Author

Зөвлөгөө,

Аялал, авиралтад шингэнээ яаж нөхөх вэ?

Насанд хүрсэн хүний биеийн 60 орчим хувийг ус эзэлдэг бөгөөд бага зэргийн дасгал хөдөлгөөн, алхалт авиралтад ам хатаж, бие тавгүйтэн ус уухийг аяндаа шаардаж эхэлдэг.

Бие дэхь шингэний дутагдалаа зөв нөхөж авиралт алхалтаа амжилттай дуусгахийн тулд зарим нэг дэс дарааг мөрдөх хэрэгтэй.

Үүний тулд хир их шингэнийг хэрхэн ууж, биед хэрэгцээт хэмжээг яаж хадгалах вэ гэдгийг мэдэх нь зөв.

Уух хэмжээ

Мэдээж энэ нь бие хир эрчимтэй ажиллаж байгаа, ямар спорт болон аялалд оролцож байгаагаас хамаарна.

Дундаж идэвхтэй хөдөлгөөнийг цаг агаарын халуун хүйтэн биш дундаж температурт хийх бол ойролцоогоор 300-500 грамм буюу хагас литр усыг нэг цаг тутамд ууж байх хэрэгтэй.

Өвлөөс бусад улиралд аяллын явцад усыг амархан авч уух боломжтой байхаар үүргэвчний гадна болон хувцасандаа авч  явбал тогтмол ууж амждаг. Хэтэрхий далд хийх, зогсож авахад цаг орохоор бол төвөгшөөх, бусдыг удаан хүлээлгэхээс санаа зовсондоо хангалттай ууж чаддаггүй.

Мөн шээсний өнгө шар эсвэл хүрэн болж эхэлвэл даруйхан шингэн уух хэрэгтэй.

Өндөр ууланд

Өндөр ууланд буюу 3000-5000 метрийн өндөрт өдөрт 2-3 литрийг, 5000 м-ээс дээш бол хамгийн багадаа 4 литрийг уувал өндрийн өвчин тусах эрсдэлийг багасгадаг байна. Гэхдээ нэг дор биш хагас цаг тутамд сэрүүлэг тавьж аажим бага багаар уувал сайн.

Өндөрт хэт их хөдлөх нь биеийн шингэн болон хүчилтөрөгчийг илүүтэй хэрэглэдэг тул цусны улаан бөөм хангалттай нэмэгдэж чадахгүй өндрийн нөлөөнд орох аюултай.

Тиймээс аль болох бага хөдлөх, алхах нь зүйтэй.

Өндөрт цас мөсний дунд ч хурц наранд агаар хуурайшиж амьсгалаар шингэнээ байнга алдаж байдаг.

Давс ихтэй хоол хүнс биеийн шингэнийг багасгадаг тул өндөрт давс хэрэглэхээ багасгаарай.

Мөн өвөл ч зун шиг хангалттай шингэн уух ёстой. Хүйтэн байна гэдэг нь бага уу гэсэн үг биш юм.

Эрдэс бодис, эликтролит

Хөлсөөр биеийн эрдэс бодис буюу кали, кальци, магнезиум, сода, хлор зэрэг нь хөөгдөж гардаг. Үр дүнд нь толгой эргэх, бие сулрах, шөрмөс татах, дотор муухайрах зэрэг сөрөг нөлөө гардаг.

Спорт ундаа, усанд найруулдаг эрдэс бодис худалдаанд байдаг ба өөрөө ч үүнийг давс, элсэн чихрээр найруулж эрдэст усыг хийж болно.

Үүний тулд 1 литр усанд 6 цайны халбага элсэн чихэр, хагас цайны халбага давс хийж сайтар хутгана. Энэ нь гэдэс гүйлгэхэд хийдэг хоросолоос өөр гэдгийг анхаараарай.

Урьдчилан уух

Эрчимт аялал, авиралтаас 2 цагийн өмнө хагас литр усыг урьдчилан уувал шингэний дутагдлаас сэргийлж болдог.

Хурц нараас өөрийг хамгаалах малгай, нүдний шил, уруул өнгөлөгч болон тос нь биеийн шингэний алдагдалыг бууруулах сайн талтай.

Хэтрүүлэн уух

Ховор тохиолддогч зарим хүмүүс шингэн зүйл хэтрүүлэн ууснаас цусан дахь сода нь шингэрэн дотор муухайрах, толгой эргэх, бүр комд орох эрсдэлтэй.

Энэ тохиолдолд давсалсан самар, жигнэмэг болон зууш идвэл давс шингэнийг өөртөө шингээдэг.

Зөвлөгөө,

Уутан хөнжлөө хэрхэн хадгалах ёстой вэ?

Аяллын явцад бид уутан хөнжлөө болж өгвөл хавтгай болтол нь шахаж үүргэвчиндээ чихэх дуртай ч буцаж ирээд уутнаас гаргаж хадгалах юунаас илүүтэй чухал байдаг.

Тэгвэл уутан хөнжлийг уутанд нь чихээтэй хадгалах нь яагаад муу байдаг вэ?

Уутан хөнжлийн таныг дулаан тухтай унтуулах чадвар нь түүний сөдөн болон синтетик дүүргэцийн хөвсгөр байдал буюу доторх агаарын агууламж хир их байхаас хамаарана.

Аяллаас буцаж ирээд уутанд нь хэрэглэхгүй удаан чихээтэй орхивол сөд болон синтетик дүүргэцийн хөвсийх чадвар алдагдаж, уутнаас гаргасан ч хангалттай агаараар эргэж дүүрэх боломжгүй болдог.

Тиймээс уутан хөнжлийн илчлэг чанар алдагдаж өөрийн техникийн үзүүлэлт буюу байх ёстой дулаан хадгалах хэмжээндээ хүрэхээ байдагаас таныг жиндүүлж дааруулах болно

Тэгвэл түүнийг хэрхэн хадгалах вэ?

  1. Юуны түрүүнд аяллаас ирээд уутан хөнжлөө гаргаж, бүх цахилгааныг нь тултал нь нээгээд 2 талаар нь хамгийн багадаа хагас өдөр тус тус хатаах хэрэгтэй. Нарны гэрэл уутан хөнжлийн материалыг хэврэгшүүлдэг тул удаан ил наранд хатаах хэрэггүй.
  2. Уутан хөнжил авахад заримдаа зориулалтын хөвсийлгөж хадгалах торон уут хамт ирдэг. Хэрвээ байхгүй бол томхон хэмжээтэй хөвөн даавуун дэрний уутанд хийгээд хэвтээгээр эсвэл өлгөж хуурай, сэрүүн газар хадгалаарай.
Хэрэгсэл,

Уутан хөнжлийн цагаан хэрэглэл буюу дотор уут

Уутан хөнжлөө удаан хугацаанд цэвэрхэн хэрэглэж, хүйтэн шөнө дулаан унтая гэвэл уутан хөнжлийн дотор уутыг хэрэглэж сурах хэрэгтэй.

Монголд тийм түгээмэл биш ч олон үүргэвчтэй аялагчдын хэдийнээ байнгын хэрэглээ болсон уг уут нь

Мумми хэлбэртэй буюу уутан хөнжилд гулгуулан шургуулж хийдэг

Тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй буюу тэгш өнцөгт уутан хөнжилд зориулсан дэлгэж угладаг гэсэн 2 хэлбэртэй байдаг.

Мумми хэлбэртэй нь нөгөөхөө болвол битүүмж сайтай тул биеийн тослог, хөлс болон тоос шорооноос уутан хөнжилийг илүү хамгаалдаг.

Мэдээж уутан хөнжлөө цэвэрлэхээс, дотор уутыг нь цэвэрлэх амар байлгүй яахав.

Уг уутны нэг гол чухал үүрэг нь материалаасаа хамаараад 5-15 градусаар хөнжлийн дулааныг нэмэгдүүлдэг тул Монгол улс шиг эрс тэс хүйтэн улиралтай улсад илүүтэй тохирох юм.

Харин зуны халуунд дангаар нь уутан хөнжилгүй ч нөмрөөд сэрүүхэн унтаж болно.

Тэгш өнцөгт уутыг бас замын буудлын хөнжил гудаснаас сэжиглэж байгаа болон элдэв хорхой шавжаас нь хол байя гэвэл аваад явж болно.

Уутны материал:

Торго.

Торго нь тун зөөлөн бас овор багатай материал юм. Хүйтэнд боломжийн дулаан тусгаарладаг боловч чийг татдаг асуудалтай. Үнийн хувьд тийм ч хямд биш.

Хөвөн.

Эдэлгээ сайтай ч хүнд, овор ихтэй. Хөлс чийг татдаг. Үнэ хямд.

Флийс/Fleece

Маш дулаахан боловч хүнд. Зөөлөн бөгөөд чийгийг сайн гадагшлуулдаг. Дунд зэргийн үнэтэй.

Синтетик

Нордоггүй, ус шингээхгүй тул чийгтэй орчинд илүүтэй тохиромжтой. Жаахан жиндүүлдэг сул талтай. Үнэ дунд зэрэг.

Дулаалгатай

Энэ нь уутан хөнжлийн дулааныг бараг 25-50 хувь хүртэл нэмэгдүүлдэг бөгөөд тусгай утас бүхий материалаар хийгддэг, өндөр үнэтэй байдаг байна.

Мөн шавьж хорхойн хамгаалалттай уут байдаг бөгөөд ойд унтахад илүүтэй хэрэг болдог.

Зөвлөгөө, Хэрэгсэл,

Духны гэрлийг хэрхэн сонгох вэ?

Духны гэрэл нь хүний нүдтэй адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнийгээ мартсан эсвэл баттерей нь дууссан бол гэгээ ортол бүхнийг мартсан нь дээр. Харанхуйд бүдчиж явбал юунд ч хүргэж магад.

Орчин үед бараг бүх духны гэрлийг LED технологиор хийдэг болсон. Учир нь цэнэг хамгийн бага хэрэглэдэг, удаан асдаг, бат бөх болон хөнгөн болхоор тэр.

Тэгвэл духны гэрэл нь юугаараа хоорондоо ялгаатай вэ?

Тусгал

Өргөн өнцөгийн:

Энэ нь аяллын ерөнхий хэрэглээнд таарах, гэрлийг богино боловч өргөн талбайд тусгаж, ойр зайд ажиллах, ном унших, майхан сав барих, хураах зэрэгт илүүтэй тохиромжтой.

Нарийн өнцөгийн:

Тодорхой чиглэлд гэрлийг хол зайд тусгаж алсыг гэрэлтүүлэх хэрэгтэй бол ийм гэрэл шаардлагатай ба ихэнх тохиолдолд ууланд алхалтын жимийг алсаас гэрэлтүүлж, явах чиглэлээ алдахгүй аялахад хэрэг болно.

Өргөн болон нарийн өнцөгийн:

Одоо үед хоёр өөр тусгал бүхий универсал гэрэл олноор хийгддэг болсон болхоор ийм духны гэрэл сонгох нь зөв.

Гэрлийн хүч

Энэ бол духны гэрлийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд Lumens нэгжээр хэмжигддэг, цацруулж байгаа гэрлийн гэрэлтүүлгийн хэмжээ бөгөөд мэдээж илүү их Lumens-тэй бол тод гэрэлтэх боловч баттерей илүүтэй хэрэглэх болно.

Духны гэрлийн стандарт хэмжээ анх 20-40 Lumens байсан ба одоо 200-300 Lumens гэрэл бараг энгийн болох талдаа ирж байна. Лаа 10 Lumens гэрэл гаргадаг бол гэр доторх гэрлийн шил 300 орчим Lumens-ээр өрөөг гэрэлтүүлдэг.

Гэхдээ тод байх нь илүү хол тусна гэсэн үг бас биш юм.

Гэрлийн холын тусгал нь бас тусадаа техникийн үзүүлэлт болдог ба харах чиглэлд сарнихгүй хир холыг гэрэлтүүлж чадаж байгаа нь тухайн гэрлийг давуутай болгодог.

Орчин үеийн гэрлүүд ойрын, дундын, холын зайд гэрлийг тохируулан өөрчлөх товчтой байдаг.

Бас нэг үзүүлэлт бол бүрэн цэнэглэсэн эсвэл дүүрэн баттерейгаар хэдэн цаг асаж чадах вэ гэдэг бөгөөд 2 метрийн урдахыг харах боломжгүй, эсвэл үндсэн гэрлийн чадлын 10 %-аас доош гэрэлтүүлж байвал гэрэл асахгүй боллоо гэж үздэг байна.

Одоогийн стандартаар 350 Lumens-тэй гэрэл хамгийн багадаа 2 цаг тасралтгүй тод асах ёстой байдаг.

Аяллын гэрэл нь баттерей дуусах явцад дагаад аажим бүдгэрэх ёсгүй байдаг. Өөрөөр хэлбэл хурц тусгалаа хадгалж байгаад цэнэг бүрэн дуусахад л шууд унтардаг байх нь бүдэг гэрэлтэй явсанаас эрсдэлд орох аюулаас сэргийлэх зорилготой юм.

Духны гэрлийн жин.

Ихэнх гэрлийн жин баттерейтайгаа ойролцоогоор 200 грамм байдаг ба агуй мэтийн тусгай аяллын, мэргэжлийн ажил үйлчилгээний гэрлүүд л илүү олон баттерей нэмэлт тоноглол бүхий хүнд байдаг.

Баттерей

Lithium баттерей нь Alkaline баттерейг бодвол хүйтэнд тэсвэртэй байдаг. Цэнэглэдэг баттерейтэй явж байвал нөөцөнд ганц хоёр Alkaline баттерей авахад илүүдэхгүй.

Цаашилбал ус, борооны хамгаалалттай, дурын чиглэлд суурин дээр нь эргүүлдэг гээд илүү үйлдэлтэй духны гэрлүүд ч худалдаанд байгаа.

Улаан гэрэл

Духны гэрэл бүрт улаанаар асах гэрэл бас байдаг. Энэ нь харанхуйд бусдыг нүдийг гялбуулахгүй, зэрлэг амьтадыг үргээхгүй, газрын зураг уншихад хялбар байдаг төдийгүй онцгой тохиолдолд SOS дохио өгч тусламж дуудахад хэрэглэгддэг.

Зөвлөгөө,

Уулын алхалтын гутлыг хэрхэн үдэх вэ

Хүний амьдралдаа хийдэг хамгийн анхны зангилаа нь гутлаа үдэх бөгөөд үүнийг дөрвөлжин зангилаа гэдэг билээ.

Уулын алхалтанд гутлаа тохируулж зөв үдэж сурах нь аялагч хүний анхны чухал эрдэм юм.

Гутал хөлд томдох, багадах, тулах болон хөл хавдаж хөөснөөс зовиурлаж өвдөхөөс авахуулаад цэврүү үүсэх олон зовлон хэзээ нэгэн цагт бидэнд тохиолдож байсан л байх.

Дээрх асуудлуудыг шийдэх 3 төрлийн үдэх аргыг энэ удаа танилцуулъя:

Surgeon knot буюу давхар ороох зангилаа

Үүнийг гутал бага зэрэг томдсон, өсгий улнаас хөндийрч холхиж байгаа үед зангиддаг арга юм.

Хөлийн шагайгаар урагшаа үеэр нугарч байгаа хэсгээс эхлэн 2 үеийг зурагт үзүүлсэнээр 2-3 орооно. Үлдсэн дээш хэсгийг энгийн үдээсний дөрвөлжин зангилаагаар дуусгаж болно.

Window Lacing буюу Цонхолж үдэх зангилаа

Олон цагийн алхалтад хөл хөөх эсвэл багадсан гутал хөлийн дээд талын шаантаг ясыг дарж холгож өвтгөдөг.


Энэ үед шаантаг ясны дээд талын хэсгийн үдээсийг алгасуулж цааш нь давхар ороох эсвэл дөрвөлжин зангилаагаар үдэж дуусгах хэрэгтэй.

Toe-Relief Lacing буюу хуруу амраах зангилаа

Оргилд хүрээд уруудаж буух үед уруу газар хөлийн хурууны урд хэсэг тулж өвддөг. Ялангуяа хумсаа авч амжаагүй хүнд энэ жинхэнэ тэсвэр шаардах үе болно. Тэгвэл гутлын үдээсний хамгийн эхний нүхийг алгасуулж үдээсээ үдэх хэрэгтэй. Цааш нь энгийн үддэг аргаараа үдээсээ дуусгана.

Дээрх 3 аргаас гадна гүйлтэд зориулсан, ачаалалд тэсвэртэй үдэх гээд бусад олон төрлийн аргууд гутлаасаа хамаараад байдаг бөгөөд цаашид бид энэ талаар нийтлэх болно.

Хувцас,

Уулын аяллын түрийг хэрхэн сонгох вэ?

Хэдий ус нэвтэрдэггүй сайн гуталтай байгаад, түрийг нь чангалж үдсэн ч цас, ус, шороо, чулуунаас бүрэн хамгаалж чадахгүй.

Хаашаа явахаас шалтгаалан урт богино, зузаан нимгэн, давхар хамгаалалттай хамгаалалтгүй гээд олон төрлөөс бид сонгох хэрэг гардаг.

Мэдээж аялах замын онцлог цаг агаар үүнд бас хамаатай.


Төрөл.

Алхалт болон үүргэвчтэй аялалд:

Энгийн алхалтын түрий хөнгөн, агаар солилцоо сайтай, бага зэргийн бороо усанд тэсвэртэй , заавал их үнэтэй бөгөөд үрэлтэд зориулсан тусгай хамгаалалттай байх шаардлагагүй байдаг.

Өндөр уулын:

Уулын өндрийн аяллын түрий харин маш бат бөх, зузаан цасанд зориулсан өндөр (урт) байх ба бүр зарим нь нэмэлт шилбэний дулаалгатай ч хийгддэг. Gore-Tex технологи бүхий амьсгалдаг түрий нь олон хоногийн удаан авиралтад гутлын чийгийг гаргаж байдаг ба хөлнөөсөө жиндэхээс сэргийлдэг, дулаан хадгалах сайн талтай.

Спортын (цана, снөүборд, мөсөн авиралт)

Идэвхтэй хөдөлгөөнд зориулсан уян, сунамхай (тефлон материалтай ч бий), ус чийгний өндөр хамгаалалттай бас хөнгөн, бат бөх байхаар хийгддэг.   

 Гүйлтийн:

Ултра трейл, уулын гүйлтийн түрийний гол үүрэг нь хад чулуу гуталд орохоос хамгаалах хөнгөн, нимгэн, богино байдаг.


Хэмжээ.

Ер нь түрийний өндөр, хамгаалалт хир их хэрэгтэй байхаас хамаарна.

Тод жимээр алхах, гүйхэд өндөр байх шаардлагагүй. Шагайнаас дээш, шилбэний дунд хүртэл байхад хангалттай.

Бороо, цасных бол харин өвдөг хүртэл байх нь зөв.

Ялангуяа бороо устай үед түрийг hardshell буюу ус нэвтэрдэггүй өмдний дотор зүүх нь илүү хэрэгтэй. Өмдний гадуур зүүсэн түрийний завсраар дотогшоо ус дагаж урсан гутлын түрийгээр ордог.

Түрий нь таны гуталд таарч байх хэрэгтэй. Ялангуяа жижигдэх нь асуудал илүүтэй дагуулдаг. Улны доод бэхэлгээ нь татаж хүрэхгүй, багадсан түрий ууланд авч очсон тохиолдол гардаг.

Тиймээс уулын гутлаа авч очин өмсөж үзэж байж худалдан авч байгаарай.

Бусад санамж.

Улны доод бэхэлгээний түгжээний хоног шилбэний гадна талд байх ёстой. Дотроо байвал хөлд тээглэж бүдрэх аюул бий.

Анхлан авирч байгаа хүмүүс хөлөө зөв тавьж гишгэж сураагүй, урт замд ядарсанаас гуйвж шилбэний дотор талын доод хэсэгээр мөсний тахны шүдийг зоох, тээглэх, урах асуудал гардаг тул нэмэлт зузаалган хамгаалалттай түрийг сонгохыг зөвлөе. Ууланд нэгэнт хүү татсан, уранхай түрий юунаас ч хамгаалж чадахгүй.

Мөн дээд бэхэлгээ бүслүүр нь татаж чангалдаг, хавчдаг бол төдий чинээ сайн. Үдээсэн уяаг хамаагүй их чангалах боломжгүй байдаг сул талтай  (цусны эргэлт боох, шигдэх, хөдөлгөөнд саад болох)

Хад чулуутай газраар зун явахад ч түрий хэрэг болдог. Сул хайргатай газар гутал дотор яаж ийгээд чулуу орчдог зовлон бий.

Нэмж хэлэхэд түрийний доод улны уяа хаданд үрэгдэж тасрах тохиолдол түгээмэл тул нарийн троссон уяа сонговол хурц хад чулуунд тасардаггүй давуу талтай.


Орчин үед шавж, хорхой хөлөөр дамжиж дээш биед орохоос сэргийлсэн хамгаалалттай тусгай түрий хүртэл үйлдвэрлэдэг болсон байна.

Зөвлөгөө,

Алхалт болон авиралтад уушигныхаа багтаамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хэдий ижил мэт ойлгогддог боловч уушигны багтаамж буюу хир их агаар түүнд байх боломжтой болон уушигны ажиллах чадвар болох таны бие хир их агаар, хүчилтөрөгчийг  хэрхэн үр ашигтай шатааж байгаа хоёр арай өөр зүйл юм.

 Уушигны багтаамжийг нэмэгдүүлж чадах боловч ажиллах чадварыг сайжруулах тун хэцүү.

Хүний биеийн булчин ажиллахын тулд хүчилтөрөгч заавал шатаах хэрэгтэй бөгөөд уушигаар орж ирсэн агаарыг зүрх хэрэгтэй газар нь шахаж аваачдаг байна.

Тиймээс бэлтгэл, алхалт, авиралтын явцад зүрх хүчтэй ажиллаж цусны эргэлтийг нэмэгдүүлдэг бол харин уушиг нь тэр хэрэгцээг хангахын тулд хүндээр амьсгааддаг.

Энгийн тайван үед хүн 1 минутад ойролцоогоор 15-20 удаа амьсгаа авдаг бол уулын алхалт, авиралтад 40-60 удаа амьсгалдаг .

Эрүүл уушигны багтаамжаар нэг таталтад ер нь хангалттай хэмжээний агаар авч чаддаг ба амьсгаадсан ч цаана нь нөөц агаар байдаг тул төдий чинээ бие хүч тамираа алдахгүй  ажиллаж чадна гэсэн үг.

Тиймээс багтаамжаа сайжруулвал булчин бага цуцаж урт аяллыг төвөггүй давдаг байна.

Тэгвэл үүнийг яаж хийх вэ?

Та дараах дасгалыг хийгээд үзээрэй.

Young african american woman meditating in nature
  1. Энгийн амьсгаа

Газар эсвэл сандал дээр эгц түшлэг налж тухтай суугаад нүдээ ань. 1-7 хүртэл тоолонгоо амьсгалаа аажим тасралтгүй ав. Авч дуусаад 3 секунд барих хэрэгтэй (дадаад ирэхээрээ 5 секунд болгоно). Одоо амьсгалаа аажим, бүр бүрэн хоосортол нь тасралтгүй гаргана.

Энэ дасгалыг 8 удаа хийнэ.

2. Таслалтай амьсгаа

Дээрхтэй ер нь ижил. Гэхдээ амьсгаагаа өөрийн барьж чадах дээд хэмжээ хүртэл түгжээд дараа нь 3 секунд гаргаад дахин түгжинэ. Дахиад 3 секунд гаргаад түгж. Эцэст нь бүх агаарыг тултал нь гарга. Үүнийг мөн 8 удаа хийгээрэй.

3. Нэг нүхээр амьсгалах

Энэ удаа хамрыг зүүн нүхээ нэг хуруугаараа таглаад нүдээ анин 6 секунд амьсгаа татна. 2 нүхийг хоёуланг таглаад 3 секунд эсвэл түүнээс их хугацаагаар түгжинэ.

Одоо баруун нүхээ таглаад зүүн нүхээр амьсгалаа гаргана. Дуусаад 3 удаа гүн амьсгал ав.

Үүнийг 5 удаа давтаарай. Та ялгааг нь шууд мэдрэнэ.

Энэ дасгал стресс бухимдалыг ч багасгах сайн талтай шүү.

Цаашид барих хугацаагаа бага багаар нэмэгдүүлээрэй.

4. Сунгалт хийх

Сунгалт хийх нь булчинг суллаж, хавирга цээжийг тэлж өгдөг тул цээжинд илүү их агаар орох боломж олгодог.

5. Илүү их алх, илүү эгц өөд авир

Мэдээж ингэвэл бие аяндаа өндөр ачаалалд дасаж, уушиг тэлж сайжирдаг байна.

Өндөр ууланд хэрхэн амьсгалах вэ.

Хүчилтөрөгч сийрэг, таны биеийн даралт гадна агаарын даралтаас илүү үед амьсгална гэдэг тун бэрх.

Уулчдын амьсгал давчдаж ойр ойрхон олон удаа амьсгалах хэрэг гардаг. Учир нь нам өндөрт 1 удаа л авах хэмжээгээ одоо 3 удаа авч байж л шаардлагатай хэмжээндээ хүргэнэ.

Тэгвэл яах вэ?

Удаан аажим гүн амьсгал зугуухан авбал зүрхний цохилт нэмэгдэхгүй, тэр чинээгээр бие илүү энерги зарцуулахгүй тул хүчилтөрөгч хэмнэгддэг юм шүү.

Хэрэгсэл,

Аяллын гудас

Аяллын гудас бидэнд хэрэгтэй 2 үүргийг үндсэндээ гүйцэтгэдэг:

  1. Доороос нухаж хатгахгүй зөөлөн тав тухтай нойрсуулах
  2. Жиндүүлэхгүй дулаан амраах

Даарч хоновол угаасаа хүн унтаж чадахгүй эргэж хөрвөөсөөр үүр цайлгах тул дулаан тусгаарлах чанар нь илүүтэй чухал байдаг.

Үүргэвчтэй аялалд, мөсөн гол, цасан дээр, машинд эсвэл өвөл гээд хэрэглээнээсээ хамаараад тэдгээрийг ашиглах зорилго өөр өөр тул тохирох гудас сонгох шаардлага гарна.

Гудас нь хийцийн хувьд үндсэн 3 төрөлд хуваагддаг.  


  1. Хийлдэг.

Орчин үеийн хийлдэг гудас нь хөнгөн, нимгэн болж үүргэвчинд ч төвөггүй багтах болсон билээ. Дотроо дулаалгын материалтай болон дулаан ойлгох гадаргуу бүхий хийцтэй ч гудсууд ( өвөлд илүүтэй зориулсан ) өргөн хэрэглэгдэж байгаа.

Ийм төрлийн гудсуудыг хийлэхийн тулд амаар үлээх, хийлэгч гар болон хөл насос хэрэглэх хэрэгтэй болно.

Үнийн хувьд хийлдэг гудас нь чийгний гудсыг бодвол харьцангуй үнэтэй бас урагдаж цоорох эрсдэл ихтэй (запас нөхөөс, цавуу авч яваарай).

Тиймээс яг унтах газраа тавих хүртэл хийлэх хэрэггүй. Мөн амаар хийлэх нь дотор талд чийг хуримтлуулах, өвөл тэр нь хөлдөж хийлэхэд амаргүй болдог тохиолдол бий. Гараар хийлдэг жижиг насосыг төвөгшөөхгүй бол аваад явж болно.

Зарим хийдэг гудас дээр эргэж хөрвөөхөд шаржигнаж дуугардаг сул талтай (гадаргуу нь хатуу гялгар хулдаасан материалтай бол). Сонгохдоо энэ талыг нь бодолцоно биз дээ.

2. Өөрөө хийлэгддэг.

Энгийн хийлдэгээс гадна зүгээр амыг нь нээхэд өөрөө тэлж агаараа сордог шинэ технологитой гудсуудыг одоо үед өргөн ашигладаг.

Гол нь хурааж, эвхэхдээ нилээн сайн шахаж хуйлах хэрэгтэй. Эс тэгвэл овор хэмжээ нь багасаж өгөхгүй, зай эзлэх сул талтай.

Сайн тал нь ийм гудас бага зэргийн жижиг цооролтод бүрэн шалчийхгүй, засаж сэлбэхэд хялбар, биетэй хатуувтар тул хүүхэд хэрэглэхэд илүү тохиромжтой.

3. Чийгний гудас

Нягт хатуу хөөсөнцөрийн бүтэцтэй, дугуйрч хуйлах болон Z хэлбэрээр эвхэх боломжтой хийгддэг, хамгийн түгээмэл, аялагч бүрийн дотны анд бол яах аргагүй чийгний гудас.

Цоорч шалчийна гэж айхгүй, дээр суугаад сандал ч болгож болдог, үүргэвчний гадна талдаа бэхэлж тайван аялж болох цорын ганц гудас.

Товгор хээтэй, тууш болон босоо судалтай нь гулгаж, гулсахгүй амар гадаргуутай. Мөн Z хэлбэрээр эвхдэг нь хамгийн бага зай эзэлдэг байна (хуйлдаг гудасны голд зай үлдэх гээд байдаг).

Хэлбэр хэмжээний хувьд дээрх 3 төрлийн гудсууд нь олон янзаар үйлдвэрлэгддэг бөгөөд хүүхдийн болон эмэгтэй хүний гэсэн төрөл хүртэл байдаг. Эмэгтэй хүний биеийн  онцлогт таарсан харьцангуй богино, ташаа хавьдаа илүү өргөн гэх мэт.

Мөн гэр бүлийн, 2 хүнд таарсан өргөн гудас ч бий.

Стандарт урт 180 см орчим, өргөн нь 50 см байдаг ба дээр хэлсэнээр хүүхдийн болон эмэгтэйчүүдийх илүү богино бас өргөн байдаг.

Гудасны гадаргууг бага зэрэг үсэрхэг, зууранги материалаар бүрдэг болсон нь шөнө гудаснаасаа сугарч нүцгэн газар өглөөг угтах зовлонгоос ангижруулах зохион бүтээгчийн мэргэн санаа юм.

Зөвлөгөө,

Уулын өндрийн өвчний аюул, сэргийлэх арга замууд

Хэдийгээр техникийн бус энгийн алхалтын замаар авирлаа ч өндөр авах тусам сийрэгжиж багасдаг хүчилтөрөгчийн дутагдлаас болж түүгээр хамгийн их тэжээгддэг хүний тархи болон булчин доголдож эхэлдэг байна.

Далайн түвшинд 100 хувь байсан хүчилтөрөгч өндөрсөх тусам багасаж нэг амьсгалаар бүтэн авах байсан хэмжээ хоёр эсвэл гурван удаа амьсгалж байж биед хэрэгцээт тундаа хүрч байна гэж ойлгож болно.

Монголчууд харьцангуй өндөрт буюу далайн түвнээс дээш 1580 метрийн дундаж өндөрт ( УБ хот 1300-1350 м дундаж өндөрт оршдог ) амьдардаг бөгөөд агаар дахь хүчилтөрөгч ойролцоогоор 85-83%-тай байдаг байна.

Алтай таван богдын үндсэн отог дээр буюу 3000 м орчмын өндөрт хүчилтөрөгч 68%, дээд хоногтолгойд 63% орчим байх бол Хүйтэний оргилд ойролцоогоор 58-59 % байхаар тооцоо гарч байгаа бөгөөд агаарын даралтын өөрчлөлт, цаг агаараас болж энэхүү тоо бага зэрэг хэлбэлзэх магадлалтай.

Тэгвэл өндрийн өвчин (AMS – Acute Mountain Sickness ) нь ямар эрсдэл дагуулдаг вэ. Юуны түрүүнд бие дэх хүчилтөрөгч багассанаас хүний бие нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад бодисоос хордож хүчил шүлтийн тэнцвэрээ алдана. Хүчилтөрөгч зөөдөг цусны улаан эс хангалттай хэмжээгээр хүргэж чадахаа больж эхэлдэг.

Уг хордлогын нөлөөгөөр толгой өвдөх, дотор муухайрах, нойргүйдэх, хоолны дур муудах зэрэг анхны шинж тэмдэгүүд илэрч эхэлнэ.

Мөн шээсний өнгө хүрэн шар өнгөтэй болох, хумсны өнгө хөхрөх зэрэг бусад байдлаар илрэх ба даруй шингэн зүйл сайн ууж шээсээр уг хорыг хөөн гаргахыг хичээвэл өвчний нөлөө багасч болно.

Тэгвэл агаар дахь хэмжээ нь бага байхад бие дэхь хүчилтөрөгчөө яаж нэмэгдүүлэх вэ?

Үүнд хүчилтөрөгчийг биед зөөвөрлөж хэрэгтэй газар нь хүргээд буцааж нүүрстөрөгчийн давхар исэл СО2-ыг гадагшлуулдаг цусныхаа улаам бөөмийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ууланд өндөрт дасгах шинжлэх ухааны үндэстэй горим, дэс дараатай дээш өгсөж буух арга байдаг. Энэ нь өндөрт гар, намд унт гэсэн цикл юм.

Биеийг тодорхой өндөрт гаргаад буулгахад бие цусны улаан эсээ нэмэгдүүлэх хэрэгтэйг мэдэрч даруйхан нэмж үйлдвэрлэж эхэлдэг байна.

Тиймээс дараа өдөр нь уг өндөртөө дахин гарахад хүний бие аль хэдийн тухайн түвшинд дасаж эхэлсэн байдаг.

Шерпа нарт өндрийн өвчин тусдаг уу?

Бүх хүнд энэ ижил бөгөөд сийрэг агаарт төрж өссөн Шерпа нарын биеийн генд маш богино хугацаанд цусны улаан бөөмөө нэмэгдүүлэх онцгой чанар байдаг тул тэд өндөр авалтыг хурдан хийх, өндөрт саадгүй ажиллах боломжтой байдаг.

Өндөрт дасахгүйгээр өндөр авалт үргэлжлүүлэн хийвэл ямар эрсдэлтэй вэ?

Өндрийн өвчин нь цаашид уушигны усан хаван, тархины усан хаванд хүргэж хүн 24-48 цагийн дотор амь насаа алдах эрсдэлтэй


Бид үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Сүүлийн үед уулчид маань ихээр дотоод гадаадын өндөр уулсыг зорьж Эльбрус, Акангогуа болон бусад оргилдуудад төрийнхөө далбайг мандуулж буй бахархам амжилт үзүүлж байгаа билээ.

Цаг агаарын байдлаас болж боломжит цонх таарсан нөхцөлд дараагийн цаг агаарын сайжирахыг хүлээлгүй огцом өндөр авалт хийх нь энэ эрсдлийг дагуулах боломжтой.

Мэдээж эдийн засаг болон цаг хугацааны олон асуудал бидэнд байдаг ч эрүүл мэнд амь, нас юунаас ч үнэтэйг мартаж болохгүй юм.

Тиймээс өндөр авалтыг үндсэн горимын дагуу, аажим дэс дараатай яаралгүй хийж, өндөрт дасах өөрийн биеийн онцлогыг мэдрэн авиралтаа тохируулах нь эрсдэлийг бууруулах арга зам шүү хэмээн зөвлөж байна.

Холбоо барих

Утас: 9911-5377

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 207 тоот