэцүү. Бууж чадахгүй үед дээш гарсан шигээ дөрвөн хөллөж буудаг. Алхаж дээшээ гарахдаа хамаг тамираа бараад, буцах гэхэд ядарч цуцсан байдаг. Тиймээс бэлтгэл сайн хангагдсан үедээ ууланд авирах хэрэгтэй. Заавал өндөрт гарах албагүй. Хэзээ ч хаанаас буцах сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Өөрийнхөө биеийн байдлыг анзаарч буцдаг байх хэрэгтэй. Уул нүүдэггүй гэж ярьдаг шиг гарч чадахгүй байлаа гээд шантрахгүйгээр дараа илүү бэлтгэл сайтай ирэх хэрэгтэй. Уул ирсэн болгоныг хүлээж аваад байдаггүй. Уул хүлээж авах хүнээ л авдаг гэдэгт би итгэдэг.

Энгийн сайхан ярилцлага өгч бусдад урам хайрласан танд баярлалаа. Цаашдын ажил, авиралтад тань өндөр амжилт хүсье ээ.

Ярилцлага бэлтгэсэн: Уулчин.мн-ын сэтгүүлч Р.Цолмон

Уулын цаг агаар

Холбоо барих

Утас: 99059693

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 407-24 тоот