Browsing category

Зөвлөгөө

Зөвлөгөө,

Аялал, авиралтад шингэнээ яаж нөхөх вэ?

Насанд хүрсэн хүний биеийн 60 орчим хувийг ус эзэлдэг бөгөөд бага зэргийн дасгал хөдөлгөөн, алхалт авиралтад ам хатаж, бие тавгүйтэн ус уухийг аяндаа шаардаж эхэлдэг.

Бие дэхь шингэний дутагдалаа зөв нөхөж авиралт алхалтаа амжилттай дуусгахийн тулд зарим нэг дэс дарааг мөрдөх хэрэгтэй.

Үүний тулд хир их шингэнийг хэрхэн ууж, биед хэрэгцээт хэмжээг яаж хадгалах вэ гэдгийг мэдэх нь зөв.

Уух хэмжээ

Мэдээж энэ нь бие хир эрчимтэй ажиллаж байгаа, ямар спорт болон аялалд оролцож байгаагаас хамаарна.

Дундаж идэвхтэй хөдөлгөөнийг цаг агаарын халуун хүйтэн биш дундаж температурт хийх бол ойролцоогоор 300-500 грамм буюу хагас литр усыг нэг цаг тутамд ууж байх хэрэгтэй.

Өвлөөс бусад улиралд аяллын явцад усыг амархан авч уух боломжтой байхаар үүргэвчний гадна болон хувцасандаа авч  явбал тогтмол ууж амждаг. Хэтэрхий далд хийх, зогсож авахад цаг орохоор бол төвөгшөөх, бусдыг удаан хүлээлгэхээс санаа зовсондоо хангалттай ууж чаддаггүй.

Мөн шээсний өнгө шар эсвэл хүрэн болж эхэлвэл даруйхан шингэн уух хэрэгтэй.

Өндөр ууланд

Өндөр ууланд буюу 3000-5000 метрийн өндөрт өдөрт 2-3 литрийг, 5000 м-ээс дээш бол хамгийн багадаа 4 литрийг уувал өндрийн өвчин тусах эрсдэлийг багасгадаг байна. Гэхдээ нэг дор биш хагас цаг тутамд сэрүүлэг тавьж аажим бага багаар уувал сайн.

Өндөрт хэт их хөдлөх нь биеийн шингэн болон хүчилтөрөгчийг илүүтэй хэрэглэдэг тул цусны улаан бөөм хангалттай нэмэгдэж чадахгүй өндрийн нөлөөнд орох аюултай.

Тиймээс аль болох бага хөдлөх, алхах нь зүйтэй.

Өндөрт цас мөсний дунд ч хурц наранд агаар хуурайшиж амьсгалаар шингэнээ байнга алдаж байдаг.

Давс ихтэй хоол хүнс биеийн шингэнийг багасгадаг тул өндөрт давс хэрэглэхээ багасгаарай.

Мөн өвөл ч зун шиг хангалттай шингэн уух ёстой. Хүйтэн байна гэдэг нь бага уу гэсэн үг биш юм.

Эрдэс бодис, эликтролит

Хөлсөөр биеийн эрдэс бодис буюу кали, кальци, магнезиум, сода, хлор зэрэг нь хөөгдөж гардаг. Үр дүнд нь толгой эргэх, бие сулрах, шөрмөс татах, дотор муухайрах зэрэг сөрөг нөлөө гардаг.

Спорт ундаа, усанд найруулдаг эрдэс бодис худалдаанд байдаг ба өөрөө ч үүнийг давс, элсэн чихрээр найруулж эрдэст усыг хийж болно.

Үүний тулд 1 литр усанд 6 цайны халбага элсэн чихэр, хагас цайны халбага давс хийж сайтар хутгана. Энэ нь гэдэс гүйлгэхэд хийдэг хоросолоос өөр гэдгийг анхаараарай.

Урьдчилан уух

Эрчимт аялал, авиралтаас 2 цагийн өмнө хагас литр усыг урьдчилан уувал шингэний дутагдлаас сэргийлж болдог.

Хурц нараас өөрийг хамгаалах малгай, нүдний шил, уруул өнгөлөгч болон тос нь биеийн шингэний алдагдалыг бууруулах сайн талтай.

Хэтрүүлэн уух

Ховор тохиолддогч зарим хүмүүс шингэн зүйл хэтрүүлэн ууснаас цусан дахь сода нь шингэрэн дотор муухайрах, толгой эргэх, бүр комд орох эрсдэлтэй.

Энэ тохиолдолд давсалсан самар, жигнэмэг болон зууш идвэл давс шингэнийг өөртөө шингээдэг.

Зөвлөгөө,

Уутан хөнжлөө хэрхэн хадгалах ёстой вэ?

Аяллын явцад бид уутан хөнжлөө болж өгвөл хавтгай болтол нь шахаж үүргэвчиндээ чихэх дуртай ч буцаж ирээд уутнаас гаргаж хадгалах юунаас илүүтэй чухал байдаг.

Тэгвэл уутан хөнжлийг уутанд нь чихээтэй хадгалах нь яагаад муу байдаг вэ?

Уутан хөнжлийн таныг дулаан тухтай унтуулах чадвар нь түүний сөдөн болон синтетик дүүргэцийн хөвсгөр байдал буюу доторх агаарын агууламж хир их байхаас хамаарана.

Аяллаас буцаж ирээд уутанд нь хэрэглэхгүй удаан чихээтэй орхивол сөд болон синтетик дүүргэцийн хөвсийх чадвар алдагдаж, уутнаас гаргасан ч хангалттай агаараар эргэж дүүрэх боломжгүй болдог.

Тиймээс уутан хөнжлийн илчлэг чанар алдагдаж өөрийн техникийн үзүүлэлт буюу байх ёстой дулаан хадгалах хэмжээндээ хүрэхээ байдагаас таныг жиндүүлж дааруулах болно

Тэгвэл түүнийг хэрхэн хадгалах вэ?

  1. Юуны түрүүнд аяллаас ирээд уутан хөнжлөө гаргаж, бүх цахилгааныг нь тултал нь нээгээд 2 талаар нь хамгийн багадаа хагас өдөр тус тус хатаах хэрэгтэй. Нарны гэрэл уутан хөнжлийн материалыг хэврэгшүүлдэг тул удаан ил наранд хатаах хэрэггүй.
  2. Уутан хөнжил авахад заримдаа зориулалтын хөвсийлгөж хадгалах торон уут хамт ирдэг. Хэрвээ байхгүй бол томхон хэмжээтэй хөвөн даавуун дэрний уутанд хийгээд хэвтээгээр эсвэл өлгөж хуурай, сэрүүн газар хадгалаарай.
Зөвлөгөө, Хэрэгсэл,

Духны гэрлийг хэрхэн сонгох вэ?

Духны гэрэл нь хүний нүдтэй адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнийгээ мартсан эсвэл баттерей нь дууссан бол гэгээ ортол бүхнийг мартсан нь дээр. Харанхуйд бүдчиж явбал юунд ч хүргэж магад.

Орчин үед бараг бүх духны гэрлийг LED технологиор хийдэг болсон. Учир нь цэнэг хамгийн бага хэрэглэдэг, удаан асдаг, бат бөх болон хөнгөн болхоор тэр.

Тэгвэл духны гэрэл нь юугаараа хоорондоо ялгаатай вэ?

Тусгал

Өргөн өнцөгийн:

Энэ нь аяллын ерөнхий хэрэглээнд таарах, гэрлийг богино боловч өргөн талбайд тусгаж, ойр зайд ажиллах, ном унших, майхан сав барих, хураах зэрэгт илүүтэй тохиромжтой.

Нарийн өнцөгийн:

Тодорхой чиглэлд гэрлийг хол зайд тусгаж алсыг гэрэлтүүлэх хэрэгтэй бол ийм гэрэл шаардлагатай ба ихэнх тохиолдолд ууланд алхалтын жимийг алсаас гэрэлтүүлж, явах чиглэлээ алдахгүй аялахад хэрэг болно.

Өргөн болон нарийн өнцөгийн:

Одоо үед хоёр өөр тусгал бүхий универсал гэрэл олноор хийгддэг болсон болхоор ийм духны гэрэл сонгох нь зөв.

Гэрлийн хүч

Энэ бол духны гэрлийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд Lumens нэгжээр хэмжигддэг, цацруулж байгаа гэрлийн гэрэлтүүлгийн хэмжээ бөгөөд мэдээж илүү их Lumens-тэй бол тод гэрэлтэх боловч баттерей илүүтэй хэрэглэх болно.

Духны гэрлийн стандарт хэмжээ анх 20-40 Lumens байсан ба одоо 200-300 Lumens гэрэл бараг энгийн болох талдаа ирж байна. Лаа 10 Lumens гэрэл гаргадаг бол гэр доторх гэрлийн шил 300 орчим Lumens-ээр өрөөг гэрэлтүүлдэг.

Гэхдээ тод байх нь илүү хол тусна гэсэн үг бас биш юм.

Гэрлийн холын тусгал нь бас тусадаа техникийн үзүүлэлт болдог ба харах чиглэлд сарнихгүй хир холыг гэрэлтүүлж чадаж байгаа нь тухайн гэрлийг давуутай болгодог.

Орчин үеийн гэрлүүд ойрын, дундын, холын зайд гэрлийг тохируулан өөрчлөх товчтой байдаг.

Бас нэг үзүүлэлт бол бүрэн цэнэглэсэн эсвэл дүүрэн баттерейгаар хэдэн цаг асаж чадах вэ гэдэг бөгөөд 2 метрийн урдахыг харах боломжгүй, эсвэл үндсэн гэрлийн чадлын 10 %-аас доош гэрэлтүүлж байвал гэрэл асахгүй боллоо гэж үздэг байна.

Одоогийн стандартаар 350 Lumens-тэй гэрэл хамгийн багадаа 2 цаг тасралтгүй тод асах ёстой байдаг.

Аяллын гэрэл нь баттерей дуусах явцад дагаад аажим бүдгэрэх ёсгүй байдаг. Өөрөөр хэлбэл хурц тусгалаа хадгалж байгаад цэнэг бүрэн дуусахад л шууд унтардаг байх нь бүдэг гэрэлтэй явсанаас эрсдэлд орох аюулаас сэргийлэх зорилготой юм.

Духны гэрлийн жин.

Ихэнх гэрлийн жин баттерейтайгаа ойролцоогоор 200 грамм байдаг ба агуй мэтийн тусгай аяллын, мэргэжлийн ажил үйлчилгээний гэрлүүд л илүү олон баттерей нэмэлт тоноглол бүхий хүнд байдаг.

Баттерей

Lithium баттерей нь Alkaline баттерейг бодвол хүйтэнд тэсвэртэй байдаг. Цэнэглэдэг баттерейтэй явж байвал нөөцөнд ганц хоёр Alkaline баттерей авахад илүүдэхгүй.

Цаашилбал ус, борооны хамгаалалттай, дурын чиглэлд суурин дээр нь эргүүлдэг гээд илүү үйлдэлтэй духны гэрлүүд ч худалдаанд байгаа.

Улаан гэрэл

Духны гэрэл бүрт улаанаар асах гэрэл бас байдаг. Энэ нь харанхуйд бусдыг нүдийг гялбуулахгүй, зэрлэг амьтадыг үргээхгүй, газрын зураг уншихад хялбар байдаг төдийгүй онцгой тохиолдолд SOS дохио өгч тусламж дуудахад хэрэглэгддэг.

Зөвлөгөө,

Уулын алхалтын гутлыг хэрхэн үдэх вэ

Хүний амьдралдаа хийдэг хамгийн анхны зангилаа нь гутлаа үдэх бөгөөд үүнийг дөрвөлжин зангилаа гэдэг билээ.

Уулын алхалтанд гутлаа тохируулж зөв үдэж сурах нь аялагч хүний анхны чухал эрдэм юм.

Гутал хөлд томдох, багадах, тулах болон хөл хавдаж хөөснөөс зовиурлаж өвдөхөөс авахуулаад цэврүү үүсэх олон зовлон хэзээ нэгэн цагт бидэнд тохиолдож байсан л байх.

Дээрх асуудлуудыг шийдэх 3 төрлийн үдэх аргыг энэ удаа танилцуулъя:

Surgeon knot буюу давхар ороох зангилаа

Үүнийг гутал бага зэрэг томдсон, өсгий улнаас хөндийрч холхиж байгаа үед зангиддаг арга юм.

Хөлийн шагайгаар урагшаа үеэр нугарч байгаа хэсгээс эхлэн 2 үеийг зурагт үзүүлсэнээр 2-3 орооно. Үлдсэн дээш хэсгийг энгийн үдээсний дөрвөлжин зангилаагаар дуусгаж болно.

Window Lacing буюу Цонхолж үдэх зангилаа

Олон цагийн алхалтад хөл хөөх эсвэл багадсан гутал хөлийн дээд талын шаантаг ясыг дарж холгож өвтгөдөг.


Энэ үед шаантаг ясны дээд талын хэсгийн үдээсийг алгасуулж цааш нь давхар ороох эсвэл дөрвөлжин зангилаагаар үдэж дуусгах хэрэгтэй.

Toe-Relief Lacing буюу хуруу амраах зангилаа

Оргилд хүрээд уруудаж буух үед уруу газар хөлийн хурууны урд хэсэг тулж өвддөг. Ялангуяа хумсаа авч амжаагүй хүнд энэ жинхэнэ тэсвэр шаардах үе болно. Тэгвэл гутлын үдээсний хамгийн эхний нүхийг алгасуулж үдээсээ үдэх хэрэгтэй. Цааш нь энгийн үддэг аргаараа үдээсээ дуусгана.

Дээрх 3 аргаас гадна гүйлтэд зориулсан, ачаалалд тэсвэртэй үдэх гээд бусад олон төрлийн аргууд гутлаасаа хамаараад байдаг бөгөөд цаашид бид энэ талаар нийтлэх болно.

Зөвлөгөө,

Алхалт болон авиралтад уушигныхаа багтаамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хэдий ижил мэт ойлгогддог боловч уушигны багтаамж буюу хир их агаар түүнд байх боломжтой болон уушигны ажиллах чадвар болох таны бие хир их агаар, хүчилтөрөгчийг  хэрхэн үр ашигтай шатааж байгаа хоёр арай өөр зүйл юм.

 Уушигны багтаамжийг нэмэгдүүлж чадах боловч ажиллах чадварыг сайжруулах тун хэцүү.

Хүний биеийн булчин ажиллахын тулд хүчилтөрөгч заавал шатаах хэрэгтэй бөгөөд уушигаар орж ирсэн агаарыг зүрх хэрэгтэй газар нь шахаж аваачдаг байна.

Тиймээс бэлтгэл, алхалт, авиралтын явцад зүрх хүчтэй ажиллаж цусны эргэлтийг нэмэгдүүлдэг бол харин уушиг нь тэр хэрэгцээг хангахын тулд хүндээр амьсгааддаг.

Энгийн тайван үед хүн 1 минутад ойролцоогоор 15-20 удаа амьсгаа авдаг бол уулын алхалт, авиралтад 40-60 удаа амьсгалдаг .

Эрүүл уушигны багтаамжаар нэг таталтад ер нь хангалттай хэмжээний агаар авч чаддаг ба амьсгаадсан ч цаана нь нөөц агаар байдаг тул төдий чинээ бие хүч тамираа алдахгүй  ажиллаж чадна гэсэн үг.

Тиймээс багтаамжаа сайжруулвал булчин бага цуцаж урт аяллыг төвөггүй давдаг байна.

Тэгвэл үүнийг яаж хийх вэ?

Та дараах дасгалыг хийгээд үзээрэй.

Young african american woman meditating in nature
  1. Энгийн амьсгаа

Газар эсвэл сандал дээр эгц түшлэг налж тухтай суугаад нүдээ ань. 1-7 хүртэл тоолонгоо амьсгалаа аажим тасралтгүй ав. Авч дуусаад 3 секунд барих хэрэгтэй (дадаад ирэхээрээ 5 секунд болгоно). Одоо амьсгалаа аажим, бүр бүрэн хоосортол нь тасралтгүй гаргана.

Энэ дасгалыг 8 удаа хийнэ.

2. Таслалтай амьсгаа

Дээрхтэй ер нь ижил. Гэхдээ амьсгаагаа өөрийн барьж чадах дээд хэмжээ хүртэл түгжээд дараа нь 3 секунд гаргаад дахин түгжинэ. Дахиад 3 секунд гаргаад түгж. Эцэст нь бүх агаарыг тултал нь гарга. Үүнийг мөн 8 удаа хийгээрэй.

3. Нэг нүхээр амьсгалах

Энэ удаа хамрыг зүүн нүхээ нэг хуруугаараа таглаад нүдээ анин 6 секунд амьсгаа татна. 2 нүхийг хоёуланг таглаад 3 секунд эсвэл түүнээс их хугацаагаар түгжинэ.

Одоо баруун нүхээ таглаад зүүн нүхээр амьсгалаа гаргана. Дуусаад 3 удаа гүн амьсгал ав.

Үүнийг 5 удаа давтаарай. Та ялгааг нь шууд мэдрэнэ.

Энэ дасгал стресс бухимдалыг ч багасгах сайн талтай шүү.

Цаашид барих хугацаагаа бага багаар нэмэгдүүлээрэй.

4. Сунгалт хийх

Сунгалт хийх нь булчинг суллаж, хавирга цээжийг тэлж өгдөг тул цээжинд илүү их агаар орох боломж олгодог.

5. Илүү их алх, илүү эгц өөд авир

Мэдээж ингэвэл бие аяндаа өндөр ачаалалд дасаж, уушиг тэлж сайжирдаг байна.

Өндөр ууланд хэрхэн амьсгалах вэ.

Хүчилтөрөгч сийрэг, таны биеийн даралт гадна агаарын даралтаас илүү үед амьсгална гэдэг тун бэрх.

Уулчдын амьсгал давчдаж ойр ойрхон олон удаа амьсгалах хэрэг гардаг. Учир нь нам өндөрт 1 удаа л авах хэмжээгээ одоо 3 удаа авч байж л шаардлагатай хэмжээндээ хүргэнэ.

Тэгвэл яах вэ?

Удаан аажим гүн амьсгал зугуухан авбал зүрхний цохилт нэмэгдэхгүй, тэр чинээгээр бие илүү энерги зарцуулахгүй тул хүчилтөрөгч хэмнэгддэг юм шүү.

Зөвлөгөө,

Уулын өндрийн өвчний аюул, сэргийлэх арга замууд

Хэдийгээр техникийн бус энгийн алхалтын замаар авирлаа ч өндөр авах тусам сийрэгжиж багасдаг хүчилтөрөгчийн дутагдлаас болж түүгээр хамгийн их тэжээгддэг хүний тархи болон булчин доголдож эхэлдэг байна.

Далайн түвшинд 100 хувь байсан хүчилтөрөгч өндөрсөх тусам багасаж нэг амьсгалаар бүтэн авах байсан хэмжээ хоёр эсвэл гурван удаа амьсгалж байж биед хэрэгцээт тундаа хүрч байна гэж ойлгож болно.

Монголчууд харьцангуй өндөрт буюу далайн түвнээс дээш 1580 метрийн дундаж өндөрт ( УБ хот 1300-1350 м дундаж өндөрт оршдог ) амьдардаг бөгөөд агаар дахь хүчилтөрөгч ойролцоогоор 85-83%-тай байдаг байна.

Алтай таван богдын үндсэн отог дээр буюу 3000 м орчмын өндөрт хүчилтөрөгч 68%, дээд хоногтолгойд 63% орчим байх бол Хүйтэний оргилд ойролцоогоор 58-59 % байхаар тооцоо гарч байгаа бөгөөд агаарын даралтын өөрчлөлт, цаг агаараас болж энэхүү тоо бага зэрэг хэлбэлзэх магадлалтай.

Тэгвэл өндрийн өвчин (AMS – Acute Mountain Sickness ) нь ямар эрсдэл дагуулдаг вэ. Юуны түрүүнд бие дэх хүчилтөрөгч багассанаас хүний бие нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад бодисоос хордож хүчил шүлтийн тэнцвэрээ алдана. Хүчилтөрөгч зөөдөг цусны улаан эс хангалттай хэмжээгээр хүргэж чадахаа больж эхэлдэг.

Уг хордлогын нөлөөгөөр толгой өвдөх, дотор муухайрах, нойргүйдэх, хоолны дур муудах зэрэг анхны шинж тэмдэгүүд илэрч эхэлнэ.

Мөн шээсний өнгө хүрэн шар өнгөтэй болох, хумсны өнгө хөхрөх зэрэг бусад байдлаар илрэх ба даруй шингэн зүйл сайн ууж шээсээр уг хорыг хөөн гаргахыг хичээвэл өвчний нөлөө багасч болно.

Тэгвэл агаар дахь хэмжээ нь бага байхад бие дэхь хүчилтөрөгчөө яаж нэмэгдүүлэх вэ?

Үүнд хүчилтөрөгчийг биед зөөвөрлөж хэрэгтэй газар нь хүргээд буцааж нүүрстөрөгчийн давхар исэл СО2-ыг гадагшлуулдаг цусныхаа улаам бөөмийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ууланд өндөрт дасгах шинжлэх ухааны үндэстэй горим, дэс дараатай дээш өгсөж буух арга байдаг. Энэ нь өндөрт гар, намд унт гэсэн цикл юм.

Биеийг тодорхой өндөрт гаргаад буулгахад бие цусны улаан эсээ нэмэгдүүлэх хэрэгтэйг мэдэрч даруйхан нэмж үйлдвэрлэж эхэлдэг байна.

Тиймээс дараа өдөр нь уг өндөртөө дахин гарахад хүний бие аль хэдийн тухайн түвшинд дасаж эхэлсэн байдаг.

Шерпа нарт өндрийн өвчин тусдаг уу?

Бүх хүнд энэ ижил бөгөөд сийрэг агаарт төрж өссөн Шерпа нарын биеийн генд маш богино хугацаанд цусны улаан бөөмөө нэмэгдүүлэх онцгой чанар байдаг тул тэд өндөр авалтыг хурдан хийх, өндөрт саадгүй ажиллах боломжтой байдаг.

Өндөрт дасахгүйгээр өндөр авалт үргэлжлүүлэн хийвэл ямар эрсдэлтэй вэ?

Өндрийн өвчин нь цаашид уушигны усан хаван, тархины усан хаванд хүргэж хүн 24-48 цагийн дотор амь насаа алдах эрсдэлтэй


Бид үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Сүүлийн үед уулчид маань ихээр дотоод гадаадын өндөр уулсыг зорьж Эльбрус, Акангогуа болон бусад оргилдуудад төрийнхөө далбайг мандуулж буй бахархам амжилт үзүүлж байгаа билээ.

Цаг агаарын байдлаас болж боломжит цонх таарсан нөхцөлд дараагийн цаг агаарын сайжирахыг хүлээлгүй огцом өндөр авалт хийх нь энэ эрсдлийг дагуулах боломжтой.

Мэдээж эдийн засаг болон цаг хугацааны олон асуудал бидэнд байдаг ч эрүүл мэнд амь, нас юунаас ч үнэтэйг мартаж болохгүй юм.

Тиймээс өндөр авалтыг үндсэн горимын дагуу, аажим дэс дараатай яаралгүй хийж, өндөрт дасах өөрийн биеийн онцлогыг мэдрэн авиралтаа тохируулах нь эрсдэлийг бууруулах арга зам шүү хэмээн зөвлөж байна.

Зөвлөгөө,

Олсоор аюулгүй буух, буулгах зөвлөмж

Өндөрөөс олсоор (rappel) буух нь уулчдын эзэмших ёстой нэгэн чухал ур чадвар, мэдлэг юм. Өнөө үед Rappel нь уулчин гэлтгүй олон хүний хийх дуртай зүйлсийн нэг болоод байгаа. Энэ нь эр зориг, ур чадвар шаардсан нөгөөтэйгүүр амь насанд эрсдэлтэй хобби юм. Өөрөөр хэлбэл ТА өндрөөс олсоор буух үйл ажиллагаанд хамрагдсанаар өөрийн АМЬ НАСАА бусдад даатгаж байна гэсэн үг!!!

Тэгэхээр ийм эрсдэлтэй хобби хөөх гэж байгаа хүнд мэдэх ёстой хэдэн зөвөлгөө хүргэе.

Би ямар хувцас өмсөх вэ?

Нөхцөл байдлаас их хамаарна. Буух газар хүртэл хол биш бол даавуун хувцас зүгээр. Учир нь хаданд үрэгдэж урагдах нь бага. Хол газар алхаж очдог бол хөлрөх тул түргэн хатдаг спорт хувцас өмсөх нь зөв. Гэхдээ ер нь аль болох бие барьсан хувцас өмсч үсээ боож байвал хамгаалалт, буултын хэрэгсэлд хувцас, үс орооцолдох, хавчуулагдах эрсдэлийг бууруулна. 

Хувийн хамгаалах хэрэгсэл юу, юу байх вэ?

Худрага – Томдохгүй, багадахгүй биед яг таарсан байх ёстой

Толгойн дуулга /Каска/ – Энэ бол хамгийн чухал хамгаалалт! Дуулга өмсгөхгүй Rappel хийлгэх гэж байгаа бол том эрсдэл бий болгож байна гэсэн үг. Та энэ үйл ажиллагаанаас татгалзсан нь дээр.

Хаднаас бууж л байгаа бол хаа нэгтээгээс чулуу унах эрсдэлтэй. Хэзээ, хаанаас юу унахыг хэн ч таашгүй. Тэнцвэр алдаад хананд толгойгоороо савж ч болно. Хүний толгой маш эмзэг бөгөөд хадны өчүүхэн цохилт ч таныг үүрд тахир татуу болгож болно.

Бээлий – Гарт яг таарсан арьсан бээлий байвал сайн.

Авто-блок буюу автомат тормос – Манайхан үүнийг хэрэглэхгүй байх тохиолдол элбэг. Бууж байгаа хүн гэнэт ухаан алдвал, чулуунд оногдвол гээд олон тохиолдолд хамгаалалтаас гараа салгахад Авто-блок зогсоох үүрэгтэй.

Зарим нь 8-ын тоо, гахайн хоншоор /ATC/-г доор байгаа хүн олсны үзүүрээс татаж зогсох fireman’s belay арга хэрэглэдэг. Ингэхдээ Авто-блок ашигладаггүй.

fireman’s belay арга нь дараах сул талтай:

  • Хамгаалж буй хүн дээр хад, чулуу унах, анхаарал алдах
  • Гахайн хоншоор /ATC/ дээр ирэх ачаалалыг 2 дахин ба түүнээс илүү нэмдэг.
  • Гахайн хоншоор /ATC/ нь хагарвал ҮХЭЛ
  • Карбин нь хугарвал ҮХЭЛ

Тэгэхээр олсоор буулгахдаа Авто-блок хийхгүй бол та мөн ТАТГАЛЗСАН нь дээр!!!

Зөвлөгөө,

Аялалд хэрэгтэй 27 зөвлөмж

1. Аялалаар явсныхаа дараа гэртээ ирээд, гутландаа сонингийн цаасыг бөөрөнхийлөн чихэж хэд хэдэн цагийн зайтай сольж хатаагаарай. Гутлаа наранд болон пааран дээр тавьж орхиод хэт хатаавал хагарч болзошгүй.

2. Дэнлүү эсвэл гар утасны гэрлийг савтай усруу чиглүүлж тусгахад шууд тусгалаас илүү эргэн тойронд гэрлийг маш сайн тараадаг.

3. Аялалаас ирээд гутлын таагүй үнэрийг хуурай дүрдэг цай гутландаа хийн арилгаж болно.

4. Найз нөхдөөсөө аялалын хэрэгслүүд, хувцас зэргийг зээлж авч байгаа бол зургыг нь гар утсаараа дараарай, дараа нь буцааж өгөхөд амар байх болно.

5. Бороо, чийгнээс хувцас хэрэгслүүдээ норгохоос сэргийлж хогны уутаар үүргэвчээ доторлоорой. Резинэн усны хамгаалалттай үүргэвч ч хүчтэй салхитай бороонд найдвартай биш. Хогны уут нь нойтон хувцасаа хийх, үүргэвчний гэр хийх, гэнэтийн тохиолдолд бүр бороонд нөмрөг ч болох боломжтой юм.

6. Эм тан, шүдэнз, утас болон хөгжмийн хэрэгслүүдээ хийхэд жижиг цахилгаанддаг уут ашиглаарай. Тэгснээр, эдгээр зүйлс огт норохгүй. 

7. Аялалын таягаа наалддаг туузаар ороогоорой, хэрэгтэй үедээ шууд ашиглаж болно. 

8. Аялалын бэлтгэл болгож өглөө шүдээ угаахдаа нэг хөл дээрээ зогс, орой нь нөгөө хөл дээрээ зогс. Ингэснээр тэнцвэр сайжирч булчинг чинь хүчтэй болгож, алхаж байх үед өвдөг, шагай өвдөхөөс сэргийлэх ач тустай.

9. Бороонд норсон оймсоо хатаахдаа халуун усаар усны саваа дүүргээд оймсоо битүү углах хэрэгтэй.

10. Нусны алчуураар усны шүүлтүүр хийгээрэй. Бага зэргийн тунадасыг шүүж чадна.  

11. Эмийн хайрцагийг жижигхэн аялалын хоол амтлагчууд хийх савны зориулалтаар ашиглаарай, ингэснээр паста болон будаа зэрэг энгийн аялалын хоол хийхэд хялбархан бас зугаатай байх болно. 

12. Дэнлүүгээ ашиглаагүй байгаа үедээ 1 зайг нь буруу харуулж хийгээрэй. Цүнхэнд чинь санамсаргүйгээр асаах товчлуур дарагдсан ч зайг дуусгахгүй байх нэг арга.

13. Аялалд явж ирээд аяны хөгжлөө угаах гэж байгаа бол хатаагч дотроо 2 ширхэг теннисний бөмбөг хийвэл хөнжлийг чинь буцаад хөвсийлгөхөд туслах ба анх худалдаж авч байсан үе шиг л дулаахан байлгах болно

14. Урт удаан хугацааны аялалын дараа, даарсан, норсон, ядарсны дараа цэвэрхэн, хуурай хувцас байхгүй бол яах вэ? Машин дотроо хэдэн хувцас үлдээгээрэй.

15. Хэрвээ чамд амрахан гал гаргах шаардлага гарах юм бол, хөвөн бөмбөлөгнүүдэд вазелин түрхээд аваад яваарай. Үүргэвчинд чинь ч зай эзлээд байхгүй.

16. Цахилгаан хэрэгслүүдээ уснаас хамгаал.

Жижигхээн ус цалгихад эсвэл ус нэвчдэг цүнхтэй бол цахилгаан хэрэгслүүддээ баяртай гэж хэлэх болно. Энгийн нэг арга бол аяны хоолны цүнхэнд хийх.

17. Үйсэн бөглөөнд хийх

Хэрвээ чи гол гатлах, ус туулах гэж байгаа бол машины түлхүүр зэрэг үнэ бүхий зүйлүүддээ, дарсны үйсэн бөглөө зүүчих хэрэгтэй.    

18. Гарны тусламжтайгаар нарыг хараад цаг хэд болж байгааг мэдэж болно. Гараа урагш сунгаад өөрлүүгээ алгаа харуулна. Тэнгэрийн хаяанаас эхлээд нэг гараа нөгөө гаран дээрээ тавиад нар руу харна. Хуруу бүр ойролцоогоор 15 минутыг заадаг бөгөөд харанхуй болох хүртэл хэр хугацаа байгааг мэдэж болдог.

19. Зангилаа зангидаж сурах

Цөөн тооны  үндсэн зангилааг мэдэж байснаараа онцгой нөхцөл байдалд хүмүүсийг аварч чадна. Тиймээс зангилаа зангидах мэдлэгээ сэргээ, цөөхөн хэдэн сайн зангилааг сур. Хамгийн хэрэгцээтэй зангилаа бол уулын тооно тушаа зангилаа бөгөөд үүнийг сураад, цээжлэх хүртлээ дадлага сайн хийгээрэй.

20. Татлага, олс авч яв

Олс авч явснаараа нойтон эд зүйлсээ өлгөх хэц болгох, саравч босгох, хэн нэгэн бэртэж гэмтвэл чиг барьж боох, дамнуурга хийх зэргээр ашиглаж болно.

21. Лаа, шүдэнз аваарай

Хэрвээ та шүдэнз авч явж байгаа бол хумсны будаг түрхээд агаар нэвтрэхгүй саванд хийгээд шүдэнзээ уснаас хамгаалж болох юм.

22. Хутга болон олон үйлдэлт багаж аваарай.

Олон үйлдэлт багаж болон хутгыг авсаархан бөгөөд хангалттай жижигхэн, бас зай эзлэдэггүй гэдгийг мэднэ л биздээ. Эвтэйхэн, цомхон учраас цүнхлэхээ бүү мартаарай. Олс таслах, бага зэргийн түлээ бэлтгэх, туна задлах, зам зуурын хөнгөн зууж бэлтгэх зэрэгтээ хэрэглээрэй.

23. Аялалын төлөвлөгөөнийхөө талаар бусдад мэдэгд.

Хаашаа явж байгаагаа гэр бүлийн гишүүд, найз нөхөддөө мэдэгдээрэй. Аялалынхаа дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө өөрийн итгэлтэй ядаж нэг хүнд үлдээгээрэй. Тогтсон цагт холбоо барьж байж болно.

24. Гутлаа хатаахдаа хэзээ ч битгий галын хажууд эсвэл халуун газар тавиарай. Гутлын чинь цавууг муутгаж, улавчыг нь хөндийрүүлж бүхэлд нь салж унагах болно.

25. Хэрвээ таны булчин, шөрмөс татдаг бол давсархаг хөнгөн зуушнууд авч явах хэрэгтэй. Давс таны таталт өгсөн булчинг суллахад туслана.

26. Унтахдаа хэт их хувцас бүү давхарлаж өмс. Бага зэргийн агаар гаргах хэрэгтэй. Хэт халуунд унтах юм бол хөлрөнө, тэгээд хөрж эхлэнэ, дараа нь даарч эхлэнэ шүү дээ. Зүгээр л хангалттай хэмжээтэй л хувцасла. Даарч ор руугаа бүү ор. Бага зэргийн үсэрч, дасгал хийж цусны эргэлтээ эрчимжүүлж биеийн дулаанаа нэмэгдүүлнэ.

27. Хуйлсан ариун цэврийн цаас үргэлж авч яваарай. Итгээрэй, бидний амьдралд үргэлж гэнэтийн зүйлс тохиолддог шүү дээ.

Зөвлөгөө,

Хүүхдүүдтэйгээ хамт үүргэвчтэй аялах

Хүүхэд бүр эрүүл агаарт цагийг өнгөрөөх хэрэгтэй. Энэ нь хөгжилтэй, эрүүл мэндэд сайн, мөн нэгэн хэвийн амьдралаасаа гарах боломж. Байгаль дэлхий өгч болох бүхий л гоо үзэсгэлэн, адал явдалыг үзэж болох хамгийн сайхан арга зам бол Үүргэвчтэй аялал юм.

Хүүхдүүдээ (6-16 насныхан) зэрлэг байгальд гайхалтай туршлага хуримтлуулах аялалд амжилттай авч явахад хэрэгтэй аргуудаасаа энд дурдъя.

Явахаасаа өмнө

  • Бэлтгэл: Гэрийнхээ ойролцоо нар шингэтэл дундын зайд явган алхаж (2 цаг хүртэл) бяцхан хөлнүүдийг дасгах хэрэгтэй. Урьдчилаад хагас өдрийн туршид зам дагуулан алхуулна. Тэднийг баярлуулахын тулд тэдэнд зориулж авсан алхалтын гутлыг өмсөхөд эдгээр өдрүүд чухал гэдгийг тайлбарла. Тэдэнд өөрсдөд нь зориулсан үүргэвчийг /мэдээж хөнгөн байх/ үүрүүл. Дараагийн удаад бага зэргийн ачааг нэмж явна.  
  • Аль болох бага наснаас нь эхлэх: Хэдий чинээ бага наснаасаа (3 нас хүртэлх) хол зайнд алхаж эхэлнэ, хожим тэд үүргэвчтэй аялалд явахдаа илүү дуртай байх болно.  
  • Бага насны хүүхдүүдийн хувьд: Хүүхдүүдээ явган аялалд анх удаа авч явж байгаа бол тэдэнд үүнийг явган аялал гэдгийг нь сануул, аав эсвэл ээжээрээ тэврүүлээд явах огт биш шүү. Хүүхдүүд бүтэн өдөржин алхана гэж төсөөлдөг ч яг үнэндээ тэд ядардаг, ядарсан үедээ амрана гэнэ. Энэ нь эцэг эхчүүдийг төлөвлөгөөгөө өөрчилөхөд хүргэдэг.
  • Гэртээ майханд хоноглох: Хашаан дотроо эсвэл бүр гэр дотроо ч бай майхан босго. Хүүхдүүдийг майхандаа оруулаад унтуулаад үз. Энэ нь тэднийг өөр орчинд унтахад нь дасгах болно.
  • Ажиглах: Гадаах нөхцөл байдалд хүүхдүүд хэрхэн хариу үзүүлэхийг ажигла. Хэт их хүч чадал сорихгүйгээр зугаатай байхаар өөрийнхөө алхаа гишгээ, зайгаа зөв тааруулах хэрэгтэй. Хийх аялалдаа зориулж ямар нэгэн зүйл мартаж явахаас сэргийлж тэмдэглэл бич (нарны тосоо авах гэх мэт). 
  • Урам зоригтой бай: Хэрвээ чи урам зориггүй байвал зэрлэг байгаль дахь адал явдалд хүүхдүүд яаж сэтгэл хангалуун байх юм бэ?
  • Төлөвлөгөө гаргахдаа хүүхдүүдийг оролцуул: Явах газартаа юу юу хийж болох, юу үзэх зэрэг санал бодлыг нь хүүхдүүдээсээ асуу.
  • Найз нөхөд үнэ цэнэтэй: Аялалд явахад чинь хамт явах айлын хүүхдүүд байвал дагуулаад явахад мэдээж хөгжилтэй байх болно. Аймшигт үнэн гэвэл, хэсэг хугацаа өнгөрөхөд л хүүхдүүд чинь чамаас уйдаж эхэлдэг шүү дээ. 
  • Гал түймрийн хязгаарлалтыг шалгаарай: Явахаасаа өмнө түүдэг асаах хорио байгаа эсэхийг олж мэдээрэй. Зөвшөөрөгдөөгүй бол хүүхдүүддээ хэлж, тэрний оронд өөрийнхөө янзтай жижигхэн аяны зуух хэрхэн ажиллахыг үзүүлнэ гэж хэлээрэй.

Байгальд

  • Анх удаа эзгүй хээр газарт ирсэн бол: Буудаллах газраа замаасаа 1 км-ээс илүүгүй зайнд байхаар сонгоорой. Ямар нэгэн шалтгаанаар асуудал үүслээ гэхэд, ирсэн замаараа буцахад ойрхон байсан нь дээр. 
  • Хүүхдийн нүдээр харахыг хичээ: Хүүхэддээ замд таарах сонирхолтой шавьжнуудыг олж хараарай гэж хэл. Чамд бол зүгээр л нэг цох хүүхдэд чинь үнэхээр догь цох байж таарна. Та нуур уруу хүрэхийн тулд дахиад 2-оос ч илүү километр алхах нь дээ гэж бодож байхад хүүхэд тань аав ээж хоёр нэг нуур уруу очих гэж яагаад ингэж их хичээгээд байгаа юм бол гэж дотроо гайхаж байж ч болох юм. Хэрвээ таны зорилго хүүхдээ хөгжилтэй аялалын хамтрагч байлгах бол хүүхдийнхээ хүсэл, сонирхолыг бодолцох нь үр дүнтэй.   
  • Замд: Хэрвээ 2 эсвэл түүнээс дээш тооны насанд хүрэгчид явж байгаа бол, 1 нь эхэнд, нөгөө нь сүүлд, харин хүүхдүүд дунд явах нь зүйтэй.
  • Ямар үр дүн хүсч байгаагаа тодорхойл: Бид олон гэр бүлүүдийн хүүхдээ байгальд аялуулах гээд бүтэлгүйтсэн түүхүүдийг сонссон. Энэ нь тэр аялал хүүхдүүдийн хувьд залхуутай, ядаргаатай байсанаас болсон байж болно. Хэрвээ аялал тааламжгүй болвол, хүүхдэд байгальд аялах нь сөрөг сэтгэгдэл үлдээж, улмаар тэдний энэ хандагыг өөрчлөхөд нилээд хугацаа зарцуулахаар байдлыг үүсгэнэ гэсэн үг.
  • Ачааллаа хуваалц: Хүүхдүүдэд бага зэргийн хөнгөн ачаа бүхий тэдэнд таарах үүргэвчийг нь үүрүүл. Хөнгөн зууш, ус, аяны хөнжил ч юм уу, эсвэл тэдний борооны хэрэгсэл ч байж болно. Насанд хүрэгчид энэ хооронд бага насны хүүхдүүдтэй Шерпа болж тоглох хэрэгтэй. Гол нь аялал тэднийг ядраахгүй, бас шантраахгүй байлгах ёстой. 
  • Бие даасан байдал: Хүүхдүүд өөрсдийн бие даасан байдлыг мэдрэх дуртай. Жишээлбэл, хүүхэд тус бүрт өөрсдийнх нь усны савыг өгчихвөл тэд хүссэн үедээ уугаад явна.  
  • Ахуйн ажлаа хуваалцах: Кэмп буюу отог байгуулах ажилдаа хүүхдээ оролцуул. Эд зүйлсийнхээ цэвэр цэмцгэр байдлыг хариуцаж байхыг тэднээс асуу. Хүүхдүүд байгалиа хайрлан хамгаалахыг зөн совингоороо томчуудаас ч илүү мэдэрдэг юм шиг санагддаг. 
  • Болгоомжтой бай: Хүүхдүүдээ үргэлж шүгэлтэй (тэдэнд өөрөөс нь холдож эхэлмэгц шүгэлээ үлээхийг зааж өгөөрэй), мөн амархан ашиглаж болдог гар чийдэн, гэрэл зэргийг авч явж байгаа эсэхийг шалгаарай. Бага насныханд шүгэл, гар чийдэн, гэрэл зэрэгт нь оосор хийж бүсэнд нь холбож өгөөрэй.

Суралцах цаг

  • Хээрийн хичээл (Open-air classroom): Хээрийн гарын авлагаа авч яваарай (эсвэл гар утасны аппликейшн ашиглаж болох юм). Тэгснээр та хүүхдүүддээ зам дагуу таарах цэцэгнүүд, ургамал, амьтан, хад чулуу, шувууд болон үүлсийг тодорхой тайлбарлаж чадна.  
  • Аялах газрын түүх: Зарим зам харгуй түүхэн ач холбогдолтой эсвэл сонирхолтой түүхтэй байдаг. Энэ мэдээлэл нь ихэнхидээ гарын авлага, байгаль хамгаалагчид, гар утасны аппликейшн зэрэгт байдаг. Тиймээс аялалдаа ач холбогдол, сурах зүйл нэмж болох юм.
  • Ул мөргүй аялал (Leave No Trace): Хүүхдүүдэд Leave No Trace зарчмыг танилцуулж төлөвшсөн хариуцлагатай иргэн болж, хүнлэг болоход нь тусал.
  • Зүг чиг олох: Үүргэвчтэй аялал бол хүүхдүүдэд газрын зураг, луужин, GPS хүлээн авагч ашиглаж зүг чиг олж сурах гайхалтай арга зам юм. Хээрийн нөхцөлд зүгээ чигээ олох наад захын ойлголт өгөх таны чадвар хүүхдүүдэд гүн сэтгэгдэл төрүүлэх болно. Цаашлаад geocaching хийх болон зүг чиг олох ур чадвар дээр суурилсан гадаад орчны үйл ажиллагаанд сонирхолтой болж мэдэх юм.
  • Зэрлэг ан амьтад: Очих газарт чинь зэрлэг ан амьтад байгаа эсэхийг судлаж мэдээрэй. Томчуудын хувьд: Зэрлэг ан амьтадтай аюулгүй хамт байхын тулд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар (хоол хүнс хадгалах тохиромжтой сав эсвэл нүүр тулсан үед хэрхэн хариу үзүүлэх гэх мэт) ойлголттой байх хэрэгтэй.  Зэрлэг ан амьтадтай хүндэтгэж, болгоомжилж харьцахыг хүүхдүүддээ сургаарай. Ингэснээр хүн бүр аюулгүй байх болно.

Хүүхдүүдтэй үүргэвчтэй аялсаны шагнал

Үүргэвчтэй аялалаас хүүхдүүд юу олж авдаг вэ?

  • Дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд
  • Бие даасан байдал, өөртөө итгэх итгэлтэй болж өсч торних
  • Гэр бүлийн найрсаг харилцаа, мартагдашгүй мөчүүд
  • Цэвэр агаар,  хотын стрессээс дайжих
  • Мэдлэгээ нэмэгдүүлэх, байгаль дэлхийд талархаж сурах
Зөвлөгөө,

Үүргэвч сонгох тухай. Хайрханчуудын зурагт зөвлөгөө 4

Үүргэвч нь
– Агуулах
– Нөмөрлөх
– Хамгаалах зэрэг хэд хэдэн үүрэгтэй. 

Гэрэл зурганд: Хайрхан аялагч клубын гишүүд Богд уулан дахь Занабазарын агуйн хажууд

Ууланд алхаж аялана гэдэг зөвхөн тамирчдын бус эрүүл амьдралыг эрхэмлэдэг хэн бүхний дуртай зүйл болжээ. Эрүүл мэнддээ анхаарч улирал харгалзахгүй хайкинг хийж байгаа хүмүүсийн эгнээнд та ч гэсэн багтах гэж байгаа бол зайлшгүй хэрэгцээтэй болох үүргэвчээ хэрхэн сонгох вэ?

Гэрэл зургийг Асралт хайрханд

Аялалын үүргэвчийг ямар зорилгоор авч явахаас шалтгаалан хэмжээ, зориулалтаар нь сонголт хийнэ. Аяллын үүргэвчийг сонгох хамгийн эхний зүйл нь түүний ХЭМЖЭЭ юм. Өдрийн, уртын, холын аялалд хэр их зүйл багтаах хэрэглэх хэрэгцээгээ тооцно. Үүргэвчний багтаамжийг литрээр тооцдог бөгөөд 10л- 65л хүртлэх хэмжээтэйг өргөн хэрэглэдэг.

Үүргэвчний хэрэглээ нь үүргэвч дэмий хоосон зайгүй байвал холхиж биед тавгүй байдал учруулдаггүй. Тиймээс та үүргэвчээ дүүрэндүү байлгаж аялалдаа тохируулах нь зөв юм. Дотроо хоосон орон зайтай үүргэвч биеийн тэнцвэрт муугаар нөлөөлдөг.

6,8,10 литрийн мини буюу жижиг үүргэвч. 
Ийм үүргэвчинд таны өдрийн хоол хүнс, жижиг савлагаатай ус цөөхөн ширхэг багтана. Ийм үүргэвчийг голдуу ЗУНЫ улиралд үүрэх бөгөөд даавуун гадаргатай байдаг. Мөн мөр нь тийм ч урт сунадаггүй тул өвлийн зузаан хувцасан дээр үүрэхэд хүндрэлтэй. Хөнгөн, авсаархан энэ үүргэвчээ цаг агаарын байдлаа хараад нарлаг өдөр үүрээрэй. 

Гэрэл зургийг Тэрэлжид. Манай клубын энгийн алхалтад ирсэн 4 бүсгүйн үүргэвч нэг брэндийн байв.

15л-30л DAYPACK ангиллын үүргэвчнүүд нь бүтэн өдрийн аялал /өдрийн аялал нь 8-20км гэж ойролцоогоор тооцож болно/-д тохиромжтой бөгөөд солих хувцас, 2-3 удаагийн хоол хүнс хийж явахад тохиромжтой. Ийм үүргэвчүүдийн мөр нь хангалттай сайн сунадаг тул өвөл зуны аль ч улиралд хувцасны нимгэн зузаанаас үл хамааран тохируулан хэрэглэж болно. Өгсөх уруудах зам сонгон аялж байгаа бол энэ төрлийн үүргэвчүүд хамгийн зөв сонголт болох бөгөөд тэнцвэр хадгалах үүрэг давхар гүйцэтгэдэг. Хайкинг хийдэг хүмүүс голдуу энэ хэмжээтэй үүргэвчийг сонгодог

Гэрэл зургийг Чингэлтэй хайрханд


Зарим хүмүүс хүнд зүйл үүрч алхах нь жин хасахад тустай гэж боддог ч энэ нь буруу юм. Аялагч хүний хамгийн их гамнах ёстой зүйл бол ӨВДӨГ бөгөөд өгсөж уруудах нугацаа ихтэй газар аль болох хөнгөн ачаатай явж өвдгөө гамнах нь зүйтэй тул та энэ хэмжээтэй /15-30L/ үүргэвчийг аваарай. Мөн сэрүүн хүйтний улиралд үүргэвчтэй аялах нь нуруунаасаа дулаан байх таатай нөхцөл юм. Харин хэт хөлрөмтгий хүмүүс ардаа сеткатай үүргэвч сонирхож үзээрэй 

Гэрэл зургийг Авхан хайрханд

Medium Backpacks буюу дунд хэмжээтэй үүргэвчүүд 35л-50 л багтаамжтай байх бөгөөд илүү хүнд ачаа багтаах зориулалт, нэмэлт тоногтой байдаг. Өвлийн улиралд цаг агаар хүйтэрч солих давхарлах хувцас, хоол цайны халуун сав нэмэгдэж овор жин нэмэгддэг тул өдрийн хайкинг хийж буй хүмүүс өдрийн буюу 15-30литрийн үүргэвчээ ийм хэмжээтэй үүргэвчээр солих нь элбэг. 

Гэрэл зургийг Хагийн хар нуурын аялалын үеэр

Хайкинг /hiking/ буюу уулын алхалтын үед хэрэглээд зогсохгүй өндөрийн авиралт /mountaineering/ -нд энэ төрлийн /35-50L/ үүргэвчүүд маш өргөн хэрэглэгддэг. Өндөр уулын оргилд хүрэхийн өмнө ийм хэмжээтэй үүргэвчний гадна байрлах жижиг тоноглолуудад мөсний алх, таяг, олс зэргийг бэхлэж болдог бөгөөд гадна талд бэхэлсэнээр нуруунд ирэх ачаалалыг тэнцвэржүүлж өгдөг. Тэгээд ч үүргэвчний гадна талд эдгээр зүйлсийг бэхлэх нь авч хэрэглэхэд амар байдал үүсгэдэг. 

Гэрэл зургийг Хайрхан аялагч клубын өндөрийн авиралтын үеэр. Алтай Таван Богд -Хүйтэн уул.

Өндөр ууланд авирах үед тохиолдож болох төрөл бүрийн эрсдүүд бий. Тухайлбал доош гулсах үед үүргэвч чинь тоормозны үүрэг гүйцэтгэдэг. Үүргэвч үүрсэн хүн хойшоо савж уналаа гэхэд толгой тархинд шгэмтэл учрах магадлал эрс багасдаг. Мөн багахан хэмжээтэй ангал таарвал үүргэвчиндээ тэгнэн тогтох нь ч бий

Large буюу том ангиллын үүргэвчүүд +65л байх бөгөөд мэдээж олон зүйлс багтаахын тулд бүтээгдсэн байдаг. Холын, олон хоногийн аялалд тохирно. Үүргэвчний хуваалт, халаас, тоноглолууд нэмэгдэж зориулалт нь ихэснэ. Тухайлбал мишок баглах бүчнүүд, таяг тогтоогч гм.

Үүргэвчинд байдаг ерөнхий шинжүүдийг дурдлаа. Тэгвэл та сонголтоо хийхдээ дараах зүйлсийг анхаараарай. Үүнд үүргэвчний материал, брэнд, үнэ, нэмэлт тоноглол зэрэг орно. 

Зургийг MBM hiking store- ийн хуудаснаас авч ашиглав.

HIPBELT Нуруун дээрх ачааллыг тэнцвэржүүлдэг ийм бүс ихэвчлэн дунд болон том хэмжээтэй үүргэвчнүүдэд байдаг. Аялах явцад гүйхгүй, тогтвортой.

Chest strap/Цээжний бүч нь хүнд ачаа үүрэхэд зориулсан том хэмжээтэй үүргэвчнүүдэд голдуу байх бөгөөд гол ач/х нь ачааг тэнцвэртэй байлгах. Сонгох үүргэвчинд чинь ийм бүч байгаа эсэхийг анхаараарай. Савлалтын хэмжээг ихэсгэж багасгаж, доторх зүйлсийг хөдөлгөөнгүй болгоход тусална

Гэрэл зургийг Авхан хайрханд

Та өөрийн хэрэгцээ шаардлагаас хамаарч бусад тоног, бүч, нэмэлттэй үүргэвчийг сонгож болно. Снөүбоардаар гулгадаг бол таньд нэмэлт бүч ихтэй үүргэвч тус болох нь дамжиггүй. Жишээ нь усны сав хийх тасалгаатай гэх мэт. Үүргэвчний бүх хэсгүүд тус тусын үүрэг зориулалттай хийгддэг бөгөөд хэрэгцээгүй бүч, тоног гэж үгүй.

Гэрэл зургийг Найрамдал Чингэлтэй чиглэлд шинэ зам нээх алхалтын үеэр

Аяллын үүргэвч авч байгаа бол борооноос хамгаалах rain cover ийг нь заавал цуг аваарай. Үүргэвчин доторх зүйлсийг норгохгүй байх маш чухал.

Гэрэл зургийг уул уулын хаан Дэлгэрхаан хайрханы өгсөлтийн үед







Холбоо барих

Утас: 9911-5377

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 207 тоот