Browsing category

Гарын авлага

Олсонд орох нь аюулгүй юу?

Амь холбосон нэг олсныхон хэмээн уулчид авиралтын дараа аяллаа дурсан суух дуртай. Нээрээ л үхэл амьдралын зааг дээр хамтдаа байсан тэрхүү мөчүүдэд нэгэндээ урам зориг хайрласан хамтын ажиллагаа, бие биенээ гэсэн сэтгэл зүрх шингэсэн байдаг.

Олсонд орох аюулгүй ажиллагаа нь нарийн дүрэмтэй бөгөөд манайд илүүтэй тохиолддог олон гишүүд бүхий үндсэн хоёр нөхцөл байдал нь:

  1. Мөсөн голоор явах
  2. Өндөр ууланд цас голдуу замаар техникийн бус авиралт хийх болно.

Цөөн гишүүдтэй цас, мөсөн гадаргууд техникийн авиралт хийх арга ажиллагаа арай өөр тул энд дурьдахгүй.

Тэгвэл олсонд орсон л бол аюулгүй гэсэн үг үү?

Үнэндээ энэ багийн гишүүдийн ур чадвараас шууд хамаарах зүйл. Нэг олсонд өөрийгөө болон бусдыгаа уулын уруу унах үед хамгаалах чадваргүй гишүүд олон байвал харин ч илүү эрсдэлтэй. Уулын хөтөч олон хүнийг тогтоож дийлэхгүй.

  1. Мөсөн гол

Мөсөн голын хувьд хэвтээ чиглэлд тэгш голдуу гадаргуугаар явдаг бөгөөд хэн нэгэн нь ангалд унахад бусад нь олсонд татагдан чирэгддэг. Тиймээс багийн гишүүдийн тогтоох ур чадвараас гадна биеийн жин үүнд хэрэг болдог гэсэн үг.

Мөсөн голын мөс маш олон жилийн туршид үүсч өндөр даралтаар шахагдан бетон мэт хатуурсан байдагаас цас багатай гадаргууд мөсний сүхийг зоон тогтоох боломж бараг байдаггүй.

Тиймээс мөсний тах болон хоорондын аюулгүй зайнд илүүтэй найдах хэрэгтэй ба нэг нь унахад өөрсдөө татаж дийлэхгүй бол ангалаас аврах энгийн системийг мөсний шруп зоон угсран, унасан хүнээ татаж гаргах хэрэгтэй болно.

Олс: 30-50 метрийн олсууд тохирох бөгөөд хөнгөнийг бодож заавал 9 мм-ийн дан гэхгүй 8 мм-ийн хагас болон хос олс хэрэглэж болно. Учир нь дугтралтын хүч хөндлөн чиглэлд илүүтэй үүсдэг тул уналтын хүч харьцангуй сул.

Багийн гишүүдийн тоо: Ер нь 3-4 хүн хамгийн тохиромжтой. Цөөн хүн (2-3) бол илүү хурдан, олон (4-6) бол илүү найдвартай бөгөөд унасан хүнээ олуулаа татахад илүү амар байх болно. Болж өгвөл 6-аас илүү байлгах хэрэггүй (аялал удааширна).

Хоорондын зай: Хоёр хүн явж байгаа бол илүү хол буюу багадаа 12-15 м, гурав бол 10 метр, харин түүнээс дээш бол 7-8 м байхад болдог.

Ангалд унах үед намайг татаад авна гэж бусдад найдалгүй өөрийгөө ангалаас гаргах техник, (пруссик туслах олс зэрэг нэмэлтүүдийг хэрэглэх) арга ажиллагаанд суралцах л хэрэгтэй.

Мөн унасан нэгэнээ татах энгийн 3:1, 5:1, 7:1-р хүч хожих систем угсраад сурчвал илүүдэхгүй.

Үргэлжлэл…Өндөр ууланд олсонд орох.

Цасан нурангиас сэргийлэх нь – 2

Цас газар унахаасаа ч өмнө агаарт хайлж хэлбэр дүрс нь өөрчлөгдөж эхэлдэг. Цасны шинж чанар ингэж хувирах нь хоорондын холбоосонд өөрчлөлт оруулж дулаан эсвэл хүйтэн байхаас хамаарч нэг бол сайн барьцалдаж, эсвэл бутран үйрдэг.

Тэгвэл дээр дурьдсан 2 төрлийн нурангийн үед цас ихэвчлэн өдрийн нар ид шарах үеэр, цас дөнгөж хайлах буюу хэлбэр дүрс нь өөрчлөгдөн хоорондын холбоос сулрах үед нурж эхэлдэг байна.

Ялангуяа хад чулуу, мод зэрэг нь цасан дунд байвал нарын гэрэл тусах үед харилцан адилгүй дулаан шингээх буюу температурын зөрүү гарсанаас яг доор нь байгаа цасаа суллан цасыг нураах нэг шалтгаан болж байдаг.

Тиймээс цасны нурангаас сэргийлэхийн тулд:

  • Газрын хэвгийг сайтар ажиглах / хамгийн эрсдэлтэй 30-50 хэмийн налууг онцгой анхаарах/
  • Өдрийн нар мандах үе буюу агаарын хэм өөрчлөгдөх үеэр тухайн эрсдэлтэй газраар, доогуур явахгүй байх
  • Гуу жалга гэх мэт цас хуралдаж, хунгарладаг газараар анхаарал болгоомжтой явах, болж өгвөр тойрч гарах
  • Налуу газар цасан дунд хаа нэгтээ хад чулуу, мод байгаа эсэхийг харж доогуур нь явах үед хурдан анхаарал болгоомжтой гарах
  • Өөрийн дээр цана, снөүбоардаар гулгаж байгаа хүмүүсийг үргэлж сайтар ажиглаж байх зэрэг энгийн наад захын анхааруулгыг санаж явах хэрэгтэй.

Сонирхуулж хэлэхэд хүний гарын алга буюу хуруунууд өнцгийн сайн хэмжүүр болдог байна. Цасыг гүехэн хавтгайлж ухаад хуруугаараа хазгайг бас ойролцоогоор мэдэж болно.

Хавтангийн гулсалт

Хавтангийн гулсалт бол өмнөх хоёроосоо арай өөр төрлийн нуралт бөгөөд уулын урд хойно, баруун зүүнд байна уу, салхи хаанаас үлээж цасыг хааш нь хунгарлаж байгаа, цаг агаар яаж өөрчлөгдөв, өмнөх цас хэзээ оров гэдгээс их хамаардаг ба үүсэх хүчин зүйл нь бас өөр.

Мөн цасны өнгө /саарал бараан/, гишгэхэд сонсогдох дуу /үйрч бутарч байгаа/ зэргийг бас анхаарч ажиглах ёстой болдог.

Цасны хавтан нь дээр нь явж байгаа хүний нэг бол яг хөл доороос эхлэн нурдаг ба эсвэл газрын дээрээс нь эхлэн чарга дээр суусан мэт авч нурдаг.

Үргэлжлэл бий…

Нарнаас хамгаалах тос, зөв хэрэглээ

Тэнгэр цэлмэг байна уу, бүрхэг байна уу хамаагүй нарны хэт ягаан туяа (ultraviolet radiation – UV) өндөр ууланд үргэлж хүний биед хүрч, арьсанд нөлөөлж байдаг.

Үр дүнд нь наранд түлэгдэх, арьс гэмтэх, нөсөөтөх, харшил үүсэх бүр цаашилбал хорт хавдар тусах эрсдэлтэй.

Мэдээж түүнээс хамгаалах арга зам байдгийн нэг нь нарнаас хамгаалах тос.

Нараас хамгаалах тосон дээр Sun Protection Factor (SPF) гэсэн ардаа  тоо бүхий бичиг байдаг.

Эдгээр тоон үзүүлэлтүүд нь дараах хэмжээгээр нарнаас:

  • SPF 15   – 93% UV
  • SPF 30   – 97%  UV 
  • SPF 50   – 98%  UV 
  • SPF 100 – 99%  UV – хувиар тус тус хамгаалдаг.

Дээрхээс харвал SPF50 болон SPF100 хоёр бараг ялгаагүй буюу 1%-ийн зөрүү байгаа ба 100% нарнаас хамгаалдаг тос гэж одоогоор байхгүй юм.

Тосыг хэзээ, хир ойрхон түрхэх хэрэгтэй вэ?

  • Уулын аялалд наранд гарахаас 15 минутын өмнө түрхэх хэрэгтэй.
  • Мөсөн гол, цас мөстэй газраар бол 2 цаг тутам тосоо сэргээж түрхвэл сайн.
  • Нимгэн арьстай хэсэг болох хамар, чихээ илүүтэй хамгаалах хэрэгтэй. Нар газраас буюу цас мөсөнд ойж доороос тусдаг тул хамрын нүхний дотор үзүүр, эрүүн доор, чихний үзүүр хэсэгт заавал түрхэх хэрэгтэй.
  • Нусаа нийхдээ тос түрхсэн хамраа гараараа чимхэж, шувтарч  болохгүй. Хурууны өндөгөөр нэг нүхээ дарж нөгөө нүхээр хүчтэй нийж гаргах нь тосыг арчиж, арилгахаас сэргийлнэ.
  • Тосны хамгаалах чадвараас илүүтэй зөв, гүйцэд түрхэх чухал байдаг.
  • Духан дээрээ тосоо бага түрхэхгүй бол хөлстэй урсаж нүд рүү орж хорсгон юм харахгүй болдог талтай.

Ус болон хөлсний хамгаалалттай тос

Тосны хамгаалах чанарыг сайжруулах үүднээс тодорхой хэмжээгээр ус хөлсөнд урсан алга болохгүй байхаар үйлдвэрлэдэг бөгөөд 40 болон 80 минут хамгаалах гэсэн 2 үзүүлэлттэй байдаг байна.

Тосны агууламжид орсон химийн найрлага эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүст тун чухал бөгөөд ямар ч үед харшил өгөхөөргүй байх ёстой тул эмч болон мэргэжлийн хүмүүстэй сайн зөвлөөрэй.

Мөсний сүхний оосор, зөв хэрэглээ

Мөсний сүх буюу ice axe-ийг бугуйнаасаа болон өөрийн биеээс оосроор холбох нь авиралтын явцад алдаж унагахаас сэргийлдэг.

Мөсний сүхээ унагаж алдвал цаашид авиралт гүйцэтгэх боломжгүй болж буцах замд ч эрсдэл үүсэх тул энэ оосор тун чухал үүрэгтэй.

Мөн гулгаж унах үед мөсний сүхээ цасанд зоож зогсооход бугуйн оосор шууны атгалтад нэмэр болох бөгөөд түүнийг алдахаас давхар сэргийлнэ.

Зориулалтын үйлдвэрийн сунаж агшдаг оосороос гадна слинг болон туслах нарийн олсоор үүнийг хийх боломжтой ч түүний уртыг зөв тааруулах нь аюулгүй ажиллагаанд нэн хамаатай юм.

Биеээс бэхэлсэн оосор богинодвол хангалттай сунгаж, газар гүйцэт зоох боломжгүй бөгөөд хөдөлгөөн туших сул талтай.

Харин уртадвал өөдөө өгсөх үед унжиж буй урт оосор өвдөгөнд орооцолдон урагш тээглэн унах аюултай байдаг.

Мөн мөсний сүхээ үүргэвчиндээ бэхэлсэн бол оосрыг нь сайн хумин хөврөхгүй ороох хэрэгтэй.

Учир нь уруудах үед мөсний сүхний оосор үүргэвчнээс суларч нуруу даган унжсанаас болж мөсний тах буюу crampon-ны арын өсгий талын шүдэнд тээглэн урагш годройтон унах тохиолдол гардаг.

Тиймээс арын хүн урд яваа хүний үүргэвч, мөсний сүхний оосор уяа унжиж яваа эсэхийг харж, анхааруулж явах хэрэгтэй.

Жижиг алдаа, хайнга байдал том эрсдэл дагуулах боломжтой тул ууланд анхаарал болгоомжоо хэзээ ч алдаж болохгүй.

Цасан нурангиас сэргийлэх нь – 1

Ууланд цас нурах эрсдэл нь тухайн улирал, цаг агаар, температурын өөрчлөлт, хур тундас, салхины хурд, чиг, уулын хазгай налуу болон хаана байгаагаас хамаарах ба заримдаа хүний хүчин зүйлээс үүсдэг.

Цасан нуранга нь дараах 3 төрөлд хуваагдана. Үүнд:

  • Хуурай цасны
  • Нойтон цасны
  • Хавтангийн гулсалт

Хуурай цас гэдэг нь усны агууламж, чийг багатай цасыг хэлэх бөгөөд агаарын хэм харьцангүй хүйтэн, цас хайлмагтаагүй үед болон хуурай цаг агаартай ( Монгол улс ) газар илүүтэй хуурай цас нурах тохиолдол их.

Хуурай цас нурах үед хурд нь секундэд 125 м хүртэл нэмэгдэж болох тул богино хугацаанд ихээхэн талбайг хамардаг, нурах чиглэлд хүн байгаа тохиолдолд анзаарах, зугтах цаг маш бага байдаг тул илүү аюултайд тооцогддог байна.

Мөн хуурай цас нь нурахдаа урдаа агаарыг түрж явдаг тул цохилтын долгион үүсэж, уг цохилтын хүчээр ихээхэн хэмжээний эвдрэл сүйрэл учирч болдог.

Хуурай цасны ширхэг маш нарийн тоосонцор хэлбэртэй тул хүний чих, хамар, уушиг гээд онгорхой нүх сүвийг битүүлэн амьсгал боогдон амь насаа алдах эрсдэлд оруулдаг.

Нойтон цасны нуранга нь харьцангуй хүнд тул удаан, масс ихтэй байдаг. Хурд нь ойролцоогоор секундэд 40 метр хүртэл нэмэгддэг ба холоос харж амжвал зайлах боломжтой.

Ихэвчлэн 0 хэмээс дээш буюу нэмэх хэм рүү дөнгөж орох үеийн дулаанд цас усжиж хоорондоо барьцалдаж эхлэн хүндрэх үед биеээ даалгүй жингээрээ доош гулсан унадаг байна. Манай оронд харьцангуй ховор тохиолддог бол цас их унадаг, илүү дулаан газар ( Жишээ нь Европ ) ийм нуралт байнга шахуу болдог.

Дээрх хоёр төрлийн цас нурах магадлал тухайн газрын хэвгий хир налуу байхаас ихээхэн хамаарна.

Зурагт үзүүлснээр 30-50 хэмийн налууд цас хуралдаж, аажим өөрөө бөөндөө нуран унах эрсдэл хамгийн өндөр байдаг ба түүнээс бага хэм буюу нам хазгайд гулсах нь бага, илүү хэм буюу налуу эгц бол цас хуралдаж амжилгүй бага багаар тогтохгүй доош унаж байдаг байна.

Тиймээс ууланд аялж, авирахдаа газрын налууг сайтар ажиглаж, хэмжиж сурах хэрэгтэй.

Жишээ нь дээрх зурагт 2 мөсний сүхийг ижил урттай, 90 хэмээр солбиж бариад газрын хэвгийд үзүүрүүдийг тулгаж шалгаж үзэх аргыг харуулжээ. Хэрвээ 2 үзүүр газарт тулж байвал 45 хэм, дээд үзүүрт хүрэхгүй бол түүнээс бага, харин дээд үзүүр зоогдож байвал түүнээс их гэсэн үг.

Үргэлжлэл бий…

Баавгайтай таарвал – аюулгүйн арга техник

Ихэнх баавгай хүний үнэр авах, дуу чимээ сонсох буюу холоос харвал өөрөө холдож дайждаг.

Гэхдээ майханд эсвэл отоглосон газар үлдээсэн ил задгай хоол хүнсний үнэрээр ойртон ирж аялагчидад халдах тохиолдол бий.

Мөн агнасан ангаа эсвэл үр төлөө харамлах, хамгаалах үүднээс хүн рүү дайрдаг.

Тиймээс дараах хэдэн санамжийг аяллын явцад, ялангуяа баавгай элбэг газар санаж явах хэрэгтэй.

Үдшийн бүрий, үүрийн харанхуйгаар баавгай илүүтэй хоол хүнсээ хайж явдаг тул энэ үеэр бүү аял.

Хамгийн багадаа 4 болон түүнээс олон тооны аялагчид хамт явах нь чухал.

Баавгайтай таарвал бутарч зугталгүй хамтдаа нийлэн нэг том амьтан мэт харагдах хэрэгтэй.

Гараа өргөн, савчуулан хамтдаа дуулан, хоорондоо юу ч хамаагүй ярилцаарай.

Хүн гэдгээ мэдэгдүүлж айж сандраагүй жигд өнгөөр баавгай рүү ярих нь баавгайг холдуулахад бас нэмэртэй.

Аяллын таягаа хооронд нь цохих болон алгаа таших чимээ нь хашгирахаас илүүтэй баавгайг үргээдэг байна. Сонирхолтой нь сул дуугаар, туниа муутай хашиграх чимээ нь баавгайд шархадсан амьтаны дуу мэт сонсогддог тул илүүтэй татдаг гэнэ.

Мөн ойртон ирвэл чулуу шидэж, урт мод, гишүүгээр цохиж холдуулахыг хичээнэ.

Аль ч тохиолдолд зугатаж гүйхгүйг хичээх хэрэгтэй.

Үнэхээр зугтаж гүйхээс өөр аргагүй болсон бол нэг чигийн дагуу гүйлгүй огцом эргэлттэй бултах маягаар зугтвал баавгай хүнд жинтэй, өргөн биетэй тул богино эргэлт хийж чаддаггүй байна.

Баавгай тулж ирэхээс өмнө үхсэн мэт дүр эсгэж газар хэвтэж хэрхэвч болохгүй.

Харин нэгэнт дайрах нь тодорхой болсон бөгөөд өөдөөс нь юм шидэж, чулуудан, цохиод нэмэргүй бол үүргэвчээ нуруундаа үүрээтэй газар гэдсээрээ түрүүлгээ харан хэвтэж хүзүүгээ гарын шуугаар тохойгоо нугалан ороож хамгаална.

Мөн хажуугаараа элгээ эвхэх байдлаар хөлөө нугалан эвхэрч хэвтэж болох бөгөөд заримдаа баавгай хэдэнтээ хазаад өөрөө холддог.

Отоглох үед

  • Баавгай хоол хүнсний үнэрээр их ирдэг тул майханд, отог дээр байгаа хоол хүнсээ сайтар битүү саванд таглаж хадгалж байх
  • Болж өгвөл зайтай модон дээр хоол хүнсээ савтай нь өлгөх
  • Хоол хийхээр бол майханаасаа хол хийж, үлдэгдэлийг хол асгах
  • Хоолоо идээд гараа сайтар угааж майхандаа орох, өмсөж буй хувцасандаа хоолоо асгах, наах зэргээс сэргийлэх

зэргийг санаж байх хэрэгтэй.

Мөн баавгайн эсрэг шүршигч байдаг. Үүнийг баавгай 10 метрээс ойр зайд ирсэн үед нүүр рүү нь цацдаг бөгөөд тонгойсон үед нуруу руу нь дэмий цацаж болохгүй. Учир нь ихэнх баавгай дайрах үедээ толгойгоороо бөгтийдөг байна.

Уулын өндрийн өвчний аюул, сэргийлэх арга замууд

Хэдийгээр техникийн бус энгийн алхалтын замаар авирлаа ч өндөр авах тусам сийрэгжиж багасдаг хүчилтөрөгчийн дутагдлаас болж түүгээр хамгийн их тэжээгддэг хүний тархи болон булчин доголдож эхэлдэг байна.

Далайн түвшинд 100 хувь байсан хүчилтөрөгч өндөрсөх тусам багасаж нэг амьсгалаар бүтэн авах байсан хэмжээ хоёр эсвэл гурван удаа амьсгалж байж биед хэрэгцээт тундаа хүрч байна гэж ойлгож болно.

Монголчууд харьцангуй өндөрт буюу далайн түвнээс дээш 1580 метрийн дундаж өндөрт ( УБ хот 1300-1350 м дундаж өндөрт оршдог ) амьдардаг бөгөөд агаар дахь хүчилтөрөгч ойролцоогоор 85-83%-тай байдаг байна.

Алтай таван богдын үндсэн отог дээр буюу 3000 м орчмын өндөрт хүчилтөрөгч 68%, дээд хоногтолгойд 63% орчим байх бол Хүйтэний оргилд ойролцоогоор 58-59 % байхаар тооцоо гарч байгаа бөгөөд агаарын даралтын өөрчлөлт, цаг агаараас болж энэхүү тоо бага зэрэг хэлбэлзэх магадлалтай.

Тэгвэл өндрийн өвчин (AMS – Acute Mountain Sickness ) нь ямар эрсдэл дагуулдаг вэ. Юуны түрүүнд бие дэх хүчилтөрөгч багассанаас хүний бие нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад бодисоос хордож хүчил шүлтийн тэнцвэрээ алдана. Хүчилтөрөгч зөөдөг цусны улаан эс хангалттай хэмжээгээр хүргэж чадахаа больж эхэлдэг.

Уг хордлогын нөлөөгөөр толгой өвдөх, дотор муухайрах, нойргүйдэх, хоолны дур муудах зэрэг анхны шинж тэмдэгүүд илэрч эхэлнэ.

Мөн шээсний өнгө хүрэн шар өнгөтэй болох, хумсны өнгө хөхрөх зэрэг бусад байдлаар илрэх ба даруй шингэн зүйл сайн ууж шээсээр уг хорыг хөөн гаргахыг хичээвэл өвчний нөлөө багасч болно.

Тэгвэл агаар дахь хэмжээ нь бага байхад бие дэхь хүчилтөрөгчөө яаж нэмэгдүүлэх вэ?

Үүнд хүчилтөрөгчийг биед зөөвөрлөж хэрэгтэй газар нь хүргээд буцааж нүүрстөрөгчийн давхар исэл СО2-ыг гадагшлуулдаг цусныхаа улаам бөөмийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ууланд өндөрт дасгах шинжлэх ухааны үндэстэй горим, дэс дараатай дээш өгсөж буух арга байдаг. Энэ нь өндөрт гар, намд унт гэсэн цикл юм.

Биеийг тодорхой өндөрт гаргаад буулгахад бие цусны улаан эсээ нэмэгдүүлэх хэрэгтэйг мэдэрч даруйхан нэмж үйлдвэрлэж эхэлдэг байна.

Тиймээс дараа өдөр нь уг өндөртөө дахин гарахад хүний бие аль хэдийн тухайн түвшинд дасаж эхэлсэн байдаг.

Шерпа нарт өндрийн өвчин тусдаг уу?

Бүх хүнд энэ ижил бөгөөд сийрэг агаарт төрж өссөн Шерпа нарын биеийн генд маш богино хугацаанд цусны улаан бөөмөө нэмэгдүүлэх онцгой чанар байдаг тул тэд өндөр авалтыг хурдан хийх, өндөрт саадгүй ажиллах боломжтой байдаг.

Өндөрт дасахгүйгээр өндөр авалт үргэлжлүүлэн хийвэл ямар эрсдэлтэй вэ?

Өндрийн өвчин нь цаашид уушигны усан хаван, тархины усан хаванд хүргэж хүн 24-48 цагийн дотор амь насаа алдах эрсдэлтэй


Бид үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Сүүлийн үед уулчид маань ихээр дотоод гадаадын өндөр уулсыг зорьж Эльбрус, Акангогуа болон бусад оргилдуудад төрийнхөө далбайг мандуулж буй бахархам амжилт үзүүлж байгаа билээ.

Цаг агаарын байдлаас болж боломжит цонх таарсан нөхцөлд дараагийн цаг агаарын сайжирахыг хүлээлгүй огцом өндөр авалт хийх нь энэ эрсдлийг дагуулах боломжтой.

Мэдээж эдийн засаг болон цаг хугацааны олон асуудал бидэнд байдаг ч эрүүл мэнд амь, нас юунаас ч үнэтэйг мартаж болохгүй юм.

Тиймээс өндөр авалтыг үндсэн горимын дагуу, аажим дэс дараатай яаралгүй хийж, өндөрт дасах өөрийн биеийн онцлогыг мэдрэн авиралтаа тохируулах нь эрсдэлийг бууруулах арга зам шүү хэмээн зөвлөж байна.

Олсоор аюулгүй буух, буулгах техник

Өндөрөөс олсоор (rappel) буух нь уулчдын эзэмших ёстой нэгэн чухал ур чадвар, мэдлэг юм. Өнөө үед Rappel нь уулчин гэлтгүй олон хүний хийх дуртай зүйлсийн нэг болоод байгаа. Энэ нь эр зориг, ур чадвар шаардсан нөгөөтэйгүүр амь насанд эрсдэлтэй хобби юм. Өөрөөр хэлбэл ТА өндрөөс олсоор буух үйл ажиллагаанд хамрагдсанаар өөрийн АМЬ НАСАА бусдад даатгаж байна гэсэн үг!!!

Тэгэхээр ийм эрсдэлтэй хобби хөөх гэж байгаа хүнд мэдэх ёстой хэдэн арга техник, зөвлөгөө хүргэе.

Би ямар хувцас өмсөх вэ?

Нөхцөл байдлаас их хамаарна. Буух газар хүртэл хол биш бол даавуун хувцас зүгээр. Учир нь хаданд үрэгдэж урагдах нь бага. Хол газар алхаж очдог бол хөлрөх тул түргэн хатдаг спорт хувцас өмсөх нь зөв. Гэхдээ ер нь аль болох бие барьсан хувцас өмсч үсээ боож байвал хамгаалалт, буултын хэрэгсэлд хувцас, үс орооцолдох, хавчуулагдах эрсдэлийг бууруулна. 

Хувийн хамгаалах хэрэгсэл юу, юу байх вэ?

Худрага – Томдохгүй, багадахгүй биед яг таарсан байх ёстой

Толгойн дуулга /Каска/ – Энэ бол хамгийн чухал хамгаалалт! Дуулга өмсгөхгүй Rappel хийлгэх гэж байгаа бол том эрсдэл бий болгож байна гэсэн үг. Та энэ үйл ажиллагаанаас татгалзсан нь дээр.

Хаднаас бууж л байгаа бол хаа нэгтээгээс чулуу унах эрсдэлтэй. Хэзээ, хаанаас юу унахыг хэн ч таашгүй. Тэнцвэр алдаад хананд толгойгоороо савж ч болно. Хүний толгой маш эмзэг бөгөөд хадны өчүүхэн цохилт ч таныг үүрд тахир татуу болгож болно.

Бээлий – Гарт яг таарсан арьсан бээлий байвал сайн.

Авто-блок буюу автомат тормос – Манайхан үүнийг хэрэглэхгүй байх тохиолдол элбэг. Бууж байгаа хүн гэнэт ухаан алдвал, чулуунд оногдвол гээд олон тохиолдолд хамгаалалтаас гараа салгахад Авто-блок зогсоох үүрэгтэй.

Зарим нь 8-ын тоо, гахайн хоншоор /ATC/-г доор байгаа хүн олсны үзүүрээс татаж зогсох fireman’s belay арга хэрэглэдэг. Ингэхдээ Авто-блок ашигладаггүй.

fireman’s belay арга нь дараах сул талтай:

  • Хамгаалж буй хүн дээр хад, чулуу унах, анхаарал алдах
  • Гахайн хоншоор /ATC/ дээр ирэх ачаалалыг 2 дахин ба түүнээс илүү нэмдэг.
  • Гахайн хоншоор /ATC/ нь хагарвал ҮХЭЛ
  • Карбин нь хугарвал ҮХЭЛ

Тэгэхээр олсоор буулгахдаа Авто-блок хийхгүй бол та мөн ТАТГАЛЗСАН нь дээр!!!

Холбоо барих

Утас: 9911-5377

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 409 тоот